| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/00323/И |
| Дугаар | 138/ШШ2019/00757 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2019/00757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны В танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн оршин суух, ажилгүй, ЗЮ83031810 регистрийн дугаартай, Борчууд овогт Баяраагийн Түвшинжаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн оршин суух, хувиараа бизнес эрхэлдэг, ЦГ69121903 регистрийн дугаартай, Харгана овогт Гэлэгийн Гэрэлцэцэгт холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай" үндсэн нэхэмжлэлтэй
Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус тооцуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Г.Гэрэлцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд тайлбарлахдаа: Гэрэлцэцэг бид хоёр 2009 онд танилцаж 2010 оны 11 сараас Дашбалбар суманд хамтран амьдарч эхэлсэн. Би тухайн үед сум руу тээвэр хийдэг байсан. Би Гэрэлцэцэгтэй амьдарна гэж түүний санал, хүсэлтийг хүлээн авч эхнэр, хүүхдээсээ бүрмөсөн салаад очсон. Хамт амьдрах хугацаанд 2011 оны 10 сарын 30-ны өдөр хүү Тэлмэн төрсөн. Гэрлэлтийн баталгааг хүүгээ төрсний дараа гэрчилгээ авах үед хийлгэсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулах, хүүхдийнхээ гэрчилгээг миний нэрээр овоглох талаар ярилцаад миний иргэний үнэмлэхийг авч хүүхдийн гэрчилгээ авсан энэ талаар надад ярьж байсан. Бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Хамт амьдрах хугацаанд Гэрэлцэцэг нь эд мөнгөндөө эрдсэн түрэмгий дээрэлхүү харьцаатай, намайг байнга захирсан, зандарсан, гоочилсон, доромжилсон байдлаар ханддаг. Би түүнтэй амьдарснаас хойш өөрийн хийдэг зорчигч тээврийн шуудангийн жолоочийн ажлаа хийхээ больж эхнэрийн ажилд туслан барааг тээвэрлэх, тэр айлын эрэгтэй хүний хийх аж ахуйн бүхий л ажлыг хийж түүнд бүх л байдлаараа санаанд нь нийцэж амьдрахыг хичээж ирсэн. Надтай амьдрах хугацаанд эд хөрөнгө байшин сав, бар караокетэй хоёр давхар байшин, Улаанбаатар, аймгийн төвд хоёр байртай, хэд хэдэн том, жижиг машинтай болсон. Намайг хааяа найз нөхөдтэйгээ уулзахаар биднийг элдвээр хэлдэг одоо надад найз нөхөд байхгүй болсон. Энэ хугацаанд миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг огт төлөөгүй. Мөн дэлгүүрийнхээ худалдагч болгонтой айж ичихгүй, эрээ цээргүй хий харддаг. Намайг хужаа өмхий санаатай, миний хөрөнгөнд болж байдаг. Өмссөн хувцастайгаа ирсэн түүнтэйгээ зайл гэж байнга доромжилж хөөдөг. Энэ хүн надаас айдаг ч хүн биш. Би тэсэхгүй ганц нэг удаа алгадаж цагдаа дуудаж арга хэмжээнд орж байсан. Эцэст нь би л буруутан болж аргадаж гуйж тайвшруудаг. Би бүр тэсэхээ болиод 2015 онд 4 сар хиртэй салсан. Тэгэхэд дахиж ингэхгүй гэж уйлж унжин найз нөхдөөр ятгуулж байж эргэж нийлсэн. Хаа ч явсан мөшгиж мөрдөн байдаг. Би энэ хүний эрхшээл, нөлөөнөөс салмаар байна. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Энэ 10-аад жилийн хугацаанд эхнэр, нөхөр гэж явсаар ирсэн. Иймээс 2011 оны 12 сарын 9-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийг хүчин төгөлдөр бус тооцуулна гэж байгаагаа зөвшөөрөхгүй. Би тухайн үед мэдсэн түүнээс хойш бид хоёр хамт амьдарсаар ирсэн. Энэ хүн ийм арга саам хийж гэрлэлт цуцлуулахгүй байх хүсэлтэй байна. Бид хоёр эвлэрүүлэн зуучлалд ирээд орохын өмнө уулзаад яах вэ гэхэд өөрөө дургүйцсэн. Тэгээд би эвлэрүүлэн зуужлагчид ороод эвлэрэхгүй гэдгээ хэлсэн. Бид хоёр түүнээс хойш ярилцаад хэн хэндээ тус дэмтэй явъя гэж ярилцсан үнэн. Гэхдээ эхнэр, нөхрийн хэмжээнд явна гэж хэлээгүй. Би хэлсэндээ хүрч зуухыг нь засаж янзлаад өгсөн. Ер нь тус дэм болоод явж байгаа гэж бодож байна. Би аймгийн төвд байгаа байранд нь амьдарч байгаа үнэн. Би энэ хугацаанд хүүтэйгээ уулзсан. Хүү маань пүүз байхгүй гэхэд нь авч өгсөн байгаа. Миний хүү мөн учир би байнга харьцаатай байх болно. Эд хөрөнгийн талаар ярилцаад шийднэ гэж бодож байна гэв.
Хариуцагч Г.Гэрэлцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний хүү Т.Тэлмэн нь 2011 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн. Хүүгээ эцгээр нь овоглох болоход заавал гэрлэлтийн баталгаатай байх шаардлагатай байсан. Ингээд би түүний зөвшөөрөлгүйгээр бичиг баримтыг нь авч явж Дашбалбар сумын иргэний бүртгэлийн байцаагч Мөнхцэцэгт өөрийг нь байлцуулахгүйгээр гэрлэлтээ батлуулж гэрлэлтийн гэрчилгээг гаргуулсан. Энэ гэрлэлт Түвшинжаргалын хэлээд байгаа шиг сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн зарчмаар хийгдээгүй. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус тооцуулах.
Миний хүү Т.Тэлмэн нь одоо 8 настай. Аавыгаа их санаж бэтгэрдэг. Бидний гэрлэлт цуцлах асуудалтай холбоотойгоор хүүгийн мань эрх ашиг хөндөгдөж байна. Иймд шүүхийн зүгээс бидний гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор хүүгийн асрамжийн асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу миний асрамжинд шилжүүлж Түвшинжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Гэрэлцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Түвшинжаргалтай 2009 онд танилцан 2011 оны 11 сараас хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа 2011 оны 10 сарын 30-ны өдөр хүү Тэлмэнг төрүүлсэн. Хүүгээ төрсний дараа эцгээр нь овоглох болоход заавал гэрлэлтийн баталгаатай байх шаардлагатай гэж Иргэний бүртгэлийн байцаагч Мөнхцэцэг хэлсэн. Ингээд би Түвшинжаргалын иргэний үнэмлэхийг авч очоод гэрлэлтийн баталгаагаа хийлгэсэн. Хүүгийнхээ гэрчилгээг авсан талаар хэлж байсан. 2018 онд визэнд орж гэрлэлтийн баталгаа яригдах үед Түвшинжаргал гэрлэлтийн баталгааг хийгдсэн юм уу гэж ярьж эхэлсэн. Би өөрөө хоёр охинтой өөрөөрөө овоглодог учир хүүгээ ааваар нь овоглох зорилготой байсан. Бид хоёр хамт амьдрах хугацаанд Түвшинжаргал нь хоёр удаа бусадтай холбоотой болж байсан. Түвшинжаргал нь хүүхдийн тэтгэлэг төлдөг байсан учир шийдвэр гүйцэтгэлээс хөрөнгө битүүмжилж, нийгмийн даатгал төлбөл цалинтай гэж мэдэх байх гэж бодоод 2017 он хүртэл нийгмийн даатгалыг хоёулаа төлөөгүй байсан. Энэ үед хүүхдийн тэтгэлэгээ төлж дууссан учир нийгмийн даатгалыг төлсөн. Түвшинжаргал нь энэ хугацаанд 10 гаруй машин сольж унасан. 2019 оны 1 сараас тусдаа амьдарч байгаа ч аймагт миний байранд байгаа. 5 сард гэрлэлт түдгэлзүүлснээс хойш над руу ярьж байнга харьцаатай байгаа. Би компани том тэрэгийг өгсөн. Өөрөө том машинтай тээвэр хийж хүүхдийнхээ сургалтын төлбөрт тус дэм болж байя гэсэн. Надтай энэ хугацаанд хамт байж утсаар ярьж хэн хэнийхээ амьдрал дэм тустай явъя гэж хэлсэн мөртлөө энэ ирээд сална гээд байгаа. Сая 10 сард Алтан эмээл яваад Дашбалбар суманд хоолны газар ажиллуулах талаар ярьж байсан. Би энэ хүний ярьж байгаагаар буруутан болох гээд байна. Ажил төрөл яаж байгаа талаар санаа тавьж утсаар ярьж байгаа. Гэрлэлт цуцлуулахгүй, зөвшөөрөхгүй байна. Хэрэв гэрлэлт цуцлуулахгүй бол сөрөг нэхэмжлэлээс татгалзаж болно. Гэрлэлтийг тухайн үед хүчин төгөлдөр бус гэдгийг тухайн үед нь мэдэж байсан. Хэрэв 2018 онд виз гаргуулах үед гэрлэлтийн баталгаатай гэхэд өөрөө юу гэрлэлтийн баталгаа гэж хэлсэн өөрөө дургүй байна гэж миний хувьд ойлгосон. Энэ хугацаанд хүүдээ ганц пүүз авч өгсөн. Өөр туслаж үзүүлж байгаагүй. Миний хувьд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь хариуцагч Г.Гэрэлцэцэгт холбогдуулан Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Хариуцагч Г.Гэрэлцэцэг нь нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд холбогдуулан Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүүгээ өөрийнхөө асрамжинд авч тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд татгалзлалын үндэслэл: Гэрэлцэцэгтэй сайн дурын үндсэн дээр гэр бүл болж хамт амьдарсан. Гэрлэлтээ батлуулж хүүхдийн гэрчилгээг өөрийн нэр дээр авах талаар харилцан ярилцаж байсан. Энэ гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж зөвшөөрөхгүй. Тухайн үед Гэрэлцэцэг нь иргэний үнэмлэх авч яваад гэрлэлтээ батлуулж хүүгийнхээ гэрчилгээг миний овогоор овоглосон үнэн. Бид хоёр 10 жил хамт амьдрах хугацаанд энэ талаар маргаж байгаагүй. Гэрэлцэцэгийг 2018 онд визэнд орох үед гэрлэлтийн баталгааны талаар яриа гарч байсан. Би гэрлэлт батлуулсаныг мэдэж байсан гэж
Хариуцагч Г.Гэрэлцэцэг гэрлэлт цуцлахыг татгалзаж буй үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгээ эцгээр нь овоглохын тулд гэрлэлтээ батлуулсан. Хүүхдийнхээ хувь заяа бодож байна. Гэрлэлт цуцлуулаагүй тохиолдолд сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж болно. Түвшинжаргал нь 2018 онд гэрлэлт батлуулсан талаар ярьж байсан. Энэ нь зөвшөөргүй гэж ойлгохоор байсан. Энэ хугацаанд бид хоёр ярьж хэн хэндээ тус дэмтэй явъя гээд миний аймагт байдаг байранд амьдарч байгаа. Мөн компаний том машинтай тээвэр хийж байгаа болохоор хоорондоо тохиролцоод байна гэж талууд тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал хариуцагч Г.Гэрэлцэцэг нар нь 2009 онд танилцан 2011 оны 10 сарын 14-ны өдөр гэр бүл болсныг Дашбалбар сумын иргэний бүртгэлийн гэрлэлтийн 25 дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд хамт амьдрах хугацаандаа 2011 оны 10 сарын 30-ны өдөр хүү Тэлмэнг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний гэрчилгээний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр батлагдаж байна.
Нэхэмжлэгч Т.Түвшинжаргал нь Гэрлэлт хүчин төгөлдөр бус тооцох гэж буйг хүлээн зөвшөрөхгүй. Энэ хугацаанд буюу 10 жил хамт амьдрахдаа гэрлэлтийн баталгаатай эхнэр, нөхөр хоёр байсан гэх бөгөөд хариуцагч Г.Гэрэлцэцэг нь Гэрлэлт цуцлахгүй тохиолдолд гэрлэлт хүчин төгөлдөр бус тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хуулиар тогтоосон насанд хүрсэн, эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, мөн 3.1.3-д зааснаар гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг гэрлэгчид гэнэ гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч Т.Түвшинжаргал, хариуцагч Г.Гэрэлцэцэг нар нь 2010 оны 11 сараас хойш 2019 оны 1 сар хүртэл хугацаанд сайн дурын үндсэн дээр, харилцан тэгш эрхтэйгээр хамтран амьдарч байсан байх тул тэднийг гэрлэгчид буюу эхнэр, нөхөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд: Гэр бүлийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар ...гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн учир хүчин төгөлдөр бус гэрлэлт гэсэн санал гаргаж байгаа боловч гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн гэх үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй, хариуцагч Гэрэлцэцэг нь гэрлэлт цуцлаагүй тохиолдолд гэрлэлт хүчин төгөлдөр бус тооцох шаардлагаасаа татгалзана гэж байгаа, нэхэмжлэгч Түвшинжаргал нь тухайн үед гэрлэлт батлуулсан талаар маргаагүй, хамт амьдарч 10 жилийн хугацаа өнгөрсөн, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй зэрэг нь өмгөөлөгчийн гаргасан санал нь үндэслэлгүй байна гэж үзнэ.
Мөн Гэр бүлийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар ...гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрөөгүй.. тохиолдолд буюу Т.Түвшинжаргал нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бус тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа таарамжгүй харьцааны улмаас байнгын хэрүүл маргаан үүсч удаа дараа тус тусдаа амьдарч байсан, санхүү, эдийн засгийн хувьд давуу байдлаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байгаагүй болон тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлал 2019 оны 06 сарын 17-ны өдөр эвлрүүлэх ажиллагаа явуулахаар хэргийг түдгэлзүүлж эвлэрүүлэх ажиллагааг удаа дараа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг , эхийн үүргийг хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 10 сарын 30-ны өдөр хүү Т.Тэлмэнг эх Г.Гэрэлцэцэгийн асрамжинд үлдээж хуульд заасны дагуу эцэг Т.Түвшинжаргалаас сар бүр тэжээн тэтгэхээр гэрлэгчид тохиролцсон болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь 70200 төгрөг, хариуцагч Г.Гэрэлцэцэг нь сөрөг нэхэмжлэлд 101 764 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хариуцагч Г. Гэрэлцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд, Б.Түвшинжаргалаас 31564 төгрөг гаргуулан Г.Гэрэлцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борчууд овогт Баяраагийн Түвшинжаргал, Харгана овогт Гэлэгийн Гэрэлцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хариуцагч Г.Гэрэлцэцэгийн Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай сөрөг нэхэмжлэл шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн хүү Т.Тэлмэнг эх Г.Гэрэлцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
4. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Т.Тэлмэнг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.Түвшинжаргалаас тэжээн тэтгүүлсүгэй.
5. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, Г.Гэрэлцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101764 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Гэрэлцэцэгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд, нэхэмжлэгч Б.Түвшинжаргалаас 31564 төгрөгийг гаргуулан Г.Гэрэлцэцэгт тус тус олгосугай.
7. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА