Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1254

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Л.Б-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1666 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганзоригийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 126 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Л.Б-т холбогдох эрүүгийн 1706036501783 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жамба овгийн Л.Б, 19.. оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “........” бааранд зохион байгуулагч ажилтай байсан, одоо “...." ХХК-ийн .............” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../;

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн;

Л.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Б-т Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-ын цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганзориг бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхээс Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Б-т Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулиар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг тусгайлан зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, мөн зүйлийн 5-т “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах” талаар тусгайлан заасан байна. Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн. Харин Л.Б- нь тэнссэн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, мөн согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүргийг биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Л.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Н-г зодож, эрүүл мэндэд нь 3 шүдний булгарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн.

Анхан шатны шүүх Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Л.Б- нь Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүргийг биелүүлээгүй болох нь нотлогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах” талаар тусгайлан заасан байхад шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-ын цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэсэн заалт тодорхойгүй, ойлгомжгүй байна. Шүүхээс Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн. Л.Б-т Эрүүгийн хуульд заасан ял оногдуулаагүй байхад цагдан хоригдсон 104 хоногийг аль ялд оруулан тооцох нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ. 

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1666 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байдаг. Уг тэнсэнгийн хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн. “Цагдан хоригдсон 104 хоногийг оногдуулсан ялаас хасч тооцсугай” гэж бичсэн нь тодорхойгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна гэж үзэж прокуророос эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Л.Б-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 02-ны тогтоолоор “Т.Н- нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /хх 1/

Улмаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохих ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж /хх 57/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1388 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /хх 66/

Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Алтанцэцэгийг томилж, тус шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2794 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцэхээр товлосон. /хх 77/

2018 оны 11 дүгээр сарын 20-ны болон 22-ны өдрүүдэд тус тус шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1596 дугаартай шийтгэх тогтоол гарч, шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхийн өмнөх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн бүгд 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна. /хх 120/

Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж, 73 дугаартай магадлалаар “анхан шатны шүүх Л.Б-т өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулаагүй нь буруу буюу “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. /хх 150/

Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, 2019  оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 752 дугаартай шүүгчийн захирамжаар “адил шатны шүүхүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй, Л.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг тус тусад нь эдлүүлэх талаар прокурор дүгнэлтээ бичгээр ирүүлэх ажиллагааг хийсний дараа шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж хэргийг прокурорт буцаасан байна. /хх 172/

Энэ шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцэж, 2019/ДШМ/425 дугаартай магадлалаар “хэргийг прокурорт буцаалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” тухай зохицуулалтыг анхан шатны шүүх бие даан хэрэгжүүлэх эрхтэй” гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. /хх192/

Ийнхүү нэг асуудлаар давж заалдах шатны шүүх дахин дахин дүгнэлт хийж, заавал биелэгдэх хүчин төгөлдөр эрхийн акт /магадлал/ гаргасаар байтал анхан шатны шүүх Л.Б-т холбогдох хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин хэлэлцэж, 2019/ШЦТ/1666 дугаартай шийтгэх тогтоолоор “...хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэснийг тус тус зөрчжээ.

Иймд “...тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байхад эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон нь тодорхойгүй, ойлгомжгүй” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/1666 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ