Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00092

 

                                    ,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Эрдэнэт салбарын

                                          нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                                                тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12,680,389.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, Х.Тэмүүжин, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Эрдэнэт салбараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,680,389,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт 12,680,389,14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 58 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 172.2.1-д дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасныг “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж буй юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн байх ёстой бөгөөд уг зөрчил нь ноцтой байхыг шаардана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн, хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлүүд хамаарна.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн эсэх, зээлийн хүү 4,086,884.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,359 төгрөгийг хэрхэн тооцсон тухай баримт, зээлийн тооцоолол хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна... хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай бус байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд ноцтой зөрчил гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан талаар дурдсан бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, өөрийн фэйсбүүк мессенжерээр дамжуулан гаргасан хүсэлтийг бичмэл нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч нар энэ талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжилж буй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээг зохигч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан нөхцөл, зээлийн дансны хуулга зэрэг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бичмэл нотлох баримтад үндэслэн тооцсон болно. Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхээр заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж хэргийг шийдвэрлэх эсэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах юм.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “... шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар талууд мэтгэлцээгүй...” гэж дурджээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байдал, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

4.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Эрдэнэт салбараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,680,389.14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу байна.

7. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд 2016.07.08-ны өдөр байгуулагдсан гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу 2016.07.08-ны өдөр зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,ийн нэр дээр 1130037586 дугаартай зээлийн данс нээж 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн, уг зээлийг хариуцагч ашигласан болох нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгчийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, уг гарын үсэг нь ,,,,,,,,,,,,,,,, гарын үсгийн загвартай тохирч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд нийцнэ, хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй.

8. Хэрэгт авагдсан баримтаар гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,068,939.68 төгрөг, зээлийн хүүд 2,103,235.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,691.04 төгрөгийг төлсөн, хариуцагч нараас үүнийг үгүйсгээгүй, “харин хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр байна” гэх боловч татгалзлаа баримтаар нотлоогүй тул үндсэн зээл 8,337,145.86 төгрөг, хүү 4,086,884.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,359 төгрөг, нийт 12,680,389.14 төгрөгийг талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу хариуцагч нар төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

9. Гэтэл давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн эсэх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон тухай баримт, зээлийн тооцоолол хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч шүүхэд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэг шаардлагыг нь шийдвэрлээгүй орхигдуулсан, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар талууд мэтгэлцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай бус...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

10. Учир нь, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болох зээлийн гэрээ, дансны хуулга, зээлийн төлөлт болон холбогдох тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн, түүнчлэн гэрээний үүргээ биелүүлэх талаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 18 дахь талд) байх бөгөөд эдгээрийг хариуцагч нараас баримтаар үгүйсгэж, маргаагүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

11. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “...нэхэмжлэлд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зааж, зөвшөөрөл олгуулах гэсэн боловч энэ бие даасан шаардлага биш, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хэрэгжих боломжтой...” гэж тайлбарласан болно. Хэдийгээр анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй юм.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн “давж заалдах шатны шүүх хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4-т) нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 217,836 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД