Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 41

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              М.Сайнзаяа

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Т.М

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолтой Т.Д-д холбогдох 1915001240090 дугаартай эрүүгийн хэргийг  дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Т.Д.

Т.Д нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.О-н гэрээс эд зүйл хулгайлан авч  10846000 /арван сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр иргэн Д.Э-н “Ниссан Тийда” маркийн 47-75 УНҮ улсын дугаартай машиныг хулгайлан авч 9000000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Л.Б-ы гар утсыг залилан авч 138000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Т.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 540 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялын 1080 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,  ялтанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Д-ы цагдан хоригдсон 135 /зуун гучин тав / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

           Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Г.Лхагвасүрэн эсэргүүцэлдээ: “...Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоол нь 'тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Д-н үйлдсэн “Хулгайлах”, “Залилах” гэмт хэрэг тус бүрд 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноож, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1080 цагийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж тодорхойлон заасан байхад хуульд заасан хэмжээнээс дээгүүр ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

 Шүүгдэгч Т.Д-г нийт 1080 цагийн хугацаагаар нийтэд тустай ялаар шийтгэснийг цагдан хоригдсон 135 хоногтой харьцуулж, хорих ялын 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож дүгнэлт хийхэд нэг ч цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөнтэй адилтган үзэхээр байх ба энэ нь мөн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх..." шудрага ёсны зарчимыг алдагдуулсан. Т.Д нь “Хулгайлах” гэмт хэргийг 2 удаа. "Залилах” гэмт хэргийг 1 удаа, нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 19.984.000 төгрөгний хохирол учруулсан, улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн талаар үндэслэл бүхий санал тавьсан байхад шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурор эсэгүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Д-г 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.О-н гэрээс эд зүйл хулгайлан авч  10846000 /арван сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр иргэн Д.Э-н машиныг хулгайлан авч 9000000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Л.Б-н гар утсыг залилан авч 138000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялуудыг нэмж нэгтгэн нийт 1080 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр  дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Т.Д-д хулгайлах болон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1080 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуудахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д-д  анхан шатны шүүхээс оногдуулсан 1080 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын  дээд хэмжээнээс дээгүүр тогтоож хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй  байна.

         Иймд дээд шатны прокурорын “...Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцэлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                                                                                        ШҮҮГЧ                                    С.ЦЭЦЭГМАА                                                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН