Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00080

 

У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1177 дугаар магадлалтай,

У-ын нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 200,139,450,195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, Э.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У-ын газар нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 61,299,999.98 ам доллар, хүү 9,290,355.56 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,271,071.11 ам.доллар, нийт 71,861,426.65 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2741.52 төгрөгөөр тооцож, нийт 197,009,538,390.93 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 200,139,450,195.5 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг гуравдагч этгээд МУХБ ХХК дэмжиж тайлбар гаргасан.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас, үндсэн зээл 52,870,850.81 ам.доллар, зээлийн хүү 3,674,541.93 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 160,000 ам.доллар, нийт 56,705,392.75 ам.долларыг зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн ханш болох 2741.52 төгрөгөөр тооцож, нийт 155,458,968,322 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас 158,491,589,751 /нэг зуун тавин найман тэрбум дөрвөн зуун ерэн нэгэн сая таван зуун наян есөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг гаргуулж МУХБинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,647,860,444 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч КХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 792,615,898 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1177 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...158,491,589,751 /нэг зуун тавин найман тэрбум дөрвөн зуун ерэн нэгэн сая таван зуун наян есөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг...” гэснийг “...161,770,117,919.32 төгрөг” гэж, “...үлдэх 41,647,860,444 төгрөгийн...” гэснийг “...38,369,336,276.18 төгрөгийн...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...792,615,898 төгрөг...” гэснийг “...809,008,540 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Ш.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Ш.О би “К” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 200,139,450,195 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1177 дугаартай магадлалыг 2021.08.25-ны өдөр гардан авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар дараах хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. “Үндсэн хүү”-г 2018.12.03-ны өдрөөс 2021.03.04-ний өдрийг хүртэлх 882 хоногоор дутуу тооцсон тухай: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн тухай өөр өөр тооцоолол хийж, холбогдох хуулиудыг зөрүүтэй хэрэглэсэн. Тухайлбал, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи үндсэн хүүг тохиролцоогүй гэж, үндсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүгээс өөрөөр гэрээнд тохиролцсон байх ёстой гэж, БЭБХЭМХТТЗҮАТХуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь прокурорын нэхэмжлэлийн шаардлагаас “үндсэн хүү”-г 10,977,998.02 (арван сая есөн зуун далан долоон мянга есөн зуун ерэн найман ам.доллар, хоёр цент) ам.доллароор хасч, зөрүүтэй тооцоолол хийсэн. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.1.2-т “Зээлийн хүү: Жилийн 8 (найман) хувь байна”. гэж,

3.1.10-т “Нэмэгдүүлсэн хүү: Гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 (хорин) хувьтай тэнцүү байна”. гэж,

4.1-д “Зээлийн эхний олголтыг энэхүү гэрээний 3.1.8-д заасан дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэн зээлийн хугацааг тоолох бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцно. Зээлийн хүүг улирал тутамд, нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн хоног тутам харгалзах бодит хоногоор тооцно.” гэж,

4.2-т “Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд энэхүү гэрээний 3.1.10 дахь хэсэгт заасан хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүүн дээр нэмж Банкинд төлнө.” гэж,

7.4-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй”. гэж,

12.1-д “Гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болж, зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно.” гэж,

12.2-т “Гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь талууд, тэдгээрийн эрх залгамжлагч, үүрэг хүлээн авагч болон холбогдох эрх бүхий албан тушаалтны хувьд заавал биелэгдэх хүчинтэй байна.” гэж,

12.5-д “Гэрээгээр зохицуулаагүй бусад харилцаа, аливаа асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна” гэж, 2015.12.15-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 3.1-д “Зээлдэгч нь зээл, түүний хүүг энэхүү гэрээний Хавсралтад заасан хугацаанд төлөх үүрэгтэй ба энэ нь энэхүү гэрээний гол нөхцөл болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрч тодорхойлов. Хавсралтад заасан хугацааг зөрчвөл үндсэн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж, зээлийн хүү, зээлийн хугацаа тоолох болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар талууд гэрээнд харилцан тохиролцсон боловч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дээрх гэрээний заалтуудад дүгнэлт өгөөгүй, зээлийн “үндсэн хүү”-г хассан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй зээлдэгчид холбогдуулан гаргах нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээ төлбөр төлөгдөхгүй байгаа хугацаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл зээлдэгч үүргээ биелүүлээгүй л байгаа бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм. Хугацаандаа үүргээ биелүүлээгүй зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

УДШ-ийн тайлбар (2006.12.21-ний өдөр, дугаар 53): “үндсэн хүү” гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг, Мөн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж албан ёсоор тайлбарласан. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж БЭБХЭМХТТЗҮАТХуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээл хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлдөг иргэний хэргийн шүүхийн практик тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл гэрээнд заагаагүй тохиолдолд зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад ямар нэгэн байдлаар зээлдэгчийн зүгээс саад учруулсан тохиолдолд хэдий ч хугацаагаар хамаагүй зээл төлүүлэх шийдвэр гаргуулалгүйгээр тухайн авсан зээлээ ашиглаад ашигласан хугацааны ямар нэгэн алдагдал хүлээхгүй байхаар хуулийг ойлгож хэрэглэх нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дугаартай зөвлөмжид заавал гэрээнд заасан бол гэж тайлбарласан гэж ойлгохгүй байна. Хэрэв хуульд шууд заасан бол түүнийг ялгамжтай авч үзэхээр зөвлөмж гарахгүй. Харин зээлдүүлэгч шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн байдалд нотлох баримтын хэмжээнд үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхээр байна. Зээлдүүлэгч-банкны эрх ашгийг хамгаалсан дээрх гэрээний заалтуудын эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 ба 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт юм. Үүний дагуу Зээлдэгч нь хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү төлнө. Түүнчлэн хэтэрсэн хугацаанд хүү төлнө. Энэ хүүг шүүхийн практикт гэрээнд заасан хүү утгаар тайлбарладаг. Ингэж тайлбарлах үндэслэл нь БЭБХЭМХТТЗҮАТХуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт болно.

4.2. Шүүх валютын ханшийг буруу тооцсон тухай. Анхан болон давж заалдах шатны шүүх нь валютын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа тооцсон Монгол банкны 2020.01.13-ны өдрийн албан ханш болох 2741.52 төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхэд дүгнэлт өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх... эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчлөх эрхтэй байна. Үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр ямар үүрэг хүлээхээр талууд гэрээгээр тохиролцсон байна тэр үүргийг л гүйцэтгэх ёстой байдаг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д туссан байна. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай шаардлагад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байх тул дээрх хуулийн үндэслэлийн дагуу Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2021.03.04-ний өдрийн АНУ доллар 2,849.25 төгрөгөөр тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглээгүй, Иргэний хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т “шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасныг удирдлага болгож, хариуцагч “К” ХХК-иас 200,139,450,195.50 (Хоёр зуун тэрбум нэг зуун гучин есөн сая дөрвөн зуун тавин мянга нэг зуун ерэн таван төгрөг, тавин мөнгө) төгрөгийг гаргуулж МУХБинд олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Э.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 1177 дугаар магадлалыг 2021.08.25-ны өдөр гардаж аваад магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн /хүү тооцсон аргачлал зөрүүтэй/ талаар: Нэг. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг буруу хийсэн болох нь: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэхдээ зээлийн хүүг тооцох аргачлал, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарласан боловч зээл, хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийхдээ буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тодруулбал, 1. Зээлийн хүүг буруу тооцсон тухайд. Анхан шатны шүүх 2014.12.03-ны өдрөөс буюу зээл анх олгогдсон үеэс эхлэн 2018.12.03-ны өдөр хүртэл тооцох хүүгийн хэмжээг 22,847,254 (хорин хоёр сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун тавин дөрөв) ам.доллар гэж хэтэрхий нэг талыг барьж өндөр өсгөж дүгнэсэн. Энэхүү тооцооллыг хийхдээ 2018.03.02-ны өдөр үндсэн зээлийн төлөлтөд 10,000,000 (арван сая) ам.доллар төлсөн байхад харгалзан үзэлгүй дүгнэлт хийж үндсэн зээл буурсан байхад зээлийн хүүг тооцохдоо анх олгогдсон үндсэн зээлийн хэмжээгээр бодож, үндсэн зээлийг бууруулалгүй тооцсон нь илт алдаатай байсан. Давж заалдах шатны шүүх энэ алдааг засаж дүгнэсэн боловч хүүгийн тооцоолол хийхдээ 2014.03.03-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг хуримтлуулан тооцсон нь зээл олгосон өдөр болох 2014.12.01-ний өдрийг алдаатай тооцсон. Үүнээс хамаарч зээлийн хүүгийн тооцоолол (түүнийг дагаж нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол) бүхэлдээ алдаатай бодогдсон гэж үзэж байна. 2. Нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг буруу тооцсон тухайд. Давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар нийт 2,935,000 ам.долларын хүүгээс 20%-ийг тооцож нэмэгдүүлсэн хүүг 587,000 ам.доллар гэж, давж заалдах шатны шүүх 2,539,584.29 ам.доллар гэж тус тус дүгнэсэн нь бүхэлдээ илт үндэслэлгүй. Учир нь нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хүүнээс хүү тооцох зарчмыг баримталдаггүй бөгөөд зээлийн хүү гэрээний хугацаанд жилийн 8% бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээтэй байна. Гэтэл анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо анзын тооцоолол хийж Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчсөн. Түүнчлэн, нэмэгдүүлсэн хүү нийт 160,000 (нэг зуун жаран мянга) ам.доллар байх боловч давж заалдах шатны шүүх 2021.03.05-ны өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү нийт 2,539,584.29 ам.доллар гэж хэтэрхий нэг талыг барьж өсгөн тооцсон. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох хүүгээс тооцох ёстой байтал зөрчсөн, учир нь 2018.12.03-ны өдрөөс хойш хэтэрсэн хугацаанд хүү тооцохоор тохиролцоогүй гэж зөв дүгнэсэн атлаа 2021.03.05-ны өдрийг хүртэл зээлд хүү тооцсон мэтээр, хүүнээс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь (ямар аргачлалаар 2,133,741 ам.доллар гаргаснаа тайлбарлаагүй) буруу байна. 2018.06.03-ны өдрөөс 2018.12.03-ны өдөр хүртэл хүү тооцогдох учиртай.

5.2. Шинжээч оролцуулаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухайд. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зээл, хүүгийн тооцооллыг тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулан хийлгэх хүсэлт болон нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэсэн. Прокурор нь ИХШХШТХуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн байгууллагыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөхөд дараах “урьдчилсан нөхцөл”-ийг хангасан байхыг хуулиар шаарджээ. Нэгдүгээрт “төрийн эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн” гэж үзвэл, хоёрдугаарт “төрийн байгууллагын хүсэлт гаргасан” байх. А. Улсын бүртгэлийн нээлттэй цахим сангаас үзэхэд хүсэлт гаргасан гэх зээлдүүлэгч болох МУХБ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, МУХБны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар эзэмшил, өмчлөлдөө хөрөнгөтэй компани хэлбэртэй ашгийн төлөө хуулийн этгээд байна /хавтаст хэргийн 409-р хуудас/. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь “төрийн байгууллага” биш “төрийн өмчит хуулийн этгээд” байна. Гэтэл “Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн өмчит үйлдвэрийн газар гэх” ойлголтод хамаарахгүй гэж, мөн МУХБийг “Төрийн байгууллага” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. МУХБнаас У-т зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийг Төрийг төлөөлөн оролцуулах хүсэлтийг МУХБийг төлөөлж Хяналт шалгалтын газрын захирал Я.Сод-Эрдэнэ гэж хүн гаргасан (хавтаст хэргийн 481-р хуудас) байх бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Гүйцэтгэх захирал тул эрхгүй этгээд прокурорыг оролцуулах хүсэлт гаргасан байна. Б. Иргэний хэргийн баримтад төрийн эсхүл нийтийн ашиг сонирхол хэрхэн, яаж зөрчигдсөн болох тухай нотлох баримт байхгүй. Прокурорын нэхэмжлэлд дурдсанаар Аудитын газрын 2019 оны 05 дугаар сарын гүйцэтгэлийн аудитын тухай дурдсан боловч аудитын дүгнэлт хэргийн баримтад байхгүй, зөвхөн /409-р хуудас/ албан бичиг байгаа бөгөөд тухайн албан бичигт “К” ХХК-ийн зээлийн асуудал хамаарч байгаа эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин зээл олгох үеийн судалгаа, МУХБны актив пассивын газраас МУХБны зээлийн хороонд гаргасан танилцуулгад (хавтаст хэргийн 110, 111 хуудас) “К” ХХК-д олгох зээлийн эх үүсвэрийн хүү 6 хувь болох, зээлийг 8 хувиар олгосноор 2 хувийн ашигтай болох тухай судалгаа, дүгнэлтүүд байна. Эдгээр баримтаас үзэхэд төрийн эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх нотлох баримт байхгүй болохыг дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Түүнчлэн Засгийн газрын 2018.01.04-ний өдрийн 7 дугаар тогтоолоор тус зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүүгийн авлагыг бүхэлд нь дангаараа өөртөө шилжүүлэн авсан 2017.12.31-ний өдрийн Монголбанкны албан ханш (2427.13)-аар тооцвол нийт 146,437,220,889.58 (нэг зуун дөчин зургаан тэрбум дөрвөн зуун гучин долоон сая хоёр зуун хорин мянга найман зуун наян есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөг болох бөгөөд шүүх дээр маргаан хянан шийдвэрлэгдэх явцад 8,093,140.37 ам.доллар зээл авснаас хойш нийт 37 сая орчим ам.долларыг төлсөн тул нийт үлдэгдэл 123,334,001,448.59 төгрөг болох тооцоотой байгааг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байгаа болно. Шүүх зээл, хүүгийн тооцооллын хууль зүйн үндэслэлийг дээрх байдлаар хуульд нийцүүлэн зөв дүгнэлт хийсэн боловч тооцоолол хийхдээ алдаа гаргаж 2018.12.03-ны өдрөөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкны хүү бодох аргачлалын дагуу 365 хоногоор тооцоход 155,458,968,322.00 (нэг зуун тавин таван тэрбум дөрвөн зуун тавин найман сая есөн зуун жаран найман мянга гурван зуун хорин хоёр) гэж гарах байсан тооцоо (тооцооллыг хариуцагч нэмж гаргасан хариу тайлбартаа хавсаргасан болно)-г 161.770.117,919.32 (нэг зуун жаран нэгэн тэрбум долоон зуун далан сая нэг зуун арван долоон мянга есөн зуун арван есөн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг гэж хариуцагчаас 6,311,149,597.32 (зургаан тэрбум гурван зуун арван нэгэн сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан 2021.03.05-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбар, түүний хавсралтаар зээл, хүүгийн тооцооллыг дэлгэрэнгүй тооцож гарган, баримтаар өгсөн байгаа болно. Иймд, дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар илүү тогтоосон төлбөрийг хүчингүй болгож, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: У-ын нэхэмжлэлтэй, “К” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “МУХБ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 1177 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд дараах хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 1177 дугаартай магадлалын ТОГТООХ хэсэгт: 1.-т Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...158,491,589,751 /нэг зуун тавин найман тэрбум дөрвөн зуун ерэн нэгэн сая таван зуун наян есөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг...” гэснийг “...161,770,117,919.32 төгрөг” гэж, “...үлдэх 41,647,860,444 төгрөгийн...” гэснийг “...38,369,336,276.18 төгрөгийн...” гэж өөрчлөн шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг (цаашид БЭБХЭМХТТЗҮАтХууль гэх) тус тус зөрүүтэй хэрэглэж, зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх мөнгөн төлбөрийн үүргийн дүнг (гэрээний хугацаа дууссанаас хойшхи үндсэн хүү) илт үндэслэлгүйгээр бууруулсан, зээлдүүлэгчид ашигтай хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй, Иргэний хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж энэхүү гомдлыг гаргаж байна.

6.1. У-ын газрын нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 38,369,336,276.18 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байгаа тухай: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хоёр удаагийн хүсэлт, Үндэсний аудитын газрын хүсэлт, МУХБны хүсэлт, У-ын нэхэмжлэлд тус тус Х банкнаас зээл авсан зээлдэгч “К” ХХК нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, зээлийн хугацаа хэтрүүлснээс Засгийн газрын хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар байгаа тухай дурдаж холбогдох баримтуудыг нэхэмжлэлийн хамт шүүхэд өгсөн. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь У-ын нэхэмжлэлийн шаардлагаас илт үндэслэлгүйгээр 38,369,336,276.18 (Гучин найман тэрбум гурван зуун жаран есөн сая гурван зуун гучин зургаан мянга хоёр зуун далан зургаан төгрөг, арван найман мөнгө) төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь мөн л төр, нийтийн ашиг сонирхолд “ноцтой хохирол, хор уршиг” учруулж, их хэмжээний хохирлыг МУХБинд хүлээлгэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах шударга ёс, хууль дээдлэх тулгуур зарчим, хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчмыг ноцтой зөрчиж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр, магадлалыг гаргасангүй. У-ын нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай прокурорын шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай харьцуулан хүснэгтээр харуулбал дараах зөрүү үүсэж байна. Үүнд:

 

Зээлийн

төлбөр

Прокурорын нэхэмжлэл (2020.03.27 1а)

Прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай (2021.03.05 1б)

Хан-Уул

дүүргийн

Иргэний анхан

шатны

шүүхийн

шийдвэр

(2021.05.21)

Нийслэлийн шүүхийн магадлал (2021.07.28)

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

61,299,999.98

ам.доллар

53,206,368.07

ам.доллар

61,261,973.31+ 22,847,254+ 587,000=84,696,

227.31

-26,884,652.07=

57,811,575.24

52,948,966.14

ам.доллар

Үндсэн

хүүгийн

үлдэгдэл

9,290,355.56

ам.доллар

14,686,237.82

ам.доллар

3,708,239.8

ам.доллар

Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл

1,271,071.11

ам.доллар

2,350,247.56

ам.доллар

587,000

ам.доллар

2,350,247.56

ам.доллар

Нийт

үлдэгдэл

71,861,426.65

ам.доллар

70,242,853.45

ам.доллар

57,811,575.24

ам.доллар

59,007,453.5

ам.доллар

Ам.долларын

ханш

2,741.52

2,849.25

2,741.52

2,741.52

Нийт төгрөг

197,009,538,390.93

200,139,450,195.50

158,491,589,751

161,770,117,919.32

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон дүн: (төгрөг)

41,647,860,444

38,369,336,276.18

 

6.2. “МУХБ” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт бодсон зээл, зээлийн хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд уг тооцооллыг хянаж үзвэл дараах алдаа гарсан байна. Үүнд: 2А. “Үндсэн хүү”-г 2018.12.03-ны өдрөөс 2021.03.04-ний өдрийг хүртэлх 882 хоногоор дутуу тооцсон тухай: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавап хэсэгт зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн тухай өөр өөр тооцоолол хийж, холбогдох хуулиудыг зөрүүтэй хэрэглэсэн. Тухайлбал, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи үндсэн хүүг тохиролцоогүй гэж, үндсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүгээс өөрөөр гэрээнд тохиролцсон байх ёстой гэж, БЭБХЭМХТТЗҮАтХуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь прокурорын нэхэмжлэлийн шаардлагаас “үндсэн хүү”-г 10,977,998.02 (арван сая есөн зуун далан долоон мянга есөн зуун ерэн найман ам.доллар, хоёр цент) ам.доллароор хасч, зөрүүтэй тооцоолол хийсэн. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.1.2-т “Зээлийн хүү: Жилиин 8 (найман) хувь байна”. гэж,

3.1.10-т “Нэмэгдүүлсэн хүү: Гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 (хорин) хувьтай тэнцүү байна”. гэж,

4.1-д “Зээлийн эхний олголтыг энэхүү гэрээний 3.1.8-д заасан дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэн зээлийн хугацааг тоолох бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцно. Зээлийн хүүг улирал тутамд, нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн хоног тутам харгалзах бодит хоногоор тооцно.” гэж,

4.2-т “Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд энэхүү гэрээний 3.1.10 дахь хэсэгт заасан хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүүн дээр нэмж Банкинд төлнө.” гэж,

7.4-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж,

12.1-д “Гэрээ нь Талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болж, зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно.” гэж,

12.2-т “Гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь талууд, тэдгээрийн эрх залгамжлагч, үүрэг хүлээн авагч болон холбогдох эрх бүхий албан тушаалтны хувьд заавал биелэгдэх хүчинтэй байна.” гэж,

12.5-д “Гэрээгээр зохицуулаагүй бусад харилцаа, аливаа асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна” гэж, 2015.12.15-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 3.1-д “Зээлдэгч нь зээл, түүний хүүг энэхүү гэрээний Хавсралтад заасан хугацаанд төлөх үүрэгтэй ба энэ нь энэхүү гэрээний гол нөхцөл болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрч тодорхойлов. Хавсралтад заасан хугацааг зөрчвөл Үндсэн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж, зээлийн хүү, зээлийн хугацаа тоолох болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар талууд гэрээнд харилцан тохиролцсон боловч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дээрх гэрээний заалтуудад дүгнэлт өгөөгүй, зээлийн “үндсэн хүү”-г хассан байна. Зээлийн гэрээний хүү: Зээлийн гэрээ нь хүүтэй болон хүүгүй байж болох бөгөөд зээлийн хүү гэдэг бол “зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ” юм. Зээлийн гэрээ нь тогтмол хүүтэй эсхүл хувьсах хүүтэй байж болох ба зээлийн гэрээний нийт хугацааны турш өөрчлөгддөггүй хүүг тогтмол, харин зах зээлийн нөхцөл, хүчин зүйл өөрчлөхөд хүү байнга даган өөрчлөгдөж байхаар гэрээнд заасан бол хувьсах хүү гэж үзнэ. Мөн хүү тооцох хугацаа нь уг зээлийг ашигласан байх явдал бөгөөд энэ талаар хуульд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн харилцааны нэхэмжлэлийн шаардлага нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох эсэхийг тодорхойлохын тулд шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн агуулгад нийцсэн эсэх, эдгээр нь зээл олгохдоо хууль болон гэрээнд заасан үүргээ зохих журмаар гүйцэтгэсэн эсэх, зээлийн гэрээний үндсэн нөхцөлүүд хангагдсан эсэх, хүү төлөх эрх зүйн үндэслэл үүссэн эсэхэд дүгнэлт өгдөг. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй зээлдэгчид холбогдуулан гаргах нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээ төлбөр төлөгдөхгүй байгаа хугацаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл зээлдэгч үүргээ биелүүлээгүй л байгаа бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм. Хугацаандаа үүргээ биелүүлээгүй зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. УДШ-ийн тайлбар (2006.12.21-ний өдөр, дугаар 53): “үндсэн хүү” гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг, мөн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ ” гэж албан ёсоор тайлбарласан. Зээлийн гэрээний гол үүрэг нь капиталаа ашиглуулж, хариуд нь хүү нэхэмжилнэ гэсэн үг. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэдэг дээрх тусгай хуультай. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон БЭБХЭМХТТЗҮАтХуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээл хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлдөг иргэний хэргийн шүүхийн практик тогтсон байдаг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. БЭБХЭМХТТЗҮАтХуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан. Зээлдүүлэгч-банкны эрх ашгийг хамгаалсан дээрх гэрээний заалтуудын эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 ба 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт юм. Үүний дагуу зээлдэгч нь хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү төлнө. Түүнчлэн хэтэрсэн хугацаанд хүү төлнө. Энэ хүүг шүүхийн практикт гэрээнд заасан хүү утгаар тайлбарладаг. Ингэж тайлбарлах үндэслэл нь БЭБХЭМХТТЗҮАтХуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт болно. 2Б. Шүүх валютын ханшийг буруу тооцсон тухай: Анхан болон давж заалдах шатны шүүх нь валютын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа тооцсон Монгол банкны 2020.01.13-ны өдрийн албан ханш болох 2741.52 төгрөгөөр тооцсон нь У-ын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхэд дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасныг үндэслэж анхны нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2020.01.13-ны өдрийн ханш АНУ ам.доллар 2,741.52 төгрөгөөр тооцож, нэхэмжлэл гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.03.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөхдөө Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2021.03.04-ний өдрийн АНУ ам.доллар 2,849.25 төгрөгөөр тооцсон байдаг. Нэхэмжлэгч У нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх... эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчлөх эрхтэй байна. Үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр ямар үүрэг хүлээхээр талууд гэрээгээр тохиролцсон байна тэр үүргийг л гүйцэтгэх ёстой байдаг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д туссан байна. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай шаардлагад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байх тул дээрх хуулийн үндэслэлийн дагуу Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2021.03.04-ний өдрийн АНУ доллар 2,849.25 төгрөгөөр тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна. 2В. Зээлийн хүүг жилийн 360 хоногоор бус 365 хоногоор тооцсон зөрүүний тухай: Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол МУХБны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж, МУХБны тухай хууль (2011 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.12-т “Х банкны зээлийн болон санхүүгийн бусад үйлчилгээний хүү, шимтгэлийн хувь хэмжээг холбогдох журмын дагуу тогтоох” эрх нь банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарч байсан бөгөөд банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2012.01.10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн журам”-ыг баталж, мөрдөж байжээ. Монгол банкны баталсан журмын хуулийн үндэслэл нь Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд энэ заалт нь Х банкинд үйлчлэх хүрээнд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зохицуулалт хуульд өөрөөр заасан буюу МУХБны тухай хуульд заасан юм. Зээлийн гэрээний хүү жилийн 8 хувь буюу Төв банкны бодлогын хүүгээс бага, Зээлийн гэрээний хавсралт, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хавсралтуудыг тус тус зээлдэгч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө талын түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, Гэрээний үүргийг хуулиар болон талууд харилцан тохиролцон тогтоодог ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасныг тус тус үндэслэж жилийн хүүг 365 хоногоор тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.3. Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухай: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зээлдэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, магадлалын хянавал хэсэгт тус тус Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй, алдаатай болсон гэж үзэж байна. Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх тухай Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан. Иргэний хуулийн 3.3 дахь хэсэг нь агуулгын хувьд Монгол Улсын Үндсэн хууль ба Иргэний хууль хоёроос бусад хууль, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахдаа хоорондоо зөрчилдвөл ямар журмаар уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан заасан зохицуулалт юм. Энэ зохицуулаптыг эрх зүйн хэм хэмжээний коллиз гэх бөгөөд үүнийг шийдвэрлэх арга зам нь: Хууль ба хуульчилсан актын хэм хэмжээ хоорондоо зөрчилдвөл хууль дээдлэх зарчмын дагуу хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хууль зүйн хүчин чадлын хувьд адил хэм хэмжээнүүд хоорондоо зөрчилдвөл сүүлд батлагдсан хуулийн хэм хэмжээг хэрэглэхээр онолын хувьд тайлбарласан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, УДШ-ийн тайлбар (2006.12.21-ний өдөр, дугаар 53): Энэ зүйлийн 452.1-д заасныг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд уг гэрээнд зээлийн хүү, түүний хэмжээг тодорхой тусгасан байна гэж ойлгоно. Харин уг гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосон гэж үзнэ гэж; Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” гэж, УДШ-ийн тайлбар (2006.12.21-ний өдөр, дугаар 53): Энэ зүйлийн 452.2-т заасан “үндсэн хүү” гэж “зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ” гэж тайлбарласан.  Зээлдэгчийн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, УДШ-ийн тайлбар (2006.12.21-ний өдөр, дугаар 53): Энэ зүйлийн 453.1-д       заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Дээд Шүүх нь 53 дугаартай тогтоолоор албан ёсны тайлбар гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд зааснаар Монгол Улсын Дээд шүүх шүүхийн дээд байгууллага бөгөөд Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй. Хуулийн зүйл, заалт тодорхой бус, хоёрдмол утга санаатай, хэрэглэхэд хүндрэлтэй тохиолдолд тухайн хэм хэмжээний хүрээнд, эрх зүйн үүднээс дээрх тайлбар нь гардаг. Өөрөөр хэлбэл, тус шүүхээс гаргах тайлбар нь хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэхэд чиглэгддэг болно. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хууль болон БЭБХЭМХТТЗҮАтХ (хүчингүй болсонд тооцсон) хуулийг буруу тайлбарлаж, Улсын Дээд Шүүхийн 53 дугаартай албан ёсны тайлбараас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, үндсэн хүүг зээлийн гэрээний хугацаанаас хойш тооцоогүй нь хууль бусаар МУХБны эрх ашигт ноцтой хохирол учруулж байгааг хяналтын шатны шүүх анхаарч, залруулж өгнө үү.

6.4. “К” ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийн тухай. “К” ХХК-ийн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодсон дүн, тухайн төлсөн дүнгүүдийг 2021.03.04-ний өдрийн байдлаар дараах ам.доллар байна. Үүнд:

 

Үндсэн зээл

Үндсэн зээл төлсөн дүн

Үндсэн хүү

Үндсэн хүү төлсөн дүн

Нэмэгдүүлсэн

хүү

Нэмэгдүүлсэн хүү төлсөн дүн

71,300,000.00

18,093,631.92

33,477,748.91

18,791,511.10

2,388,274.23

38,026.67

 

“К” ХХК нь прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилсөн 2021.03.04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 71,300,000.00 ам.доллароос 18,093,631.92 ам.доллар, төлбөл зохих үндсэн хүүгийн төлбөр 33,477,748.91 ам.доллароос 18,791,511.10 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,388,274.23 ам.доллароос 38,026.67 ам.доллар тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021.03.04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 53,206,368.07 (Тавин гурван сая хоёр зуун зургаан мянга гурван зуун жаран найман ам.доллар, долоон цент) ам.доллар; Үндсэн хүүгийн үлдэгдэл: 14,686,237.82 (Арван дөрвөн сая зургаан зуун наян зургаан мянга хоёр зуун гучин долоон ам.доллар, наян хоёр цент) ам.доллар; Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 2,350,247.56 (Хоёр сая гурван зуун тавин мянга хоёр зуун дөчин долоон ам.доллар, тавин зургаан цент) ам.доллар; Нийт үлдэгдэл: 70,242,853.45 (Далан сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун тавин гурван ам.доллар, дөчин таван цент) ам.доллар; Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт: 70,242,853.45 (Далан сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун тавин гурван ам.доллар, дөчин таван цент) ам.доллар буюу (Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2021.03.03-ны өдрийн АНУ доллар 2,849.25 төгрөг) тооцож, нийт 200,139,450,195.50 (Хоёр зуун тэрбум нэг зуун гучин есөн сая дөрвөн зуун тавин мянга нэг зуун ерэн таван төгрөг, тавин мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байсан. МУХБ нь 2014.12.01-ний өдрийн 3-КС-С 2014-202 дугаартай Зээлийн гэрээ, 2015.12.15-ны өдрийн 3-КС-С 2014-202/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж, УДШ-ийн тайлбар (2006.12.21-ний өдөр, дугаар 53):-т Төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж заасныг үндэслэж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд “К” ХХК-ийн төлсөн төлбөрүүдийг зөвхөн үндсэн зээлийн төлбөрөөс 8,093,631.92 (Найман сая ерэн гурван мянга зургаан зуун гучин нэгэн ам.доллар, ерэн хоёр цент) ам.долларыг хорогдуулсан болно. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т “шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасныг удирдлага болгож, хариуцагч “К” ХХК-иас 200,139,450,195.50 (Хоёр зуун тэрбум нэг зуун гучин есөн сая дөрвөн зуун тавин мянга нэг зуун ерэн таван төгрөг, тавин мөнгө) төгрөгийг гаргуулж МУХБинд олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Зохигчийн гаргасан хяналтын гомдлыг хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2021/00708 дугаар тогтоол гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

8. Нэхэмжлэгч У нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 61,299,999.98 ам доллар, хүү 9,290,355.56 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,271,071.11 ам.доллар, нийт 71,861,426.65 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2741.52 төгрөгөөр тооцож, нийт 197,009,538,390.93 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 53,206,368.07 ам.доллар, зээлийн хүү 14,686,237.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,350,247.56 ам.доллар, нийт 70,242,853.45 ам.доллар буюу нэмэгдүүлсэн шаардлага гаргах үеийн ханш 2849.25 төгрөгөөр тооцож, нийт 200,139,450,195.5 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг гуравдагч этгээд МУХБ ХХК дэмжиж тайлбар гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас, үндсэн зээл 52,870,850.81 ам.доллар, зээлийн хүү 3,674,541.93 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 160,000 ам.доллар, нийт 56,705,392.75 ам.долларыг зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн ханш болох 2741.52 төгрөгөөр тооцож, нийт 155,458,968,322 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзан маргажээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч “К” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 158,491,589,751 төгрөг гаргуулж МУХБинд олгож, үлдэх 41,647,860,444 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянахдаа “...хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 161,770,117,919.32 төгрөг гаргуулж МУХБинд олгож, үлдэх 38,369,336,276.18 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй” болгон өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

11. Нэхэмжлэгч “К” ХХК нь МУХБ ХХК-тай 2014.12.01-ний өдөр З-КС-С 2014-202 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих зориулалтаар, 71,300,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, авсан зээлээ хуваарийн дагуу төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн байх ба үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б-КС-С 2014-203 болон Б-КС-С 2014-204 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, “К” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууц, автомашин, хүнд даацын автомашин, ачааны автомашин, дугуйт ачигч, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн хуурай баяжмалын борлуулалтын орлого зэрэг үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, ирээдүйд бий болох хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

Улмаар зээлийн гэрээний талууд 2015.12.15-ны өдөр З-КС-С 2014-202/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2018.12.03-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, зээлдэгч нь эхний 36 сард улирал тутам зээлийн хүү төлөх, 2018.03.03-ны өдрөөс 2018.12.03-ны өдөр хүртэлх хугацаанд улирал тутам үндсэн зээлийг холбогдох хүүгийн хамтаар 4 хувааж төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Нэхэмжлэгч “К” ХХК болон МУХБ ХХК-ийн хооронд 2014.12.01-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, 2015.12.15-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж хоёр шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

13. Нэхэмжлэгч У нь МУХБ ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, зээлийн жилийн хүүг ямар хугацаагаар тооцох, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй эсэх, мөн ам.доллараар гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн шаардлага гаргах үеийн ханшаар, эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн ханшаар тооцох үндэслэлүүдийн талаар зохигч маргасан байна.

 

          14. МУХБны тухай хууль /2011 оны/-ийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Х банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын Х томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Х банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын Х томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох...” гэж тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012, 2012-2016 оны хөтөлбөрийн дагуу “Монгол Улсын хөгжилд ач холбогдол бүхий Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан Концессын гэрээнд заасан ажлыг санхүүжүүлэх зорилгоор МУХБ ХХК-аас “К” ХХК-д зээл олгосон. “К” ХХК зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул  У-аас төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй. Хариуцагчийн төлөөлөгчийн “...төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн, ...банкийг “Төрийн байгууллага” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

15. Зээлийн жилийн хүүг тооцох хоногийн тухайд, “К” ХХК-ийн банктай байгуулсан 2014.12.01-ний өдрийн З-КС-С 2014-202 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.1.2-т зээлийн хүүг жилийн 8 хувь, ...4.1-д зээлийн хүүг улирал тутамд тооцно гэж заасан.

Хоёр шатны шүүх ...Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д “Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, ... улирлыг гурван сараар... тоолно”, 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, ... улирал, .../-аар/ тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”, 73.2-т “Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж тус тус зааснаар талуудын гэрээнд тохиролцсон нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тооцох нь хуульд нийцнэ гэж хуулийг маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар... тооцно гэж заасан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ...ам.доллараар гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн шаардлага гаргах үеийн ханшаар тооцно гэж маргасан бол хариуцагч нь ...зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн ханшаар тооцно гэж маргажээ.

 

Ам.доллараар гүйцэтгэх үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “...шүүхүүд валютын ханшийг буруу тооцсон” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна. 

 

          17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “...анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрүүтэй хэрэглэж, зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх мөнгөн төлбөрийн үүргийн дүн /гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны үндсэн хүү/-г илт үндэслэлгүй бууруулсан, ...Иргэний хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. ...үндсэн хүүг 2018.12.03-ны өдрөөс 2021.03.04-ний өдрийг хүртэлх 882 хоногоор дутуу тооцсон, ...зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн талаар өөр өөр тооцоолол хийж, холбогдох хуулиудыг зөрүүтэй хэрэглэсэн...” гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

18. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, ...төлнө”, 25 дугаар зүйлийн 2-т “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасан.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн “Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 53 дугаар тогтоолын 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарласан байна. 

 

“К” ХХК болон МУХБ ХХК-ийн хооронд 2014.12.01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.10-т “Нэмэгдүүлсэн хүү: Гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 (хорин) хувьтай тэнцүү байна”, 4.2-т “Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд энэхүү гэрээний 3.1.10 дахь хэсэгт заасан хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүүн дээр нэмж Банкинд төлнө”, 7.4-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 12.1-д “Гэрээ нь ...зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно”, 2015.12.15-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 3.1-д “Зээлдэгч нь зээл, түүний хүүг энэхүү гэрээний Хавсралтад заасан хугацаанд төлөх үүрэгтэй ба энэ нь энэхүү гэрээний гол нөхцөл болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрч тодорхойлов. Хавсралтад заасан хугацааг зөрчвөл Үндсэн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж тус тус тохиролцжээ.  

 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан, 2021.03.04-ний өдрөөр тооцож хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

19. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, талуудын гэрээнд тохиролцсон нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор, зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хугацаагаар буюу 2021.03.04-ний өдрөөр тооцох, мөн ам.доллараар гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл анх гаргах үеийн ханшаар тооцох нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэх тул эдгээр үндэслэлүүдийг харгалзан хариуцагч “К” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт төлөх мөнгөн төлбөрийн үүргийг тооцвол, зээлдэгч үндсэн зээлд 53,206,368.08 ам.доллар, хүүд 14,227,638.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,279,504.8 ам.доллар, нийт 69,713,511.39 ам.доллар төлөх үүрэгтэй нь тогтоогдлоо.

 

Тодруулбал, зээлдэгч “К” ХХК нь 2015.12.15-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний Зээл, зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь /1хх, 31тал/-ийн дагуу, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 73,000,000 ам.доллар, хүүд 21,726,511.11 ам.доллар, нийт 93,026,511.11 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн байх боловч зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан, 2021.03.04-ний өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Үүнд:

 

А/  Зээлдэгч “К” ХХК нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 2018.03.03-ны өдөр 10,000,000 ам.доллар төлөх үүрэгтэйгээс 10,000,000 ам.долларыг хугацаандаа төлсөн, харин гэрээний дагуу 2018.06.03-ны өдөр 10,000,000 ам.доллар, 2018.09.03-ны өдөр 20,000,000 ам.доллар, 2018.12.03-ны өдөр 31,300,000 ам.долларын үндсэн зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш, үндсэн зээлд 2020.08.03-ны өдөр 18,000 ам.доллар, 2020.08.19-ний өдөр 11,000 ам.доллар, 2020.08.28-ны өдөр 10,500 ам.доллар, 2020.09.11-ний өдөр 10,000 ам.доллар, 2020.09.28-ны өдөр 932.900 ам.доллар, 2020.10.09-ний өдөр 7,005,941.04 ам.доллар, 2021.03.01-ний өдөр 105,290.87 ам.доллар, нийт 18,093,631.93 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иймд үндсэн зээлдүүлсэн 71,300,000 ам.доллараас нийт төлсөн 18,093,631.93 ам.долларыг хасч тооцоход зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 53,206,368.08 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Б/ Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 71,300,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэрээгээр зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, зээлдэгч нь эхний 36 сар улирал тутам зээлийн хүү төлөх, 2018.03.03-ны өдрөөс 2018.12.03-ны өдөр хүртэлх хугацаанд улирал тутам үндсэн зээлийг холбогдох хүүгийн хамтаар 4 хувааж төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. 

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч 71,300,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн байх ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хавсаргаж ирүүлсэн, Зээл, зээлийн хүү тооцоолол гэх баримт /3хх, 69 тал/-аас харахад 1 өдрийн хүүг 360 хоногоор буюу /71,300,000 ам.доллар х 8 % : 360 хоног/ 15,844.44 ам.доллар гэж буруу тооцжээ, зүй нь хуульд зааснаар 365 хоногоор тооцоход зээлийн 1 өдрийн хүү 15,627.40 ам.доллар /71,300,000 ам.доллар х 8% : 365 хоног/ болно. Дээр дурдаж дүгнэснээр, зээлдэгчийн үндсэн зээлд төлсөн төлбөр бүрийг нэг бүрчлэн төлсөн хугацаагаар тооцож, зээлдэгчийн төлбөл зохих зээлийн хүүг тооцоход зээлдэгч нь 2021.03.04-ний байдлаар зээлийн хүүд нийтдээ 33,019,149.61 ам.доллар төлөх үүрэгтэй байна. Үүнээс:

        

Зээлдэгч гэрээнд зааснаар зээлийн хүүд улиралд буюу 2015.03.02-ны өдөр 1,426,000 ам.доллар, 2015.06.03-ны өдөр 1,457,688.89 ам.доллар, 2015.09.03-ны өдөр 1,457,688.89 ам.доллар, 2015.12.03-ны өдөр 1,441,844.44 ам.доллар, 2016.03.03-ны өдөр 1,441,844.44 ам.доллар, 2016.06.03-ны өдөр 1,457,688.89 ам.доллар, 2016.09.02-ны өдөр 1,457,688.89 ам.доллар, 2016.12.02-ны өдөр 1,441,844.44 ам.доллар, 2017.03.03-ны өдөр 1,426,000 ам.доллар, 2017.06.02-ны өдөр 1,457,688.89 ам.доллар, 2017.09.01-ний өдөр 1,457,688.89 ам.доллар, 2017.12.01-ний өдөр 1,441,844.44 ам.доллар, 2018.03.03-ны өдөр 1,426,000 ам.доллар, нийтдээ 18,791,511.10 ам.доллар төлснийг төлбөл зохих дээрх дүнгээс хасч тооцоход, зээлдэгч зээлийн хүүд 14,227,638.51 ам.доллар төлөх үндэслэлтэй нь тогтоогджээ.

 

В/  Дээрх зээлийн гэрээний 3.1.10, 4.1, 4.2-т талууд авсан зээлээ хуваарийн дагуу төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2018.06.03-ны өдрөөс хуваарийн дагуу төлбөл зохих хүүг төлөөгүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд 2018.06.03-наас 2021.03.04-ний өдрөөр нэмэгдүүлсэн хүүг тооцоход 2,279,504.8 ам.доллар болно.

 

Харин зээлдэгч гэрээний хугацаанд буюу 2014.12.03-ны өдрөөс 2018.03.03-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг Зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн тул дээрх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, зээлдэгчийн 2016.02.05-нд нэмэгдүүлсэн хүүд төлсөн 38,026.67 ам.долларыг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна. 

 

Иймд хариуцагч “К” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 69,713,511.39 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2,741.52 төгрөгөөр тооцож, 191,120,985,745 төгрөгийг гаргуулан МУХБ ХХК-д олгож, үлдэх 9,018,464,450 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

20. Анхан болон давж заалдах шатны шүүхийн ...талууд зээлийн гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр харилцан тохиролцоогүй, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тогтоогоогүй байх тул зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргийг хүлээхгүй, ...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч уг зохицуулалт нь талууд хэтэрсэн хугацааны хүү тооцох талаар харилцан тохиролцож, зээлийн гэрээнд тусгасан тохиолдолд зээлдүүлэгч талд шаардах эрх олгох зохицуулалт... гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, шүүхүүд маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

 

21. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь хүчин төгөлдөр тул хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэх талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна.

 

22. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1177 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас 191,120,985,745 /нэг зуун ерэн нэгэн тэрбум нэг зуун хорин сая есөн зуун наян таван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж МУХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,018,464,450 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “...792,615,898 төгрөг” гэснийг “955,762,878” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “К” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,713,697.99 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД