Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1256

 

      Б.Б-т холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Цэрэндалай,

          хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяа,

          шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

          нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцэл болон хохирогч М.М, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомлуудаар Б.Б-т холбогдох 1807 0043 30171 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны шөнө 05 цагийн орчим, архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 5 дугаар гудамжинд Г.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Эргэн дурсахуй” баарны гадаа М.М-ыг боох, түлхэх, хавсарч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай тохироогүй, ял шийтгэлийг хөнгөдүүлсэн байна. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хохирогч М.М нь хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан, цаашид ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан.

Гэтэл хохиролд өгсөн 1.500.000 төгрөгийг хохирол бүрэн төлсөн, гэм хор арилсан гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Б.Б нь 2012 онд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан, мөн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа буюу 2018 оны 7 дугаар сарын 14-ний шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгахаар зохицуулсан. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөр өөр цаг хугацаанд үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх байсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж, хүндрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулсан байна. Түүнчлэн Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгож байгаа мэт ойлгогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай зохицуулалт байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

      Хохирогч М.М гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хохирогч миний бие өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байгаа бөгөөд миний биеийн байдал сайжраагүй, ар гэрийн амьдрал болон эрүүл мэнд хүнд байна. Шүүхээс Б.Б-т хөнгөн ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний хохирлыг 100 хувь барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч М.М-н өмгөөлөгч миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна.

            1. Хохирогч М.М нь цалин олговрын зөрүү 3.585.870 төгрөг, өмгөөллийн хөлс 100.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүх хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх боломжгүй байгаа тул нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн нээлттэй орхисон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ... аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.”, Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.1.3-т “Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцох тул хөдөлмөрийн чадвар алдсан этгээдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ихсэх, багасах тохиолдолд гэм хор учруулсны төлбөр Иргэний хуулийн 507 дугаар зүйлд зааснаар өөрчлөгдөнө” гэж хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах талаар заасан байдаг.

            Шүүх эмнэлгийн шинжээчийн №08шэ/368 дүгнэлтээр, М.М-н биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон ба цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн.

            М.М эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хяналтад байснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 5 дугаар сарын 1-ний хугацаагаар гавлын гэмтлийн улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон. 2019 оны 5 дугаар сарын 1-нээс 2020 оны 5 дугаар сарын 1-нийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг сунгасан. Бодит байдал дээр М.М-ыг 2 кг-аас илүү хүнд зүйл өргөж болохгүй гэж эмч нар зөвлөсөн, түүний хувьд биеийн хүчний ажлаас өөрөөр ажил хөдөлмөр эрхлэх боловсрол мэргэжил байхгүй, аж амьдралаа авч явах цалин хөлс олох боломжгүй болсон учир М.М өнгөрсөн хугацаанд олох байсан цалин хөлсний зөрүүг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн. "Бүти” ХХК-ийн тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэргээр М.М нь “Бүти” ХХК-д арматурчнаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 14-нийг хүртэл туршилтын хугацаанд сарын 700.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан ба 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Б.Б-т зодуулж, хүнд гэмтэл авсны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй юм. Гэмтлийн улмаас авах байсан цалин хөлсний тооцоо:

            2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 8 дугаар сарын 14-нийг хүртэл 1 сарын 700.000 төгрөг, 2018 оны 9, 10 дугаар сард ажилгүй байсан тул 320.000 х 2=640.000 төгрөг,

            2018 оны 11 дүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт тогтоож, 11 дүгээр сард 149.830 төгрөгийн тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулсан зөрүү 170.170 төгрөг, 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сард 155.000 төгрөгийн тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулсан зөрүү 165.000 х 2 =330.000 төгрөг,

            2019 оны 2 дугаар сараас сар бүр 174.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл нийт 8 сарын 146.000 төгрөгийн зөрүүг тооцож, нийт 1.168.000 төгрөг,

Нийт цалин хөлсний зөрүү 3.008.170 төгрөгийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна

            2. Хохирогч М.М-н ээж Оюундагва хүүгийнхээ гэнэтийн гэмтлийг эмчлүүлэх мөнгө байхгүй байсан учраас хүмүүсээс мөнгө зээлж, эмчилгээг хийлгэсэн бөгөөд зээлсэн мөнгөө эргүүлж төлөх гэж Хас банкнаас 3.000.000 төгрөгийн зээл авч, төлсний улмаас зээлийн хүү 577.700 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилсэн боловч шүүх шийдвэрлээгүй.

            3.  2020 оны 5 дугаар сарын 1-нийг хүртэл М.М-н хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь байх тул энэ хугацаа хүртэл сар бүр цалин хөлсний зөрүү 146.000 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 3, 505 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Б-с гаргуулахыг хүссэн боловч шийдээгүй.

            4. Хохирогч М.М-ыг Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэн болохыг тодорхойлсон учир өмгөөлөгч миний бие өмгөөллийн хөлсөнд 100.000 төгрөг хүлээн авсан. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн хөлсний үйлчилгээг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцож олгохоор тогтоосон байхад шийдвэрлээгүй.

            5. Хохирогч М.М 2019 оны 7 дугаар сард ухаан алдаж, 2, 3 удаа эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ авсан, биеийн байдал сайжраагүй, эм тариагаа авах, тархины компьютер томографийн шинжилгээ хийлгэх мөнгөгүй, шаардлагатай арга хэмжээгээ авч чадахгүйгээс биеийн байдал сайжрахгүй байна.

            Б.Б-н хувьд үйлдсэн хэргийг өөрийн буруугаас болоогүй гэж мөрдөн байцаалт, өмнөх шүүх хуралдаан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө 2018 оны 11 дүгээр сарын 15-нд буюу хэрэг болсноос хойш 4 сарын дараа 1.200.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-нд шүүх хурал болох өдөр 300.000 төгрөг тус тус өгснөөс өөрөөр сайн дураараа хохирогчийн биеийн байдалд анхаарал хандуулж, мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлээгүй.

            Б.Б нь “Евро експресс ”ХХК-д жолооч ажилтай, сар бүр 1.500.000 төгрөгийн цалин хөлс авдаг гэсэн тодорхойлолт байгаа боловч нийгмийн даатгал төлдөг талаарх баримт байхгүй, мөн Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5749711858 тоот дансны хуулгыг баримтаар өгсөн боловч хийгдсэн мөнгөний гүйлгээ нь миний мөнгө биш, ачааны том машин авахын тулд ах нарынхаа мөнгийг өөрийнхөө дансаар оруулж гаргадаг гэж шүүх хурал дээр Б.Б мэдүүлсэн. Өөрийн өмчлөлийн ачааны машин байхгүй, нүүрсний уурхай ажиллуулдаггүй гэсэн мөртлөө Газарчин дээд сургуультай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан, түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг хориглосон төрийн байгууллагын шийдвэр гарсан, гэрээний үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй байгаа зэргээс үнэн зөв баримт гэдэг нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх Б.Б-т торгуулийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан, үйлдсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшээгүй, шүүх хурал дээр худлаа ярьж байсан, хохирогчийн эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлөх хүсэл сонирхолгүй зэрэг байдлууд нь тодорхой байхад хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дурдсан. Хохирогч нь хагалгаанд ороод 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч биеийн байдал дордсон, цаашид амьд байх баталгаа байхгүй, хохирогч бага насны 2 хүүхэдтэй, цалин орлогогүй байнгын өвчтэй, хүнд нөхцөл байдалд амьдарч, хүнд хор уршиг илэрч байхад ял шийтгэлийг хөнгөдүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б-т оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо сүүлийн үйлдсэн гэмт хэргийн хугацаанаас эхэлж тоолно гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа зүйл тодорхой бус байна. Шүүх хуралдаанаар гэм буруугийн талаар хэлэлцэж байхад, хохирлын талаар маргаан үүссэн. Нийгмийн даатгалтай холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэхээр цугларсан байдаг. Хохирогч М.М өөрөө маргаан хийж, бусад руу халдсан үйлдэл нь гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж харагдахаар байгаа. Б.Б нь хохирогчийг эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэсэн зардлыг төлсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. М.М-н эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг Б.Б хариуцах асуудал яригдана. Үүнээс харахад хохирогчийн эрх ашгийг бодож шийдвэрээ гаргасан гэж үзэхээр байна. Торгох ялыг сонгож оногдуулж байгаа нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хохирогчийн өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны шөнө 05 цагийн орчим, архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 5 дугаар гудамжинд Г.Э-г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхинд шарх, баруун зүүн, тохойд зулгаралт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

мөн 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Эргэн дурсахуй” баарны гадаа, М.М-ыг боох, түлхэх, хавсарч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Э-н “... Батука дагуулж ирсэн дүү бололтой залуудаа “энэ танай үеийн бацаан биз дээ, энэнтэй үзнэ” гэж хэлээд эхлээд Батука миний нүүрний зүүн шанаа хэсэгт цохиж, ... өшиглөсөн. Би арайхийж босоод машинаа тойроод ард нь гарахад Батука араас ирж барьцалдаад газар унагааж, 4-5 удаа өшиглөсөн. ...” /1 хх 23-25/,

хохирогч М.М-н “... Би найз Б-тай хамт “Эргэн дурсахуй” бааранд ороод пиво авч уугаад гарах гээд явж байхад Б.Б гарах хаалганы дотор талд ганцаараа зогсож байгаад намайг ямар ч үгийн зөрүүгүй сугадаж авч гадаа гаргаад цэцгийн мандал дээр цамцны захаар хоолой бооход би ухаан алдсан. Манай найз Б намайг сэргээсэн. Би босоод Б.Б цаана зогсож байхаар нь очоод “чи намайг яасан гэж боож байгаа юм” гэж хэлэхэд Б.Б “чи юу яриад хуцаад байна” гэж хэлээд барьцгүй хавсарсан ба би замын боржур дээр ар дагзаараа савж унаад ухаан алдсан. ...” /1 хх 17/,

гэрч Ц.З-н “... Найз Б.Б нь манай бааранд ирж надтай уулзаад бид хоёр гадаа тамхи татаад зогсож байхад хашааны гадаа М.М нэг найзынхаа хамт зогсож байгаа харагдсан. Гэтэл Б.Б хажууд нь зогсож байгаад юунаас болсон гэдгийг мэдэхгүй, М-тай маргалдаж байгаад Б.Б М.М-ыг урдаас нь түлхэж унагаасан. ... М.М-ыг түлхэж унагасан гэж л харсан, хавсарч унагаасан эсэхийг хараагүй. ... Хойшоо саваад унаж байгаа харагдсан. ...” /1 хх 41-42/,

гэрч Н.А-н “... Гэртээ очоод унтаж амарч байтал гэрийн гадаа хүмүүс маргалдаад байх шиг байсан. Гараад очтол нэг залууг өндөр залуу нь 2-3 удаа нүүр лүү нь цохиход нүүрээ дараад газар суугаад босож ирэхдээ зодуулсан залуугийн нүүр ам нь цус болсон байхаар нь би “болиоч” гэж хэлсэн. ... Зодсон залууг нь Батука гэдэг гэж М.Н хэлсэн. ...” /1 хх 59/,

гэрч М.Н-н “... нэг мэдэхэд Э газар ойчихсон Батука гэх залуу нүүр лүү нь өшиглөөд байсан. Э босож ирэхэд нүүр ам нь цус болчихсон харагдсан. ...” /1 хх 61-62/,

гэрч Б.Т-н “... Батука машинтайгаа урд хөндлөн зогсоод дүүтэйгээ гарч ирээд машины хаалга онгойлгож Э-г дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой, нүүр хэсэгт нь хэд хэд цохиж, өшиглөж зодсон. ...” /1 хх 64/,

гэрч Б.Б-н “... Б.Б ах бууж очоод Э гэдэг залуутай муудалцаж зодолдсон. Машины ар талд гараад тэр хоёр барьцалдаж аваад Б.Б ах хавирч унагаагаад дээрээс нь хэд хэд цохисон. Э босож ирээд дахиж зодолдоно гээд дайрахаар нь ах дахин унагааж хэд хэд цохиход нь би очиж салгасан. ...” /1 хх 69/,

гэрч М.Б-н “... Б.Б М.М гэдэг хүнийг зүүн талаас нь баруун хөлөөрөө хавсарч унагаах үед хойшоо саваад унаж байгаа харагдсан. ...” /1 хх 31-32/,

гэрч Б.Баха-н “... Бааранд дахин нэг лаазтай пиво уугаад гарч явах үедээ баарны үүдэнд Б.Б тааралдаад М.М-ыг сугадаад аваад гарсан. Гадаа гараад Б.Б нь М.М-ыг цамцных нь захаар боогоод М.М ухаан алдаад газар унаад хэсэг хугацааны дараа сэрээд босож ирэх үед нь Б.Б “би ийм жижигхэн болсон байна уу” гэж хэлээд М.М-ыг барьцгүй хавсарч, энэ үед М.М хойшоо савж унах үедээ толгойн ар хэсгээрээ чулуу мөргөж унаад ухаан алдсан. ...” /1 хх 34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Г.Э-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхинд шарх, баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 08 шэ/254 дугаартай дүгнэлт /1 хх 76/,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.М-н биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 08 шэ/368 дугаартай дүгнэлт /1 хх 82/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 11/, хохирогч М.М-н өвчний түүхийн хуулбар /1 хх 89-95/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б-н хохирогч Г.Э-г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхинд шарх, баруун зүүн, тохойд зулгаралт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хохирогч М.М-ыг боох, түлхэх, хавсарч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.М-ыг боох, түлхэх, барьцгүйгээр хавсарч унагаах зэрэг илтэд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч хойш савж, боржур мөргөж унасан ба шүүгдэгч нь өөрийн уг үйлдлээр хохирогчид ямар нэг байдлаар гэмтэл учирч болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзнэ.  

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь заалтад тус тус зааснаар үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Иймд Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байна.

Тиймээс шүүгдэгчид оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн талаар прокурор С.Цэрэндалайгийн бичсэн эсэргүүцэл, хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, шүүгдэгч Б.Б нь хохирогч нарт учруулсан гэмтлийн талаар маргадаггүй, хохирлыг боломжит хэмжээнд нөхөн төлсөн, хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу хэлбэр зэргийг харгалзан, тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд прокурор С.Цэрэндалайгийн бичсэн эсэргүүцлээс, мөн хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлоос “... шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн...” гэсэн үндэслэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч М.М, түүний өмгөөлөгч С.Батзаяа нараас “... гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийн зөрүү 3.008.170 төгрөг, өмгөөллийн хөлс 100.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с нэмж гаргуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч М.М нь “Бүти” ХХК-д арматурчинаар ажиллаж байсан ба 700.000 төгрөгөөр цалин хөлсийг тохирч, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

               Хохирогч М.М нь уг гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч эхэлсэн бөгөөд тэрээр авах ёстой байсан цалин хөлс, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү, өмгөөллийн хөлс зэрэг нийт 3.108.170 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

     Харин уг гэмт хэргийн улмаас хохирогч М.М-н эх Оюундагва эмчилгээний зардлыг төлөхөөр зээл авсан гэх ба зээлийн хүү 577.700 төгрөгийн хохирол нэхэмжилснийг энэ удаад шийдвэрлэлгүй орхиж, тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.