Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00089 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Г-т холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 2 493 252 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Илүү төлсөн тээврийн хөлс 2 400 572 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын тээвэр зуучийн “Би энд Жи интернэшнл” ХХК-иас Р.Г- хүлээн авагчтай 3 машин бүхий ачаатай 1 ширхэг 40 тн бүхий чингэлэг БНСУ-аас Замын-Үүд боомт хүртэл ачигдсан мэдээг хүлээн авсан. “Би энд Жи интернэшнл” ХХК-аас ачааны хүрэх өртөө Замын-Үүд боомтоос Улаанбаатар хот болж өөрчлөгдсөн, мөн тээврийн хөлс 4 000 ам.доллар болж өөрчлөгдсөн талаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдээлсэн. Ачаа хүлээн авах газар нь зөвхөн хүлээн авагчийн хүсэлтийн дагуу өөрчлөгддөг. Чингэлэг БНХАУ-ын Тяньжин боомтод ирсний дараа төмөр замаас чингэлгийг кранаар өргөж доторх ачаа тэнцвэртэй ачигдсан эсэх, жин тонн хэтрүүлж ачсан эсэхийг шалгасан. БНХАУ-ын “Tianjin Sheng Shi Yun Tong International” ХХК-иас “Би энд Жи интернэшнл” ХХК-д тухайн чингэлэгт хазайлт үүсч 150 ам.долларын торгууль тавигдсан талаар мэдэгдсэн. Ингээд тээврийн хөлс дээр 150 ам.доллар нэмэгдэж 4 150 ам.доллар болж өөрчлөгдсөн “Би энд Жи интернэшнл” ХХК-иас манайд тээврийн нэхэмжлэхээ дахин засч явуулсан. Бид нэхэмжлэхийг мэйлээр хүлээн авсан даруйдаа “Би энд Жи интернэшнл” ХХК-д “Хүлээн авагчид Улаанбаатар хот хүртэлх тээвэрт 4 150 ам.доллар төлөх ёстой гэдгийг нь ачаа ирэхээс нь өмнө мэдэгдээрэй” хэмээн сануулахад “Би энд Жи интернэшнл” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас “Хүлээн авагчид нь хэлчихсэн, өөрөө мэдэж байгаа гэсэн” хариу и-мэйл ирсэн. БНХАУ-ын төмөр замаас чингэлгийг цаашид төмөр замаар тээвэрлэх боломжгүй, тээврийн хэрэгслийг авто замаар болгож өөрчлөх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Нэгэнт эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр тул түүнийг нь дагахаас өөр аргагүй болж тээврийн хэрэгсэл автомашин болж өөрчлөгдсөн. “Tianjin ShengShiYunTong International” ХХК нь Тяньжины гаалийн сүлжээнд ирүүлсэн байсан гаалийн бүрдүүлэлтээ цуцалж шинээр гаалийн бүрдүүлэлтийг эхлүүлсэн. Ийнхүү өмнөх гаалийн бүрдүүлэлтийг цуцалж, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсний төлбөр 250 ам.доллар нэмэгдэж гарсан. Чингэлэг төмөр замаар биш автомашинаар ачигдах болсон тул тээвэрлэлтийн зардал 200 ам.доллараар мөн нэмэгдсэн. Ингээд Р.Г-ийн чингэлгийн Улаанбаатар хүртэлх тээврийн хөлс нийт 4 600 ам.доллар болсон. Р.Г- нь “Би энд Жи интернэшнл” ХХК-иас үнийн санал аван тухайн үнийг зөвшөөрсний үндсэн дээр тээвэрлэлт хийлгэсэн. Бид хариуцагчид тээврийн үнийг санал болгоогүй. “Би энд Жи интернэшнл” ХХК-иас манай байгууллагыг Монгол талын тээвэр зуучаар сонгосон. “А” ХХК нь зарим харилцагч нартаа дараа төлбөрт нөхцөлтэйгөөр үйлчилгээ үзүүлдэг. Р.Г- нь манай байгууллагаас дараа төлбөрт нөхцөлтэйгөөр үйлчилгээ авахыг хүссэн учир бид “Би энд Жи интернэшнл” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу зээл олгосон.

Р.Г- тээврийн хөлсийг хүлээн зөвшөөрч, мэдэж байсан учраас 4 600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэх дээр гарын үсэг зурж чингэлгээ хүлээн авсан. Хэрэв хариуцагч тухайн үед тээврийн хөлсийг хүлээн зөвшөөрөөгүй, ямар нэг гомдол санал гаргасан бол бид уг асуудал шийдэгдэж хариуцагч төлөх ёстой тээврийн хөлсийг зөвшөөртөл чингэлгийг олгохгүй байх байсан. Гэвч тухайн үед Р.Г- нь тээврийн үнэтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Бид “Би энд Жи интернэшнл” ХХК-д Р.Г-ийн өмнөөс тээвэрлэлтийн хөлсийг төлж барагдуулсан тул төлбөрөө гаргуулах нь зүй ёсны хэрэг юм.

БНСУ-аас Замын-Үүд хүртэлх тээврийн зардал 3 570 ам.доллар, ачаа хүлээн авах газар Замын-Үүдээс Улаанбаатар болж өөрчлөгдөхөд нэмэгдсэн зардал 430 ам.доллар, тэнцвэргүй ачилтаас болж БНХАУ-ын төмөр замаас авсан торгууль 150 ам.доллар, Тяньжин боомтод хуучин гаалийн бүрдүүлэлтийг цуцалж, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсэн зардал 250 ам.доллар, Төмөр замын тээврээс автозамын тээвэр болж өөрчлөгдөхөд нэмэгдэж гарсан зардал 200 ам.доллар, нийт 4 600 ам.доллар гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-аас “Би энд Жи интернэшнл” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 27-ны үеэр өөрийн Солонгос улсаас худалдан авсан 3 машиныг агуулах чингэлэг захиалга 2 700 ам.доллароор Замын-Үүд хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Тэгээд Солонгос улс дахь Кумарсаны ачилтын компанид 3 машинаа өгч ачуулсан. Ачилтын хөлс 300 ам.доллар төлсөн. Гэтэл “Би энд Жи интернэшнл” ХХК-иас таны чингэлэгт хазайлт гарсан тул Тяньжин боомтоос автомашинаар ачна гэсэн. Хэдэн төгрөг гарах нь чингэлэг ирсний дараа дагалдах бичиг баримттай цуг ирнэ, тэгээд тодорхой болно гэсэн. Гэтэл чингэлэг ирлээ гэхээр нь бичиг баримтаа авахаар “Би энд Жи интернэшнл” ХХК дээр очтол уучлаарай, таны чингэлэг Улаанбаатарт андуураад ирлээ гэсэн. Хазайлт, тээврийн хөлс нийлээд 4 600 ам.доллар төлнө гэсэн. Кумарсаны ачилтын компани, “Би энд Жи интернэшнл” ХХК-ийн буруугаас 2 700 ам.доллароор ачсан контейнер 4 600 ам.доллар болсон. Би хангалттай төлсөн байхад 3 машиныг ийм үнээр тээвэрлүүлэх ямар ч шаардлагагүй, ямар ч ашиггүй. Би контейнер ачаагүй, зөвхөн ачуулсан, тээвэрлүүлсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-аас гаргаж өгсөн материалыг уншиж танилцаад тус контейнерт хазайлт үүссэн торгууль 150 ам.доллар, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсэн 250 ам.доллар гэх мэт зардлууд нь ямар ч баримт байхгүй байна. Мөн Замын-Үүд хүртэл чингэлгийг Улаанбаатар болгосон 430 ам.доллар, бас авто тээврээр 4 000 ам.доллар гэж хэзээ ч ийм үнэ байхгүй. Хамгийн үнийн зөв тодорхойлолт “А” ХХК-аас гаргаж хотын гаальд гаргаж өгсөн. +CNU9415615 тоот контейнерийг Солонгос улсаас Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг Р.Г- нь 2 600 ам.доллар төлсөн тодорхойлолтыг үндэслэн илүү төлсөн 987,89 ам.доллар буюу 2 400 572 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь БНСУ-ын “Би энд Жи интернэшнл” ХХК, БНХАУ-ын “Шенг ши юн тонг интернэшнл” ХХК-иудтай олон жилийн турш хамтран ажиллан олон улсын тээвэрлэлт хийж ирсэн билээ. Бид олон улсын тээвэрлэлтийг хийхдээ хоорондоо мэйлээр харилцдаг бөгөөд ирүүлсэн тооцооллуудыг үндэслэн сард эсвэл улиралд тооцоо нийлэн ажилладаг. Бид сөрөг нэхэмжлэлийн дагуу “Би энд Жи интернэшнл” ХХК болон “Шенгши юн тонг интернэшнл” ХХК-иудаас баримт болон мэдээллийг дахин авахаар и-мэйл илгээсэн боловч тэд ч бас хоорондоо зөвхөн мэйлээр харилцаж төлбөрөө баталгаажуулдаг учир баримтуудыг гаргаж өгөх боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Бид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн тайлбартаа тээврийн зардал яагаад 4 000 ам.доллар болсон талаар тодорхой тайлбар өгч байсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Би энд Жи интернэшнл” ХХК-иас ирүүлсэн тодруулга мэйл, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Би энд Жи интернэшнл” ХХК-иас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх зэргээр чингэлэг Монгол Улсад ирэхээс өмнө хүрэх өртөө өөрчлөгдөж, үнэ нь өөрчлөгдсөн байсныг нотолж байна. Р.Г- нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрч 4 600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэхэд гарын үсэг зурж ачаагаа хүлээж авсан байдаг. Хавсралтад буй мэйлд “Би энд Жи интернэшнл” ХХК-аас өгсөн 4 600 ам.долларын үнийн бүх задаргааг тайлбарлаж ирүүлсэн. Р.Г- нь “Хамгийн үнэн зөв тодорхойлолт “А” ХХК-иас хотын гаальд гаргаж өгсөн TCNU9415615 тоот контейнерийн Солонгос улсаас Улаанбаатар хүртэлх тээврийн хөлс нийт Гантөмөр нь 2 600 ам.доллар төлсөн...” гэж бичсэн байдаг. Р.Г- нь 2015 оны 4 сард чингэлгийг төлбөрийн нэхэмжлэхийн хамт хүлээн авахдаа гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийсэн. Ингэхдээ биднээр тусд нь төлбөрийн нэхэмжлэх дээр БНСУ-аас Замын-Үүд хүртэлх тээврийн хөлсийг тооцуулан бичилт хийлгэж авч гаальд мэдүүлсэн байдаг. Инчоноос Тяньжин хүртэл далайн тээврийн хөлс нийт 600 ам.доллар, Тяньжинаас Замын-Үүд хүртэл автотээврийн хөлс нийт 2 810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл төмөр замын тээвэр 1 030 ам.доллар гарсан байдаг.

Иймд 2 600 ам.доллар нь Р.Г-ийн хэлдгээр бодит үнэ биш учир Р.Г-ийн нэхэмжилж буй 987.89 ам.доллар нь илүү төлсөн биш, харин ч төлбөл зохих ёстой байсан мөнгө. БНСУ-аас Улаанбаатар хүртэлх нийт тээврийн үнийн задаргаа нийт 4 600 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээврийн үнийн задаргаа төмөр замын тээврийн үнэ 1 090 100 төгрөг, элдэв хураамж 27 530 төгрөг, Замын-Үүд Элдэв хураамж 20 000 төгрөг, Элдэв хураамж 14 100 төгрөг, Улаанбаатараас Замын-Үүд хоосон ачилт 459 600 төгрөг, А ХХК-ийн ашиг 397 170 төгрөг, нийт 2 008 500 төгрөг.

Төмөр замд нийт 1 611 330 төгрөг төлсөн, 1 ам.доллар 1 950 төгрөг буюу 2 008 500 төгрөг нь 1 030 ам.доллар гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг тус тус баримтлан Р.Г-өөс тээвэрлэлтийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг гаргуулахыг хүссэн “А” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, “А” ХХК-аас илүү төлсөн хөлс 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг гаргуулахыг хүссэн Р.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 800 төгрөгийг, хариуцагч Р.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/00089 дугаар шийдвэрийг бүхэлд эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Талууд 2 600 ам.долларын нэхэмжлэл бүрдүүлсэнд маргадаг. Р.Г- нь 2015 оны 4 дүгээр сард ачаагаа хугацаанд нь бүрэн бүтэн Улаанбаатар хотод хүлээн авсан. “А” ХХК нь Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7 дахь хэсэгт заасан Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүргээ бүрэн биелүүлсэн. Харин Р.Г- нь үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэхийг авахын сацуу нэмэлтээр “А” ХХК-аар БНСУ-ын “Би энд Жи” ХХК-д оногдох хөлсний төлбөрт бичилт хийлгэж авсан бөгөөд энэ баримтаа гаалийн бүрдүүлэлтээ хийхдээ өөрөө ашиглаж, татвараа төлсөн байдаг. Гэтэл уг тээвэр нь 3 улс дамжсан бөгөөд БНСУ-Тианжин хүртэл 600 ам.доллар, Тианжин - Замын-Үүд хүртэл газрын тээвэр 2 810 ам.доллар, Замын-Үүд-Улаанбаатар хүртэл төмөр замын тээвэр 1 030 ам.доллар болдог. Гэтэл шүүх талуудын маргааны маргалдаж буй эсрэг тэсрэг байр сууриудыг илт гуйвуулан маргаагүй мэтээр дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгосонд харамсаж байна. Ачааг зөвхөн Замын-Үүд хүртэл тээвэрлээгүй Улаанбаатар хот хүртэл тээвэрлэж хүлээлгэн өгсөн.

2. Талууд тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, тээврийг БНСУ - Улаанбаатар хүртэл гүйцэтгэсэн эсэхэд маргадаггүй. Харин Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй эсэхэд маргадаг. Талууд үнийг хэрхэн хэлэлцэн тохирсон талаар анхан шатны шүүхэд нотлох баримтанд үндэслэж тайлбарладаг. Хэргийн 5-20 дугаар хуудсанд байгаа баримтаар нотлогдоно. Хариуцагч тухайн үед 4 600 ам.долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байсан учир үнийн нэхэмжлэхэд гарын үсэг зурж ачаагаа хүлээж авсан бодит байдал, шүүх хуралдааны үед өөрийнх нь гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг шүүх үнэлээгүй. Мөн гэрээний явцад хариуцагч ачаанд хазайлт үүссэн, газраар тээвэрлэх болсон, төлбөр 4 600 ам.доллар болсныг бүгдийг мэдэж байснаа шүүхэд гаргасан бичгийн тайлбараар нотолдог. Дээрх нөхцөл байдал үүсдэг болохоор тээврийн гэрээ нь бусад гэрээний чөлөөт байдлаас хазайсан, онцгой нөхцөлтэй гэрээ юм. Тээвэрлэгч нь үүргээ өөрийн гаргасан нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн бөгөөд үүнтэй холбоотой тээвэрлэгчийн шаардах хөлсний хэмжээ болон гэрээний бусад нөхцөлийг зайлшгүй дагаж мөрдөх хэм хэмжээ биш юм. Хэрэв тээвэрлүүлэгч 4 600 ам.долларыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол бид Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1 дэх хэсгийг үндэслэн ачааг төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл барьцаалах байсан. Гэтэл шүүх хэд хэдэн газар нутгаар, тээврийн өөр өөр хэрэгслээр тээвэрлэсэн тээврийн бодитой бусад баримтыг үнэлэлгүйгээр зөвхөн тал замын тээврийн хөлсийг нийт тээвэр үнэ гэж тогтоосон нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан.

3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрийг хүүгүйгээр бага багаар хугацаанд төлөхийг талууд амаар харилцан тохиролцсон. Хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 8 удаа цувуулан 3 587.89 ам.доллар төлсөн. Гэтэл шүүхээс талуудын хооронд харилцан эрх, үүрэг үүсээгүй хэмээн болсон үйл явдлыг шууд үгүйсгэж дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тээвэрлэгчийн зүгээс тээвэрлүүлэгчид бага багаар өөрийн боломжоороо төлөх нөхцөлийг бүрдүүлж өгснийг үгүйсгэх боломжгүй юм. Анхнаасаа тээвэрлүүлэгч бүх мэдүүлгийг ачаа илгээгч болон ачааг хүлээн авагч тээвэрлэгч нараас хүлээн авч байсан бөгөөд хөлсийг төлөх боломжгүй гэсэн бол манай компани тээвэрлэлтийг гүйцэтгэхээс татгалзах байсан. Эцэст нь хариуцагч татвараа бага төлөх зорилгоор биднээс авсан нэхэмжлэхийг ашиглан түүгээр далимдуулан төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаад нэхэмжлэгч бид гомдолтой байна. Уг ачаанд  оногдох гаалийн татварыг төлөгч нь хариуцагч өөрөө юм. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Р.Г-т холбогдуулан нэхэмжлэгч “А” ХХК нь тээвэрлэлтийн гэрээний хөлснөөс төлөгдөөгүй үлдсэн 1 012,11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээвэрлэлтийн гэрээний хөлсөнд илүү төлсөн 987,89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлага гарган маргасан байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Р.Г-ийн БНСУ-ын “Би энд Жи интернэшнл” ХХК-иар Монгол Улсын Замын-Үүд боомт хүртэл тээвэрлүүлсэн “Хьюндай Портер”, “Хьюндай Аванте”, “Киа Бонго” маркийн 3 автомашиныг Улаанбаатар хотод авчирч түүнд хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Зохигчдын тайлбараар хариуцагч Р.Г- болон БНСУ-ын “Би энд Жи интернэшнл” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч нь тээвэрлэлтийн хөлсөнд 7 200 000 төгрөг буюу 3 587.89 ам.долларыг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “чингэлгийн тэнцвэргүй ачилтаас болж тээвэрлэлтийн нөхцөл өөрчлөгдөж автомашиныг БНСУ-аас Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх болсонтой холбоотойгоор 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2 800 ам.доллар байсан тээврийн хөлсний хэмжээ, мөн оны 3 дугаар сарын 30-ны өдөр 4 000 ам.доллар, 4 дүгээр сарын 02-ны өдөр 4 150 ам.доллар, 4 дүгээр сарын 07-ны өдөр 4 600 ам.доллар болон нэмэгдэж, хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний үндсэн дээр түүний өмнөөс БНСУ-ын компанид 4 600 ам.долларыг төлсөн тул уг төлбөрөөс хариуцагчийн төлсөн 3 587.89 ам.долларыг хасаж, үлдэх 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр түүний өмнөөс БНСУ-ын “Би энд Жи интернэшнл” ХХК-д тээврийн хөлсөнд 4 600 ам.доллар буюу түүний шилжүүлсэн 3 587.89 ам.доллараас 1 012.11 ам.долларыг илүү шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв. Мөн хэргийн 5, 73 дугаар талд хариуцагчийн 3 автомашиныг ачсан чингэлгийн тээврийн хөлстэй холбоотой нэхэмжлэгч “А” ХХК-ийн 4 600 ам.доллар, 2 600 ам.долларын үнийн дүн бүхий 2 нэхэмжлэх авагдсан байгаагаас 2 600 ам.долларын баримтад Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын дардас дарагдсан байгааг шүүх үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзснийг буруутгах үндэслэлгүй байна. Харин 4 600 ам.долларын нэхэмжлэхэд хариуцагч Г.Гантөмөр нь нэхэмжлэх хүлээн авсан гэж гарын үсэг зурсан байгаа нь тээвэрлэлтийн хөлс 4 600 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн буюу нэхэмжлэгч түүнд уг мөнгийг зээлүүлсэн баримтад тооцогдохгүй. Улмаар автомашинаа авахын тулд уг баримтанд гарын үсэг зурсан гэх хариуцагчийн тайлбар нь тээврийн хөлсийг хүлээн зөвшөөртөл чингэлгийг олгохгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбараар давхар нотлогдож байх тул тээврийн хөлсөнд 4 600 ам.долларыг төлөхөөр талууд харилцан тохиролцсон гэж үзэхгүй юм.

 

Түүнчлэн тээвэрлэлтийн хөлсний хэмжээ чингэлгийг тэнцвэргүй, жин хэтрүүлж ачсантай холбоотой нэмэгдэх болсон тухай БНСУ-ын “Би энд Жи интернэшнл” ХХК-иас нэхэмжлэгч “А” ХХК-д ирүүлсэн факс, түүний орчуулгын баримтууд нь хариуцагчаас Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хөлсийг шаардах эрхийг нэхэмжлэгчид үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн хөлсний хэмжээ нэмэгдэх болсон нь хариуцагчийн буруугаас болоогүй буюу хариуцагч илүү хөлс төлөх үүрэггүй болно.

 

Иймд нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгчээс удаа дараа утсаар ярьж дарамталдаг байсан. Үүний улмаас хэдэн төгрөг төлж байгаагаа тооцох боломж байгаагүй, 987,89 ам.долларыг илүү төлсөн” гэж тайлбарлаж байх боловч тэрээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул буруутгах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн тээвэрлэлтийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд 1 012.11 ам.доллар буюу 2 493,252 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндсэн нэхэмжлэл болон илүү төлсөн 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 842 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                      С.ЭНХТӨР