Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00401

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01806 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2261 дүгээр магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Р.Гт холбогдох

“Тээвэрлэлтийн гэрээ”-ний үүрэгт 2 493 252 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн тээврийн хөлс 2 400 572 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзулын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Г нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын тээвэр зуучийн “Би энд Жи интернэшнл” ХХК-аар дамжуулан Р.Ганбат руу TCNU9415615 тоот чингэлгээр Хьюндай Портер, Хьюндай Авенте, Киа Бонго Форнтиер гэсэн гурван автомашин илгээсэн. “Би энд Жи интернэшнл” ХХК нь Монгол улсын “А” ХХК-тай гадаад тээврээр хамтран ажилладаг. “Би энд Жи интернэшнл” ХХК нь ачааны чингэлгийн Солонгос улсаас Замын-Үүд боомт хүртэлх, “А” ХХК нь Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулсан. Ачааны чингэлгийг анх 3 600 ам.доллараар галт тэргээр тээвэрлэхээр тохиролцсон боловч Тяньжин боомт дахь дамжуулан тээвэрлэгч болох Шенг ши юн тонг Олон улсын ачаа тээврийн компаниас “Би энд Жи интернэшнл” ХХК болон “А” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр чингэлгийн тэнцвэргүй ачилт үүссэн талаар и-мэйл ирсэн мөн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийг зөвхөн ачааны машинаар тээвэрлэх боломжтой гэж и-мэйл ирүүлсэн. Үүний дараагаар “Би энд Жи интернэшнл” ХХК-аас тэнцвэргүй ачилтаас болж тээврийн хөлсний төлбөр 1 000 ам доллараар нэмэгдэж 4 600 ам.доллар болж өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн. Манай компаниас энэ талаар Р.Гт мэдэгдсэн, тэрээр 4 600 ам.доллараар Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрч ачилтыг хийлгэсэн. Ачааны чингэлэг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирж Р.Ганбат нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр TCNU9415615 тоот чингэлгийг хүлээж авсан. “Би энд Жи интернэшнл” ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэх нэхэмжлэл ирсэн. “А” ХХК нь тээврийн хөлс 3 750 ам.долларыг Р.Гийн өмнөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Би энд Жи интернэшнл” ХХК-д төлсөн байдаг. “А” ХХК нь “Би энд Жи интернэшнл” ХХК-аас 1 000 ам.долларын авлагатай байсан учир суутгаж 2 750 ам.доллар төлсөн байдаг. Ачааны чингэлгийг хүлээж авсны дараа Р.Г нь төлбөрийг бүгдийг нэг дор төлөх боломжгүй байна, бага багаар төлөөд дуусгая гэх санал гаргасныг зөвшөөрч 7 200 000 төгрөг буюу 3 587.89 ам.долларын тээврийн зардлыг төлж үлдэх 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг төлөөгүй тул Р.Гөөс гаргуулж өгнө үү. Бидний хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй боловч 3 машиныг хүлээлгэн өгсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие БНСУ-аас “Би энд Жи интернэшнл” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 27-ны үеэр Солонгос улсаас өөрийн худалдан авсан 3 машиныг 2 700 ам.доллароор Замын-Үүд хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Тэгээд Солонгос улс дахь Кумарсаны ачилтын компанид 3 машинаа өгч ачуулсан. Ачилтын хөлс 300 ам.доллар төлсөн. Гэтэл “Би энд Жи интернэшнл” ХХК-аас таны контейнерт хазайлт гарсан тул Тяньжин боомтоос авто машинаар ачна гэсэн. Хэдэн төгрөг гарах нь контейнер ирсний дараа дагалдах бичиг баримттай цуг ирнэ, тэгээд тодорхой болно гэсэн. Гэтэл контейнер чинь ирлээ гэхээр нь бичиг баримтаа авахаар “Би энд Жи интернэшнл” ХХК дээр очтол уучлаарай, таны ачаа Улаанбаатар хотод андуураад ирлээ гэсэн. Хазайлт, тээврийн хөлс нийлээд 4 600 ам.доллар төлнө гэсэн. Кумарсаны ачилтын компани, Би энд Жи интернэшнл ХХК-ийн буруугаас 2 700 ам.доллароор ачсан тээвэрлэлтийн хөлс 4 600 ам.доллар болсныг зөвшөөрөхгүй, би хангалттай төлсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “А” ХХК-иас гаргаж өгсөн материалыг уншиж танилцаад тус контейнерт хазайлт үүссэн торгууль 150 ам.доллар, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсэн 250 ам.доллар гэх мэт зардлууд нь ямар ч баримт байхгүй байна. Хамгийн зөв үнийн тодорхойлолтыг “А” ХХК-иас хотын гаальд гаргаж өгсөн. +CNU9415615 тоот контейнерын Солонгос улсаас Улаанбаатар хүртэлх тээврийн хөлс 2 600 ам.доллар төлсөн гэжээ. Р.Г нь 3 587.89  ам доллар төлсөн тул илүү төлсөн 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Би энд Жи интернэшнл” ХХК-аас ирүүлсэн тодруулга имэйл, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Би энд Жи интернэшнл” ХХК-иас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх зэргээр чингэлэг Монгол улсад ирэхээс өмнө хүрэх өртөө өөрчлөгдөж, үнэ нь өөрчлөгдсөн байсныг нотолж байна. Р.Г нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрч 4 600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэхэд гарын үсэг зурж ачаагаа хүлээж авсан байдаг. Р.Г нь 2015 оны 04 дүгээр сард чингэлгийн төлбөрийг нэхэмжлэхийн хамт хүлээн авахдаа гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийсэн. Ингэхдээ биднээр тусад нь төлбөрийн нэхэмжлэх дээр БНСУ-аас Замын-Үүд хүртэлх тээврийн хөлсийг тооцуулан бичилт хийлгэж авч гаальд мэдүүлсэн байдаг. Инчоноос Тяньжин хүртэл далайн тээврийн хөлс нийт 600 ам.доллар, Тяньжинаас Замын-Үүд хүртэл авто тээврийн хөлс нийт 2 810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл төмөр замын тээвэр 1 030 ам.доллар гарсан байдаг. Иймд 2 600 ам.доллар нь Р.Гийн хэлснээр бодит үнэ биш учир түүний нэхэмжилж буй 987.89 ам.доллар нь илүү төлсөн биш, харин ч төлбөл зохих ёстой үнэ байсан. БНСУ-аас Улаанбаатар хүртэлх нийт тээврийн үнийн задаргаа БНСУ-ын боомт дээрх зардал 350 ам.доллар, Инчоны боомтоос Тяньжины боомт хүртэлх далайн тээврийн зардал 250 ам.доллар, Тяньжин боомтоос Замын-Үүд хүртэл тээврийн зардал 2 810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээврийн зардал 1 030 ам.доллар, Би энд Жи интернэшнл ХХК-ийн ашиг 160 ам.доллар нийт 4 600 ам доллар бөгөөд Төмөр замын тээврийн үнэ 1 090 100 төгрөг, элдэв хураамж 27 530 төгрөг, Замын-Үүд боомтын элдэв хураамж 34 100 төгрөг, Улаанбаатараас Замын-Үүд хоосон ачилт 459 600 төгрөг, “А” ХХК-ийн ашиг 397 170 төгрөг нийт 1 611 330 төгрөг төлсөн. 1 ам.доллар 1 950 төгрөг гэж тооцвол 2 008 500 төгрөг нь 1 030 ам.доллар юм, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01806 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Гөөс 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, А ХХК-аас илүү төлсөн хөлс 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг гаргуулах тухай Р.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 800 төгрөгийг, хариуцагч Р.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 900 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2261 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Гт холбогдох тээвэрлэлтийн гэрээний үлдэгдэл төлбөрт 2 493 252 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2261 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн магадлалын 5 дугаар нүүрний 3 дахь догол мөрөнд "... тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн хөлсний хэмжээг 4 600 ам.доллароор тохиролцсон гэх байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй...” гэжээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв үзсэн мөртлөө хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэхүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаад гомдолтой байна.

Тээвэрлэлт нь БНСУ, БНХАУ, Монгол Улс гэсэн 3 улс дамжсан онцлогтой Олон Улсын тээвэрлэлт байсан бөгөөд “Би энд Жи интернэшнл” ХХК-иас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэл /XX 6 тал/, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Р.Гийн гарын үсэг бүхий төлбөрийн нэхэмжлэх /XX 5 тал/ зэрэг нь тээвэрлэлтийн үнэ 4 600 ам.доллар байхаар тохиролцсон гэдгийг илтгэх нотлох баримт юм. Хариуцагч машинуудаа авахдаа төлбөрийн талаар ямар нэгэн санал, гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрч төлбөрийн нэхэмжлэх дээр гарын үсэг зурсан бодит үйл баримтыг шүүх үнэлэхгүй, зөвхөн 4 600 ам.доллар гэж цагаан цаасан дээр хараар бичиж тэмдэглэсэн баримт байхгүй учир нотлогдохгүй байна гэж үзэж байгаад гомдолтой байна.

Шүүхийн магадлалын 5 дугаар нүүрний 4 дэх догол мөрөнд “... тээвэрлэлтийн хөлсийг 2 600 ам.доллар гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэжээ.

Хариуцагч нь 3 587.89 ам.долларыг 8 удаа цувуулж төлсөн байдаг. Төлөлтийн явцад буюу 4 дэх удаад 2016 оны 02 дугаар сарын 22 /XX 11 тал/ гэхэд 2592.64 ам.долларын тээвэрлэлтийн зардлыг хариуцагч төлчихсөн байсан. Гэвч хариуцагч тээвэрлэлтийн зардлын төлөлтийг үргэлжлүүлэн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дахин 4 удаа төлсөөр 3 587.89 ам.доллар болсон.

Ялангуяа сүүлийн 4 удаагийн төлбөр төлөлт нь хариуцагч анхнаасаа 4 600 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн буюу талууд харилцан тохиролцсон байсныг нотлох бодит үйл баримт юм. Хариуцагч хэрэв тээвэрлэлтийн үнэ анхнаасаа 2 600 ам.доллар гэж тохиролцсон байсан бол 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 1000 орчим ам.доллар нэмж төлөхгүй байх байсан. 1 000 ам доллар бол зүгээр л анзаарахгүйгээр хэн нэгэнд өгчихдөг бага хэмжээний мөнгө биш. Гэвч шүүх эдгээр бодит үйл баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Мөн 2 600 ам.долларын Улаанбаатар хотын гаалийн газрын хуулбар үнэн тамгатай төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагч татварын зардлаа багасгахын тулд бидэнд амаар хүсэлт гаргаж, Солонгос Улсаас Замын-Үүд хүртэлх тээврийн зардлын үнээр бичүүлсэн, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон удаа тайлбарлаж байсан. Бодит амьдралд хувийн аж ахуйн нэгжүүд иргэнтэй харилцан үйл ажиллагаагаа явуулахдаа байнга бичгээр харилцдаггүй, ялангуяа улс дамнасан тээврийн үйл ажиллагаанд цаг хугацаа хэмнэх үүднээс и-мэйлээр болон утсаар ихэвчлэн харилцдаг. Дээр дурдсанчлан Р.Г, төлбөрийн талаар ямар нэгэн санал гаргаагүй учир бид Р.Гт итгэн, үйлчлүүлэгчийн өмнөөс эрсдэл хүлээн, ямар нэгэн баримт бичүүлж авахгүйгээр 2 600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэхийг бичиж өгсөн. Харин шүүх Р.Гийн гарын үсэг бүхий нотлох баримтыг үнэлээгүй, ганцхан гаалийн газрын тамгатай учир үнэн зөв баримт гэж үзэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Р.Гт холбогдуулан “Тээвэрлэлтийн гэрээ”-ний үүрэгт 2 493 252 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 2 400 572 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Р.Г нь БНСУ-ын тээвэр зуучийн “Би Энд Жи интернэшнл” ХХК-иар Хьюндай Портер, Хьюндай Аванте, Киа Бонго маркийн 3 ш автомашиныг Монгол Улсын Замын-Үүд боомт хүртэл 2 700 ам.доллараар тээвэрлүүлэхээр захиалга өгч, авто машинуудыг ачуулсан, “Би Энд Жи интернэшнл” ХХК ачааг Солонгос улсаас Замын-Үүд боомт хүртэл, “А” ХХК Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулж, хүлээн авагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч тээврийн хөлсөнд 3 587.89 ам.долларыг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

“А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...нэхэмжлэгч нь “Би Энд Жи интернэшнл” ХХК-тай хамтран ажилладаг, тээвэрлэлтийн хөлс нэмэгдэж, 4 600 ам.доллар болсон, ачааг Замын-Үүд хүртэл тээвэрлэсний зардал 3750 ам.долларыг хариуцагчийн өмнөөс “Би энд Жи интернэшнл” ХХК-д  төлсөн, нэхэмжлэгч нь 3 587.89 ам.долларыг төлсөн, үлдэгдэл 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөг төлөгдөөгүй...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...ачааг 2 700 ам.доллараар тээвэрлүүлэхээр захиалга өгч, ачуулсан, контейнерт хазайлт гарсан үндэслэлээр ачааг авто замаар тээвэрлэхээр болж тээврийн хөлс нэмэгдсэн гэх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй. Тээвэрлэлтийн хөлсний үнэ 4 600 ам.доллар болсныг зөвшөөрөхгүй, харин илүү төлсөн 987.89 ам.долларыг буцаан нэхэмжилнэ...” гэжээ.

Нэхэмжлэгч нь тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх боловч бараа илгээгч, хүлээн авагчийн хувьд тээвэрлэгч байх бөгөөд тэрээр тээврийн зардлын үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн үндэслэлээр шүүх талуудын хооронд тээврийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагчийн “Би Жи интернэшнл” ХХК-тай “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулж, ачааг Замын-Үүд хүртэл 2 700 ам.доллараар ачуулахаар тохиролцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, гагцхүү ачаанд хазайлт үүссэнээс маршрут өөрчлөгдөж, нэмэгдэл зардал гарсан гэх үндэслэлээр тээвэрлэлтийн зардал өссөн байна.

Ачааг БНХАУ-ын Тянжин боомтод ирэхэд тухайн чингэлэгт хазайлт үүссэн үндэслэлээр торгууль тавигдаж, ачааг авто замаар тээвэрлэхээр болж, тээвэрлэлтийн үнэ өссөнд хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцжээ.

Хариуцагч нь 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг илүү төлсөн гэх үндэслэлээр буцаан гаргуулахаар шаардсан боловч Замын-Үүд хүртэл тээвэрлэгдэх захиалга өгөгдсөн ачааг Улаанбаатараас хүлээж авсан тул тэрээр холбогдох зардлыг төлөх үүрэгтэй, харин тээврийн хөлсийг илүү төлсөн гэх үндэслэлээ нотлоогүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу  явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан  журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хэргийн 5 болон 73 дугаар талд 4 600 ам.доллар, 2 600 ам.долларын төлбөрийн дүн зөрүүтэй бичигдсэн, ижил огноо, агуулгатай “А” ХХК-ийн нэхэмжлэх авагдсан байх ба шүүх Улаанбаатар хотын Гаалийн газрын хуулбар үнэн тэмдэг, гаалийн улсын байцаагчийн тэмдэг дарагдсан 2 600 ам.долларын төлбөрийн дүн бүхий баримтыг нотлох баримтын шаардлага хангахуйц, эргэлзээгүй баримт гэж үзэн үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01806 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2261 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 850 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЦАГААНЦООЖ    

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД