Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2018/01806

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны  тоот хаягт оршин суух, / регистрийн дугаар /, овогт Р.Г-тхолбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 2,493,252 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн тээврийн хөлс 2,400,572 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Р.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Г нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын тээвэр зуучийн Би энд Жи интернэшнл ХХК-иар дамжуулан Р.Г руу TCNU9415615 тоот чингэлгээр Хьюндай Портер, Хьюндай Авенте, Киа Бонго Форнтиер гэсэн гурван автомашин илгээсэн. Би энд Жи интернэшнл ХХК нь Монгол улсын А ХХК-тай гадаад тээврээр хамтран ажилладаг. Би энд Жи интернэшнл ХХК нь ачааны чингэлгийн Солонгос улсаас Замын-Үүд боомт хүртэлх, А ХХК нь Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулсан. Ачааны чингэлгийг анх 3.600 ам.доллароор галт тэргээр тээвэрлэхээр тохиролцсон боловч Тяньжин боомт дахь дамжуулан тээвэрлэгч болох Шенг ши юн тонг Олон улсын ачаа тээврийн компаниас Би энд Жи интернэшнл ХХК болон А ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Чингэлгийн тэнцвэргүй ачилт үүссэн” талаар и-мэйл, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийг зөвхөн ачааны машинаар тээвэрлэх боломжтой гэж и-мэйл ирүүлсэн. Үүний дараагаар Би энд Жи интернэшнл ХХК-иас тэнцвэргүй ачилтаас болж тээврийн хөлсний төлбөр 1.000 ам доллараар нэмэгдэж 4.600 ам.доллар болж өөрчлөгдсөн талаар Р.Гт мэдэгдсэн, Тэрээр 4.600 ам.доллараар Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрч ачилтыг хийлгэсэн. Ачааны чингэлэг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирж Р.Ганбат нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр TCNU9415615 тоот чингэлгийг хүлээж авсан. Би энд Жи интернэшнл ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэх нэхэмжлэл ирсэн. А ХХК нь тээврийн хөлс 3,750 ам.долларыг Р.Гийн өмнөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Би энд Жи интернэшнл ХХК-д төлсөн байдаг. А ХХК нь Би энд Жи интернэшнл ХХК-иас 1,000 ам.долларын авлагатай байсан учир суутгаж 2.750 ам.доллар төлсөн байдаг. Ачааны чингэлгийг хүлээж авсны дараа Р.Г нь төлбөрийг бүгдийг нэг дор төлөх боломжгүй байна, бага багаар төлөөд дуусгах санал гаргасныг зөвшөөрч 7,200,000 төгрөг буюу 3,587.89 ам.долларын тээврийн зардлыг төлж үлдэх 1,012.11 ам.доллар буюу 2,493,252 төгрөгийг төлөөгүй тул  Р.Гөөс гаргуулна. Бидний хооронд тээвэрлэлтийн гэрээ бичгээр  байгуулагдаагүй боловч 3 машиныг хүлээлгэн өгсөн гэв.

 

Хариуцагч Р.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БНСУ-аас Би энд Жи интернэшнл ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 27-ны үеэр Солонгос улсаас өөрийн худалдан авсан 3 машиныг агуулах контейнер 2,700 ам.доллароор Замын-Үүд хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Тэгээд Солонгос улс дахь Кумарсаны ачилтын компанид 3 машинаа өгч ачуулсан. Ачилтын хөлс 300 ам.доллар төлсөн. Гэтэл Би энд Жи интернэшнл ХХК-иас таны контейнерт хазайлт гарсан тул Тяньжин боомтоос авто машинаар ачна гэсэн. Хэдэн төгрөг гарах нь контейнер ирсний дараа дагалдах бичиг баримттай цуг ирнэ, тэгээд тодорхой болно гэсэн. Гэтэл контейнер чинь ирлээ гэхээр нь бичиг баримтаа авахаар Би энд Жи интернэшнл ХХК дээр очтол уучлаарай, таны ачаа Улаанбаатар хотод андуураад ирлээ гэсэн. Хазайлт, тээврийн хөлс нийлээд 4,600 ам.доллар төлнө гэсэн. Кумарсаны ачилтын компани, Би энд Жи интернэшнл ХХК-ийн буруугаас 2,700 ам.доллароор ачсан контейнер 4,600 ам.доллар болсон. Би хангалттай төлсөн байхад гуравхан машиныг ийм үнээр тээвэрлүүлэх ямар ч шаардлагагүй, ямар ч ашиггүй бөгөөд хазайлт үүссэнд би буруугүй гэв

 

Хариуцагч Р.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-иас гаргаж өгсөн материалыг уншиж танилцаад тус контейнерт хазайлт үүссэн торгууль 150 ам.доллар, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсэн 250 ам.доллар гэх мэт зардлууд нь ямар ч баримт байхгүй байна. Мөн Замын-Үүд хүрэх контейнерийг Улаанбаатар хотод хүргэсэн 430 ам.доллар, бас авто тээврээр тээвэрлэсэн 4,000 ам.доллар гэсэн ийм хэмжээний үнэ хаана ч байхгүй. Хамгийн зөв үнийн тодорхойлолтыг А ХХК-иас хотын гаальд гаргаж өгсөн. Солонгос улсаас Улаанбаатар хүртэлх+CNU9415615 тоот контейнерийн тээврийн хөлс 2.600 ам.долларыг төлсөн тодорхойлолтыг үндэслэн илүү төлсөн 987,89 ам.доллар буюу 2,400,572 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч А ХХК болон төлөөлөгч Н.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Би энд Жи интернэшнл ХХК-иас ирүүлсэн тодруулга и-мэйл, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Би энд Жи интернэшнл ХХК-иас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх зэргээр чингэлэг Монгол улсад ирэхээс өмнө хүрэх өртөө өөрчлөгдөж, үнэ нь өөрчлөгдсөн байсныг нотолж байна. Р.Г нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрч 4.600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэхэд гарын үсэг зурж ачаагаа хүлээж авсан.  Р.Г нь 2015 оны 04 дүгээр сард чингэлгийг төлбөрийн нэхэмжлэхийн хамт хүлээн авахдаа гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийсэн. Ингэхдээ биднээр тусад нь төлбөрийн нэхэмжлэх дээр БНСУ-аас Замын-Үүд хүртэлх тээврийн хөлсийг тооцуулан бичилт хийлгэж авч гаальд мэдүүлсэн байдаг. Инчоноос Тяньжин хүртэл далайн   тээврийн   хөлс   нийт   600  ам.доллар,   Тяньжинаас   Замын-Үүд   хүртэл

автотээврийн хөлс нийт 2,810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл төмөр замын тээвэр 1,030 ам.доллар гарсан байдаг. Иймд 2,600 ам.доллар нь Р.Гийн хэлснээр бодит үнэ биш учир түүний нэхэмжилсэн 987,89 ам.доллар нь илүү төлсөн биш, харин ч төлбөл зохих ёстой үнэ байсан. БНСУ-аас Улаанбаатар хүртэлх нийт тээврийн үнийн задаргаа БНСУ-ын боомт дээрх зардал 350 ам.доллар, Инчоны боомтоос Тяньжины боомт хүртэлх далайн тээврийн зардал 250 ам.доллар, Тяньжин боомтоос Замын-Үүд хүртэл тээврийн зардал 2,810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээврийн зардал  1,030 ам.доллар, Би энд Жи интернэшнл ХХК-ийн ашиг 160 ам.доллар нийт 4,600 ам доллар бөгөөд Төмөр замын тээврийн үнэ 1,090,100 төгрөг, элдэв хураамж 27,530 төгрөг, Замын-Үүд боомтын элдэв хураамж 20,000 төгрөг, 14,100 төгрөг, Улаанбаатараас Замын-Үүд хоосон ачилт 459,600 төгрөг, А ХХК-ийн ашиг 397,170 төгрөг нийт 1,611,330 төгрөг төлсөн гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Гөөс тээвэрлэлтийн гэрээний хөлснөөс төлөгдөөгүй үлдсэн 1,012.11 ам.доллар буюу 2,493,252 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, А ХХК-иас тээвэрлэлтийн хөлсөнд илүү төлсөн 987.89 ам.доллар буюу 2,400,572 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлага гаргаж маргажээ.

  

А ХХК нь БНСУ-ын Би энд Жи интернэшнл ХХК-ийн тээврээр Монгол Улсын Замын-Үүд боомтоор ирж байгаа Хьюндай Портер, Хьюндай Аванте, Киа Бонго маркийн 3 ширхэг автомашиныг Улаанбаатар хотод авчирч түүнд хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч Р.Г нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын тээвэр зуучийн Би энд Жи интернэшнл ХХК-иар дамжуулан Р.Ганбат руу TCNU9415615 тоот чингэлгээр Хьюндай Портер, Хьюндай Авенте, Киа Бонго Форнтиер гэсэн гурван автомашин илгээж талууд Тээвэрлэлтийн мэдээлэл, Тээвэрлэлтийн  дагалдах  баримтыг үйлдсэн /хх-ийн 25-27 тал/ байна.  

 

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Тээвэрлэгч А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, тохирсон хугацаанд 3 ширхэг автомашиныг Замын-Үүд боомтоос Улаанбаатар хотод хүргэсэн, тээвэрлэлтийн хөлсөнд хариуцагч 3,587.89 ам.долларыг төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд үүнд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь БНСУ-аас Монгол улсын Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн хөлсийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2,800 ам.доллар, улмаар нөхцөл байдлаас шалтгаалан 4,600 ам.доллар болж нэмэгдэж өөрчлөгдсөн гэж тайлбарлаж, БНСУ-ын компанид төлсөн 3,587.89 ам.долларыг хасаж, үлдэх 1,012.11 ам.доллар буюу 2,493,252 төгрөгийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч тээвэрлэлтийн хөлсийг 2,600 ам.доллар байхаар тохирсон гэж тайлбарлаж, илүү төлөгдсөн 987.89 ам.доллар буюу 2,400,572 төгрөгийг буцаан гаргуулахаар маргаж байна.

 

А ХХК нь тээвэрлүүлэгч Р.Гөнтөмөрт өгсөн 4,600 ам.доллар, 2,600 ам.доллар гэж хоёр өөр үнийн зөрүүтэй бичсэн нэхэмжлэх хэрэгт авагдсанаас  2,600 ам.доллар гэж тэмдэглэсэн нэхэмжлэх нь Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт мэдүүлсэн баримт байх бөгөөд талууд маргаагүй. Үүнээс үзвэл 2,600 ам.долларт хамаарах татвар Монгол Улсын гаалийн байгуулагад мэдүүлж, үүнд хамаарах татвар төлөгдсөн тул тээвэрлэлтийн үнэ гэж хх-ийн 5, 73 дахь тал/ үзлээ.

 

 А ХХК нь 2,600 ам.доллар гэж нийт үнийг тэмдэглэсэн нэхэмжлэхийг Р.Гийн хүсэлтээр бичсэн гэж тайлбарлаж байгаа боловч  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Тээвэрлэгчийн чингэлгийн тэнцвэргүй, жин хэтрүүлэн ачаа ачсантай холбоотой зардал  нэмэгдэх болсонд тээвэрлүүлэгч буруугүй байх тул нэмэлт хөлс төлөх үүрэг үүсэхгүй тул хариуцагч Р.Гөөс 1,012.11.доллар буюу 2,493,252 төгрөг гаргуулах А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Сөрөг шаардлагын тухайд:

 

Хариуцагч Р.Г А ХХК-д 987.89 ам.доллар буюу 2,400,572 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

А ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Нэхэмжлэх” дээр 2,600 ам.доллар гэсэн байтал 3,587.89 ам.долларыг төлжээ. Илүү төлсөн үндэслэлээ хариуцагч нэхэмжлэгчээс удаа дараа утсаар ярьж дарамталдаг байсан. Үүний улмаас хэдэн төгрөг төлж байгаагаа тооцох боломж байгаагүй тул илүү төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч илүү төлсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд А ХХК-д холбогдох Р.Гийн 2,400,572 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Гөөс 1,012.11 ам.доллар буюу 2,493,252 төгрөгийг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, А ХХК-иас илүү төлсөн хөлс 987.89 ам.доллар буюу 2,400,572 төгрөгийг гаргуулах тухай Р.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  тус тус хэрэгсэхгүй болгосугай.      

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,800 төгрөгийг, хариуцагч Р.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,900 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ