Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2019/00268/И |
Дугаар | 00502 |
Огноо | 2019-10-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 00502
2019 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2019/00502 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, .. регистрийн дугаартай, Бээлийнхэн овогт И-ийн А,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ... регистрийн дугаартай, Хорхон овогт О-ын Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Х ХХК-д холбогдох 14,620,437 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, гэрч Д.Дуламсүрэн, Н.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.А, О.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ярант боомтоор 45-73 ХОҮ улсын дугаартай автомашинаар 60 тонн цементийг оруулж ирж Х ХХК-д хүлээлгэн өгсөн. Цементийнхээ үнийг Х ХХК-иас удаа дараа нэхсэн боловч нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд дээрх цементийн үнэ 9,347,520 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг нийт 14,620,437 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.А, Б нар нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ярант боомтоор 45-73 ХОҮ улсын дугаартай автомашинаар 60 тонн цементийг оруулж ирж Х ХХК-д хүлээлгэн өгсөн. Цементийнхээ үнийг Х ХХК-иас удаа дараа нэхсэн боловч нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрсэн учраас шүүхэд хандсан. Иймд дээрх цементийн үнэ, бусад зардал болох 14,620,437 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү. Нийт нэхэмжлэлийн дүнгийн задаргаа хийж бичсэн. Үүнд 60 тонн цементийн үнийг 230 юаниар бодоод 9,347,527 төгрөг, гаалийн татварт 1,714,027 төгрөг, зуучлалын үнэ 7,000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг гээд нийт 14,620,437 төгрөгийг Ховд тулга ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Х ХХК нь цементийг Эсба интернэшнл компанид нийлүүлсэн учраас хариуцлагыг манайх хүлээхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 391 дугаартай шийдвэрийг шүүхэд өгсөн боловч энэхүү шийдвэр нь хэрэгт ач холбогдолгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эсба компани нь манай барьсан барилгын хөрс устай байна. Энэ устай хөрсөнд танайх яаралтай зуурмаг тавьж өгнө үү гэхээр нь манай компани зуурмаг нийлүүлсэн. Тэгээд анх Эсба компани мөнгө төгрөгөө хэзээ өгөх нь тодорхойгүй байсан бөгөөд өмнө нь олон компанийг хуурсан гэж сонсогдож байсан тул бид анхнаасаа гэрээ хийсэн. Гэрээ хийгээд 2014 онд зуурмаг нийлүүлэхээр тохирсон бөгөөд Эсба компани зуурмагны цементийг өөрсдөө авч ирж нийлүүлэхээр болсон байдаг. Тэгээд устай хэсэгт нь манайх 590 метр куб зуурмаг нийлүүлж, Эсба зуурмагны цемент гээд 5 машин цемент буулгасан. Тухайн 5 машин цемент дотор И.А, Б нарын нэхэмжлээд байгаа 45-73 ХОҮ улсын дугаартай машин цемент буулгасан байсан. Түүнийг Эсба компаний цемент буулгаж байсан Анхаа гэдэг хятад хэл мэддэг орчуулагч залуу Эсба компаний нэрийн өмнөөс Хятадаас цемент зээлээр авсан байдаг. Тэгээд Ярантын боомтоос хувь хүний татвар төлж байхаар манай компаний нэрээр оруулчих гээд би бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. 2014 онд уг цементийг авч хэрэглэсэн. Одоо үндсэндээ 5, 6 жил өнгөрч байна. Эсба манай компани хоёрын тооцоо нийлсэн актын эхний хуудсанд авагдсанаар 5 машин цемент байдаг. Бид нар Эсба компаниас энэ мөнгөө нэхэмжлээд 67,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч 2014 оноос хойш бид нар байраа ашиглалтад оруулсны дараа өгнө гээд 5,6 жил болсон. Байр нь ашиглалтад орсон боловч тооцоо нийлж гарын үсгээ зурахгүй өнөөдрийг хүрсэн. Энэ талаар санхүүгийн тайлан тооцоог хийсэн нягтлан Дуламсүрэн гэрчээр мэдүүлэг өгөхөөр ирсэн. Тэгээд би Монгол улсын тохирлын гэрчилгээ авсан байсан. Энэ хэрэг бүх шатны шүүхээр ороод одоо 4 дэхь шатны шүүхээр манайх Эсба компаниас нэхэмжлэлийнхээ шаардлагыг авах шийдвэр гарсан. Ийм тооцоонууд нь бүгд 2014 оны санхүүгийн баримтад авагдсан байгаа. Гэтэл И.А 2018 онд ирээд ахаа би Эсба компаниас мөнгөө авах гэсэн чинь миний мөнгийг өгөхгүй байна. Та санхүүгийн тайлангаасаа 4573 гэсэн машины гааль хяналтын тайланг гаргаж өгнө үү гэхэд нь би санхүүгийн баримтаасаа гаргаж өгөөд явуулж байсан. Гэтэл Эсба компанийг биш намайг шүүхэд өгсөн байсан. Эсба компанид цемент нийлүүлж байгаа гэж надруу өөрөө ярьж байсан. Мэргэжлийн хяналтын мэдэгдлийн ар талын цагаан хуудсан дээр И.А өөрөө Анхаад гээд өөрөө биччихээд Анхаагийн утасны дугаарыг бичээд цемент явууллаа гээд он, сар, өдөр, гарын үсгээ зурсан байсныг сая санхүүгийн баримтаа хайж байгаад олсон. Уг 258 тонн цементийг Эсба манай тооцооноос хасаж тооцсон. Үүнийг би И.Ат харуулаад ойлгуулж хэлсэн. Гэтэл одоо энэ барааны цементийн үнийг нэг л газраас хасаж тооцох байтал И.А дахиад манайхаас нэхээд байна. Нэг барааны үнийг нэг л удаа төлөх ёстой үүнийг ойлгохгүй байна. Манай компаний дансыг хаагаад 2,3 сар болж байна. Иймд баримтыг сайн үзнэ үү гэж хүсэж байна. 258 тонн цементийг манай компани 2,3 өдөр зуурч өгсөн. Зарим үед 100 тонн цементийг нэг өдрийн дотор зуурч өгдөг. Доод тал нь 50 тонн цементийг зуурдаг. Өдөрт 240 метр куб талбайн зуурмаг нийлүүлдэг. Энэ шинэ технологи юм. Бид компанийхаа рекламыг мөн явуулж байгаа бид тусгай зөвшөөрлийг авсан. Энэ хавар 20 орчим айлын байшингийн зуурмагийг нийлүүлж өгсөн. Мөн Тагнуулын газрын талбай, явган замын зуурмагийг нийлүүлээд одоо MCS компаний зуурмагийг нийлүүлэхэд бэлэн болж байна. Бид маш олон компанитай гэрээ хийгээд хамтарч ажилладаг. Энэ технологи ажлыг маш хурдан шуурхай хийдэг. Өмнө нь 3 цагийн хугацаанд 3,4 залуу нийлээд 24 метр квадрат талбайн зуурмагийг нийлүүлдэг. Харин тус технологи нь бидний хийж байгаа ажлыг 30-40 дахин хурдан хийдэг учир энэ технологийг Ховд аймагт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид зээлээр зуурмаг нийлүүлж байгаа. Сүүлийн үед бид нар хашраад бичиг баримтаа сайн үйлддэг болсон. Энэхүү цементийн ассуудал нь анх манай зуурмаг нийлүүлж байхад ийм зүйл болсон.
Эсба компани ажлаа хийж байхад хөрсний ус гарчихсан хүнд нөхцөлд байхад бид нар тус зуурмагийг хийж өгсөн. Бид нар ийм нөхцөл байдалд ажлыг нь хийж тус хүргэж байхад бидний цалин хөлсийг өгөхгүй байгаа хэрнээ, одоо дахиад цементийн үнийг нэхэмжилж байгааг ойлгохгүй, гайхаж байна. Зуурмагийг ганцхан захирал хийхгүй. Зуурмаг нийлүүлэхэд цемент гараар хийдэг 4 хүн, ковшний 1 хүн, манаач 1, нягтлан 1, мексерийн жолооч 2 гээд ийм бүрэлдэхүүнтэй ажилладаг. Бид нар олон удаа шүүхэд дуудагдаж байсан. Шүүх үнэн зөвийг гаргаж, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.А, О.Б нар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 14,620,437 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Х ХХК нь 60 тн цемент захиалсан тул нэхэмжлэгч нар нь хилээр 60 тн цемент оруулж ирж, Х ХХК-ний хашаанд буулгасан. Х ХХК-ний манаач хүлээн авсан байдаг. Х ХХК нь цемент захиалсан, нэхэмжлэгч нар нь хүлээлгэн өгсөн тул төлбөрийг төлөх ёстой гэж,
хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмардорж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...манай компани Эсба интернэшнл ХХК-тай зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус зуурмагт орох цементийг Эсба интернэшнл ХХК өөрөө авч манайд нийлүүлэхээр тохиролцсон. И.Аийн нэхэмжилж буй цемент нь Эсба интернэшнл ХХК-ний цемент юм гэж тайлбарлалаа.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч О.Б, И.А нар нь Ховд аймгийн Булган дахь гаалийн Ярант боомтоор 60 тн цементийг 45-73 ХОҮ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ирж, гаалийн татварт 1,44,717 төгрөг, зуучлалын үнэд 7000 төгрөг, мэдүүлгийн төлбөрт 1200 төгрөг, жолоочийн тээврийн хөлсөнд 3,800,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан О.Б нарын ХААН банкны дансны хуулга /хх-4/, мөнгөн шилжүүлэгийн баримтууд /хх-7-9/, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14, 15/, мэргэжлийн хяналтанд хамруулсан тухай мэдэгдэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, төлбөрийн баримтын орчуулга /хх-95/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд зохигчид эдгээр зардал болон үнийн дүнгийн талаар маргаагүй байна.
Харин хэрэгт авагдсан Х ХХК-ний 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2014/38 дугаартай Ховд аймгийн Ярант боомт дахь Гаалийн газарт хандаж бичсэн Итгэмжлэл /хх-13/-ээс үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 45-73 ХОҮ улсын дугаартай автомашинаар тээвэрлэгдэн орж ирэх 60 тн цемент нь Х ХХК-ний нэр дээр орж ирж буй болох нь, мөн Х ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Тодорхойлолт /хх-11/-оос үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр И.Аийн Ховд аймгийн Булган дахь Гаалийн Ярант боомтоор орж ирсэн 45-73 ХОҮ улсын дугаартай автомашинаар тээвэрлэгдэн орж ирсэн 60 тн цементийг Х ХХК нь хүлээн авсан, улмаар уг цементийг Эсба интернэшнл ХХК-д зуурмаг болгон нийлүүлсэн болох нь тус тус нотлогдож байна. Мөн шүүхэд өгсөн гэрч Ц.Цогтсайханы мэдүүлгээр дээрх 60тн цементийг Х ХХК-ны хашаанд буулгаж, манаачид нь хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байна. Иймд хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмардоржийн шүүх хуралдаанд гаргасан ...манай компани И.Ат цемент захиалаагүй. И.Аийн нэхэмжилж буй 60 тн цементийг манай компани хүлээн аваагүй... гэх тайлбар няцаагдаж байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд тус хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас цементийн үнэ болон холбогдох зардлаа шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн төлөөлөгчийн ...манай компаниас Эсба интернэшнл ХХК-д нийлүүлэх зуурмагт орох цементийг Эсба интернэшнл ХХК өөрөө гаргаж өгөхөөр тохиролцсон... гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Монгол банкны Ховд аймаг дахь салбарын ирүүлсэн албан бичгээр /хх-53/ 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар БНХАУ-ын юаний төгрөгтэй харьцах ханш 296.67 төгрөг байсан байх тул 60тн цементийг 520 юаниар худалдан авснаар /орчуулга хх-95/ тооцоход 9,256,104 төгрөг болж байна.
Иймд нэхэмжлэгч И.А, О.Б нар нь Х ХХК-ний захиалгаар 60 тн цементийг Ховд аймгийн Булган дахь Гаалийн Ярант боомтоор нэвтрүүлэн Ховд аймагт авч ирж Х ХХК-д хүлээлгэн өгсөн байх тул уг цементийн үнэ болон хилээр оруулж ирэхтэй холбогдсон зардал болох гаалийн татвар, зуучлалын үнэ, мэдүүлгийн үнэ, банкны лавлагаа, жолоочийн тээврийн хөлсийг нэхэмжлэх эрхтэй байх тул Х ХХК-иас цементийн үнэ 9,256,104 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг нийт 14,529,021 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.А, О.Б нарт олгож, илүү нэхэмжилсэн 91,416 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын цементний үнэ болон бусад зардлаа нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...нэхэмжлэгч нар нь удаа дараа мөнгөө нэхэхэд Х ХХК нь өгөөгүй... гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй, үүнийгээ нотлоогүй тул хөөн хэлэлцэх тусгай хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2019/01369 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Х ХХК-д авсан эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,620,437 /арван дөрвөн сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 14,529,021 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.А нарт олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 6 дугаар хуудаст авагдсан мөнгөн шилжүүлэгийн баримт нь шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт байх тул тус хэрэгт хамааралгүй байна. Мөн хавтаст хэргийн 17-20 дугаар хуудаст авагдсан ханшийн мэдээ, хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 22 дугаар хуудаст авагдсан тодорхойлолт, хавтаст хэргийн 36-37 дугаар хуудаст авагдсан итгэмжлэлийн хуулбар, хавтаст хэргийн 107 дугаар хуудаст авагдсан танилцуулганы хуулбар, хавтаст хэргийн 108-110 дугаар хуудаст авагдсан Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний хуулбар, хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээний хавсралтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудаст авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь тус хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 112 дугаар хуудаст авагдсан Тооцоо нийлсэн актад Эсба интернэшнл ХХК-ний эрх бүхий ажилтны гарын үсэг болон тус байгууллагын тамга дарагдаагүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас цементийн үнэ 9,256,104 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс 3,800,000 төгрөг нийт 14,529,021 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.А, О.Б нарт олгож, илүү нэхэмжилсэн 91,416 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2019/01369 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Х ХХК-д авсан эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,620,437 /арван дөрвөн сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 14,529,021 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.А нарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА