Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 62

 

С.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар цагаатгах тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, 201721000175 дугаартай эрүүгийн хэргийг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн прокурорын газраас С.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Ц-г цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай” гэсэн өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ гаргасан эсэргүүцэлдээ “...С.Ц-г цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд, хохирогч Н.Я, гэрч Л.О нарын мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно. Гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр С.Ц нь хохирогч Н.Я-тай маргалдах явцдаа хохирогчид хүч хэрэглэн түлхэж унаган өчих мэх хийж хоёр давхарт гаргаж, өрөөнийхөө үүдэнд хэвтүүлэн өрөөгөө онгойлгон орсон үйлдэл, Н.Я-гийн хохирогчоор өгсөн мэдүүлгээр С.Ц нь хохирогч Н.Я-г цохьсны улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байхад шүүхээс С.Ц хохирогчийг цохиогүй мэтээр буруу дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулан мэдүүлэг авсан бөгөөд хохирогч хэрэг бүртгэлтийн шатнаас тогтвортой мэдүүлэг өгсөөр байхад хохирогчид хүч хэрэглэж байгааг харсан боловч цохиж байгааг шууд хараагүй гэрч нарын мэдүүлгүүдийг дурдаж, цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгаж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас давсан хэтэрхий нэг талыг барьсан, хуульд нийцээгүй баримтыг үндэслэл болгож тогтоол гаргасан гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх хохирогчийн биед үүссэн хөнгөн гэмтэл чухам хэний үйлдлээс учирсан нь хангалттай нотлогдоогүй, мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн гэж хоёр өөр утга агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Учир нь хохирогч Н.Я-гийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх хэргийг шалгахдаа мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих бүхий л ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.Ц нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байхад Л.П-г Н.Я-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан байж болох талаар магадлалд дурдсан нь Л.П-гийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх хохирогч Н.Я нь иргэн Л.П-д цохиулсан талаар зарим гэрч нарын мэдүүлгийг дурдаж иргэн Л.П-г цохьсон мэтээр дүгнэж, С.Ц нь хохирогч Н.Я-гийн цээж рүү түлхэж унагасан, хоолойг нь багалзуурдсан үйлдэл хийсэн гэж үзсэн ба хохирогч болон гэрч Л.О нарын мэдүүлгийг үгүйсгээгүй, мөн шинжээч эмчийн тархи доргилт гэмтэл нь хохирогчийн биед хэр хүчтэй цохихоос хамаарч гэмтэл учирна гэж мэдүүлснийг анхаарч үзэлгүйгээр хохирогчийн биед С.Ц гэмтэл учруулаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй, хэргийг бүхэлд нь хянаж чадаагүй гэж үзэхээр байна. Хохирогч Н.Я нь мөрдөн байцаалтын шатнаас тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгсөн болох нь камерын дүрс бичлэгт бичигдсэн С.Ц, Н.Я нарын хооронд болж буй үйл явдлаас тодорхой харагддаг. Харин С.Ц-гийн өгсөн мэдүүлгүүд нь болсон үйл баримтаас зөрүүтэй, өөрийн хийсэн үйлдлийг хамгаалах шинжтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэнгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан дүрс бичлэгт тусгагдсан С.Ц нь Н.Я-гийн биед шууд халдсан үйлдлийг хийж байгааг харуулсаар байхад тухайн бичлэгийг нягталж үзээгүй, бичлэгт С.Ц нь хохирогчийн биед шууд халдан түлхэж унаган, өчих мэх хийж хоёр давхарт гаргаж шалан дээр хэвтүүлэн өшиглөж байгаа нь тодорхой харагдсаар байхад С.Ц-г зөвхөн хохирогчийг түлхэж унагаасан мэтээр дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй байна. Мөн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол гэсэн хуулийн заалтыг баримталж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир хэлсэн саналдаа “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад тухайн үйл баримт болсон цаг хугацааны өмнө хохирогч Н.Я нь Л.П гэх хүнтэй зодолдож, бие биедээ гэмтэл үүсгэсэн эргэлзээтэй тайлбаруудыг тогтвортой өгсөн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийн хамгийн гол нотлох баримт нь хэрэгт хавсаргасан камерын бичлэг юм. Бичлэгээс харахад С.Ц нь хууль ёсны шаардлага тавьсан байдал харагдахгүй байгаа. Цагдаагийн газар асуудлаа шийдүүлэх гэж очсон иргэнийг шууд хүчтэй түлхэж унагаан, багалзуурдаж, өрөөнийхөө үүдэнд өчих мэх хийсэн нь камерын бичлэгээс харагддаг. Л.П, Н.Я нар харилцан зодолдсон, бие биедээ гэмтэл учруулсан асуудал байхгүй. Л.П охиныгоо хүнд зодуулахад дундуур нь орсон бөгөөд Н.Я толгойг нь уургалсан асуудал гарсан. Үүнийг гэрчээр мэдүүлэг өгсөн П.Т мөн хэлдэг. Тухайн хэрэгт хохирогч Н.Я нь шүүгдэгч С.Ц-д зодуулсан тухай л мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийн гаралтай тархи доргилт нь Н.Я-г шүүгдэгч С.Ц хүчтэй түлхэж унагаасан, багалзуурдсан, өрөөнийхөө үүдэнд зодсон зэрэгтэй холбоотой. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос С.Ц-гийн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын байранд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Я-тай маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.Ц-д холбогдох хэргийн хохирогч Н.Я-д шүүгдэгч С.Ц, эсхүл энэ хэрэгт гэрчээр байцаагдсан Л.П нарын хэн нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож, тогтоогдоогүй, С.Ц-гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэл дээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэл нэмж, хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Ц-г цагаатгаж, хэргийг прокурорт буцаасан өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруугийн асуудлаар маргаж байгаа шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос яллах үндэслэл болгосон хохирогч Н.Я, гэрч Л.О нарын мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг эх сурвалжаа шууд тодорхойлсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчжээ.

Мөн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хоёр өөр утга, агуулгатай үндэслэлийг давхар баримталсан нь хэргийн үйл баримттай зөрчилдсөн гэж үзнэ.

Хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед С.Ц-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа дуусаагүй байсан боловч хяналтын шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед гэмт хэрэг үйлдэх үеийн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх үндэслэл тогтоогдсон эсэхийг нягтлах нь зүйтэй.

Харин гэм буруугийн асуудлаар шүүгдэгч, өмгөөлөгч маргаж байгаа энэхүү тохиолдолд ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох асуудлыг шийдвэрлэвэл зохино.

Иймд С.Ц-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар цагаатгах тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН