Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2018/00763/И |
Дугаар | 00413 |
Огноо | 2019-09-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00413
2019 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2019/00438 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Их булан 4 дүгээр гудамжны .. тоотод оршин суух, Базархул овогт А-ын А /.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Х сургууль /.../-д холбогдох,
Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй 153/2018/00763/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч А.А /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хуучин Баян-Өлгийн багшийн коллеж статустай байсан үеэс багшийн ажилд орсон. Анх Түүх нийгэм судлалын багшаар ажилд орсон. 2018 он хүртэл 14 жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн хөдөлмөрийн болон сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй үр бүтээлтэй, өөрөө идэвхи санаачлагатай ажиллаж байсан. Захирлуудтай жил болгон хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан. Ж.Хиналган багш захирал болсон. Захирал болсноос хойш намайг амраад ороод ирэхэд хоёр багшийг цомхотгож гарган гэж хэлсэн байгаа. Бид нарын өөрсдийнхөө саналыг тэнхимдээ, захиргаандаа уламжилж байсан. Ямар үндэслэлээр намайг ажлаас гаргасныг ойлгосонгүй. Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү....Ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 11 сар 13 хоногийн цалин 10,567,884 төгрөг гаргуулах....Мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр танилцсан. Хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гардаж аваагүй байгаа. Элсэгчийн тоо буурсан цаг хүрэлцэхгүй болсон гэж байсан. Түүх, нийгмийн багшаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн байсан....Би тэнхимийн нэрийг хуучнаар хэлээд байсан байна. Намайг Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү....Х.Дареже, А.Жанайгүл, У.Батцэцэг болон миний бие ажиллаж байсан....Би хүлээн зөвшөөрч аваагүй 30 хоног дуусаагүй байсан.....Тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан....Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд 2018-2019 оны хичээлийн жилд нийт 14 оюутан элссэн байдаг. Үүнээс 10 оюутан суралцаж 3 дугаар курсэд 7 оюутан, нийт 17 оюутантай байгаа. Ингээд үзэхээр тухайн салбарт багш нийгмийн ухааны боловсролын энэ хөтөлбөрт элсэлт багассаж оюутны тоо цөөрсөнтэй холбогдуулан ажиллаж байсан дөрвөн багшийн кредитыг тооцож үзэхээр хоёр багш ажиллах нормтой байгаа. Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас ирсэн саналыг үндэслээд Х сургуулийн захирлын зүгээс багш нарт мэдэгдэх хуудсыг өгсөн. Мэдэгдэх хуудсыг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгөөд Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд А.Аийг багшийн ажлаас чөлөөлсөн. Х сургуулийн бүтэц орон тоо өөрчлөгдөөд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тушаал гарч Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Түүх нийгмийн ухаан, Байгалийн ухааны тэнхимийг нийлүүлээд Байгаль, Нийгмийн ухааны тэнхим болсон. Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны элсэлт маш их цөөрсөн. Нийгмийн ухааны багш боловсруулах хөтөлбөрөөр 2019-2020 оны хичээлийн жилд нэг ч оюутан элсээгүй. Өнөөдрийн байдлаар 14 оюутан суралцаж байгаа. Багш нарын цаг хүрэлцэхгүй байгаа учраас орон тоог цөөрүүлэх шаардлагатай болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаад А.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг урьдчилж мэдэгдээд ажил олгогчийн санаачилагаар цуцалсан. А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль хуулийн этгээдийн эрхгүй манай салбар сургууль байгаа. Салбар сургууль санал өгөхдөө заавал бичгээр, албан тоотоор өгдөггүй. Бид нар утсаар ярьдаг, и-мэйлаар, электрон шугамаар саналаа авдаг. Тэнхимийн багш нарын хурлуудаар урьдчилаад А.Аийг чөлөөлөх санал байгаа учраас урьдчилж мэдэгдэх хуудсыг явуулсан....Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн багш нарын хурлын тэмдэглэл байгаа....2010 онд Засгийн газрын тогтоол гарч Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болж нэр өөрчлөгдсөн....2018-2019 оны хичээлийн жил эхэлсэний дараа сургуулийн бүтэц орон тоо өөрчлөгдөж тэнхимүүдээ өөрчилсөн. Нийгмийн ухааны багшийн албан тушаал дээр дөрвөн багш ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь одоо нэршил өөрчлөгдөөд Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн багш гэдэг нэртэй болсон. Нэхэмжлэгчийг чөлөөлсөн, Дареже багш докторт суралцахаар чөлөө авсан....Элсэлт багасаад оюутнуудын тоо цөөрөөд ирэхээр хичээл заах цагийн норм багш нарт хүрэхээ болиод ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.... Тушаал гараад салбар луу явуулаад салбар дээр ажил хүлээлцсэн он сарыг мэдэхгүй байна....2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр захирлын тушаал гарч тэнхимүүдийг нэгтгээд салбар сургууль нь Боловсрол судлал арга зүйн тэнхим, Байгаль нийгмийн ухааны тэнхим гэсэн хоёр тэнхимтэйгээр зохион байгуулан ажиллаж байгаа....Захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүтэц орон тоо баталсан тушаалаар профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн зэрэглэлээр нэршил өгөөд, ийм албан тушаалд ажиллаж байгаа учир нийгмийн ухааны багш гэсэн албан тушаал байхгүй байгаа....Тушаал гарах үед Х.Дареже багш чөлөөтэй байсан. Хавар доктороо хамгаалаад ирсэн. Тушаал гарах үед Х.Дареже багш ажиллахгүй байсан....А.Аь багш ахлах багшийн зэрэгт ажиллаж байсан докторын зэрэг байхгүй. Ажил дүгнэсэн үзүүлэлт доогуур байсан, мөн салбар сургуулийн саналыг үндэслэсэн....Тушаалыг гаргаад Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль руу явуулсан. Хэзээ гардуулсныг мэдэхгүй байна....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь Х сургуульд холбогдуулан Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль нийгмийн ухааны тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,567,884 төгрөг гаргуулах гэж тус тус тодруулав.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч А.А нь шүүх хуралдаанд ...ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг ойлгосонгүй, 4 багшаас 3 багш нь ажиллаж байгаа, зөвхөн намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би бүх шаардлагыг нь хангаж байгаа.... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ....Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд элсэх оюутны тоо буурсан, нийгмийн ухааны багшийн хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болж нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлсэн....Тушаал гаргах үед Дареже багш докторын зэрэг хамгаалахаар чөлөөтэй байсан, А.Аь багш ахлах багшийн зэрэгт ажиллаж байсан докторын зэрэг байхгүй. Ажил дүгнэсэн үзүүлэлт доогуур байсан, мөн салбар сургуулийн саналыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.... гэж маргасан болно.
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг Х сургуулийн салбар болгон өөрчилжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал/
Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Боловсрол судлал арга зүйн тэнхим, Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхим, Математик байгалийн ухааны тэнхимт гэсэн 3 тэнхимтэй байсныг 2018 оны 10 дугаар сард Х сургуулийн захирал тушаал гаргаж 2018-2019 оны хичээлийн жилд ажиллах бүтэц, орон тоог өөрчилж, Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь Боловсрол судлал арга зүйн тэнхим, Байгаль нийгмийн ухааны тэнхим гэсэн хоёр тэнхимтэй зохион байгуулагдан ажиллаж байгаа болон мөн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн албан тушаалтын нэршилтэйгээр ажиллаж байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
2018-2019 оны хичээлийн жилд Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд суралцах оюутны тоо буурч, түүх, нийгэм судлалын багшийн хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болж, улмаар нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлсэн болох нь ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн багш нарын гүйцэтгэх цагийн нөөц, орон тоо, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарын 2018-2019 оны хичээлийн жилд гүйцэтгэх цагийн тооцоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. /1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр тал/
2018-2019 оны хичээлийн жилд Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд /хуучин нэршилээр/ түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд Х.Дареже, А.Жайнагүл, У.Батцэцэг, А.А гэсэн дөрвөн багшаас А.Аийг ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч А.А нь Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийн захирлын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалаар 2005 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж, Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд багш, түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийн захирлын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай Багш ажилд авах тухай тушаалын хуулбар, Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов. /1 дүгээр хавтаст хэргийн 5, 6, 139-143 дугаар тал/
А.Аийг Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн элсэлт багасч, Багш, нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрийн багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсонтой холбогдуулан багшийн тоог цөөрүүлсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал/
Х сургуулийн захирал нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаал гаргаж, А.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Х сургуулийн дүрэм-ийн 3.14.2, 3.15, Х сургуулийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.8 дахь заалтыг үндэслэжээ.
Ажил олгогч нь ажилтантай түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 139-143 дугаар тал/
Хариуцагч байгууллага нь Х сургуулийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1/275 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Түүх, нийгэм судлалын багш хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцээгүй тул Түүх, нийгмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч А.Ад мэдэгдсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдэгдэх хуудас танилцуулсан хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно. /1 дүгээр хавтаст хэргийн 100-101, 118 дугаар тал/
Х сургуулийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/275 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар /хх-ийн 118, 139-143 дугаар тал/ зэргээр нэхэмжлэгч нь Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд түүх, нийгмийн ухааны багшийн ажлыг эрхэлж байсан байхад Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд нэхэмжлэгчийг нийгмийн ухааны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Х.Дареже, А.Жайнагүл, У.Батцэцэг, А.А гэсэн дөрвөн багш нараас нэхэмжлэгч А.А нь сонгон шалгаруулалтад орохоос татгалзаж, улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн болох нь гэрч Ж.Хиналганы мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 226-228 дугаар тал/ нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг ойлгосонгүй гэх тайлбар нь үгүсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, А.А нь өөрөө сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч А.А нь шүүх хуралдаанд түүнийг ажлаас чөлөөлсөн Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардан авч, мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь ....Тушаалыг гаргаад Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль руу явуулсан. Хэзээ гардуулсныг мэдэхгүй байна....Тушаал гараад салбар луу явуулаад салбар дээр ажил хүлээлцсэн он сарыг мэдэхгүй байна.... гэж тус тус тайлбарлав.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардан авч, мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Х сургууль нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийг 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ нэхэмжлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдснээс хойш 25 дахь өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, 27 дахь өдөр нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгч, ажлыг нь хүлээлцүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчжээ.
Мөн ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тушаал гарган цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөрмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцээгүй байна.
Х сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгчид хэзээ гардуулан өгсөн болон нэхэмжлэгч ажлаа хэзээ хүлээлгэн өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль нийгмийн ухааны тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,567,884 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2018 оны 8, 9 сард хэд хоног ажилласан, хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,567,884 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х сургуульд даалгаж шийдвэрлэлээ.
Иймд А.Аийг Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль нийгмийн ухааны тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,567,884 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х сургуульд даалгахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдав.
Нэхэмжлэгчийн Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэх нөхцөл нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх бөгөөд А.Аийг ажлаас чөлөөлсөн Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаал нь шүүхийн шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын нарын хэргийн материалтай танилцах эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан ба 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч А.А нь шүүхэд ирж хэргийн материалтай танилцаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын хэргийн материалтай танилцаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Базархул овогт Авзалын Аийг Х сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль нийгмийн ухааны тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Х сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,567,884 /арван сая таван зуун жаран долоон мянга найман зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х сургуульд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ