Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 101/2019/03977/И |
Дугаар | 001/ХТ2021/01562 |
Огноо | 2021-12-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/01562
Г.Ганчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00226 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00559 дүгээр магадлалтай,
Г.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,
А.Тунгалаг, Б.Дашцэрэн нарт холбогдох
Г.Ганчимэг, А.Тунгалаг нарын байгуулсан бэлэглэлийн гэрээ, А.Тунгалаг, Б.Дашцэрэн нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Дашцэрэнгийн, зээлийн гэрээний үүрэгт 638,357,542 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Тунгалагийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, өмгөөлөгч А.Батбаатар нарын хамтран гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг, Л.Батбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганчимэг миний бие 2012 оны 3 сард А.Тунгалагтай харилцан тохиролцож, бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилгоор 150,000 ам.доллар, 2012.08 дугаар сард 40,000 ам.долларыг зээлж авсан. 2012.04 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 ам.долларыг А.Тунгалагт бэлнээр төлдөг байсан бөгөөд А.Тунгалаг өөрийнхөө дэвтэрт бичиж, надаар гарын үсэг зуруулдаг байсан. 2013.07 дугаар сараас эхлэн А.Тунгалаг нь өөрийн төрсөн дүү болох Л.Чимгээгийн Төрийн банкны 106200118334 тоот дансанд, 2013.07 дугаар сараас эхлэн 2016.03.10 хүртэл нийт 149,943,800 төгрөгийг төлсөн. Мөн А.Тунгалагийн өөрийнх нь Хаан банкны 5007214545 тоот данс руу 102,722,600 төгрөгийг өгсөн. Мөн миний нөхөр Л.Ганбилэгийн 5028073131 тоот данснаас Л.Чимгээ болон А.Тунгалаг нарын данс руу 96,891,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн би өөрийн Голомт банкны 1505107247, 3405005776 тоот данснуудаас 9,906,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийт дансаар 359,462,600 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл А.Тунгалаг нь 2016.04 дүгээр сард намайг Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 ам.доллар байгаа энийгээ төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алданги тооцно, хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.Тунгалаг надаар 171,000 ам.доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж авсан. Би тухайн үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж, байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг их ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.Тунгалагийг хурдан явуулах зорилгоор гарын үсэг зурсан. 2017.04 дүгээр сард гэнэт А.Тунгалаг надтай холбогдож, чи надад 171,000 ам.долларын өртэй чиний гарын үсэг надад байна энэ мөнгөө төл гэсэн. Би чамтай тооцоо дууссан, асуудал байвал тооцоо шахаж хоёулаа шийдье гэж хэлсэн. Гэтэл А.Тунгалаг нь манай ажил дээр өдөр бүр ирж орилж, чарлаж, танай ажил дээр боож үхнэ энэ чинь хүний мөнгө байсан юм, тэр хүн нь намайг алах гээд ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэхгүй бол би амьдрахгүй болчихоод байна гэх болсон. Би хариуд нь чи бид хоёрын дунд тооцоо дууссан, чи тэр хүмүүстэйгээ өөрөө учраа ол гэдэг зүйлсийг хэлдэг байсан. Гэтэл А.Тунгалаг нь за намайг уучлаарай чи найздаа тус болчих, миний мөнгө зээлж авсан хүмүүс намайг хүнд байдалд оруулаад байна. Тэр хүмүүс баталгаа шаардаад байна. Чи энэ Шидэт од компанийнхаа байрыг найздаа түр шилжүүлээд өгчих, би тэр хүмүүст гэрчилгээг нь үзүүлээд би зээлүүлсэн мөнгөнийхөө оронд барьцаа болгож энэ эд хөрөнгийг авчихсан гэж тайвшруулаад буцаагаад чиний нэр дээр шилжүүлчихнэ гэж надаас гуйсан. Би тэгэх боломж байхгүй учир нь байр банкны барьцаанд байдаг, ямар ч боломж байхгүй надад мөнгө байхгүй барьцаатай учраас нэр шилжих ямар ч боломжгүй гэж хэлсэн. Гэтэл А.Тунгалаг мөнгө асуудал байхгүй би гаргана. Тэртээ тэргүй чи зээлтэй байгаа юм байна. Би гаргана гэж надад хэлсэн. Би за яах вэ бизнес эрхлэх үйл ажиллагаа эхлэхэд зээл өгч тусалсан сайн муу харилцаатай байсан ч тодорхой хэмжээнд А.Тунгалагийг таньдаг болсон учраас урьдын харилцаагаа бодоод би зөвшөөрсөн. Ингээд А.Тунгалаг Шидэт-Од ХХК-ийн 5121004615 тоот данс руу 99,000,000 төгрөг шилжүүлж, 2017.04.03-ны өдөр зээлийг хааж, 2017.04.04-ний өдөр БЗД-ийн 25 дугаар хороо, нарны зам гудамж, 143 байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204026276 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 15 м.кв 11 тоот авто зогсоолыг бэлэглэлийн гэрээ хийж А.Тунгалагийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд А.Тунгалаг бид хоёр тухайн үед ярилцаад банканд төлөх мөнгөө А.Тунгалагт төлж байхаар болсон юм. Ингээд 2017.08 дугаар сараас 2019.02 дугаар сар хүртэл 43,200,000 төгрөг, 2017.07 дугаар сард 15,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2019.01 дүгээр сараас эхлэн миний нөхөр Л.Ганбилэг уушгины өвчин тусч, гадаад дотоод улсад эмчлүүлэх шаардлага үүссэн бөгөөд энэ талаар 2013.03 дугаар сард А.Тунгалагт хэлж гэрчилгээнийхээ нэрийг найз нь буцааж шилжүүлж авмаар байна, барьцаанд тавьж зээл авах гэсэн юм нөхрийн минь эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд А.Тунгалаг юу яриад байгаа юм, надаас зээлж авсан мөнгөнийхөө үлдэгдэл төлбөрт шилжүүлээ биз дээ харин ч чамайг хөөж гаргахгүй байгаа нь их юм гэж бод, би чамд байшинг буцааж өгөхгүй чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж надад хэлсэн. Ингээд А.Тунгалаг намайг хуурсныг би ойлгосон учир 2019.03.15-ны өдөр энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг томоор хэвлэн, олон газар наасан. Миний бие А.Тунгалагт өгсөн мөнгө болох А.Тунгалагаас авсан мөнгөө шүүхээр тогтоолгож, эд хөрөнгөө буцааж авах агуулга бүхий нэхэмжлэлийг 2019.04.04-ний өдөр А.Тунгалагт холбогдуулан гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцсан. Үүний дараа 2019.04.18-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч А.Тунгалаг нь хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2019.06.28-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гарч 2019.09.23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн тоотоор А.Тунгалагийн оршин суух хаягийг тодруулсан. А.Тунгалаг нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэний дараа Б.Дашцэрэнтэй 2019.05.02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг зохиомол байгуулж, орон сууцыг худалдсан байсан. Хэрэв Б.Дашцэрэн уг байрыг худалдан авч л байгаа бол томоор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд ойлгомжтойгоор ил харагдахуйц газар олноор байршуулсан байсан. Мөн Б.Дашцэрэнгийн өмгөөлөгч н.Оюунгэрэл над дээр ирж үзүүлдэг бөгөөд танайх эмнэлгийнхээ байрыг зарсан юм уу гэж асуухад үгүй ээ үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, энэ тавьсан заруудыг харахгүй байна уу гэж хүртэл хэлсэн. Гэтэл н.Оюунгэрэл нь танай холын хамаатан гэх хүн байрыг чинь худалдан авсан юм шиг байна гэх хэлсэн тул юу яриад байгаа юм бэ худалдаж авахаар бол ядаж ирж үзнэ биз дээ ямар зүйл худалдан авч байгаагаа худалдан авах хүн чинь үзэх нь тодорхой шүү дээ худал байх гэж хэлж мөн А.Тунгалагтай шүүхээр маргаантай байгаа гэдгийг хэлсэн болно. Мөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа огт тасалдаагүй явуулж байгаа болно. Иймд 2017.04.04-ний өдрийн Г.Ганчимэг болон А.Тунгалаг нарын байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн 2019.05.02-ны өдрийн А.Тунгалаг болон Б.Дашцэрэн нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2017.04.04-ний өдрийн Г.Ганчимэг болон А.Тунгалаг нарын хооронд бэлэглэлийн гэрээгээр дүр эсгэн шилжүүлсэн байраа буцаан авч, мөн уг гэрээний үр дагаврыг арилгуулах шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу гаргаж байна. Учир нь 2019.05.02-ны өдөр А.Тунгалаг болон Б.Дашцэрэн нар нь худалдах-худалдан авах гэрээ байгуулж өмчлөгчөөр Б.Дашцэрэн бүртгэгдсэн гэжээ.
Хариуцагч Б.Дашцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганчимэг нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ямар үндэслэлээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Түүний нэхэмжлэлдээ дурдаад байгаа үл хөдлөхийг би иргэн А.Тунгалагаас түүний өмчлөх эрхийн хууль ёсны гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 143 байр 1 дүгээр давхрын О/А тоот үл хөдлөхийг хууль ёсны дагуу худалдаж авсан. Харин Г.Ганчимэг нь миний өмчлөх эрхэд саад учруулж тус үл хөдлөхийг суллаж өгөхгүй надад хохирол учруулаад байгаа. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганчимэгийн нэхэмжлэлд бичсэн зүйл бодит байдалд огт нийцээгүй, хүн гүтгэсэн, худал зүйл бичсэн байгаад маш их харамсаж, түүнд гомдох сэтгэл төрж байна. Түүний бичсэн зүйл шүүхийг төөрөгдүүлэх гэсэн санаа зорилготой байгаа нь тодорхой байгаа бөгөөд хамгийн бодит няцаалт бол түүний өөрийн гараар бичсэн баримт нь хэлж өгнө. Г.Ганчимэг нь анх надаар дамжуулан миний бурхан болооч найз Нансалмаагаас хүүтэй мөнгө зээлдэг өгдөг авдаг байсан юм. Энэ үед их хэмжээний мөнгийг хүү багатай зээлэх хүн олдохгүй надаар дамжуулан зээл авч байхдаа их л баярласан, талархсанаа хэлж, их тус болж байна гээд явдаг байсан. Учир нь хүний сайхан сэтгэл, итгэлийн үндсэн дээр ямар ч барьцаагүй, тэр ч бүү хэл өгсөн, авсан болон ямар ч бичиг баримтгүйгээр итгэлцэн, ажил амьдралаа залгуулан явж байсан хүн өнөөдөр ийм гутамшигтай худал зүйл бичиж байгаа нь түүний мөс чанар нь мөнгөнөөс дор болсноо харуулжээ. Тэрээр 2012.03 дугаар сард 150,000 ам.долларыг зээлэхдээ өөрийнх нь найзын Солонгос нөхөр нь нутаг буцах болоод зарахаар санал болгосон хашаа, байшин, газрыг 800,000 ам.доллараар худалдаж авахад 150,000 ам.доллар дутаад байна та олж өгч туслаач гээд нөгөө найзаас минь надаар дамжуулан зээлсэн юм. Мөн удалгүй хүү Ууганбаяр нь нарны хороололд байр худалдаж авах гэсэн 40,000 ам.доллар хэрэгтэй байна гээд нэмж аваад нийт 190,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн юм. Энэ 4 хувийн хүү нь 7,600 ам.доллар болж байгааг тэрээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Г.Ганчимэг нь энэ төлж байгаа мөнгөө надад биш миний найзад зээлсэн мөнгөнийхөө хүүнд төлж байсан гэдгээ маш сайн ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өгдөг байсныг би цааш нь дамжуулж өгч байгааг мэдэхийн дээдээр сайн мэддэг байсан учраас тухайн үед ямар ч асуудал гардаггүй байсан. Тухайн үед би яагаад энэ асуудалд холбогдсон гэхээр ийм их хэмжээний мөнгийг Ганчимэг ямар ч барьцаа хөрөнгөгүй, гарын үсэг бичиг баримтгүйгээр хаанаас ч авах боломжгүй бөгөөд миний итгэлийг ашигласанд л байгаа юм. Миний талийгаач найз Ганчимэгт ямар ч баталгаагүй, барьцаагүйгээр мөнгө зээлэхгүй, чи л харин өөрөө баталгаа болох юм бол зээлүүлье гэж зөвшөөрч зээлдүүлж байсан юм. Үүнийг тэрээр нуулгүй нэхэмжлэлдээ ... зээл өгч тусалсан ... гэж бичсэн байгаа ба энэ зээлийг авч өөрийнхөө хичнээн их ажил, амьдрал, хэрэгцээ шаардлагаа залгуулж, ямар ашиг орлоготой болсноо харин мартсан бололтой. Тэрээр нэхэмжлэлдээ дараах зүйлсийг үндэслэлгүй худал гүтгэж бичжээ. 2012.03 дугаар сард 150,000 ам.доллар, 2012.08 дугаар сард 40,000 ам.доллар зээлж авсан гээд 2012.04 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 ам.доллар төлдөг байсан, үүнийг Г.Ганчимэгийн болон манай ажил дээр ирж өгөөд дэвтэр дээр бичиж гарын үсэг зурдаг байсан гэжээ. Хэрвээ 2012.04 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 ам.доллар өгч байсан бол энэ дүн яаж гарснаа тайлбарлах хэрэгтэй болох байх. Дээр дурдсан нийт 190,000 ам.доллар зээлсний сарын хүүгийн 4 хувь нь 7,600 ам.доллар болж байгаа. Гэтэл 4 сараас нь эхлэн өгсөн болж байгаа нь үндэслэлгүй болж байгаагаа баталж байна. Г.Ганчимэгийн ажил дээр би ер очиж мөнгө авч байгаагүй ба харин манай ажил дээр ирдэг байсан. /энэ нь түүний өөрийнх нь наашаа цаашаа явахад хүндрэлтэй байна гэж бичсэнээр нь батлагдаж байна /Харин сар бүр биш алданг оног мөнгөө бэлнээр өгч байсныг би шууд зээлдүүлэгчид өгснийг тэр мэдсээр байж намайг дэвтэр дээрээ бичдэг гарын үсэг зуруулдаг гэж худал бичсэн байна. Би 2016 онд энэ эмнэлэг дээр очиж байгаагүй бөгөөд түүнийг эмнэлэгт хэвтэж байвал хүний хувьд эргэлтээр очих байсан уу гэхээс мөнгө нэхэж очих хүн чанаргүй хүн биш гэдгийг маань энэ олон жилийн хугацаанд мөнгө авч байхдаа ч би тэдэнд боломж гарган, хүлээцтэй хандаж олон жил өөрөө хүний өмнөөс хариуцлага үүрч явж байснаар гэрчлэгдэнэ. Хэрэв би Сонгдо эмнэлэг дээр очсон бол наад зах нь гэрч, эмнэлгийн камерийн бичлэгээр нотлогдох ёстой болов уу. Хоёрт надад хүнийг айлган сүрдүүлэх чадал тэнхээ, өөрийгөө боож үхүүлэх доройтсон ухамсар байхгүй бөгөөд олон нийтийн газар байтугай гэр орондоо ч тэр ямар ч хүнтэй ам муруйж үзээгүй хүн гэдгээ хэлэх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар би айлган сүрдүүлж бичиг авсан бол үүнийг одоо болтол хууль хяналтын байгууллагад хандаж, хууль бус гэдгийг нь тогтоолгохгүй, бүтэн 3 жил гаран юу хийж байсан болж байна. Гуравт зээлийн үлдэгдэл 150,000 ам.доллар гээд хэрүүл шуугиан тарьсан хүн 171,000 ам.доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн авцалдаагүй, утгагүй зүйл бичсэн байгаа нь бодит байдалд болоогүй зүйлийг болсон мэт бичих гэж будилж, хөглөж суугаа юм байна. Дөрөвт тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь бичсэн зүйл дээр нь гарын үсэг зурсан ... гэжээ. Энэ яриад байгаа бичгийг Г.Ганчимэг өөрийн гараар, өөрөө тооцоогоо бодож тооцоолоод 171,000 биш 174,000 ам.доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч надад өөрөө өгснөө худлаа бичиж байгаа нь он, сар, мөнгөн дүн, бичгийн хэв зэргээр тогтоогдоно. Учир нь 2014-2015 оны үед Г.Ганчимэг өөрөө зээлээ төлөхөд хэцүү байна бид эмнэлгээ таны нэр дээр шилжүүлж өгье, тэгээд таньд түрээс төлж байя гэж гарааш дотроо нөхрийнхөө хамт хэлж байхад нь би та нар өөрсдөө асуудлаа зохицуулаа, та нар блокны үйлдвэртэй, Бор өндөрт байдаг жоншны уурхайтай боломж байгаа гэж хэлж байсан. Тэд нар харин энэ байраа зарах гэсэн үнэ нь унаад байна. Ремаксаар 2,100,000 төгрөгөөр м.кв заруулах гээд үнэ нь буугаад 1,800,000 төгрөг болчлоо зарагдахгүй байна гэж байсан юм. Ингээд харин би биш тэд нар надад олдохгүй, хаалгаа тайлахгүй араас нь хаана байгааг нь олж уулзах гэж цаг хугацаа маш их өнгөрсөн. Хүү н.Ууганбаяртай нь утсаар холбогдож аав ээж хоёрыг нь олдохгүй байгаа талаар асуухад дандаа ингэдэг юм олон газарт өртэй гэдэг байсан. Ажил дээр нь очихоор үүдэнд суудаг жижүүр дүү нь гээд охин нь Г.Ганчимэг эгч ажлаа хийхгүй байгаа гэдэг байсан бөгөөд би түүнд энэ байр миний өмч, та нар суллаж өгөөрэй, урт хугацаанд үнэ төлбөргүй, түрээсийн төлбөр төлөхгүй ашиг орлого хангалттай олж байгаа талаар хэлэхэд тийм үү энэ талаар ёстой мэдэхгүй юм байна гэж байсан. Өрийг нь дарж байрыг нь чөлөөлж өгсөн байтал нөхөр нь яах гэж авч өгсөн юм хохь чинь чөлөөлөөгүй бол банк бид нарыг хөөж гаргахгүй байсан юм гэж даапаалан доромжилж байхад Г.Ганчимэг чи дуугүй бай гэж хэлж байсан. Гэрт нь болсон асуудал. Миний хувьд ямарваа нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Г.Ганчимэгийн нэхэмжлээд байгаа зүйл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дашцэрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Дашцэрэн би Г.Ганчимэгт холбогдуулан миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч, байр суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019.05.28-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд 2019.06.04-ний өдөр 9189 дугаартай Т.Энхжаргал шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч Г.Ганчимэг нь хаягтаа байдаггүй, эрэн сурвалжилж, хэрэг түдгэлзсэн, албадсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, өмгөөлөгч оролцуулах, хэргийн материалтай танилцах, шүүгчийг татгалзах гэх зэрэг янз бүрийн шалтаг, шалтгаанаар товлогдсон шүүх хурлыг явуулахгүй бүтэн 5 сар явсаар 2019.10.21-ний өдөр 16723 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хоорондоо тэрээр тус шүүхэд надад болон А.Тунгалаг нарт холбогдуулан 2019.05.02-ны өдрийн А.Тунгалаг болон Б.Дашцэрэн нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж 2019.10.04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Энэ хэрэгт би хариуцагчаар татагдсан миний нэхэмжлэлтэй хэрэг хэрэгсэхгүй болсон учраас дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн Б.Дашцэрэн би иргэн А.Тунгалагийн нэг хүний өмч болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 143 тоот байр О/А тоот 14028 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр, 11 тоот хаягт байршилтай 15 м.кв авто зогсоолын хамт 2019.05.02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 206,000,000 төгрөгөөр тохиролцон, төлбөрийг нь төлж худалдан авсан. Худалдагч А.Тунгалаг нь уг байрыг надад худалдахдаа Г.Ганчимэг гэдэг хүн шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр хүний эд хогшил хадгалж байгаа түүний эзэнд нь хүлээлгэж өгөх, байраа султгуулах ажил байгаа, өөрөө болохоор олон хэлсэн боловч тоодоггүй, бие муу тархи толгой өвддөг учир хүнтэй ам мурийх хүсэлгүй байна гэж хэлсэн. Уг байрыг өмнө нь би үзэж байсан. Үнэ харьцахгүй боломжийн үйлчилгээ явуулахад тохиромжтой мэдэх учир доторх эд зүйлийг эзэнд нь хүлээлгэж өгөх асуудлыг хариуцахаар болсон. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч н.Оюунгэрэл Г.Ганчимэгтэй уулзан байрнаас эд хогшлоо гаргах, байр султгаж өгөх талаар хэлсэн боловч хүлээн аваагүй байна. Миний зүгээс хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан учраас Г.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбараар өгсөн. Иймд хариуцагч Г.Ганчимэгт миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч байр суллаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Тунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Ганчимэг нь дээрх үл хөдлөх хөрөнгийг банкинд барьцаалсан байсан бөгөөд надаар чөлөөлүүлж, банкинд төлдөг хүүгээ надад төлж байхаар тохирсон юм. 99,290,660 төгрөг төлүүлж, байраа барьцаанаас сулласан юм. Г.Ганчимэг нь нийт 190,000 ам.доллар, 99,290,660 төгрөг зээлсэн. Ингээд тэр ам ам.доллароос 2017.02.05-ны өдрийн байдлаар 15,000 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 175,000 ам.доллар төлөх үлдэгдэлтэйгээ нотолж надад тодорхойлолт хийж өгсөн болно. Мөн банкны өрөө төлүүлсэн мөнгөнөөс түүний нэхэмжлэлд бичсэн 2017 оны 07 дугаар сард 15,000,000 төгрөг, 2017.08 дугаар сараас 2019.02 дугаар сар хүртэл 43,000,000 төгрөг гэсэн байх бөгөөд үүнийгээ нотолсон баримтаа хавсаргах хэрэгтэй байна. Миний зүгээс энэ тал дээр тодорхой тоо дүнг хэлэх боломжгүй байгаа бөгөөд баримтад үндэслэн зөвшөөрнө. Үл хөдлөх хөрөнгийн тухайд Г.Ганчимэг үл хөдлөх хөрөнгөө буюу дээрх хаяг байрыг зарах гэж маш олон удаа зар өгсөн байдаг. Үүнд хувь хүмүүс болон гадаад дотоодын хүмүүст хандсан сүүлдээ римаксд 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр заруулах гээд чадалгүй үнэ доошоо үнэлэгдсэн. Тэр уг нь байраа зарж миний өрийг төлөх гэж их хөөцөлдсөн боловч санасан хэмжээнд нь байр нь зарагдаагүй юм. Тэрээр надад уг байрыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, өөрөө санал тавьж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Мөн байрыг миний өмчлөлд шилжүүлсний дараа надад түрээсийн төлбөр төлж байхаар санал тавьсан юм. Г.Ганчимэг нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй гүтгэсэн байдлаар нэхэмжлэл гаргасан тал дээр хариу тайлбар зарим дээр нь өгсөн. Миний бие эрүүл мэндийн хувьд сайнгүй, тархи толгой хүнд хэлбэрийн өвчтэй учраас түүнтэй маргаан хийх хүсэлгүй байдаг бөгөөд олон удаа түүний араас хөөцөлдөж шаардлага гаргаж байсан бөгөөд түүний амьдралд тус хүргэж зээл өгснийхөө хариуд элдэв худал гүтгэлэг, муу үгээр хэлүүлж байгаадаа гомдолтой байна. Г.Ганчимэг өөрөө хүсэж надад дээрх үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан шаардлагын дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, миний өмчлөлд бүрэн шилжсэн учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь би уг байрыг Б.Дашцэрэн гэж хүнд 206,000,000 төгрөгөөр худалдсан. Миний зүгээс нийт 719,445,542 төгрөг нэхэмжлэхээр түүний өгсөн 81,088,000 төгрөгийг хасаж 638,357,542 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч, Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ү-2204026276 тоот дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 байр О/А тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Ганчимэгийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд А.Тунгалаг дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн байсан хөрөнгө юм. Г.Ганчимэг нь 2019.04.04-ний өдөр А.Тунгалагт холбогдуулан, нэхэмжлэл гаргасан ба шүүхээс бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаасан. Улмаар 2019.04.18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч А.Тунгалаг нь хаяг дээр байхгүй үндэслэлээр хэрэг буцсан. Ийнхүү А.Тунгалаг өөрийг нь эрэн сурвалжилж байх хугацаанд Б.Дашцэрэнд уг маргаан бүхий байрыг 2019.05.02-ны өдөр зохиомол байдлаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдсан байдаг. Б.Дашцэрэн нь үнэхээр уг байрыг худалдан авч байгаа бол томоор маш олноор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Гэтэл тухай байрыг очиж үзсэн эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж хадгалагдаж байгаа түүний эзэнд нь хүлээлгэж өгөх байраа султгуулах ажил байгаа гэсэн тайлбар өгч А.Тунгалагтай нийлэн зохиомол байдлыг бий болгож байна. Г.Ганчимэг тухай байранд эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ба өнөөдрийг хүртэл уг газраа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Иймд Б.Дашцэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, А.Тунгалагийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.Тунгалаг нь 2017.02.06-ны өдөр Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 ам.доллар, 40 ам.доллар нийт 190,000 ам.доллар төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алданги тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.Тунгалаг надаар гэрээний үлдэгдэл 175,000 ам.доллар өгөх ёстой гэж надаар бичүүлээд авч явсан. Би тухай үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг нэг ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.Тунгалагийг хурдан явуулах зорилгоор хэлснийх нь дагуу цаасан дээр өөрөө бичиж өгөөд явуулсан юм. Энэ талаар би 2019.04.04-ний өдрийн болон түүнээс хойш гаргасан буцаагдсан бүх нэхэмжлэлдээ дээрх үйл баримтыг огноо болон мөнгөний хэмжээг бага зэрэг зөрүүтэйгээр Сонгдо эмнэлэгт байхад бичүүлж авсан талаар тогтмол дурдсан болно. Би А.Тунгалагт төлөх ёстой төлбөрөө бүгдийг нь төлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00226 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Ганчимэг, А.Тунгалаг нарын хооронд 2017.04.04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, А.Тунгалаг, Б.Дашцэрэн нарын хооронд 2019.05.02-ны өдөр байгуулагдсан худалдах- худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б.Дашцэрэнгийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай 11 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Г.Ганчимэгийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ганчимэгээс 330,288,505 төгрөгийг гаргуулж, А.Тунгалагт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 175,516,002 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ганчимэгт холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай 11 тоот авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ганчимэгт холбогдох А.Тунгалагийн 132,553,035 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Г.Ганчимэгээс төлсөн 1,846,000 төгрөг, А.Тунгалагаас төлсөн 3,507,693 төгрөг, Б.Дашцэрэнгээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Тунгалагаас 657,950 төгрөг, Б.Дашцэрэнгээс 1,187,950 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Ганчимэгт, Г.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 1,809,392 төгрөгийг гаргуулж, А.Тунгалагт тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00559 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00226 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Г.Ганчимэг, А.Тунгалаг нарын байгуулсан 2017.04.04-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2019.05.02-ны өдөр А.Тунгалаг, Б.Дашцэрэн нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай Г.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ... 330,288,505 ... гэснийг 245,218,150 гэж, ... 175,516,002 ... гэснийг 260,586,357 гэж, 3 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дашцэрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай 11 тоот авто зогсоолыг Г.Ганчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж, 4 дэх заалтын ...Иргэний хуулийн... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж, 5 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Г.Ганчимэгээс төлсөн 1,986,400 төгрөг, А.Тунгалагаас төлсөн 3,507,693 төгрөг, Б.Дашцэрэнгээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Ганчимэгээс нийт 1,454,240 төгрөг гаргуулж, 1,384,040 төгрөгийг А.Тунгалагт, 70,200 төгрөгийг Б.Дашцэрэнд олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,809,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Б.Дашцэрэнгээс төлсөн 1,258,150 төгрөг, Б.Тунгалагаас төлсөн 2,910,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч А.Батбаатар нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: ...магадлалын хянавал хэсэгт ...хариуцагч А.Тунгалаг татгалзалдаа Г.Ганчимэг нь зээлж авсан мөнгөө бүрэн төлөөгүй бөгөөд 2017.02.06-ны өдөр 175,000 ам.доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч, тодорхойлолт бичиж өгсөн... гэжээ. Гэтэл хэрэгт хариуцагч нь зээлж авсан мөнгөө бүрэн төлөөгүй гэсэн үг, өгүүлбэрийг огт ярьж байгаагүй байтал зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдүүлсэн үндэслэлийг магадлалд тусгаж, уг үндэслэлээ дараа дараагийн дүгнэлтдээ тусгаж өгсөн. Мөн давж заалдах шатны шүүх ...хариуцагч А.Тунгалаг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн үлдэгдэл 175,000 ам.доллар буюу 433,322,750 төгрөгөөс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байрны үнэ 100,000,000 төгрөг, 332,322,750 төгрөгийг тус тус хасч нийт 638,357,542 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч Г.Ганчимэг А.Тунгалагт 2017.02.06-ны өдөр 175,000 ам.долларын үлдэгдэлтэй байгаа тодорхойлолт гаргажээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Г.Ганчимэг нь 2017.04.06-ны өдрөөс хойш 2019.03.15-ны өдрийг хүртэлх хугацаанд 88,104,600 төгрөгийг А.Тунгалагт төлсөн болох нь Г.Ганчимэг болон түүний нөхөр Л.Ганбилэг нарын дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд Г.Ганчимэг нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул А.Тунгалаг нь хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийн шаардах эрхтэй юм. Иймд Г.Ганчимэгээс зээлийн гэрээний үүрэгт А.Тунгалаг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн үлдэгдэл 175,000 ам,доллар буюу 433,322,750 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 88,104,600 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгөд өр төлсөнд тооцсон 100,000,000 төгрөгийг тус тус хасаад үлдэх 245,218,150 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Тунгалагт олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ... гэжээ. Гэтэл А.Тунгалаг нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа 190,000 ам.долларын үлдэгдэл мөнгө гэж огт нэхэмжлэл гаргаагүй. Сөрөг нэхэмжлэлийн агуулгад хариу тайлбараас хэсэгчлэн оруулж, агуулгадаа дурдалгүйгээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг бичсэн байдаг бөгөөд 2017.02.06-ны өдрөөс өмнөх энэ хүмүүсийн зээл өгсөн, авсан хүүд төлж байсан гэх харилцаа дууссан гэж шүүгчийн асуултад хариулдаг болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгө... шилжүүлэх, зээлдэгчийн үндсэн үүрэг нь шилжүүлэн авсан эд хөрөнгө...буцааж өгөхөд оршино гэж заасан. 175,000,000 ам.долларыг бэлнээр эсхүл дансаар зээлсэн гэх баримт хэрэгт огт байхгүй, 2017.02.06-ны өдөр мөнгө огт өгөөгүй. Энэ өдрөөс өмнөх харилцаа буюу 140,000 ам.доллар болон 50,000 ам.долларын үлдэгдэл мөнгө биш уг тооцоо бүрэн төлөгдөж дууссан гэж хариулдаг болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Өөрөөр хэлбэл 175,000 ам.доллар огт шилжүүлээгүй учир шаардах эрх хариуцагчид үүсээгүй атал шаардах эрхтэй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.
Магадлалд ...Хэдийгээр талууд бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас дүгнэвэл Г.Ганчимэг нь хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр А.Тунгалагаар зээлийг төлүүлж, улмаар А.Тунгалагаас авсан зээлийн үүргээ хасуулах зорилгоор А.Тунгалагтай бэлэглэлийн гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож авсан гэх А.Тунгалагийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохирсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан байх тул талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм... гэжээ. Шүүхийн зүгээс огт хамааралгүй заалт болох 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг үндэслэж хуульд заасан хэлбэр шаардахгүй гэдгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Уг заалтын урьдчилсан нөхцөл болох өрийг хүлээн зөвшөөрч хэлэлцэн тохиролцсон зүйл огт байхгүй байсан нь зээлийн төлбөрийг эргэн төлж байсан баримт болон бусад үйл баримтаар дотоод хүсэл зоригийн илэрхийлэл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авах хүсэлтэй байсныг нотолдог. Г.Ганчимэгийн хувьд маргаан бүхий байрыг бэлэглэх чин хүсэл зориг илэрхийлээгүй, зөвхөн Г.Ганчимэгийн эзэмшлийн Шинэ шидэт од ХХК-ийн нэрээр Хаан банк ХХК-иас 200,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 99,290,660 төгрөгийг А.Тунгалаг нь 2017.04.03-ны өдөр Г.Ганчимэгийн Шинэ шидэт од ХХК-ийн хаан банкны 5121004615 тоот зээлийн дансанд шилжүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн учир уг төлбөрийг эргүүлэн А.Тунгалагт төлж дуусгах зорилготой байсан. Ийм ч учраас 2017.04.04-ний өдрөөс эхлэн Г.Ганчимэг нь 2019.03.15-ны өдрийг хүртэлх хугацаанд 88,104,600 төгрөгийг А.Тунгалагт төлсөн болох нь Г.Ганчимэг болон түүний нөхөр Л.Ганбилэг нарын дансны хуулгаар тогтоогддог. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг А.Тунгалаг нь зээлээс чөлөөлж 99,290,660 төгрөгийн төлөлт хийсний маргааш өдөр нь буюу 2017.04.04-ний өдөр зээлээс чөлөөлөгдсөн маргаан бүхий хөрөнгийг бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхийг Г.Ганчимэгээс А.Тунгалагт шилжүүлсэн. Ийнхүү бэлэглэлийн гэрээгээр дүр эсгэн шилжүүлж хаан банкны зээлээс чөлөөлсөн 99,290,660 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах хүртэл /зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэл/ тодорхой хугацаанд л шилжүүлсэн. Тодорхой хугацаанд шилжүүлсэн учраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн ус, дулаан, цахилгааны төлбөр зэрэг тогтмол төлөгддөг төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Ганчимэг нь төлсөөр байгаа болно. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлах хаягт Г.Ганчимэг нь 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Шинэ шидэт од ХХК-ийн шүдний эмнэлгийн үйл ажиллагаа тасралтгүйгээр явуулсаар байгаа. Мөн А.Тунгалаг нь тайлбарын үндэслэлээ уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй аваагүй хаан банкны зээлийн гэрээний үүрэг болох 100,000,000 төгрөгийн төлбөртөө тооцон авсан хэмээн тайлбар хийдгээс дүгнэн үзэхэд ч дүр эсгэсэн бэлэглэлийн гэрээ гэдэг нь тодорхой болно. Ямар ч тохиолдолд А зэрэглэлийн байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 15 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг хамтад нь 100,000,000 төгрөгт тооцон ийм хямдханаар өгөхгүй нь тодорхой юм. Г.Ганчимэг, А.Тунгалаг нарын хэлцэл хийх дотоод хүсэл зоригийн илэрхийлэл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийг хангагдах хүртэлх хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа болгон бэлэглэх байдлаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр эсгэн хийж зээлийн төлөлтөө төлж дуусгаад буцаан авах хүсэл зорилготойгоор хийсэн.
Магадлалд ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан. Дээрх худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн А.Тунгалагаас Б.Дашцэрэн нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед Г.Ганчимэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байсныг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд буюу Б.Дашцэрэн нь А.Тунгалагийг өмчлөгч биш болохыг мэдсэн гэх үндэслэлгүй юм. Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Б.Дашцэрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Г.Ганчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ... гэж шүүх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлд маргаан бүхий байранд шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж хадгалагдаж байгаа, шүүх хуралдаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь үзэж байсан, очиж үзэхэд агуулах байдалтай болсон байсан гэх тайлбар, А.Тунгалаг болон манай хүүхдүүд холбоотой байдаг тул худалдан авсан гэж тайлбарладаг ч хэзээ хэрхэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлах хаягт очиж үзсэнээ, мөн агуулах байдалтай байсан гэх нотолж чаддаггүй ийм баримтыг хавтас хэрэгт огт өгөөгүй болно. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр гэрээнд тусгасан хэдий ч Б.Дашцэрэн нь 2019.05.02-ны өдөр 106,000,000 төгрөгийг бэлнээр 2019.05.16, 27-ны өдрүүдэд тус бүр 50,000,000 төгрөгийг дансаар төлсөн байдаг. Нотлох баримтын хүрээнд 100,000,000 төгрөгийг л маргаан бүхий байрны үнэд төлсөн байдаг. Гэтэл төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад 2019.05.03-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байдаг. Дээрх нотлох баримтууд болон үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий байр А.Тунгалагийн өмч биш гэдгийг мэдэж байсан атлаа худалдах-худалдан авах гэрээ хийсэн учир өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй. Гэрч н.Оюун шүүхэд мэдүүлэхдээ ...энэ он гараад цагаан сараас хойно байж магадгүй, хоёр, гурван цагаан цаас наасан байсан..., гэрч н.Одонгоо мэдүүлэхдээ ...түүнээс хойш манай захирал иймэрхүү бичиг тавина. 2019.03 дугаар сараас эхэлж бичиг наасан..., эмнэлгийг худалдаж авахаар хүн ирж байгаагүй... гэж мэдүүлсэн дээрх хэргийн үйл баримт болон нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаагаас үзэхэд Б.Дашцэрэн уг үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан шударга өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгчийн зүгээс гэрч н.Ганбилэгийн данснаас А.Тунгалагийн дансанд мөнгө шилжүүлж байсныг тооцон хасалт хийсэн хирнээ, А.Тунгалаг руу мөнгө шилжүүлэхийн тулд дүү Л.Чимгээгийн төрийн банкны дансанд мөнгө хийдэг байсан, тухайн үед А.Тунгалаг нь дансгүй байсан гэх мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Шүүх гэрч н.Ганбилэгийн мэдүүлгээс А.Тунгалагийн дансанд мөнгө хийсэн гэх мэдүүлгийг үнэлж Л.Чимгээгийн дансанд хийсэн мөнгөө А.Тунгалагын төлбөрт хийсэн гэх мэдүүлгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ гэж заасныг зөрчиж гэрчийн мэдүүлгийг хоёр өөр байдлаар үнэлж шийдвэрлэсэн. Гэрчийн мэдүүлэг болон дансны хуулгыг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй магадлал гаргаснаар хуулийг буруу хэрэглэсэн болно.
Магадлалд ...Нөгөө талаар Г.Ганчимэг нь Л.Чимгээгийн данснаас А.Тунгалагт зээлийн төлбөрийг төлж байсан гэх боловч хэрэгт авагдсан Л.Чимгээгийн дансны хуулгаас үзэхэд А.Тунгалагийн зээлийн төлбөрт төлсөн гэх үндэслэл мөн тогтоогдоогүй болно... гэжээ. Гэтэл хэрэгт Л.Чимгээг гэрчээр дуудсан, Л.Чимгээгийн төрийн банкны дансны хуулга гаргуулах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж гарсан хэдий, гэрч Л.Чимгээ шүүх хуралд ирээгүй. Уг захирамжийн биелэлтийн дагуу дансыг шалган үзэхэд, данс эзэмшигч нь Л.Чимгээ нэртэй боловч дансны гүйлгээний 80 хувь нь А.Тунгалагаас хийсэн орлого болон мөнгө зээлэв, шилжүүлэг гэсэн утга бүхий баримтууд байгаа. Тухайлбал уг дансны хамгийн эхний гүйлгээ болох 2013.02.28-ны өдрийн гүйлгээгээр 1,800,000 төгрөгийг хадгаламж нээв А.Тунгалагаас гэсэн агуулгаар эхэлдэг болно. Эндээс дүгнэн үзэхэд л дансыг эзэмшиж, гүйлгээ хийж байгаа этгээд нь А.Тунгалаг болох нь эргэлзээгүй баримтаар нотлогдож байхад уг баримтын агуулгыг судлан үзэлгүйгээр нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд Б.Дашцэрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрээс Б.Дашцэрэнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Ганчимэг нь А.Тунгалаг, Б.Дашцэрэн нарт холбогдуулан Г.Ганчимэг, А.Тунгалаг нарын 2017.04.04-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, А.Тунгалаг, Б.Дашцэрэн нарын 2019.05.02-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Дашцэрэн нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Ганчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч А.Тунгалаг нь зээлийн гэрээний үүрэгт 638,357,542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг Г.Ганчимэгийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Г.Ганчимэгээс 330,288,505 төгрөгийг гаргуулан А.Тунгалагт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 175,516,002 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх Г.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ...330,288,505... гэснийг ...245,218,150... гэж, Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгч Г.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлагаа ...150,000 ам.доллар, 2012.08 дугаар сард 40,000 ам.долларыг зээлж авсан. ...Нийт дансаар 359,462,600 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. ... 2016.04 дүгээр сард намайг Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 ам.доллар байгаа энийгээ төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алданги тооцно, хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.Тунгалаг надаар 171,000 ам.доллар өгөх ёстой гэж бичсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж авсан... гэж тодорхойлсон байна.
Хариуцагч А.Тунгалаг ...190,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн юм. ...Би 2016 онд энэ эмнэлэг дээр очиж байгаагүй бөгөөд түүнийг эмнэлэгт хэвтэж байвал хүний хувьд эргэлтээр очих байсан уу гэхээс мөнгө нэхэж очих хүн чанаргүй хүн биш гэдгийг маань энэ олон жилийн хугацаанд мөнгө авч байхдаа ч би тэдэнд боломж гарган, хүлээцтэй хандаж олон жил өөрөө хүний өмнөөс хариуцлага үүрч явж байснаар гэрчлэгдэнэ. ...Г.Ганчимэг өөрийн гараар, өөрөө тооцоогоо бодож тооцоолоод 171,000 биш 174,000 ам.доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч надад өөрөө өгснөө худлаа бичиж байгаа нь он, сар, мөнгөн дүн, бичгийн хэв зэргээр тогтоогдоно... гэж мэтгэлцсэн байна.
Хоёр шатны шүүх Г.Ганчимэгийн бичсэн гэх 2017.02.06-ны өдрийн ...үлдэгдэл 175,000 ам.доллар өгөх нь үнэн болно... гэсэн тодорхойлолтыг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэжээ.
Шүүх Г.Ганчимэгийн бичсэн гэх 2017.02.06-ны өдрийн тодорхойлолтыг зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Учир нь шүүхээс Г.Ганчимэг 190,000 ам.доллараас хэдэн удаа, нийт хэдэн төгрөгийг хариуцагчид буцааж шилжүүлсэн, үүнээс зээлийн хүү, үндсэн зээлд ямар хэмжээгээр төлсөн болохыг тодруулаагүй, талуудын хооронд үлдэгдэл төлбөр 175,000 ам.доллар байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.
2. А.Тунгалаг 2017.04.03-ны өдөр нэхэмжлэгч Г.Ганчимэгийн компани болох Шинэ шидэт од ХХК-ийн Хаан банкны 5121004615 тоот зээлийн дансанд 99,290,660 төгрөгийг шилжүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, талууд 2017.04.04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулжээ.
Дээрх нөхцөл байдал зохигчийн маргааны зүйлд хамаарах, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу эрх зүйн ямар үр дагавар бий болгосон, зохигчийн хооронд үүссэн харилцааг хууль зүйн хувьд хэрхэн тодорхойлж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн талаар шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
3. Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 байр О/А тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө А.Тунгалаг, Б.Дашцэрэн нарын нэр дээр шилжсэнээс үл хамаарч Г.Ганчимэг эзэмшдэг болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Б.Дашцэрэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн хэлцэл хууль ёсны эсэхэд дүгнэлт хийхээс гадна Г.Ганчимэгийн эзэмшлээс шаардаж байсан, аливаа зардал, төлбөрийг төлж байсан зэрэг хэргийн үйл баримтад нөлөөлж болохуйц байдалд нэг бүрчлэн шүүхээс дүгнэлт хийж, Иргэний хуулийн 56, 90, 93, 101, 106 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай.
4. Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 байр О/А тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Тунгалаг Г.Ганчимэгээс 100,000,000 төгрөгт тооцож авсан, Б.Дашцэрэнд 206,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлажээ.
Маргааны зүйл болж буй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ хоёр өөр болсон талаар А.Тунгалаг тайлбарлаагүй, шүүхээс шалтгаан, нөхцөлийг тодруулж хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул зах зээлийн үнийг бодитой тогтоох нь зүйтэй.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэд тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00226 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00559 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.15-ны өдөр 3,230,000 төгрөг, 2020.04.22-ны өдөр 70,200 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД