Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1228

 

 

 

 

 

 

 

2019          12             12                                           2019/ДШМ/1228

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Ш.Шгийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Баттогтох,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/844 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Баттогтох нарын давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бийн Б, 1971 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Штай харилцан ярилцаж, дутуу баригдсан барилгад чинь Хонконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Бы 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ш.Шгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ..., ... дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг бусдын барьцаанд тавиулж Ш.Шд 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б овогт Бийн Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгаас 17.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Шд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч болох Ш.Шд 32.500.000 төгрөгийн хохирол учруулж шүүхийн шатанд хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Б.Б би өөрийн гэм буруугаа бүрэн ойлгож мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд саад учруулж байгаагүй. Б миний бие нь бага насны хоёр охин бие муу эхнэрийн хамт амьдардаг тул ар гэрийн байдал хохирлоо бүрэн төлж барагдуулсныг минь харгалзан үзэж ялыг минь тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтад хохирогч Ш.Шгийн өмчлөлийн орон сууцыг шүүгдэгч Б.Б нь шилжүүлэн аваагүй, тухайн 2 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ц.Б байна. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд заасан хууль ёсны өмчлөгч нь Ц.Б байтал Ш.Ш гэж дүгнэх боломжгүй. Хэрэгт авагдсан итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл юм. Итгэмжлэл олгогдсоноор тухайн хөрөнгийн өмчлөгч нь Ш.Ш байх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж заасан байна. Гэтэл шүүгдэгч Б.Б нь ямар нэгэн эд хөрөнгө шилжүүлж аваагүй, зээлийн барьцаанд барьцаалаагүй байхад тухайн 2 үл хөдлөх хөрөнгийг хуурч мэхлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Хохирогч Ш.Шгаас шүүгдэгч Б.Б нь мөнгө болон эд хөрөнгө аваагүй. Ямар нэг баримт хэрэгт байхгүй, ..., ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг Ш.Ш нь зээлийг барьцаалан шүүгдэгч Б.Бд ямар ч хэлбэрээр мөнгө өгөөгүй байхад өгсөн мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3. Мөрдөн шалгах ажиллагаанд санхүүгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлтээр 76.808.625 төгрөгийн хохирол учирсан гэж санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулаагүй ба мэдэгдээгүй нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Тухайн шинжээчийн дүгнэлтийн талаар шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

4. Тухайн хэрэгт шүүгдэгч Б.Б нь төлбөрийг төлсөн баримтыг Цагдаагийн байгууллагад өгсөн ба хэрэгт мөрдөн байцаагч нь хавсаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлсөн баримтыг мөрдөн байцаагч нь албан бичгээр авсан байтал хэрэгт хавсаргаагүй байна.

5. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчийн хуульд заасан эрхийг хангалгүй орхисон. Улсын яллагчийн яллах дүгнэлт алдаатай, тухайн хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй, яг хэн нь өмчлөгч, эзэмшигч болохыг ялгаж салгаж дүгнээгүй. Хохирлын хэмжээг тодорхой тогтоогоогүй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон хүсэл, санаа зорилго огт харагдахгүй, зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тодорхой хэсгийг хуулж бичих замаар гэм буруутайд тооцох болсон нөхцөл байдлыг бичсэнээс бус шүүгч уг хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон, үүнийгээ ямар нотлох баримтаар нотолж байгаа, тогтоосон нөхцөл байдал хуульд заасан хэм хэмжээ ямар шинжээрээ нийцэж байгаа талаар дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ш.Шгийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Би Бы өмгөөлөгчөөр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 32.500.000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэрэгт оролцож явсан. Б нь  Ш.Шг төлөөлөөд иргэний хэрэгт оролцож, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараад, давж заалдах гомдол гаргах байсан боловч шуудангийн хаяг буруу байсан шалтгаанаар давж заалдах гомдол гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл Ш.Шд гомдол гаргаж чадаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа Б.Бг иргэний хэрэгт оролцох тухай хүсэлт гаргасан тухай асуудал огт байхгүй. Б нь Б.Бд холбогдох хэргийг шалгагдаж байх явцад эрүүгийн хэргээс нотлох баримтаа татаад, иргэний хэрэг дээрээ өгөөд, шинээр илэрсэн нөхцөл байдал гээд, янз бүрийн хуулийн гаргалгаатай зүйл өөрөө хийгээд явсан боловч энэ хэрэг нь явсаар байгаад хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон. Дараа .нь зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар дахиад иргэний шүүхэд хандсан. Учир нь, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, Ш.Ш энэ мөнгийг  хүлээж аваагүй учраас Иргэний хуульд заасан ерөнхий агуулгатай нийцэхгүй гэдэг байдлаар шүүхэд хандсан боловч Иргэний шүүх анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр гарсан, нэгэнт өмнө авч хэлэлцсэн үйл баримтаа дахиж шүүх авч хэлэлцэх боломжгүй гэдэг байдлаар зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар дахиж шүүхэд хандах боломжгүй болсон. Тэгээд Бы өмчлөлд буй байр дуудлага худалдаагаар орж, эхний үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүхэд очоод, үнэлгээг хүчингүй болгоод дараа нь дахиад дуудлага худалдаанд орох болоход Б хүүгээ өмчлөгчөөр тогтоолгох болоод ингээд Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл түдгэлзсэн байгаа. Хамгийн сүүлд Дээд шүүхэд хүсэлт гаргаад хэрэг хэлэлцэх хугацаагаар энэ байртай холбоотой асуудал түдгэлзсэн байгаа. Б.Б гэдэг хүнээс болж Б нь их хохирсон. Учир нь байраа  алдах шатанд маш олон удаа тулж ирсэн. Гэхдээ үнэлгээтэй холбоотой, өмчлөх эрхтэй холбоотой хуулийн хүрээнд явсаар байгаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Бд байраа алдах боломж байсан. Анхан шатны шүүх 32.500.000 төгрөгөөр хохирсон гэж зөв дүгнэсэн. Ш.Ш эгчээсээ итгэмжлэл авсан. Учир нь энэ хүнд мөнгө хэрэгтэй байна. Та байраа түр өгөөч гэдэг байдлаар Б нь бүх эрхээ олгоод итгэмжлэл өгсөн. Хавтас хэрэгт буй итгэмжлэлд Б нь дүүдээ бүх эрхээ олгосон байдаг. Хохирлын асуудалд анхан шатны шүүхэд 15.000.000 төгрөг өгсөн түүнийг авсан. Үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд мөнгө өлсөн гэж өмгөөлөгч байнга ярьдаг боловч тэр баримт нь байдаггүй. Тэр баримт нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Шийдвэр гүйцэтгэлтэй хамаатай төлбөрийн асуудал энэ хэрэгт ямар ч хамаагүй. Зээлийн гэрээ бол хүүтэйгээ 48.000.000 гэж явж байгаа. Үндсэндээ 32.500.000 төгрөг ч биш юм, бодит байдал дээр шүүхийн шийдвэр 48.000.000 төгрөгийн хохирлын асуудал яригдаж байгаа юм. 32.500.000 төгрөгөөр зээлээ төлөөд ч уг байр нь зээлийн төлбөрөөс гарахгүй. Өнөөдөр хүртэл Б нь байраа алдах хэмжээнд ирсэн байгаа. Анхан шатны шүүх бодит хохирол 32.500.000 авсан байна гэдэг утгаар шүүхийн шийдвэр гаргасан. Одоо хүртэл хохирол төлөгдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг дахин шалгуулахаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч Б.Бгийн тухайд хохирол гомдлоо бүрэн төлж барагдуулсан гэдэг үндэслэлээр гомдлыг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч болон шүүгдэгчид нэгдсэн байр суурь алга байна. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  прокуророос яллаж оруулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн. Ингэхдээ анхан шатны шүүхээс бодит хохирлыг залилсан гэх үндэслэлээр шийдвэрлэсэн. Прокуророос оруулж ирсэн хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийхэд бусдын эзэмшлийн байрны  өмчлөлийн асуудал байна. Өмчлөлийн асуудлын нийт 76.808.625 төгрөгийн хохирлыг 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр үүсэн хор уршиг байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл учруулж байгаа  үйлдэл нь  өнөөдөр гарч байгаа хор уршгийн шалтгаант холбоотой байна гэж үзээд тухайн үед залилсан бодит хохирол биш, байрны өмчлөх эрхийн асуудал хөндөгдөж байна гэсэн үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шийтгэх тогтоол Б.Бгийн гэм бурууг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байгаа. Тухайн үед шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх прокуророос оруулсан яллах зүйл ангийг хөнгөрүүлэх хууль зүйн боломжтой гэдэг үүднээс ингэж шийдвэрлэсэн байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд боломжгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад Б.Б нь “би мөнгө авсан гэх боловч гэм буруугийн талаар залилж, бусдыг хуурч авсан үйл баримтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогддоггүй.  Тэгэхээр шүүх тухайн байдлыг хянаж үзээд Б.Бд 1 жилийн хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлуудад дурдсан асуудлууд хууль зүйн үндэслэлгүй байна. Өмгөөлөгч хохирогчийн асуудлыг урьд нь анхан шатны шүүхээс нэг мөр болгож ирсэн хэргийг прокурорт буцаасны дагуу Ш.Ш, Б нарын аль вэ гэсэн асуудлыг тогтоож Ш.Ш энэ хэргийн хохирогч байна. Тухайлбал Ш.Ш нь Б.Бтай тухайн үйл баримтыг үйлдэхэд харилцан бие биедээ итгэлцэн харилцан хохирогчоор тогтоож, Быг хохирогчоор тогтоогдсон шийдвэрийг хүчингүй болгож, гэрчээр энэ хэрэгт оролцуулж шийдвэрлэсэн. Энэ хэргийн нөхцөл байдал 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр болсон боловч удааширч, маш их цаг хугацаа алдсан. Тухайн үед прокурор эсэргүүцэл бичээгүй тул анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заахгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцаан дараах үндэслэлүүдийг тодруулан шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Үүнд: 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Прокуророос шүүгдэгч Б.Бг “2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ш.Шг төөрөгдөлд оруулж ...Ц.Бы итгэмжлэлээр Ш.Шгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн орон сууцыг бусдын барьцаанд тавиулж Ш.Шд 76.808.625 төгрөгийн хохирол учруулсан” гэж хэргийн агуулга, учруулсан хохирлын байдал, хэргийн үйл баримтыг ерөнхий байдлаар бичихдээ гэм буруугийн ямар хэлбэрээр, аль хохирогчийн эсрэг ямар үйлдэл хийж, хэнд ямар хохирол учруулсан талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүйгээс гадна шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоогоогүй прокурорын яллах дүгнэлт нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй болно.

2. Анхан шатны шүүх хэргийн байдлыг дүгнэхдээ “...Шүүгдэгч Б.Б нь Ц.Шаарийбууг хуурч П.Саруул-Очироос зээлийн гэрээгээр хүлээж авах 32.500.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн” гэж прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлснээс өөр байдлаар дүгнэсэн бөгөөд прокуророос түүнийг “76.808.625 төгрөгийн хохирол учруулсан” гэж ялласан дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг зааж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь бусдын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах замаар бусдын өмчлөх эрхэд халдсан уу, итгэмжлэлээр эрх олгосон этгээдийг хуурч зээлийн гэрээгээр халхавчлах замаар эд хөрөнгийг авсан уу гэх байдалд бодитой, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр “Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулж Ц.Шаарийбууд 76.808.625 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна... орон сууцыг барьцаанд тавьсан нөхцөл байдлыг иргэний хэргийн нэгэнт хянан шийдвэрлэсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй” гэх байдлаар харилцан бие биенээ үгүйсгэх өөр өөр хууль зүйн дүгнэлтүүдийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарна.   

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул энэхүү нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/844 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ