Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00020

 

                                                       *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2020/0011 дүгээр магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох 

Хувьцаа эзэмшигч *******гийн *******-д эзэмшдэг 568,572 ширхэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг тус компанид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хувьцаа *******-д эзэмшдэг 568,572 ширхэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг тус компанид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******-д эзэмшдэг 568,572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2020/0011 дүгээр магадлалаар: Хариуцагч *******-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******-д холбогдох 568,572 ширхэг хувьцааг худалдаж авахыг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 201/МА2020/0011 тоот магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******-д холбогдох 568,572 ширхэг хувьцааг худалдаж авахыг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа: 1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн эзэмшдэг хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлэх шаардлагаас татгалзсанаар үүссэн. Хариуцагчийн татгалзсан үндэслэлийн нэг нь хувьцааны үнийг хэдэн төгрөгөөр худалдах тухайд санал нийлээгүйтэй холбоотой байна гэжээ. Нэхэмжлэгч нь *******-ийн 2019.04.22-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өөрийн эзэмшдэг хувьцааны хувь хэмжээгээр компанийг хуваах санал шаардлагыг оруулсан боловч уг хурлаар компаний 51 хувийг эзэмшигчийн зүгээс татгалзаж, татгалзсан тухай тогтоол гарсан. Энэ шийдвэрийг ******* эс зөвшөөрч эсрэг саналтай байсан тул өөрийн эзэмшдэг 568,572 ш хувьцааг хуульд заасан үндэслэлээр буюу Компанийн тухай хуулийн 53-р зүйлийн 53.1-т заасны дагуу компаниас хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирал Ш.Баясгалан 2019.07.03-ны өдрийн 19/180 тоот албан бичгээр компанийн тухай хуулийн 54.6-г үндэслэн татгалзсан хариуг өгсөн. Нэхэмжлэгчийн өгсөн шаардлага нь Компанийн тухай хуулийн 54.2-т заасны дагуу шаардлагыг гаргасан. Хуульд зааснаар шаардах эрх үүссэн тохиолдолд уг шаардах эрхэд /Ктх. 54.2/ үнийг заах тухай огт байхгүй бөгөөд талууд Давж заалдах шатны шүүхийн хянаснаар хариуцагчийн татгалзсан үндэслэлийн нэг нь хувьцааны үнийг хэдэн төгрөгөөр худалдах тухайд санал нийлээгүйтэй холбоотой байна гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд санал солилцсон процесс огт явагдаагүй. Санал солилцсон ямар ч нотлох баримт хавтас хэрэгт байхгүй.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ зөвхөн 568,572 ш хувьцааг худалдаж авахыг даалгах гэж тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүйд хүрнэ. Худалдах худалдан авах харилцаа нь ерөнхий зарчмын хувьд сайн дураар үнээ тохирдог ба Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д зааснаар үнэ нь гэрээний гол нөхцөл юм. Гэвч энэ тохиолдол нь Компанийн тухай хуулийн 53-р зүйлийн 53.1-д зааснаар нэг талын шаардлагаар нөгөө тал буюу компани худалдаж авах үүрэгтэй байх шинжтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал хэдэн төгрөгөөр хувьцаагаа худалдахаар шаардаж байгаагаа тодорхойлохгүйгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хангах боломжгүйгээс гадна шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэж байна. Шүүхийн шийдвэр нь хариуцагчид ямар үүрэг хүлээлгэх нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай гэжээ. Шүүх энэ тайлбартаа Иргэний хуулийн 243-р зүйлийг хэрэглэсэн нь буруу юм. Харин Компанийн тухай хуулийн 53.5. Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг энэ эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авна гэж заасан байх тул тухайн үеийн зах зээлийн үнээр шууд худалдан авахаар ойлгогдохоор байна. Зах зээлийн үнэ гэдгийг мөн Компанийн тухай хуулийн 55.1. Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг хэлнэ гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуулийн 55.2. Энэ хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно гэжээ. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хувьцааныхаа үнийг тодорхойлоогүй байна гэж дүгнэснээрээ уг үнийг тогтоох эрх бүхий ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхэд халдсан. Мөн Компанийн тухай хуулийн 55.7.Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авах тохиолдолд хувьцааны үнийг хараат бус үнэлгээний байгууллага, аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тодорхойлно. 55.8.Нийтэд худалдагдаж байгаа хувьцаа болон бусад үнэт цаасны зах зээлийн үнийг тогтоохдоо үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын болон бусад арилжааны албан ёсны мэдээнд тусгасан сүүлийн зургаан сарын жигнэсэн дундаж ханшийг харгалзана. Гэж зааснаар хариуцагч компанийн ТУЗ хувьцааны зах зээлийн үнийг өөрсдөө дангаараа тогтоох боломжтой юм. Нэгэнт Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйл. Хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх журам, 55 дугаар зүйл.Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох гээд заагаад өгчихсөн тодорхой байхад нэхэмжлэгчээр үнийг тодорхойлуулахаар дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосонд давж заалдах шатны шүүхэд гомдолтой байна. Харин Адуунчулуун хувьцаат компани нэгэнт нэхэмжлэгчийн хувьцааг худалдан авахаар тогтоогдсон тохиолдолд ТУЗ нь хуульд зааснаар зах зээлийн үнийг тодорхойлоод нэхэмжлэгчид танилцуулах ёстой. Харин нэхэмжлэгч уг үнийг эс зөвшөөрвөл Компанийн тухай хуулийн 54.7-д заасны дагуу үнийн талаар маргааныг шүүхэд гаргаад явах нь зүй ёсных болно. Иймд ИХШХШТХ-ийн 176-р зүйл, 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 568,572 ширхэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба ... Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийнхээ хувиар тус компанийг хуваах тухай санал шаардлагыг гаргасан боловч компани татгалзсан тогтоол гаргасан бөгөөд өөрийн эрх хэмжээний дагуу өөрийн эзэмшдэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардсаныг татгалзсан тул шүүхэд хандаж байна гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан. Хариуцагч нь ... Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул компанийн зүгээс хувьцааг худалдан авахыг татгалзана. ... нэхэмжлэгч нь өөрийнхөө хувьцааг санхүүгийн хоёрдогч зах зээл дээр чөлөөтэй худалдах боломжтой гэж шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн *******-д эзэмшдэг 568,572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хариуцагч *******-д даалгаж, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн 568,572 ширхэг хувьцаа эзэмшигч мөн байна.

Тус компанийн 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд тус компанийг хуваах санал гаргасныг мөн өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэн Компанийг хуваах боломжгүй тухай №07 тоот тогтоолыг гаргажээ.

8. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг энэ эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авна гэж зааснаар нэхэмжлэгч *******гийн *******-д эзэмшдэг 568,572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ зөвхөн 568,572 ширхэг хувьцааг худалдаж авахыг даалгах гэж тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүйд хүрнэ. Худалдах, худалдан авах харилцаа нь ерөнхий зарчмын хувьд сайн дураар үнээ тохирдог ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнэ нь гэрээний гол нөхцөл юм. Гэвч энэ тохиолдол нь Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар нэг талын шаардлагаар нөгөө тал буюу компани худалдаж авах үүрэгтэй байх шинжтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал хэдэн төгрөгөөр хувьцаагаа худалдахаар шаардаж байгаагаа тодорхойлохгүйгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хангах боломжгүйгээс гадна шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэж байна. Шүүхийн шийдвэр нь хариуцагчид ямар үүрэг хүлээлгэх нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв хэдий ч маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтын хүрээнд Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

9.1. Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлээр хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах харилцааг зохицуулсан байх бөгөөд хуульд заасан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй гэжээ. Тухайлбал, нийлүүлэх, нэгтгэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах, түүнчлэн компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн, эсхүл компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан болон компанийн дүрэмд заасан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах үүрэгтэй байна.

9.2. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлээр Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах харилцааг зохицуулахдаа 31 дүгээр зүйлийн 31.4-т Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг хуваах гэнэ гэж тодорхойлжээ. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******гийн гаргасан Компанийг хуваах тухай санал, шаардлага-ыг хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл, тухайн компанийг хэрхэн, яаж хуваах талаар гаргасан тодорхой саналгүй, үйл ажиллагааг зогсоох болон шинээр үүсэх компанийн талаар ямар санал гаргасан нь ойлгомжгүй байна.

9.3. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******-д холбогдох 568,572 ширхэг хувьцааг худалдаж авахыг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2020/0011 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******-д холбогдох 568,572 ширхэг хувьцааг худалдаж авахыг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД