Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1229

 

 

 

 

 

 

 

2019          12            12                                           2019/ШЦТ/1229

 

Ц.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/3154 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ц.Цд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Цийн Ц, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мтай маргалдан улмаар толгойг нь цохих, чихийг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2304 дугаартай захирамжид хохирогч Ч.М, гэрч Н.Ууганбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаалгахаар заасан. Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа хэн нэгнийх нь зөвшөөрлийг авах шаардлагагүй байхад хохирогч Ч.Маас “гэрч Цэрэнноров, Н.Ууганбаяр нартай нүүрэлдэж мэдүүлэг өгөх үү” гэж асууж “Би нүүрэлдэж мэдүүлэг өгөхгүй. Татгалзаж байна” гэснээр мэдүүлэг аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Мөн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн захирамжийн заалтыг мөн биелүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж хуульчилсан. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Ч.М, гэрч Б.Цэрэнноров нарын мэдүүлгүүд нь хоорондоо ноцтой зөрүүгүй байх тул хохирогчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж, 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж тус тус заасан. Хохирогч Ч.Мын эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 658 дугаартай дүгнэлт тодорхой, бүрэн, эргэлзээгүй гарсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Цы өмгөөлөгч Д.Жамъяндагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул  хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/3154 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, мөн мөрдөн байцаалтын шатанд гаргасан ямар алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахыг, тухайн алдааг залруулахгүйгээр хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ямар ашиг сонирхолд хор хохирол учруулж байгааг тодорхой дүгнэхгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь буруу гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өрөөр хэлбэл анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар зөрчил гаргасан, тэр нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй ямар нөхцөл байдал үүсэх талаар тодорхой дүгнээгүй бөгөөд мөрдөн байцаалтаар тодруулахаар заасан ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/3154 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.Цд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/3154 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Цд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцтэл Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ