Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0414/З |
Дугаар | 128/ШШ2022/0154 |
Огноо | 2022-03-02 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2022/0154
2022 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 128/ШШ2022/0154 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,
Хариуцагч: З штаб,
.......... дугаар тендерийн үнэлгээний хороо
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э, Т.М
Гуравдагч этгээд М ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т
Маргааны төрөл: ............... дугаартай Хувцас хэрэглэл худалдан авах тендер шалгаруулалтын 4 дүгээр багцын шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э /цахимаар/, Т.М /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс З штаб, ............ дугаар тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан ЗХЖШ/202101010 дугаартай тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч З штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл худалдан авах гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ЗХЖШ/202101010 дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч З штабын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №4-ийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч З штабт даалгуулах тухай гэж тодруулжээ.
2. З штабаас зарласан зэвсэгт хүчний 2021 оны хэрэгцээт хувцас, хэрэглэл бэлтгэн нийлүүлэгчдийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн 4 дүгээр багцад зарлагдсан Цегейк захтай савхин дээл, савхин бээлий нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтын нээлтийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 07 минутад цахим системээр хийж, тендер шалгаруулалтын 4 дүгээр багцад Б ХХК /үнийн санал 260,975,500.00 төгрөг/, Б ХХК /үнийн санал 262,625,000.00 төгрөг/, М ХХК /үнийн санал 257,470,000.00 төгрөг/ нар оролцож, саналаа ирүүлсэн байна.
Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тендерийн шалгаруулалтын хурлаар аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийж Б ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, хамгийн сайн гэж үнэлэгдсэн М ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлыг Сангийн яам хянаад 6-1/1856 дугаар албан бичгээр ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчсөн хэмээн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.
Үүний дагуу тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр хурлаар тендерүүдэд дахин үнэлгээ хийж нэхэмжлэгч Б ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, хамгийн сайн гэж үнэлэгдсэн М ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, З штабын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1790 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б ХХК-ийн ирүүлсэн тендерээс шалгарсан аж ахуйн нэгж байгууллагаас өндөр үнийн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзаж байгааг мэдэгдэж, гуравдагч этгээд М ХХК-д гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дүгээр албан бичгээр мэдэгджээ.
Улмаар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр захиалагч болон М ХХК нарын хооронд Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №04 байгуулагджээ.
3. Нэхэмжлэгч нь ЗХЖШ/202101010 дугаартай Хувцас хэрэглэл худалдан авах тендер шалгаруулалтын 4 дүгээр багцад захиалагчаас 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дүгээр албан бичгээр М ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох болсныг мэдэгдэж, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр захиалагч болон М ХХК нарын хооронд Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №04-ийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2395 дугаар албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд Б ХХК-ийн тендерийн баталгаа 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүчинтэй байгаа тул гомдлыг хянах боломжгүй гэсэн хариуг хүргүүлснийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1/ З штабаас 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1790 тоотоор дахин үнэлгээ хийж, М ХХК-ийг дахин шалгаруулсан талаар мэдэгдэл ирүүлсэн байна. Дахин үнэлгээ хийхдээ тендер нээсэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш олон хоногийн дараа авсан нэмэлт материалд буюу 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн албан тоотод үндэслэж тендер шалгаруулсан байна.
2/ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1, 14.1.2-т зааснаар шалгарсан гэх байгууллага нь тендер нээсэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар татварын өртэй болохыг Сангийн яамнаас хянаж тогтоосон бөгөөд хууль, журмын дагуу ерөнхий нөхцөл хангаагүй тул Захиалагч хуулийн 27.4-д заасны дагуу уг тендерээс татгалзах ёстой.
Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.3.2-т Тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерээ электрон хэлбэрээр буюу PDF" форматаар гаргацтай, тод хөрвүүлж илгээх, ингэхдээ өөрийн санал болгож буй тендерийн үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулсан байх зэрэг хуулийн 53.5.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээ, 3.12-т "Тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нь бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь журмын 3.3.2-т заасан шаардлага хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзан үзэхгүй, 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ, 7.5-д Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл М ХХК-ийн хууль, журам, тендерийн баримт бичигт заасан эцсийн хугацаанд ирүүлсэн тендер нь дээрх журмын заалтууд болон хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шаардлага хангаагүй учир дахин үнэлгээ хийхдээ уг тендерээс шууд татгалзах ёстой гэж үзэж байна.
3/ Цахим системд ил болгосон мэдээлэл, тендерийн баримт бичиг шалгарсан гэх байгууллагын санхүү, татварын тайлан байхгүй байна. Тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу биш бол үүнийг ил болгох ёстой гэж үзэж байна. "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын 1.3-д зааснаар ил болгосон материалд энэ талаар бичгээр тайлбарласан ямар нэг мэдээлэл байхгүй байна.
Иймд "М" ХХК-ийн тендерийг дээрх байдлаар хууль зөрчиж шалгаруулсан хариуцагч байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа нь шударгаар тендерт оролцсон "Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул ЗХЖШ/202101010 дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч З штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч "Б ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч З штабт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Э ХХК-ийн хувьд манай байнгын нийлүүлэгч, үндсэн материал нийлүүлдэг, туршлагатай компани байдаг. Хамгийн гол зүйл бол оёдлын утасны даалт юм. Энэ нь бүтээгдэхүүнд маш чухал асуудал. Хэрэв оёдлын утасны даалт муу гарвал энэ бүтээгдэхүүн 2 жилийн эдэлгээг даахгүй урагдах эрсдэлтэй. Энэ асуудлаар би олон тендерт хасагдаж байсан. Яагаад ийм чухал үзүүлэлтийг анхааралдаа аваагүйг гайхаж байна. Бид 20 жилийн хугацаанд ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Хамгийн гол нь тендерийг шударга явагдахыг хүссэн. Байнга гомдол гаргадаг гэж байгаа ч энэ талаарх баримт байхгүй байна.
Сангийн яам тухайн компанийг татварын өртэй байгааг нотолсон бол тендерийн үнэлгээний хороо тендерээс татгалзахаар байдаг. Гэтэл татгалзаагүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Савхин дээл хийх материалын түүхий эдийн шаардлагыг стандартаар тодорхойлж өгсөн. Хурлын өмнө гаргаж өгсөн нотлох баримт энэхүү үндэслэлтэй хамаарна. MNS 0086:2002 гэдэг стандарт нь арьс шир хувцасны зориулалттай боловсруулсан арьс, техникийн шаардлагын стандарт юм. Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө. Стандартын 5.6-д тодорхой үзүүлэлт, шаардлагуудыг тухайлан хүснэгтээр харуулсан байна. Үүний 6-д оёдлын утасны даалт, гоёлын хувцасны хувьд 50 ньютон мм, өдөр тутмын тусгай зориулалтын хувцасны хувьд 70 ньютон мм байна гэж заасан. Үүнд хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс маргадаг, мөн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Тендерт оролцогч нарт өгөх зөвлөмжийн МNS 6414:2013 МNS 6415:2013 стандартуудыг баримтлахаар заасан. Дээр дурдсан MNS 0086:2002 стандартыг баримтлахгүй байж болно гэсэн утга бүхий тайлбар, дүгнэлтүүдийг хийсэн. МNS 6414:2013 МNS 6415:2013 гэдэг стандарт ондоо харилцааг зохицуулсан, ондоо үйл ажиллагааг журамласан стандарт юм. МNS 6414:2013 стандартын тухайд зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас ерөнхий шаардлага. МNS 6415:2013 стандартын тухайд зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас нэр төрөл хэмжээ. Энэ хоёр стандартаар зэвсэгт хүчний хувцас хэрэглэлийн үйлдвэрлэлд тавигдах стандарт шалгуурыг тогтоосон харилцааг журамласан, стандартжуулсан акт биш. Түүхий эд материалын стандартыг тодорхойлсон стандарт биш юм. Гагцхүү тухай асуудлыг MNS 0086:2002 стандартын шаардлагад нийцүүлж, бүтээгдэхүүний түүхий эдэд тодорхой шалгуур, шаардлагыг тавих ёстой. Энэ стандартад нийцээгүй гэж үзэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагыг тендерийн үнэлгээний хороо, захиалагч хангуулаагүй бөгөөд тухайн материалыг авч шалгаруулсан асуудал нь хууль зөрчиж байна. Техникийн шаардлагуудыг хангаагүй, татварын өртэй байгууллагын тендерийг шалгаруулж байгаа нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, тэмдэглэл үндэслэлгүй байна.
Мөн тендерийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд тендер хүчинтэй байх хуулийн зохицуулалттай байдаг. Тендер шалгаруулалт явж, эхний шийдвэр гарсны дараа Б ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргаж, гомдлын дагуу Сангийн яам шалгаруулалтын үйл ажиллагааг 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн байдаг. Түдгэлзүүлсэн 14 хоногийн хугацааг хасаж тооцсон ч энэ тендерийг 54 хоногийн хугацаа тендер нээснээс хойш өнгөрч дуусчихсан байх үед захиалагч М ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээг байгуулах зохицуулалт байдаг. Энэ хуулийн процессыг зөрчсөн байна.
Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцээгүй. Тендерийн үнэлгээний хороо хуралдаанаараа асуудлыг шийдвэрлэж, тэмдэглэл гарах ёстой. Тухайн тэмдэглэл шийдвэр байхаар хуульд зохицуулж өгсөн. Тухайн өдөр буюу 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаан болоогүй. Цахимаар хуралдсан тэмдэглэлийг харвал утсаар ярьж, санал авч шийдвэр гаргачихсан байдал тэмдэглэлээс харагддаг. Тендерийн үнэлгээний хороо 9 гишүүнтэй. 9 гишүүнээс 6 нь гарын үсэг зурсан бөгөөд 3 гишүүн зураагүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дуугаар зүйлийн 47.7-д үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, 47.8-д үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж тус тус заасан. Нэг гишүүн ч гарын үсэг зурахаас татгалзах боломжгүй. Хэрэв гарын үсэг зураагүй бол тухай дүгнэлт шийдвэрийг хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл байгаа. Энэ дүгнэлтийг үндэслэж захиалагч гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлж, улмаар гэрээ байгуулсан. Тэмдэглэлд гарын үсэг зураагүй 3 гишүүний тухайд н.М, н.Б гэсэн цэргийн алба хаагч хошууч цолтой хүмүүс байдаг. н.А болох энгийн гэж тодорхойлсон бүрэлдэхүүнд нь орж ажилласан хүмүүс гарын үсэг зураагүй байдаг. Гарын үсэг зураагүйтэй холбоотой тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа талаар ямар нэг тайлбар байдаггүй.
Мөн чухал нэг дурдах асуудал бол татвар, төлбөр, хураамж төлөөгүй зөрчил байх бөгөөд тендерийн ерөнхий шаардлагыг хангаагүй байх асуудлыг Сангийн яам эхний гомдлын дагуу шалгаж, шийдвэр гаргаж, тендерийг хүчингүй болгосон. Энэ зөрчил арилаагүй хэвээр байхад тендерийн үнэлгээний хороо 04 дүгээр сарын 20-ны өдөр дахин хуралдаж шийдвэр гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3-д заасныг харвал тухайн шийдвэрлэсэн асуудлаар Сангийн яамны дүгнэлт шийдвэр эцсийнх байх үр дагавартай байна. Татварын өртэй, татвар, төлбөр, хураамжийг төлөөгүй аж ахуй нэгж байна гэдгийг тодорхойлчхоод байхад тухайн зөрчил байсаар байхад энэ шийдвэрийг гаргаад байгаа нь тендерийн үнэлгээний хорооны алдаа гэж үзэж байна.
Мөн тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлийг харахад гишүүд дараах байдлаар өөрсдийн ярьсан зүйлийг тэмдэглэлд тусгуулсан байдаг. Гишүүдийн зүгээс гомдол гаргасан гээд Б ХХК шалгарч байх ёсгүй биз дээ, савхин дээл, савхин бээлийг дахин үнэлэх шаардлагагүй гэх байдлаар тайлбар дүгнэлтийг хэлсэн байдаг. Б ХХК 2021 онд саяны тендерт оролцоод ийм байдлаар асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна. 2020 онд мөн энэ тендерт оролцож, хууль бус шалтгаанаар Б ХХК-ийн тендерээс татгалзаж байсан. Улмаар гомдол гаргаж, буруу шийдвэр гарсан байна гэж үзэж Б ХХК шалгарч байсан. Захиалагч з штаб, тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн зүгээс гомдол гаргаж, өөрсдийн талд шийдвэрлүүлж байна гэдэг байдлаар асуудалд субьектив хандаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл захиалагчийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй, хууль зөрчиж, тендерт оролцогчдын эрхийг зөрччихөөд байхад гомдол гаргах ёсгүй байсан мэтээр гомдол гаргаад байгааг нь буруутгаж байгаа байдал харагддаг. Улмаар 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаан дээр үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргахдаа ч Б ХХК-ийн шалгаруулахгүй гэдэг байдлаар асуудлыг шийдвэрлэсэн байх боломжтой гэж нэхэмжлэгчийн зүгээс хардаж байна. Дээрх үндэслэлээр захиалагчийн шийдвэр, тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтүүд хууль зөрчсөн.
Б ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн гэдэг дүгнэлтүүдийг тендерийн үнэлгээний хорооны гишүүд хийсэн. Тэмдэглэлд авагдсан. Гагцхүү үнээр нь харьцуулж, М ХХК-ийг шалгаруулсан байдаг. М ХХК хэдий бага үнэ өгсөн боловч бусад байдлаар техникүүдийн шаардлагуудыг хангаагүй гэж үзэж, үнэлж байгаа тохиолдолд Б ХХК шалгарах нь ойлгомжтой байсан.
6414:2013 стандартын зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэл болон тэдгээрийг хүлээн авах, хоёрдугаарт тээвэрлэх, хадгалахад тавих ерөнхий шаардлагыг тогтооно гэдэг. 6415:2010 стандартын хамрах хүрээ нь Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас хэрэглэлийн ерөнхий ангилал, нэр төрөл, тэдгээрийн өмсгөл хэмжээнд хамаарна. Бид нарын дурдаад байгаа лабораторийн сорилын дүнд дурдагдаад байгаа MNS0086:2002 стандарт нь арьс шир боловсруулах болон савхин хувцасны оёдлын үйлдвэрүүдэд хамаарна гэдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх энэ процесст хамаарна. Хамрах хүрээг ингэж тодорхойлж, энэ стандартын шаардлагыг заавал мөрдөхөөр зааж өгсөн байдаг. Энэ стандарт өөрөө тухайн зохицуулагдах ёстой харилцаанд үйлчлэх ёстой. Заавал дагаж мөрдөх шинжтэй стандарт. Энэ стандартын шаардлагыг хангуулаагүйн үр дагавар нь 1000 цэргийн албан хаагчийн хувцасны эдэлгээнд нөлөөлөх юм.
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийг нөхөж авсан. Энэ албан бичиг дээр зөвхөн татварын асуудлыг дурддаг. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий шаардлагад татвар хураамж төлбөр гэж байдаг. Усны төлбөртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд хөнгөлж, чөлөөлсөн байсан гэж байна. Арьс ширний компаниуд арьсыг боловсруулахтай холбоотойгоор усыг бохирдуулдаг. Ус бохирдуулсны төлбөр гэж төлдөг. Энэ төлбөрийн асуудал яригдаж байгааг өмнөх анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээдийн төлөөлөгч хэлсэн байдаг.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэдэг асуудлыг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс мөн дурдсан. Нэгдүгээрт тендерийн асуудал бол яаралтай, түргэн шуурхай шийдвэрлэх маргаан байдаг. Тэр ч утгаараа захиргааны процессын хуульд тусгай журмаар шийдвэрлэхээр зааж өгсөн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд шүүхэд гомдол гаргах зохицуулалт байдаг. Мөн хуулийн 56.2-т тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 03-ны өдөр эсвэл 5 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдсан. Үүнээс хойш нэхэмжлэлээ шүүхэд гаргаад явж байна. Тендер нээхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, нээсний дараа Сангийн яаманд, гэрээ байгуулагдсан тохиолдолд шүүхэд хандахаар зохицуулагдсан байдаг.
Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаж байсан. Хөөн хэлэлцэх хугацааг тендер хүчинтэй байх хугацаанд хамааруулж, адилтгаж ярьж тайлбарлаж байна. Үүнийг хуульд нийцээгүй тайлбар гэж үзэж байна. Тендер хүчинтэй байх хугацаанд хуульд 30 хоног нэмэх нь 15 хоног сунгавал гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл ихдээ 45 хоног. 02 дугаар сарын 26-ны өдөр тендерийг нээсэн. 03 дугаар сарын 31-ний өдөр тендерийг түдгэлзүүлсэн. Энэ хугацаад 33 өдөр байна. 4 дүгээр сарын 13-ны өдөр тендер түдгэлзсэн шийдвэрийг хүчингүй болгож тендерийн үйл ажиллагаа үргэлжилсэн. Ингээд 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 20 хоног байна. Ингээд 54 хоногийн хугацаанд тендерийн үйл ажиллагаа явуулж, нээж, үнэлж, гэрээ байгуулж мэдэгдлийг өгсөн байдаг. Мэдэгдэл хүргүүлснээс хойш багадаа ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулна гэж заасан. 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, амралтын өдрийг хасаж үзвэл 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш гэрээ байгуулах ёстой. 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулав гээд дурдсан байсныг анхаарна уу. 5 дугаар сарын 05-ны өдөр гэсэн 05-ны өдрийн цифрийг гараар хэзээ тавьсныг тодорхойлох боломжгүй. Зориуд энэ хуулийн шаардлагад нийцүүлж, гараар тавьсан байх ч боломжтой нөхцөл байдал харагддаг. Худалдан авах ажиллагааны процесст гарч байгаа хамгийн чухал шийдвэр бол тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл буюу шийдвэр юм. Энэ тэмдэглэл дүгнэлт дээр бүх гишүүд гарын үсэг зурахаар байдаг. Өөрөөр хэлбэл гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэг шүүгчийн гарын үсэг зурагдаагүй байгааг зөвтгөх ямар ч боломж байхгүй. Үүнтэй адил энэ худалдан авах ажиллагаанд ч гэсэн яг энэ зарчим, шаардлага тавигдах ёстой.
Э ХХК-ийн асуудал яригдаж байна. Цахим сайтад хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд илэрхий байршуулсан байдаг бөгөөд би дөнгөж сая харлаа. Үүнд итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий албан тушаалтны мэдээлэл дээр Б-ийн О буюу гэрээнд гарын үсэг зурсан хүн байна. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулах, зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-д захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно гэж заасан. Татвар ч тэр хуулийн этгээдийн мэдээлэл лавлагааг ч тэр тендерийн үнэлгээний хороо нээлттэй үзэж, түүнийхээ хүрээнд дүгнэлтээ хийж тендерийг үнэлэх боломжтой. Цахим системд бүртгэлтэй мэдээллүүдийн хувьд зөвхөн заасан хүрээнд үнэлэхээр байдаг. Дахин нөхөж аль нэг газраас лавлагаа авах байдлаар тендерийг үнэлэхийг хуулиар зөвшөөрөөгүй.
Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хоёр үндэслэлийг хуульд зааж өгсөн бөгөөд энэхүү хоёр үндэслэл маргаанд байна. Нэгдүгээрт техникийн шаардлага хангаагүй, хоёрдугаарт процессын алдаа гарсан байдаг. Тендер шалгаруулах буюу худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулах тэр дундаа утсаар зохион байгуулахыг хууль журмаар зохицуулж, зөвшөөрсөн зүйл байдаггүй. Хөл хориотой байсан ч хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Аль ч цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч хуулийг хэрэгжүүлэхгүй байх зохицуулалтай байхгүй гэв.
5. Хариуцагч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/ З штабын 2021 оны хэрэгцээт хувцас, хэрэглэл худалдан авах ЗХЖШ/202101010 дугаартай тендерийн баримт бичиг, шийдвэртэй холбогдуулан оролцогчийн гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны 2021 оны Гомдол хянасан тухай" 6-1/1856 дугаар албан бичгийн дагуу савхин дээл, савхин бээлий /багц 4/-г худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасан үндэслэл, журмын дагуу дахин үнэлгээ хийж, "М" ХХК-ийг шалгаруулсан.
Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.7 дахь заалтад заасны дагуу гэрээ байгуулах шийдвэр, мэдэгдлийг цахим системд 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байршуулж, нийтэлсэн.
Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалаар батлагдсан "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам-ын 2 дугаар зүйийн 2.2, 2.5 дахь хэсэгт заасны дагуу тендерийн шалгаруулалт, гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс эхлэн ажлын 5 өдрийн дотор шалгарсан аж ахуйн нэгжийн нууцалснаас бусад баримт бичиг, мэдээлэл нь тендерийн цахим системд ил болох тул захиалагчийн зүгээс шалгарсан аж ахуйн нэгжийн баримт бичиг, мэдээллийг тусгайлан ил болгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.
Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд ЗХЖШ/202101010 дугаартай нээлттэй тендерийн багц 4-д оролцсон аж ахуй нэгжүүдийн тендерийн материалыг хэрхэн үнэлсэн, М ХХК-ийг шалгаруулсан үндэслэл зэргийг тодорхой дурдаж хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Энэ тендерт захиалагчийн хүсэж буй зүйл нь аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан шаардлагагүй гэдгийг тендерт оролцогч нарт өгөх зааварчилгаа, хүснэгтэд зааж өгсөн байдаг. М ХХК техникийн баримт бичигт санхүүгийн тайланг ирүүлсэн байдаг. Энэ талаар тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны 18.1-д байдаг.
Техникийн тодорхойлолтод захиалагч стандартын техникийн шаардлага гэдэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар батлагдсан загварыг баримтална. Хоёрдугаарт MNS 642013 MNS 6415:2013 гэсэн стандартыг баримтална гэж зааж өгсөн. Түүнээс нэхэмжлэгчийн яриад байгаа шиг MNS 0086: 2002 гэдэг энэ стандартыг захиалагч барина гэж техникийн тодорхойлолт буюу тендерт оролцогч нарт өгөх зааварчилгаанд дурдаагүй. Нэхэмжлэгч тухайн үед тендерт материал ирүүлэхдээ энэ талаарх залруулгыг хийж, эсвэл Сангийн яаманд энэ асуудлаар тодруулга эсвэл гомдол гаргах ёстой байсан. З штаб буюу захиалагч нь техникийн тодорхойлолтдоо хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хууль зөрчиж, тендер зарлачихсан юм шиг яриад байгаа нь ойлгомжгүй байна. З штаб MNS 6415:2013 MNS 6414:2013 гэсэн үндэсний стандарт Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажсан стандартыг барина гээд заачихсан. MNS 6415 2013 MNS 6414 2013 энэ стандартууд нь MNS оёдлын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн хувцас хэрэглэлийн оёдол нь MNS ISO 4916 2011, MNS ISO 4915 2012 гэсэн стандартуудыг баримтална гэсэн болохоос MNS 0086 2002 стандартын баримтална гэж дурдаагүй. Савхин эдлэлийн тендерт гурван компани оролцсон бөгөөд М ХХК, Б ХХК хоёулаа техникийн шалгуур үзүүлэлтээрээ шалгарсан байдаг. М ХХК бага үнийн саналаар шалгарсан. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.7-д зааснаар бага үнийн саналаар М ХХК шалгарсан.
Мөн татварын өрийн асуудлыг ярьдаг. Б компани ч гэсэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани. Тендер зарлаад явж байх үед хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зарим тохиолдолд төрийн байгууллага тодорхой хэмжээний хязгаарлалттайгаар ажилладаг байсан. Энэ үед худалдан авах ажиллагааны хурлыг зохион байгуулж, үнэлгээний асуудлыг хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүхэд энэ асуудлыг Монгол Улсад үүссэн цар тахалтай холбоотой нөхцөл байдалтай холбогдуулаад худалдан авах ажиллагааг цахимаар хийсэн байна гэж дүгнэсэн. Утсаар гэдгийг утсаар яриад хийчихсэн гэж буруу ойлгоод байна. Хүн бүр ухаалаг утас ашиглаж байна. Хаанаас цахимаар хурал зөвлөгөөнд оролцож байна.
Мөн гарын үсэг зураагүй гэсэн зүйлийг ярьдаг. Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан тендерийн үнэлгээний хуралдааны үйл ажиллагааны зохион байгуулалт гэсэн журам байдаг. Энэ журам дээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тухайн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Хууль болоод түүнийг дагаж гарсан хэм хэмжээ хуулийн адил хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой. Нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг харах нь зүйтэй. Татварын өртэй холбоотой асуудлын талаар нэмж хэлэхэд Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр тогтоол байдаг. Энэ тогтоолд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд уснаас чөлөөлөх асуудал байдаг. Үйлдвэрлэл, үйлчилгээ хийдэг компани аж ахуй нэгжүүдийн татвар, усны төлбөрийг чөлөөлнө гэж заасан байдаг. М ХХК-ийн хувьд татварын өр гээд байгаа нь усны төлбөрийн асуудал байсан. Усны төлбөрийн асуудал усны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг, дараа сардаа тухайн сарын төлбөр буюу тендерт баримт бичиг ирүүлсэн хоёр сарын усны төлбөр дараа сарын 10-ны өдрийн дотор төлөгдөх ёстой байсан. Сангийн яаманд зөвхөн татварын асуудал яригдсан бөгөөд М ХХК-ийн төлбөрийн асуудлыг тодотгож хэлсэн байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн татварын албан хэлтэс рүү хандахад ямар нэг өр төлбөргүй байна гэдэг зүйл яригдсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан ёсоор Татварын ерөнхий газраас мэдээлэл лавлагаа авч үзэхэд тендер шалгаруулалтын явцад М ХХК татварын ямар нэг өр төлбөргүй байсан гэдэг тодорхойлолтыг татварын мэргэжлийн байгууллага гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нөхөж авсан баримтаар гэдэг. Бид тендер шалгаруулалтын явцад цахим системээс татварын өр төлбөрийн асуудлыг шалгаж үзэхэд ямар нэг хууль дүрэм зөрчсөн асуудал байдаггүй.
Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусчихсан байхад гэрээ байгуулж, 54 хоногоо хэтрүүлсэн гэдэг. Гэтэл хуанлийн хоногоор Төрийн худалдан авах ажиллагааны хуульд гэрээ байгуулах мэдэгдэл өгснөөс хойш ажлын зургаан өдрийн дотор гэрээ байгуулна гэж заасан байдаг. Хуанлигаар үзэхэд 04 дүгээр сарын 26-ны өдөр М ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг захиалагч өгсөн. Тооцож үзвэл ажлын зургаан өдөр 05 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байдаг. Гэрээг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга М ХХК-ийн захирал хоорондоо баталж, байгууллагыг төлөөлж, Зэвсэгт хүчний 310 дугаар анги гарын үсэг зурсан байдаг. Үүнд ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 54 хоногоор хугацаа хэтэрсэн зүйл байдаггүй. Хуульд заасан ажлын зургаа хоногийн дотор гэрээ байгуулна гэдэг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж, гэрээг захиалагч болоод гүйцэтгэгч хоорондоо байгуулсан байдаг.
Тендерийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бус байна гэдэг зүйлийг хэлсэн. Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д техникийн шаардлага хангахгүй, техникийн тодорхойлолт буруу байна гэдэг хэм хэмжээг гуравдагч этгээдийн яриад байгаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тусгасан байдаг. Нэхэмжлэгч буюу оролцогч тал Тендерийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг зөрчсөн бол энэ тендерийг нээснээс буюу 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрх нээлттэй байсан. Энэ маргаан 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хороонд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаагаар явагдах асуудал байсан. Энэ нь шүүхийн шийдвэрлэх маргаан биш юм.
Б ХХК 2019 оны З штаб буюу цэргийн алба хаагчдын савхин дээлний тендерт шалгарсан нь үнэн. Ингэхдээ бэлтгэн нийлүүлж байх явцдаа цэргийн алба хаагч нартай ёс зүйгүй харьцдаг асуудлууд байсан. Удаа дараа Сангийн яаманд гомдол гаргаж байсан. Энэ болгонд захиалагч тухайн асуудлуудыг хүндэтгэн үзэх, нөлөөлөх шалтгаан гэж үзэхгүйгээр гурван компанийн ирүүлсэн тендерийн баримт бичиг, үнийн санал, техникийн шалгуур үзүүлэлт, санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг бүгдийг нь харьцуулж үзсэн. Энэ нь хууль хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. М ХХК Б ХХК хоёулаа шаардлага хангасан. Бага үнийн саналаар М ХХК шалгарсан. Тендерт оролцогч нарт өгөх зааварчилгаа, хүснэгтүүдэд захиалагч энэ стандартад нийцсэн материалыг авна гээд тодорхойлчихсон байдаг гэв.
6. Гуравдагч этгээдээс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/ М ХХК нь З штабаас зарласан ЗХЖШ202101010 дугаартай хувцас, хэрэглэл худалдан авах тендер шалгаруулалтын 4 дүгээр багцад оролцож, холбогдох тендерийн дүрэм, журмын дагуу оролцож, шалгарсан.
Манай компанийн зүгээс тендерийн шалгаруулалтад заагдсан материалыг хугацаанд нь бүрдүүлж өгсөн ба мөн түүнчлэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн TOӨЗ 18.1 (б)-д зааснаар 2020 оны жилийн эцсийн санхүү байдлын тайланг хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цахим санхүүгийн тайлангийн систем-д илгээсэн бөгөөд Нийслэл аудит компаниар аудит хийлгэж, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэсээр баталгаажуулалт хийлгэсэн, 2020 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг Цахим татварын систем-д хуульд заасан хугацаанд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр илгээж татварын албаар баталгаажуулсан.
Дээрх баримт нь нийтэд илэрхий буюу татварын албаны цахим системээс харах бүрэн боломжтой баримт бөгөөд манай компанийн зүгээс аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерийн материалд хавсарган хүргүүлсэн.
2021 оны 02 сарын 26-ны өдрийн байдлаар татварын цахим системийн тодорхойлолтод дутуу төлөлтөөр харагдаж байгаа дараах төлбөрүүд нь:
-Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 5,937,536.58 төгрөг, 6,145,573.50 төгрөгийн дутуу үлдэгдэл нь 2021 оны үл хөдлөх эд хөрөнгийн ногдолыг давхардуулж нэхэмжлэх үүссэнээс үүдсэн ногдол байсан бөгөөд үүнийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрйин 4/395 тоот албан бичгээр баталгаажуулж байна.
-"178015/0090 дугаартай 1002 м.кв газрын төлбөрийн 2021 оны ногдол 1,058,112 төгрөг нь татварын системд 423,245 төгрөг, 634,867 төгрөгийн үнийн дүнгээр 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэх үүссэн бөгөөд энэ төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар дээрх 423,245 төгрөг, 634,867 төгрөгийн төлбөр нь 178015/0090 дугаартай газрын 2021 оны бүтэн жилийн төлбөр /2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0122-2019/00875 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2 зүйлд зааснаар/ бөгөөд татварын цахим системд улиралд ногдох төлбөрийг бус бүтэн жилийн төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үүсгэсэн тул бид Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Энэ нь хуульд заасан хугацаа хэтрээгүй өр юм.
-2019 онд газрын төлбөр нь татварын цахим системд нэхэмжлэх үүсдэггүй байсан ба уг оны төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2,452,032 төгрөгийн /1,058,112 төгрөг-1002 м.кв газрынх, 1,389,696 төгрөг-1316 м.кв газрынх/ үнийн дүнгээр төлсөн.
- 2020 онд уг газрын төлбөрийн нэхэмжлэх татварын цахим системд 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 634,867 төгрөг, 423,245 төгрөгийн /2020 оны бүтэн жилийн төлбөр/ үнийн дүнтэйгээр нэхэмжлэх үүссэнийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан.
Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн дутуу үлдэгдэл 1,317,918 төгрөгийн дүн нь Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны илүү төлөлт 8,032,512 төгрөг /Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр нь 2019 онд Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны татвар нэртэй байсан/
- Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр-ийн илүү төлөлт 2,522,458 төгрөгийн дүнгийн зөрүүгээр хаагдана. Өөрөөр хэлбэл манай компани Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр-ийн татварт нийт дүнгээрээ 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар /одоог хүртэл/ 9,237,052 төгрөгийн илүү төлөлттэй болно.
-Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргааны Ус ашиглуулах дүгнэлтийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны усны нөөц ашигласны төлбөр 1,317,918 төгрөгийг 2020 оны төлбөртэй уялдуулан тооцож 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн. 2021 оны Ус ашиглуулах дүгнэлт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас баталгаажсан болно.
2/ Гуравдагч этгээд М ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр гэрээний дагуу 700 ширхэг хос бээлийг бэлэн болгосон бөгөөд энэхүү маргааны улмаас хүлээлгэн өгөх боломжгүй болоод байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу гуравдагч этгээд буюу М ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, эрхийг зөрчихгүй гэдэгт гүнээ найдаж байна.
Иймд дээр дурдсан тайлбараар "Б ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдох тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтийн доод талд тухайн дүгнэлт дээжид л хамааралтай бөгөөд бүхий л материалд хамааралтай дүгнэлт биш талаар тусгасан байдаг. Дээж гэж тал, талаасаа 10 см, 20 см-ийн хэмжээ бүхий арьсны өөдөс дээр шинжилгээ, дүгнэлтийг хийдэг. Түүнээс бүхий л арьсыг авч дүгнэлт гаргаж байгаа зүйл биш юм. Тухайн өөдөс дээр дүгнэгдэж буй хэлбэр юм. Энэ агуулгаар гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, боловсруулж байгаа арьсыг чанарыг шаардлага, стандарт хангаагүй гэж дүгнэх боломжгүй. Гуравдагч этгээдийн үйлдвэрлэсэн савхин дээл болон, савхин бээлийг чанарын шаардлага хангаагүй талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй. Дүгнэлт гараагүй байхад гарсан мэтээр тайлбарлаж байна.
Нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дуусчихсан тохиолдолд хэн аль нь гэрээг байгуулах, мөн тендер зохион байгуулагдах боломжгүй болно. Хугацаа дуусчихсан бөгөөд гэрээ байгуулахыг даалгах, шийдвэр биелэгдэх боломжгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэл үндэслэлгүй байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамнаас ирүүлсэн өнөөдрийн маргаж байгаа тендертэй холбоотой, татварын өртэй аж ахуй нэгжүүдийг шалгаруулсан эсэх, үүнийг шалгаж, дахин үнэлгээ хий гэсэн дээд байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу үнэлгээний хороо хуралдаж, нэгдүгээрт татварын өргүй, М ХХК-тай холбоотой Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс албан бичиг ирсэн бөгөөд үүнд ногдуулалтын буруу бодолттой холбоотой асуудал байсан учраас энэ залруулагдаад 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр ирсэн байна гэдэг.
Дээр дурдсан тендер нээж, 26-ны өдөр гомдол гаргаж, үүнтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан бол Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байдаг. Сангийн яаманд гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д заасны дагуу шийдвэрлэнэ. Хэрэв өнөөдрийн хэлсэн үндэслэлээр мэтгэлцэж байгаа ол 04 дүгээр сарын 13-ны өдөр хариу ирсэн бөгөөд үүнээс хойш дахин үнэлгээ хийж, шалгаруулалтын хугацаа 30 хоног буюу Тендерийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан 30 хоногийн дотор Тендерийн үнэлгээний хороо, хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс энэ үнэлгээг хуульд заасан 30 хоногийн хугацаанд гэрээг байгуулсан. Үүнд ямар нэг байдлаар хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн хугацааг тендер нээсэн буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тоолох хууль зүйн зохицуулалт байхгүй. Үүнээс тоолж механикаар 05 дугаар сарын 05-ны өдрийнх гээд 54 хоног гэж тоолж байгаа нь буруу юм.
2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар М ХХК татварын өртэй байсан эсэх асуудал. Үүнийг шүүхээс 2021 оны 07 дугаар сард Татварын ерөнхий газар болон Монгол Улсын Засгийн газар руу нотлох баримт гаргуулах албан тоот явуулж, татварын өр төлбөртэй байсан эсэх талаарх лавлагааг авахад 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар болон өнөөдрийн байдлаар татварын өр төлбөргүй байсан талаар ирсэн.
Техникийн тодорхойлолтод заасан шаардлага буюу оёдлын утасны даалттай холбоотой асуудлаар мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Оёдлын утасны даалт гэдэг зүйл энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн хамааралтай юм бэ гэдэгт онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй. Тендерт оролцогч нарт өгөх зааварчилгаа баримт дээр техникийн тодорхойлолт гэдэг асуудалд Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан тушаалын дагуу батлагдсан MNS 6415 2013 MNS 6414 2014 гэсэн хоёр стандартыг тавьсан байдаг. Энэ стандартад нийцсэн техникийн шаардлагад нийцсэн хувцас хэрэглэл авна, энэ стандартаар хийгдсэн савхин дээл, савхин бээлий авахаар байдаг. Энэ стандартыг өнөөдөр тендерт оролцож байгаа аж ахуй нэгжүүдийн өгч байгаа материал, техник хэрэгсэл, нийлүүлэх гэж байгаа бараа бүтээгдэхүүн энэ стандарт техникийн шаардлагад нийцэж байна уу гэдгийг хянахаас биш хамааралгүй бөгөөд мөрдөгдөж байгаа бүх стандартыг ярьж маргах нь хууль зөрчсөн асуудал юм. Захиалагчаас ирүүлсэн тендерийн материалд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр техникийн тодорхойлолт сорилын дүнгээр гаргасан асуудалд хариуцагч, гуравдагч этгээдийг буруутгах нөхцөл байдал байхгүй.
Мөн техникийн тодорхойлолт өөрөө хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа бол өнөөдрийн маргаанд хамаарахгүй бөгөөд тендерийн баримт бичиг боловсруулалттай холбоотой асуудал хууль зөрчсөн байна гэж байгаа бол тендер нээхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Сангийн яам, холбогдох байгууллагад түүнтэй холбоотой гомдлыг гаргах байсан. Өнөөдөр шалгарсан байгаа аж ахуй нэгж энэ шаардлагыг хангаагүй учраас техникийн шаардлага хууль бус байна гэж болохгүй.
Тендерт оролцож байгаа аж ахуй нэгж Б ХХК байдаг. Гэтэл тендерт өгсөн сорилын дүнг Э гэдэг ХХК-ийн материал дээр өгсөн байдаг. Өөрийнх нь гаргаж өгсөн материал энэ байгууллагатай гэрээ байгуулахыг даалгах, материал тендерт хуулийн шаардлага хангасан байна гэж үзэх ямар ч боломжгүй нөхцөл байдал байдаг. Тухайн байгууллагын талаар авч үзвэл, бэлтгэн нийлүүлэх гэрээ гэдэг зүйлийг хэрэгт хавсаргаж өгсөн байдаг. Бэлтгэн нийлүүлэх гэрээг өгч байгаа бол тендерт оролцогч нарт өгөх зөвлөгөө, түүнд заасны дагуу хамтран ажиллаж байгаа асуудал юм. Хэрэв хамтран ажиллаж байгаа бол тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны дагуу түншлэлийн гэрээ байгуулж, түншлэлийн гэрээний дагуу оролцож байгаа аж ахуй нэгжтэй холбоотой, түүний татварын өр төлбөртэй холбоотой бусад бүхий л тавигдаж байгаа шаардлагыг хангасан материалыг өгөх ёстой. Энэ байдаггүй. Хамтарч оролцож байгаа буюу туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа бол тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны 18.1.ж-д тендерт оролцож байгаа аж ахуй нэгж тухайн тендерийн үнийн дүнгийн 10 хувиас давсан хэмжээний туслан гүйцэтгэгч оролцож байгаа бол мөн материал ирүүлэх ёстой гэж заасан байдаг. Бэлтгэн нийлүүлэх гэрээнд 1,620,000 төгрөгийн үнийн дүнтэй тоо ширхэг бүхий арьс авна, үүний нэг ширхгийн үнэ 270 төгрөг байна, үүнийг үржүүлбэл 437,400,000 төгрөгийн бэлтгэн нийлүүлэх гэрээ байдаг. Нэхэмжлэгчийн өөрийнх нь өгсөн тендерт ирүүлсэн материал шалгарах ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага өгсөн материалаасаа авхуулаад хууль бус байна.
Гуравдагч этгээдээс техникийн сорилтын дүн гэдэгт савхин дээл болон савхин бээлий дээр аль алин дээр нь материал ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс ирүүлсэн материал дотор савхин бээлийний стандарт, түүнийг шалгасан сорилын дүнтэй холбоотой материалыг нэхэмжлэгчийн тендерийн баримтаас би хараагүй бөгөөд байхгүй байна. Техникийн шаардлагад тавьсан материалыг өгөөгүй байж бид шалгарах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй ч нэхэмжлэгч үнэхээр өртэй гэж үзэж байгаа бол түүнийг нотолсон баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ талаарх нотлох баримт байхгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахад хэрэгт авагдсан 1,300,000 сая төгрөгийн усны төлбөр болох өртэй холбоотой баримт байдаг. Энэ төлбөртэй холбоотой асуудал 2021 оны төлбөр гэдэг нь баримтаар тогтоогддог. Ус бохирдуулсны төлбөр Усны тухай хуульд заасны дагуу энэ төлбөрийг хэрхэн төлөх талаар зааж өгсөн. Тус хуульд тухайн улирлын дараагийн сарын эхний 20 хоногт төлбөрийг төлөхөөр зааж өгсөн.
2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Засгийн газрын тогтоолоор хатуу хөл хорио тогтоож, тодорхой 16 тооны аж ахуй нэгж ажиллаж, бусад байгууллагууд хаалттай, хөл хориотой байсан. Энэхүү нөхцөл байдалд тендерийн үнэлгээний хороо 30 хоногийн дотор хуралдаж, сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу асуудлыг шийдвэрлэсэн. Утсаар гэдэг асуудал өмнөх шүүх хуралдаан дээр яригдаж байсан бол сая ч яригдаж байна. Утсаар гээд хэлчихээр утсаар ярьж байгаа асуудал биш юм. Одоо ч гэсэн хариуцагч тал энэ шүүх хуралдаанд утсаар холбогдож оролцож байна. Цахимаар оролцсон иргэд гарын үсэг зурах боломжгүй, мөн нотлох баримт шинжлэн судлахад 100 хувийн гишүүдийн саналаар М ХХК-ийг шалгаруулсан. Өнөөдөр хариуцагчаар татагдсан үнэлгээний хорооны төлөөлөгч сууж байна. Үүнд ямар нэг байдлаар маргаан байхгүй бөгөөд үнэлгээний хорооны гишүүд эсрэг саналтай байсан ч гарын үсгийг зуруулахгүй байна гэдэг асуудал гаргаагүй. Энэ асуудал ямар нэг байдлаар хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй.
04 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл өгсөн. 04 дүгээр сарын 26-ны өдөр даваа гариг байсан. Ажлын зургаан хоногийг тооцвол 6 дахь хоног 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч тал өөрсдөө өмнөх шүүх хуралдаан дээр маргаж байсан тэмдэглэл дээр тусгагдсан байгаа 6 дахь хоног гэдэг асуудал яригдвал 05 дугаар сарын 04-ийн өдрөөр дуусгавар болох юм байна гэж маргадаг. Энэ гэрээ албан ёсоор баталгаажиж албажсан өдөр 05 дугаар сарын 05-ны өдөр юм. Үүнд 6-аас доошгүй хоногийн өмнө гэрээ байгуулсан зүйл байдаггүй. 6-аас доошгүй хоногийн өмнө гэрээ байгуулсан асуудал нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл байхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд хугацааг тодорхойлсон. Хөөн хэлэлцэх хугацааг тусгайлсан зүйл биш. Захиргааны эрх зүйн харилцаанд оролцож байгаатай холбоотой хугацааг хэрхэн тоолохыг тодорхойлсон. 30 хоног гэдэг нь шийдвэрлэх хугацаа. Энэ 30 хоногийн хугацаанд хэн нэг этгээдээс санал гомдол гаргах юм бол энэ асуудал тасалдана гээд хуульд зааж өгсөн. Нэгэнт хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа бол 30 хоног шинээр тоологдох юм.
Э ХХК-тай холбоотой бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, энэ компани арьс нийлүүлэхгүй бол нэхэмжлэгч захиалагчийн өмнө ямар ч үүргийг биелүүлэх боломжгүй. Энд тайлбарлахдаа өөр аж ахуй нэгжтэй холбоотой асуудал, өөр тендертэй холбоотой нийт тендерт оролцохтой холбоотой бэлтгэн нийлүүлэх гэрээ гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс тендерийн материал ирүүлэхдээ өгч байх ёстой баримт юм. Мөн татварын өр төлбөртэй холбоотой асуудал нотлох баримт шинжлэн судлуулахад орхигдуулсан байна. 2 дугаар хавтаст хэргийн 168 дугаар талд авагдсан. Гуравдагч этгээдийг буруутгаад байгаа асуудал 2021 оны асуудал юм. Гэтэл өнөөдрийн хамаарал бүхий асуудал 2019, 2020 онд татварын өр төлбөртэй байсан эсэх асуудал юм. Эдгээр нөхцөл байдал илэрхий байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрснийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
1. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ТОӨЗ 18.1 (б)-д Аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг өөрийн тендерт ирүүлэх шаардлагагүй, 2019, 2020 оны тайлангаас шаардлагатай мэдээллийг цахим систем ашиглан шалгана гэж заасан.
Нэхэмжлэгч тендерийн баримт бичигтээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/29 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газраас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэж мэдээлсний дагуу Үнэлгээний хорооны цахим сангаас авсан гэх тодорхойлолтод 1,317,918.00 төгрөгийн Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн үлдэгдэлтэй гэжээ.
Гэвч Тендерийн баримт бичигт 2019, 2020 оны тайлангаас шаардлагатай мэдээлэл цахим сангаас шалгахаар заасан бөгөөд 2021 оны аливаа төрлийн татварын төлөгдөөгүй үлдэгдэл нь тус тендер шалгаруулалтад хамаарахгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан татварын өрд тооцогдохгүй юм.
Мөн гуравдагч этгээд нь тендер нээх үед буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар татварын өр төлбөргүй болох нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/396, Татварын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1750 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй; гэж зааснаар Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: 47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх;, 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана. гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Үнэлгээний хорооны хуульд заасан эрхийнхээ хүрээнд боловсруулсан Тендерийн баримт бичгийн Багц №4-ийн техникийн тодорхойлолтод ... MNS6414:2013, MNS6415:2013 стандартын шаардлагыг баримтална гэж заасан нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргах учиртай байжээ.
Тендерийн баримт бичигт MNS6414:2013, MNS6415:2013 стандартын шаардлагыг баримтлахаар заасан бөгөөд тендерийн техникийн тодорхойлолтод оёдлын утасны даалт хэд байх талаар нарийвчлан тусгаагүй тул М ХХК-ийн бэлтгэн нийлүүлсэн бүтээгдэхүүний оёдлын утасны даалт MNS0086:2016, MNS ISO 23910:2016 стандартын шаардлагыг хангаагүй гэж дүгнэх боломжгүй, М ХХК-ийн ирүүлсэн хувцасны зориулалттай арьсны оёдлын утасны даалтнаас хамаарч тендерээс татгалзах үндэслэлгүй юм.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Сангийн яам тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэнийг тендерийн Үнэлгээний хороо хүлээн авч, дахин хянан үзэхдээ нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзаж, М ХХК-ийг шалгаруулсан ЗХЖШ/202101010 дугаар тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг зөрчөөгүй байна.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна., Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., 33.16-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж тус тус заажээ.
Хариуцагч Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэснээр тендерийн хугацааг шинээр тоолж эхлэх бөгөөд тендер хүчинтэй байх 30 хоногийн хугацаанд тендерийн зохион байгуулж дуусгасан нь дээр дурдсан хуулийн заалтад нийцсэн гэж үзлээ.
Мөн Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрт үндэслэн захиалагч З штабын дарга 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дүгээр албан бичгээр гэрээ байгуулахыг мэдэгдсэний дагуу М ХХК-тай Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх 04 тоот гэрээ-г 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасантай нийцжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ: 42.1.2.захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан; 42.1.3.энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн. гэж зааснаар гэрээг хүчингүй болгохоор байна.
Хэдийгээр гэрээний эхний хэсэгт 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэсэн өөр огноотой боловч 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зурсан нь тогтоогдож байх тул тус гэрээг хуулийн дээрх заалтад зааснаар хүчингүй болгох үндэслэлгүй байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд халдвар тархалтын улаан түвшинг тогтоож төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимыг чанд мөрдүүлэхээр арга хэмжээ авсан байх бөгөөд үүнтэй уялдан Үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар хуралдаж, тухайн хуралдааны тэмдэглэлд 3 гишүүний гарын үсэг зурагдаагүй байгааг буруутгах боломжгүй.
Иймд ЗХЖШ/202101010 дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №4-ийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч З штабт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗХЖШ/202101010 дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл-ийн биелэлтийг түдгэлзүүлсэн 5109 дүгээр захирамжийн үйлчлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээрзүйлийн 61.3-д Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан ЗХЖШ/202101010 дугаар тендерт М ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч З штабын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, М ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №4-ийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч З штабт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ