Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 485

 

С.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02513 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Оын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц-арт холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Орхон аймгийн Ус цаг орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Ц-рын даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/84 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн гэрээг Ус Ц-рын даргатай байгуулсан, Орхон аймгийн Ус Ц-ар нь 2013, 2014, 2015, 2016 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланд аймгийн Аудитын газраар аудит хийлгэж, зөрчилгүй дүгнэлт авсан. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай "Орхон аймгийн Ц-рын 2015, 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх” удирдамжийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамны дотоод аудитын хорооны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17/07 дугаартай Дотоод аудитын ажлын тайланд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Албан тушаалаас чөлөөлөх тушаалд 17/07 дугаар Дотоод аудит хийсэн дүнгийн тухай тогтоолыг үндэслэсэн нь хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар би Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай биш Ц-рын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажилтан нь "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны дотоод аудитын хороог ажил олгогч буюу Ц-рын дотоод аудит гэж үзэхгүй.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт би хамааралгүй бөгөөд энэ тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол бий. Мөн тушаалд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00842 дугаар тогтоол болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэл болгосон нь ажлаас халахтай ямар ч холбогдолгүй.

   Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Ц-ар шүүхэд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуучлалын сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2016 оны А/32 дугаар тушаал гарсан. Тушаалын хавсралтаар С.Оыг Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсоныг С.О эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг хэлэлцээд Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00842 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

   С.О албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан алдаа дутагдал гаргасан нь дээд шатны болон хуулийн байгууллагын удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон ба шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. С.О нь өөрийн цалинг дур мэдэн нэмэгдүүлсэн, дээд шатны байгууллагын шалгалтаар алдаа зөрчил гаргасан болохыг Авилгатай тэмцэх газрын албан бичгээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тогтоосон. Бүтэц, зохион байгуулалтын хувьд Орхон аймгийн Ус Ц-рын дээд байгууллага нь яам, агентлаг юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оыг Орхон аймгийн Ус Ц-рын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ц-раас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 792 664 төгрөгийг гаргуулж, С.От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ц-арт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагч Ц-раас улсын тэмдэгтийн хураамжид 232 032 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь заалтыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Байгаль орчин аялал жуучлалын сайдын баталсан 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 05 дугаартай удирдамжийн дагуу Орхон аймгийн Ц-рын 2015 он, 2016 оны 1,2,3 дугаар улирлын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтаар С.О нь Нягтлан бодох бүртгэлийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх "... С.Оыг 5 төрлийн зөрчил гаргасан..." гэж дүгнэж, харин Орхон аймгийн Аудитын газар зөрчилгүй санал дүгнэлтийг хүргүүлсэн гэж хэрэгт авагдсан бичгийн баримтуудын утга агуулгыг өөрөөр илэрхийлж эргэлзээтэй дүгнэсэн.

Нэхэмжлэгч С.О нь яамны дотоод аудитын дүгнэлтийн талаар маргаагүй, зөрчил гаргаагүй гэж гомдол гаргаагүй байхад аймгийн аудитын газрын дүгнэлтээс яам өөр дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, аймгийн аудитын бичгийг харьцуулан үзэхгүй зөрүүтэй дүгнэлтээр С.Оыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

Шүүхийн дүгнэлтээр С.Оын гаргасан зөрчлийг тогтоосон яамны дүгнэлтийг хэрхэн, ямар баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч зөрчил гаргаагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Мөн яамны удирдамжийн дагуу шалгалт хийсэн "Ч.Цэцэгдэлгэр, Ц.Пүрэвмаа нар санхүүгийн улсын байцаагч, аудитын эрхтэй эсэх нь тодорхойгүй”, санхүүгийн үйл ажиллагааг дүгнэж урамшуулал олгосон боловч 8 хоногийн дараа санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь анхан шатны шүүх ямар шалгуураар 2 дүгнэлтийн алийг хүчин чадлын хувьд давуу гэж үзсэн нь ойлгомжгүй.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэсэн ойлголтод хамруулан ажлаас халсан нь үндэслэлгүй гэх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдлуудыг үүсгэсэн гэж үзэж байна.

Авлигатай тэмцэх газрын тушаалд дурдсан зөрчил нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлд хамаараагүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтаны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй"-д АТГазрын шалгалтаар өөрийн хамтран амьдрагч Ц.Энхтогосыг ажилд томилж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтыг зөрчсөн зөрчилд хамаарч байхад илтэд өрөөсгөл дүгнэсэн.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг ажил олгогч хэтрүүлсэн гэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар С.Оыг ажлаас халсан А/92 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандаж тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа Б/84 тушаал гарах нөхцөл байдал үүссэн нь хүндэтгэн үзэх байдал гэж үзнэ. Гэтэл шүүх “Улсын Дээд шүүхийн тогтоолыг Б\84 тушаалд үндэслэсэн нь ойлгомжгүй", гэж мөн хариуцагчийн гаргасан зарим нотлох баримтуудыг үнэлэхгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэнээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ц-арт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч байгууллагын дарга 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б/84 тоот тушаал гарган Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00842 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дотоод аудитын хорооны 2017 оны 17/07 дугаар тогтоол, тус газрын даргын 2016 оны А/92 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/3739, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 1/2718 тоот албан бичгийг тус тус үндэслэн С.Оыг ажлаас халсан үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажилтанд хамаарахгүй, яамны аудит нь дотоод аудитад хамаарахгүй” гэж, хариуцагч нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч, тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан хамаарна” гэж тус тус тайлбарлан, талууд мэтгэлцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч, тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан хамаардаг.

Нэхэмжлэгч С.О нь Орхон аймгийн Ус Ц-рын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд байгууллагын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд болох төсвийн шууд захирагч тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажилтанд хамаарахаар байна. Анхан шатны шүүх хуулийн энэ талаарх заалтыг буруу тайлбарлан оновчгүй дүгнэлт хийсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжийг зохицуулжээ.

Зохигчдын шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох Орхон аймгийн Аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 19 тоот дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн удирдаж буй газрын 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Орхон аймгийн Ус Ц-рын 2015, 2016 оны 1-3 дугаар улирлын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, “санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, төрийн албаны стандартыг зөрчсөн, боловсон хүчний мэдлэг чадвар сул, салбарын үйл ажиллагаа доголдсон, мөн нэхэмжлэгчийг менежерийн үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Дээрх хоёр дүгнэлт зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцагч тал, нэхэмжлэгчийн гэм бурууг нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийг мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтныхаа хувьд ажил олгогчийн итгэлийг алдаж байгууллагад хохирол учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

Мөн Авлигатай тэмцэх газраас хариуцагч байгууллагад хүргүүлсэн 05/3739 тоот албан бичиг нь “...С.Оыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байхыг анхааруулж, гаргасан зөрчилд нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-д заасан хариуцлага тооцох”-ыг мэдэгдсэн агуулгатай болохоос нэхэмжлэгчийг эд хөрөнгө хариуцан ажиллаж байсантай холбоотой итгэл алдсан зөрчил гаргасныг нотолсон баримт биш юм. Иймээс нэхэмжлэгч С.Оын ажил олгогчийн итгэлийг эвдэн байгууллагад хохирол учруулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагч байгууллагыг хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцжээ.

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаанд хамааруулан тайлбарласан нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ц-ар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ч.ЦЭНД