Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/02255

 

2019 оны 10 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2019/02255 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух, Б /РД..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н  /РД..../-т холбогдох,

 

С  ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч  би өөрийн өмчлөлийн ХУД, ..... тоот байшинг барьцаалан ОБанк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлээ эргүүлэн төлж чадаагүй тул Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны 02299 дугаар шийдвэрээр ОБанк бус санхүүгийн байгууллагад 194,024,500 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар шинжээч томилох тогтоолын дагуу ХУД, 4 хороо. .......тоот байшингийн зах зээлийн үнийг тогтоох үнэлгээг С  ХХК хийсэн. Уг компанийн хийсэн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ....... дугаар мэдэгдэлээр хүргүүлсэн байна. 1. Хөрөнгийн унэлгээ зах зээлийн бодит унэлгээ болж чадаагуй гэж үзнэ. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо газрын үнэ ханш гэсэн хэсэгт 2017 оны 5 дугаар сарын байдлаар газрын үнэ ханшийг тооцож авсан нь цаг хугацааны хувьд бодит нөхцөлд нийцэхгүй дүгнэлт гарчээ гэж үзэхээр байна. 2. Тайлан нь Хөрөнгийн унэлгээний тухай хүүльд заасан шаардлага хангахгуй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд тайланд тусгах мэдээллийг хуульчилсан байх ба 9.3.1-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл гэжээ. Хөрөнгө үнэлгээний тайлангийн Гурав. Гүйцэтгэгч компанийн талаарх мэдээлэлд С  ХХК-ийн мэдээллийг тусгахдаа Даатгалын нэр гэсэн хэсэгт Монгол даатгал ХХК гэсэн нь үнэлгээчин О  нь хариуцлагын даатгалтай эсэх талаарх хуульд заасан мэдээлэл тусгагдаагүй гэж үзнэ. Иймд үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул ХУД, 4 хороо, .......тоот үл хөдлөх эд хөрөнгөд С  ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  2019.10.23-ны өдрийн хүсэлтдээ: Ч ын нэхэмжлэлтэй Н т холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Тус хэргийн шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагт тус шүүхэд хуралдах тов гарсан. Миний бие энэ өдөр хөдөө орон нутагт хувийн ажлаар явах шаардлагатай болсон тул ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00733 дугаар тогтоолоор Ч аас 195.152.573 төгрөгийг гаргуулж ОББСБ-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ...........тоотод байрлах эрхийн улсын Ү-........... дугаарт бүртгэлтэй 250.85 м.кв талбайтай хувийн сууц, гараажаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Ч т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ...........тоотод байрлах эрхийн улсын Ү-........... дугаарт бүртгэлтэй 250.85 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18290882/02 дугаар тогтоолоор битүүмжпэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 313 дугаар тогтоолоор Х  ХХК-г томилоход, 890.497.200 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4/1640, 4/1641 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Ч  үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00751 дугаар шийдвэрээр үнэлгээчний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар тогтоолоор С  ХХК-г томилоход, 865.634.041 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13449 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувиар буюу 605.943.289 төгрөгөөр тооцон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх өмнө хэргийг шийдвэрлэхдээ үнэлгээ гаргах хугацаа дууссан учраас өмнөх үнэлгээг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд алдаа гараагүй зөвхөн үнэлгээ гаргах хугацаа дууссан байсан тул үнэлгээг хүчингүй болгосон. Үүнээс хойш талууд үнэлгээг харилцан тохиролцохгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлээ хийлгэнэ гэж заасан. Талууд үнэлгээний дүн дээр харилцан тохиролцож чадаагүй тул шинжээч томилсон. Ч  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Тухайн санхүүгийн байгуулагад төлбөр төлөх Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш Ч  өнөөдөр хүртэл төлбөр төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авч байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх Ч ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 2019.06.14-ний өдрийн нэхэмжлэлдээ хөрөнгийн үнэлгээг бодит нөхцөлд нийцээгүй, хөрөнгө үнэлгээний тайланг Хөрөнгийн унэлгээний тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр С  ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Ч аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 194,024,500 төгрөгийг гаргуулж ОББСБ ХХК-д олгож, тэрээр үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ...........тоотод байрлах, Ү-........... улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250.85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25-ны өдрийн 02299 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2018.01.22-ны өдрийн 266 дугаар магадлал гарсан байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр, 2018.06.25-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Ч т холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018.08.15-ны өдрийн 18290882 дугаар тогтоол гарсан, 2018.10.11-ний өдрийн 18290882/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2018.12.13-ны өдрийн 18290882/04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол гарсан улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Төлбөр төлөгч Ч  нь тухайн хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,200,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн, харин төлбөр авагч ОББСБ-д дээрх үнийг зөвшөөрөөгүй хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохыг хүссэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заажээ.

 

Төлбөр авагч ОББСБ-д барьцааны зүйл болох хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтэй буйгаа 2019.05.09-ний өдөр бичгээр ирүүлсэн байх бөгөөд 2019.05.16-ны өдрийн 155 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор С  ХХК-ийг томилсон, тухайн үл хөдлөх хөрөнгийг 865,364,041 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэлийг тайлангийн хамт төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

 

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

 

 

 

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

 

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

 

 

Нэхэмжлэгч Ч  нь 2019.06.12-ны өдрийн итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд хандах эрхийг Б д олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25-ны өдрийн 02299 дугаартай шийдвэртэй хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2019.07.04-ны өдрийн 08237 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н т холбогдох С  ХХК-ийн 2019.06.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.06.14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.04-ны өдрийн 08237 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ