Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02320

 

 

 

 

 

    2019 оны 11 сарын 01 өдөр

        Дугаар 183/ШШ2019/02320

                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Х сургуулийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Бгийн Б /РД:/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот хаалга Х м.кв 4 өрөө орон сууцыг Б.Баас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батчулуун, Ч.Амарсайхан, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гүенбат, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

           Нэхэмжлэлийг 2018 оны 2 сарын 27-ны өдөр хүлээн авав.

                                           

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х сургуулийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х нь 2010 онд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Химон констракшн ХХК-иар өөрийн эзэмшлийн газар дээр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 20 айлын орон сууцыг ХААИ Сургуулийн өмчид авч, үндсэн хөрөнгийн бүртгэлд бүргүүлсэн байдаг. Тус сургууль эдгээр 20 айлын орон сууцыг багш, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс нэр бүхий 20 хүнийг уг байрнуудад 2010 оны 9 сараас эхлэн амьдруулж эхэлсэн байдаг. Уг байрнуудын 1 м.кв-ыг 1 200 000 төгрөгөөр тооцож, төлбөрийг төлүүлэх талаар 2013 оны 9 сарын 30-ны өдөр тус сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоол гарч, багш ажилчид нь байрныхаа төлбөрийг төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Уг байрнуудаас хамгийн том талбайтайг нь буюу Х тоотын 4 өрөө Х м.кв талбай бүхий орон сууцыг тухайн үеийн тус сургуулийн захирал байсан иргэн Б.Б нь өөрийн хүү болох Б.Бт олгосон байдаг. Тэр цаг мөчөөс хойш өнөөг хүртэл 8 жилийн хугацаанд иргэн Б.Б нь нэг ч төгрөг Х-д төлөхгүй өнөөг хүрлээ. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан гэдэг нь Б.Б уг орон сууцанд 8 жил амьдарч байгаагаас тодорхой, мөн Б.Б нь хүлээн зөвшөөрдөг. Байрны үнийг төлүүлэх талаар удаа дараа уулзаж ярилцаж байсан боловч бодитой үр дүн гарахгүй өнөөдрийг хүрсэн. Бид асуудалд уян хатан хүлээцтэй хандаж байрны төлбөрөө төлөх цаг хугацааны боломжийг хангалттай өгсөн боловч цаашид төлбөрөө төлөх ямар ч бололцоо байхгүй, төлбөр барагдуулах хүсэл сонирхол уг хүнд үгүй гэдэг нь тодорхой боллоо. Иймд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, тус сургуулийн өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот орон сууцыг Б.Баас буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй бөгөөд уг маргаан бүхий Х тоотыг Б.Бт тус сургууль хүлээлгэж өгсөн гэдэг нь бас эргэлзээтэй бөгөөд Химон констракшн ХХК-иас хүлээлгэж өгсөн байрнуудад уг Х тоотын дугаар байдаггүй. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоотод 2010 оноос хойш амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Х сургуулиас ямар нэгэн байдлаар Бтай тухайн байртай холбогдуулан төлбөрийн асуудал ярьж байгаагүй байдаг. Ярьж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байсан боловч ярьж байсныг нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа тухайн үеийн Х сургуулийн захирал өөрийн хүүдээ өгсөн байр гэж яригддаг. Гэтэл Х сургуулийн гаргаж өгсөн нотлох баримт, нэхэмжлэлд  дурдсанаар  Х сургууль өөрийн газар дээр орон сууц бариулаад газраа ашиглуулсны төлбөрт 20 айлын сууцанд багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Х тоот бол хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа акт, 10 дугаар хуудсанд байгаа эд хөрөнгийн жагсаалт зэрэг баримтуудаар энэ байрыг хүлээж авсан акт байдаггүй. Иймд Бын тайлбар үндэслэлтэй харагдаж байна. Мөн Х-ийн төлөөлөгч төрийн өмчийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэдэггүй гэж хуулинд байхгүй заалт хэлж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн гэрээний болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 182.1-д улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан боловч уг эд хөрөнгө нь хэн нэгэн этгээдийн өмч гэж бүртгэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байдаг. Х сургууль энэ орон сууцны өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Өмчлөгч болохын тулд Иргэний хуулийн 182.1-д зааснаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байх ёстой. Үндсэн хөрөнгийн жагсаалт нь Х сургуулийн эд хөрөнгийг 100 хувь нотлох баримт биш гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х сургууль /Х/ хариуцагч Б.Бт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот орон сууцыг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан гэдэг нь Б.Б уг орон сууцанд 8 жил амьдарч байгаагаас тодорхой, мөн Б.Б нь хүлээн зөвшөөрдөг. ...Бид асуудалд уян хатан хүлээцтэй хандаж байрны төлбөрөө төлөх цаг хугацааны боломжийг хангалттай өгсөн боловч цаашид төлбөрөө төлөх ямар ч бололцоо байхгүй, төлбөр барагдуулах хүсэл сонирхол уг хүнд үгүй гэдэг нь тодорхой боллоо. Иймд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, тус сургуулийн өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот орон сууцыг Б.Баас буцаан гаргуулахаар шаардсан” гэх тайлбар гаргаж хэрэгт холбогдох бичгийн нотлох баримтыг ирүүлжээ.

 

Хариуцагч тал “нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй бөгөөд уг маргаан бүхий Х тоотыг Б.Бт тус сургууль хүлээлгэж өгсөн гэдэг нь бас эргэлзээтэй бөгөөд Химон констракшн ХХК-иас хүлээлгэж өгсөн байрнуудад уг Х тоотын дугаар байдаггүй. Мөн гэрээний болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан,...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ХААИ Сургууль нь өөрийн эзэмшил газар дээр 2010 онд Химон констракшн ХХК-иар 82 айлын орон сууцны барилга бариулж, уг баригдсан барилгаас 20 орон сууцыг 1.3 тэрбум төгрөгийн өртөгөөр худалдан авч, 2010 оны 9 сараас багш ажилчдад хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж байжээ./хх-ийн 56/

 

Харин 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 03 дугаар Х-ийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор “Сургуулийн нэр дээр бүртгэгдсэн орон сууцнуудыг багш ажилчдад зохих үнээр зарах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх ба энэ шийдвэрийг холбогдох эрх бүхий төрийн байгууллагууд дэмжиж шийдвэрлэсэн болох нь Төрийн өмчийн хороонд хандсан 2013.10.14-ний өдрийн 1/10Х дугаар орон сууц худалдах тухай албан тоот, Боловсрол шинжлэх ухааны сайдад хандсан 2013.09.30-ны өдрийн 1/999 дугаар санал дэмжүүлэх тухай албан тоот, санал дэмжсэн тухай БШУСайдын 2013.10.08-ны өдрийн а/6027 дугаар албан тоот зэргээр тогтоогдож байна./хх-ийн 49, 50, 56, 58/

 

Түүнчлэн уг маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот орон сууцанд хариуцагч Б.Б нь 2010 оны 9 сараас хойш одоог хүртэл амьдарч байгаа талаараа тайлбар гаргаж энэ асуудлаар маргаагүй байна. Харин уг орон сууцанд анх ороход хаалганы дугаар 32 гэж тэмдэглэгдсэн байсан талаар тайлбар гаргасан байх бөгөөд тус байрны 8 давхрын 30, Х тоотыг нэг айл авсан бөгөөд тухайн үедээ 2 байраа нийлүүлж, 30 тоот дугаарт бүртгэгдэж, манайх 32 тоот байсан, Химон констракшн ХХК-иас хүлээлгэн өгсөн 20 ширхэг байранд 32, 34 тоот байхгүй гэж тайлбар гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Х дугаар байранд дээрх хаалганы дугаарлалтуудын зөрүүтэй байдлыг тогтоох зорилгоор үзлэг хийсэн бөгөөд тус байр нь нийт 10 давхар, 2 орцтойгоор, давхартаа 4 айлтай, нийт 82 айлын орон сууц байхаар төлөвлөгдөж баригдсан болох нь хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан тус байрны давхрын зохион байгуулалтын зургаар тогтоогдож байна.

 

Шүүхээс хийсэн үзлэгээр 1-р орцоор ороход үүдний хэсэгт №1 гэсэн нэг хаалгатай, 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар давхар тус бүр давхартаа 4 айлтай, нийт 2-29 хүртэл дугаарлагдсан хаалгатай 28 айлтай, хариуцагч Б.Б тус байрны 8 давхарт №Х тоот хаалганы дугаарт, 4 өрөө байранд амьдарч байх ба 8 давхар 3 айлтай буюу 30, 30-1, Х дугаартай  байв. /хх-ийн /

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хавтаст хэрэгт авагдсан төлөвлөгдсөн зураг төслийн дагуу давхарт бүрт байх айлуудын тоогоор хаалганы дугаарыг тооцож үзэхэд хариуцагч Б.Б нь №32 тоот дугаартай байранд анх орж амьдарсан гэдэг нь тогтоогдож байх ба явцын дунд уг давхрын айл 2 байрыг нийлүүлж 1 хаалга гаргаснаар дугаарлалт өөрчлөгдөж, №Х гэсэн дугаар авч, энэ нь ХААИ Сургуулийн үндсэн хөрөнгөнийн бүртгэлд энэ дугаараар бүртгэгдсэн байна./хх-ийн 9-10/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй.” заасан тул улсын бүртгэлийн байгууллага төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгээгүй ...гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.

 

Дээрх хуулийн заалт 2003 оны “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан заалт байх бөгөөд уг хууль 2018 оны 06 сарын 21-ний өдөр хүчингүй болжээ. 

 

Нөгөөтэйгүүр, дээрх заалт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд хамаарахгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот орон сууц нь 2012 онд Х-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн ба байх одоог хүртэл хэн нэгний өмчлөлд бүртгэгдэж, улсын бүртгэлээр баталгаажаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзэхэд маргааны зүйл болох Х тоот орон сууцыг /Х-р байрыг/ Химон констракшн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бариулсан болох нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар дээрх маргаан орон сууц нь Х-ийн эзэмшил газрын үндсэн бүрдэл хэсэг байх тул мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар “...эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна” гэснээр нэхэмжлэгч ХААИ Сургуулийн өмч болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Х нь дээрх орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлж, гэрчилгээ аваагүй нь өмчөө захиран зарцуулах болон буцаан шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, улмаар бодит үйлдлээр хэрэгжсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байх ба хариуцагч Б.Б худалдан авсан эд хөрөнгийнхөө үнийг төлөөгүйгээс маргаан үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан мэдэгдэл хүргүүлж байсан, түүнчлэн энэ асуудлаар хуралдаж, төлбөрийг төлөх талаах Б.Бын хүлээн зөвшөөрсөн таылөар хүртэл байгаа гэсэн зэрэг нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр буюу хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох №Х тоот орон сууцыг буцаан гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д  заасан “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй.” гэсэнтэй нийцэж байна гэж шүүх дүгнэв.

 

Нөгөөтэйгүүр, 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 03 дугаар Х-ийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор “Сургуулийн нэр дээр бүртгэгдсэн орон сууцнуудыг багш ажилчдад зохих үнээр зарах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн”-ий дагуу уг орон сууцыг Б.Бт худалдсан гэх үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна.” гэсэн хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Х-ийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот орон сууцыг хариуцагч Б.Баас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х дугаар байрны Х тоот Х м.кв, 4 өрөө орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч Х сургуульд олгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х сургууль улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ