Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 3063

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/03063

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:Д.О-д холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболор /үнэмлэх 2610/, хариуцагч Д.О, өмгөөлөгч А.Зоригтбаатар /үнэмлэх 1202/, шинжээч Д.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр Гүнтэд байрлах 583, 611 метр квадрат талбай бүхий газрыг Д.Оын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Д.О нь 2017 оны 5 дугаар сараас эхлэн миний эзэмшлийн хашаанд хүмүүс дагуулан дайран орж, хашаанд байсан байшингийн суурийг хуулж аван, байшин барьж эхэлснээр газрын маргаан үүссэн.Би Д.Оыг байшингаа барьж эхлэх үеэс нь шүүхэд хандаж, барилгын ажлыг түдгэлзүүлсэн.Гэтэл шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг үл тоож байшингаа барьж дуусгасан. Д.Оын байшин барьж байгаа газар нь миний эзэмшлийн газар мөн болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 170 дугаар шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон.Иймд миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр Гүнтэд байрлах 583, 611 м.кв талбай бүхий газарт хууль бусаар шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийвэр гүйцэтгэх газрын шаардлагыг үл тоон барьсан Д.Оын хашаа, байшинг нурааж, миний газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.О нь 2017 оны 5 дугаар сараас эхлэн миний эзэмшлийн хашаанд хүмүүс дагуулан орж байшингийн суурийг хуулж, байшин барьж эхэлснээр газрын хууль бус эзэмшлийн маргаан үүссэн.Би Д.Оыг байшингаа барьж эхэлсэн үеэс шүүхэд хандаж барилгын ажлыг түдгэлзүүлсэн боловч Д.О шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг үл тоож байшингаа барьж дуусгасан.Д.Оын байшин барьсан газрыг миний эзэмшлийн газар мөн болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 170 дугаартай шийдвэрээр тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 29 дүгээр хороо, Гүнтэд байрлах 583х611 м.кв газарт хууль бусаар шүүхийн шийдвэрийг үл тоож барьсан Д.Оын байшинг нурааж, миний газрыг чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.О Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай захирамжийн Дуулгабаяр, Энхбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дуулгабаяр, Энхбаяр нараас Г.От гэж шилжүүлэн эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хууль бус болохыг тооцуулах, Д.Оын 2300 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газрын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны шүүх хангалттай баримт цуглуулж, Д.О Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 175 дугаартай захирамжаар 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2010 оны 209 дүгээр захирамжаар газрын хэмжээг 700 м.кв болгон өөрчилсөн байна гэж Захиргааны хэргийн шүүх үзэж, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 170 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.Гэтэл Д.О өөрийнхөө газар дээр хашаа, байшин барьсан гэж өнөөдрийг хүртэл маргаж ирсэн. Г.О нь Дуулгабаяр, Энхбаяр нараас 5930, 0933 дугаартай 611 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн.Захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байхад Г.Оийн газар эзэмших хугацаа дуусаж, сунгуулсан.Г.О газар эзэмших эрхтэй болсноос хойш 1149, 1194 м.кв газраа хашаалж, байшин барихаар төлөвлөж байсан ч санхүүгийн асуудлаас болоод байшин барьж чадаагүй, байшингийн суурь цутгаж орхисон байтал 2017 оны 5 дугаар сараас эхлэн Д.О газрын маргаан үүсгэж, хашааг нь буулгаж, барьсан байшингийн суурийг нь ухаж, хүмүүс оруулж ирж дээрэнгүй байдлаар хашааг нь буулгаж авсан.2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанаас Д.Од бусдын газар дээр барилга барьж байна, барилгын ажлаа зогсоо гэсэн шаардах хуудас өгсөн, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12/519 дугаартай албан бичгээр зөвшөөрөлгүй газар барилга барьсан тул шүүхэд хандана уу гэсэн албан бичгийг газрын албанаас Г.От өгснөөр 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Г.О шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаснаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 8382 дугаартай Д.Оын барилгын ажлыг зогсоолгох шүүгчийн захирамж гарсан боловч Д.О шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, барилгын ажлыг зогсоогоогүй. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс 3/18098 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болох хүртэл барилгын ажлаа зогсоо, шүүгчийн захирамжаар барилгын ажлыг зогсоосон байна гэдгийг Д.Од мэдэгдсэн боловч Д.О шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан бичгийг үл тоож, барилгаа барьж дуусган хашаалж, тоглоомын талбай суурилуулсан байна.Газар эзэмшилтэй холбоотой асуудлыг Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр Д.Оын хашаалан амьдарч байгаа 2153 м.кв газар бүхэлдээ давхцалтай Д.Оын барьсан 211 м.кв барилга Г.Оийн 611 м.кв газар буюу нэгж талбар 0933 дугаартай газартай 192 м.кв талбайгаар давхцаж байна гэдгийг тогтоож, шинжээчийн дүгнэлт гарсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Д.Оын хууль бус эзэмшлээс Г.Оийн эзэмшлийн 5930 дугаартай 583 м.кв газар, 611 м.кв газар бүхий 0933 нэгж талбарын дугаартай газрыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2004 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр Гүнтэд байрлах зуслангийн газар авах талаар хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2004 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 400 /6381/ м.кв кадастрын зурагтай газрын захирамж гаргаж өгсөн.Би 2005 онд уг газар дээр 1 170 000 төгрөгийн зардлаар хашаа барьсан, 2008 онд би Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Очирт гэрчилгээгээ солиулахаар Нийслэлийн газрын албаны дарга байсан Сандуйгаар дамжуулан өгсөн.Гэтэл 2010 онд газрын хэмжээг багасгаж, 2305 м.кв болгож, газрын гэрчилгээ кадастрын зурагтай өгсөн.Тэгэхээр нь Сандуй даргатай уулзаж миний газрын хэмжээг багасгасан байна, энэ хүндээ арга хэмжээ авч өгөөч гэдэг асуудлыг тавьсан.Очир нь би хасаагүй Энхтулга хассан гэж хэлдэг.Энхтулга нь ажилдаа ирэхгүй байхаар нь ажлаас нь халсан гэсэн.Тэгээд Очирт нь өөрт нь арга хэмжээ авч 6 сарын цалинг нь 20 хувиар хассан.Мөн үлдээсэн 2305 м.кв газраасаа дахин газар олголт хийж Энхбаяр, Дуулгабаяр нарт өгсөн байсан.Тэгээд Г.От газар худалдахдаа хойно байсан газрыг шилжүүлж газар олгосон. Г.Оийн маргалдаж байгаа газар дээр бид байшингийн суурь цутгасан бөгөөд барилга барьсан газар нь 2119 м.кв бүхий талбай байгаа.Би өөрийнхөө газар дээр л байшин барьж, гүний худаг ухсан байгаа.Түүнээс хүний газар дээр бид байшин бариагүй, бүх газрын бичиг баримтууд миний нэр дээр байгаа.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2004 онд Чингэлтэй дүүргийн засаг дарга Очирбатад өргөдөл өгч, Ар гүнтийн 19 дүгээр хороонд А-177 дугаартай захирамжаар 400х6381 м.кв ногоон бор гэрчилгээтэй газрыг авсан.2010 онд Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Очирт би газрыг дангаараа эзэмшихгүй, газрыг мэдээллийн санд оруулж, миний нөхөр Сэвжидийн Сүхбаатар, Сүхбаатарын Амармандах, Сүхбаатарын Амарбаясгалан, миний төрсөн дүү Дэжидийн Төгсжаргал, дүү Оч нарын нэр дээр газрын гэрчилгээ гаргаж өгнө үү гэж өргөдөл бичээд газрын гэрчилгээг кадастрын зурагтай өгч явуулсан. Газрын гэрчилгээг 2300 м.кв болгож мэдээллийн санд оруулаад надад өгсөн. Тухайн үед би газрын албаны дарга Сундуйд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Очир миний 6381 м.кв газрыг гэрчилгээг авч яваад 2300 м.кв болгоод өгчихлөө гэсэн.Сундуй дарга би ийм зүйл хийгээгүй, газар зохион байгуулагч Энхтулга хийсэн.Надад ямар ч хамаагүй гэсэн.Энхтулгаа дууд гэхэд 2 сар ажилдаа ирээгүй учраас ажлаас нь халсан гэсэн.Би дээд шатны удирдлагад нь хандаж 6 сарын хугацаатай цалингийн 20 хувиар хасуулах арга хэмжээг Сундуй даргад авахуулсан, 2300 м.кв газрыг мэдээллийн санд оруулсан мөртлөө миний газар дээр Дуулгабаяр, Энхбаяр нарт газрын гэрчилгээ, кадастрын зураг гаргасан байсан.Газрыг 2300 м.кв гэж Отгонцэцэгт зарсан.2004 онд газар хоосон байхад бид нар хашаа татсан, Отгонцэцэг миний барьсан байшингийн кундам, хашааг минийх гэдэГ.О хэдэн онд хашаа барьж, байшингийн кундамыг хэнээр, ямар компаниар бариулсан нь тодорхойгүй.Би Батсайхан гэх захиралтай барилгын компаниар байшин бариулсан.Захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байхад Отгонцэцэгээс удаа дараа миний газрыг гэрчилгээг өгчих гэж асуусан ч өгөөгүй.Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Давж заалдах үед газрын гэрчилгээг сунгаж өгсөн байсан.Отгонцэцэг анхнаасаа газрыг арын хаалгаар авсан.Газрын албанд үйлчилдэг хүн байдаг юм байна.Газар анхнаасаа минийх байсан, 2007 оноос манайх газрыг ашигласан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлага Д.Оын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх болохоос Д.Оын байшин нураалгах биш.Нэхэмжлэгч Д.Оын байшинг нураалгахыг шаардаж байгаа бол байшин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй эсэх, хэний эзэмшлийнх гэдгийг тогтоох ёстой.Оч гэх хүн барилгын компанид захиалга өгч, байшин бариулсан.Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд байшингийн зураг төсөл авагдсан.Өмнөх хурал дээр бидний зүгээс байшин Д.Оынх биш гэсэн тайлбар өгч байсан, 2019 онд шинжээчийн дүгнэлт гарахад газар дээр нь очиж хэмжилт хийхэд 2 хүн худалдаж авсан болох тогтоогдсон.Нэхэмжлэгч газраа чөлөөлүүлж, байшин нураалгах гэж байгаа бол байшингийн эзнийг хариуцагчаар татаж, чөлөөлүүлэх ёстой.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд өгөх ёстой.Гэтэл хавтаст хэрэгт байшинг Д.О барьсан, нэг тоосго өрсөн, одоо амьдарч байгаа талаар нэг ч баримт байхгүй.Иймд байшингийн эзнийг оруулж, маргааныг шийдэх ёстой.Хэрэв шүүхийн шийдвэр газар чөлөөлөхөөр гарвал байшинг яах юм бэ. Байшингийн эзнээс өөр хүн хуралд оруулж, байшин нураалгах шийдвэр гаргаж болох юм уу.Хэрэгт авагдсан баримтаар байшин Д.Оынх биш болох нь нотлогдоно.Бидэнд байшинг минийх гэж гаргаж өгөх ямар ч баримт байхгүй. Энэ байдлыг хариуцлагатай хэлэхгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа Оч гэх хүн намайг оролцуулахгүйгээр Д.Оыг оролцуулж, миний байшинг нураахаар болдог юм бэ гэж маргах боломжтой.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцвал зохих этгээд Д.О биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Шүүх хуралдаанд Д.О бид хоёр иргэн Очийн өмнөөс мэтгэлцэх боломжгүй.Мэтгэлцэхгүй гэхээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болно, мэтгэлцэнэ гэхээр хүний байшин буулгуулахгүй гэж маргасан болно.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэхээр байшин Д.Оынх биш юм чинь шийдвэр яаж биелэгдэх бэ.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой.Г.О Дуулгабаяр, Энхбаяр нараас газар худалдаж авсан. Газрын кадастрын зураг өөрчлөгдсөн, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн газрын албаны тодорхойлолтод Д.Оын нэр дээр бүртгэлтэй 2300 м.кв газрын кадастрын зураг дээр Дуулгабаяр, Энхбаяр нарт газар давхардуулан олгосон байна гэдэг.Газрын албанаас Дуулгабаяр, Энхбаяр нарт газар олгочихоод газрын байршлыг дур мэдэн өөрчилж, кадастрын зураг өөрчилсөн.Иймд Г.Оийг шударга газар эзэмшигч гэж үзэх юм уу, нэг газар дээр 2 гэрчилгээ, 2 кадастрын зураг гарсан.Г.Оийн газар эзэмших эрхтэй эсэх нь хөдөлбөргүй тогтоогдсоноор бусдад шаардлага тавих, шаардах эрх үүснэ.Г.О газар авснаас хойш зориулалтын дагуу ашиглаагүй, 2017 он хүртэл явсан.Энэ хугацаанд Д.О 2305 м.кв газрыг бодитоор ашиглаж, хашаа татаж, 2005 онд худаг ухаж, 380 татаж, байшингийн суурь, торх барьж, 2016 онд Оч гэх хүн байшингийн зураг төсөл гарган гэрээ байгуулж, 2016 оноос хойш байшин барьж дуусгасан, хүний хашааг нурааж, байшингийн суурийг сүйтгэсэн бол цагдаагийн байгууллагад хандахгүй яасан юм бэ, хүний байшингийн өмнөөс Д.О тайлбар гаргаж чадахгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.Од холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр Гүнтэд байршилтай 583 м.кв болон 611 м.кв талбай бүхий газрыг Д.Оын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Г.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байна.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.От Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 дугаар шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18638328565930 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах 583 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай, нэгж талбарын 18638328540933 дугаар бүхий 611 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 000431638, 000431628 дугаартай гэрчилгээг 2012 оны 12 дугаар сарын 10, 17-ны өдрүүдэд олгож, Чингэлтэй дүүргийн газрын албанаас дээрх зуслангийн зориулалт бүхий газруудад кадастрийн зураг үйлдсэн байна. /хх 4-7/

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/317 тоот шийдвэрийг үндэслэн Г.От Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байршилтай, 611 м.кв, 583 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эзэмших эрхийн 000736431, 000736432 тоот гэрчилгээ олгогдсон байх бөгөөд нэгж талбарын дугаар нь 1501204962, 1501201428 болж өөрчлөгдсөн газрыг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хийгдсэн гэрээний дагуу эзэмшдэг байна. /хх 135-142/

   Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 177 тоот захирамжаар Д.Од 400 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 0310142 дугаартай гэрчилгээг 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгож, нэгж талбарын 18638328548899 дугаар бүхий кадастрийн зургийг Чингэлтэй дүүргийн газрын албанаас хийсэн байна. /хх 30-36/

Д.Оын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Чингэлтэй дүүргийн дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 160 дугаартай захирамжийн И.Дуулгабаяр, Д.Энхбаяр нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, И.Дуулгабаяр, Д.Энхбаяр нараас Г.От газар шилжүүлэн эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 тоот захирамжийн Г.От холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах, Д.О миний хүсэлтэд дурдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газрын албаны эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Д.О миний хүсэлтэд дурдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн дүүргийн Засаг даргад даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 160 дугаар захирамжаар Д.Энхбаярт эзэмшүүлсэн нэгж талбарын 18638328568902 дугаар бүхий газрын байршлыг өөрчилж, газрын кадастрийн мэдээллийн санд 18638328555930 дугаар бүхий нэгж талбарт болгон бүртгэсэн Чингэлтэй дүүргийн газрын албаны бүртгэлийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 18638328555930 дугаар бүхий газрыг Д.Энхбаярт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн газрын албаны 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0312396 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0170 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх 104-127/

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 8 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 18638328565930 дугаартай 583 м.кв талбайтай, нэгж талбарын 18638328540933 дугаартай 611 м.кв талбайтай газрууд нь Г.Оийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн, нэгж талбарын 18638328548899 дугаартай 2305 м.кв талбайтай газар нь Д.Оын нэр дээр эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн байна.Д.Оын хашаалсан гэх 10105 м.кв, 2153 м.кв талбайтай газар болон түүний барьсан гэх 75 м.кв талбайтай торх, 211 м.кв талбайтай барилга байна.Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 8 дугаар сарын зурган мэдээллээс 18638328565930, 18638328540933 нэгж талбаруудыг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулахад Д.Оын барьсан гэх 611 м.кв талбайтай барилга нь нэгж талбарын 18638328540933 дугаар бүхий 611 м.кв талбайтай газартай 192 м.кв талбайгаар давхцаж байна.Нэгж талбарын 18638328565930 дугаар бүхий 583 м.кв талбайтай, нэгж талбарын 18638328540933 дугаар бүхий 611 м.кв талбайтай газрууд нь Д.Оын хашаалсан 2153 м.кв талбай бүхий газартай бүхэлдээ буюу 1194 м.кв талбайгаар давхцаж байна гэжээ./хх 95-96/

Энэхүү шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Д.О нь маргаан бүхий газарт 2153 м.кв талбай бүхий газрыг хашаалсан байгаа атлаа ийм хэмжээний газрыг эзэмших эрхтэй тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор тус тус заажээ.

Мөн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх тул Д.О нь Г.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18638328565930 дугаартай 583 м.кв талбайтай, нэгж талбарын 18638328540933 дугаартай 611 м.кв талбайтай газруудыг чөлөөлж өгөх нь зүйтэй байна.

Нөгөө талаар дээрх маргаан бүхий газарт байгаа 211 м.кв талбайтай барилгын өмчлөгч нь иргэн Оч мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд зөвхөн Ө.Түвшинтөр М.Оч нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хийгдсэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон Досей ХХК-ийн зураг төсөлд Ч.Очын амины орон сууц гэж бичсэнээр 211 м.кв талбайтай барилгын өмчлөгч нь иргэн Оч байна гэж үзэх үндэслэлгүй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-тзаасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлалтай, Г.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18638328565930 дугаартай 583 м.кв талбайтай, нэгж талбарын 18638328540933 дугаартай 611 м.кв талбайтай газруудыг чөлөөлж өгөхийг Д.Од даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Г.От олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН