Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 153,282,418.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“А” ХХК нь иргэн Дтэй 2018 оны 5 дугаар сарын 01 өдөр 18/23 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг олгохдоо 2018 оны 5 дугаар сарын 01 өдөр талуудын хооронд 18/23 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан Дийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсан гудамж, 100/6-р байрны 15 тоот 107,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 9,000,000 төгрөгийг л төлсөн. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөлт хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт төлөлт хийгээгүй бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, утасны дугаар нь солигдсон, оршин суух хаяг бүхий орон сууцаа худалдан борлуулсны улмаас хаяг тодорхойгүй болсон.

Зээлдэгчийн оршин суух хаягийг тодорхой болгосон, түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 

1. Зээлдэгч Дээс 18/23 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөгийг, зээлийн гэрээний 3.5-д заасныг үндэслэн үндсэн хүүгийн төлбөр 47,602,000.01 төгрөг болон зээлийн гэрээний 3.1.3-д заасныг үндэслэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,680,418.79 төгрөгийг буюу нийт 153,282,418.80 төгрөгийг нэхэмжилж байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, түүнчлэн “Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 24 дугаар зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжилсэн болно.

2. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулагдсан 18/23 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалагдсан зээлдэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсан гудамж, 100/6-р байрны 15 тоот 107,5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулах талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д миний бие нь “А” ХХК-аас авсан зээлийг хувийн бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх бизнестээ хөрөнгө оруулах зорилгоор авсан билээ. 2018 он, 2019 оны хувьд бетон зуурмагийн үйлдвэрлэлийн хувьд дан 100 хувь бартераар авах санал болгож, бэлэн мөнгөний ажил хайн олдоогүйн улмаас бартерийн саналыг компанийн зүгээс эргэлтийн дутагдалд орон гэрээт ажлаа гүйцэтгэж чадахгүй, бартераар авсан зүйлийн үнэлгээ унаж, нэмж санхүүгийн эрсдэл үүсэхээс болгоомжлон бартерийн гэрээ хийж ажиллаагүй.

Бэлэн мөнгөний ажил хийж чадаагүйн улмаас “А” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй билээ. “А” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бетон зуурмагаар төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймд хүсэлтийг маань хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Дээс зээлийн гэрээний үүрэгт 153,282,418.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргаагүй бөгөөд харин анхны шаардлагад бэлэн мөнгөөр төлбөр төлөх боломжгүй, бетон зуурмаг нийлүүлэх замаар төлбөрийг барагдуулахыг хүссэн ба нэхэмжлэгч үүнийг зөвшөөрсөнгүй.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Д нар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “А” ХХК нь 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг сарын зээлийн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Д нь 2018 оны 5 дугаар сарын 30, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд хүүгийн төлбөр, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх 4 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрүүдэд 25,000,000 төгрөгийн зээлийг бодогдсон хүүгийн хамтаар буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн энэ өдөр зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045634 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байр, 15 тоотод байрлах, 107,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ.

 

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.2, 451 дүгээр зүйлийн 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “А” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр үндсэн зээлд 100,000,000 төгрөг, зээлийн хүүд 47,602,000.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,680,418.79 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч Дээс гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь төлбөрийг бетон зуурмаг нийлүүлэх замаар төлөхийг хүссэн тайлбар гаргаснаас өөр үндэслэлээр маргаагүй, татгалзалтай холбоотой ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс мөнгөн төлбөрийн үүргээ шаардсан тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах, энэ дагуу шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр, 45,000,000 төгрөгийг дансаар, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 24,495,000 төгрөг /шимтгэл хассан дүнгээр/-ийг дансаар тус тус хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт болон Голомт банкны төлбөрийн баримтуудаар нотлогдсон, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг тус тус төлснөөс өөр төлбөр төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагчийн төлсөн дээрх  9,000,000 төгрөгийн 8,297,999.99 төгрөг зээлийн хүүд, 702,000.01 төгрөг нэмэгдүүлсэн хүүд тооцогдсон байх тул одоо үндсэн зээлд 100,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар бодогдсон хүүгийн үлдэгдэл 47,602,000.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,680,418.79 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар хүлээдэг тул шүүх хариуцагчийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж үзсэн болно.

 

Иймд хариуцагч Дээс үндсэн зээлд 100,000,000 төгрөг, зээлийн хүүд 47,602,000.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,680,418.79 төгрөг буюу бүгд 153,282,418.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгов.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Дээс 153,282,418.80 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Д нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045634 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 15 тоотод байрлах, 107,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,003,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 994,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА