Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

  

 

 

 

 

 

 

 

 

    2023           04            26                                      2023/ШЦТ/150

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э  

Шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б , Ч.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б  , Д.О  , Х.Б , Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 2225000180118 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Л.Б

  2. Д.О

  3. Х.Б

  4. Ч.Ч

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

  Шүүгдэгч Л.Б   нь “**** ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүд, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

  Шүүгдэгч Д.О   нь “**** ” ХХК-ийн ерөнхий менежер, Орхон аймаг дахь төслийн менежерээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

  Шүүгдэгч Х.Б  нь “**** ” ХХК-ийн талбайн даамлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

  Шүүгдэгч Ч.Ч нь “**** ” ХХК-тай амаар тохирсон хэлцлийн дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, өөрийн хариуцсан бригадын ажилчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил, үүрэг гүйцэтгүүлж, ажлаа зогсоох арга хэмжээ аваагүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б , Ч.Ч нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б   мэдүүлэхдээ “Анхны шүүх хуралдаанаар бидэнд оногдуулсан эрүүгийн хариуцлага өдийд бараг дуусах байсан. Гэтэл дахин дахин шүүх хуралдаан явагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа нь хүндрэлтэй байна. Бидний зүгээс тодорхой хэмжээнд буруутай гэдэгээ ойлгож байна. Хохирогчийн ар гэрт туслалцаа үзүүлсэн. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О   мэдүүлэхдээ “хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б  мэдүүлэхдээ “хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ “хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т  мэдүүлэхдээ “Компаний зүгээс дүүгийн маань оршуулгын зардлыг төлсөн. Мөн хүүхдүүд нь хашаа байшин худалдан авч засвар хийж өгсөн. Одоо тэр хашаа байшинд ээж маань талийгаачийн хүүхдүүдтэй хамт амьдарч байгаа. Хүүхдүүдийн дансанд 20 сая төгрөг хийсэн. Бидний зүгээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгийн 70357328 дугаараас “өндрөөс унасан гэх эрэгтэй хүн ухаангүй байдалтай ирлээ” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05.32 цагт хүлээн авсан тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/

2. Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

3. Амь хохирогчийн биеэс биологийн дээж /5мл цус/ авсан тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,

4. “LG” гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 20, гэрэл зургийн үзүүлэлтүүд 21-23 дахь тал/

          5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т ын “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө үүрээр 06.00 цагийн үед ээж А  миний гар утас руу залгаад “дүү Г нь ухаангүй эмнэлэгт байна, хүрээд ир” гэхээр нь эмнэлэг дээр яваад очтол манай дүү Г сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан. Үүнээс хойш ухаан орохгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шөнөжин ажиллаж байгаад гэртээ ирээд ээжид “одоо ажил бараг дуусаж байна, хоёр хоног ажиллачихвал болох гээд байна гэж хэлсэн байсан.Талийгаач дүү маань Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг **-**тоотод 7 настай охин М.У , 4 настай хүү М.А нарын хамтаар хашаа байшиндаа амьдардаг байсан. Эхнэр М  нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн гэр бүлийн маргааны улмаас салсан, одоо тусдаа амьдардаг. Талийгаачийг ажилтай байх үед ээж А  хоёр хүүхдийг нь хардаг. Талийгаач “**** ” ХХК-тай амаар тохиролцоод ажиллаж байсан талаар мэдсэн. “*****  ” ХХК болон Ч-н  зүгээс талийгаачийн ар гэрт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын *** тоот 749м2 хашаа, 31м2 хувийн байшинг 20.000.000 төгрөгт бодож өгсөн, мөн бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо талийгаачийн ар гэрийнхний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гаргах санал хүсэлтгүй” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 27, 29-30 дахь тал/

6. Гэрч А.Г-н “Би Ч  ах болон Г ахын хамт Уурхайчин багт байрлах 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын 2 давхарын урлагийн заалны хэсгийн дүүжин тааз хийх ажлыг 7 хоногийн өмнө хийж гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 04.00 цагийн үед унтаж байхад Ч  ах дуудахаар нь босоод хартал тааз хийхээр байрлуулсан шатнуудын дунд Г ах газар, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь Ч  ахын хамт Г ахыг өргөөд шатуудын урд байрлуулсан байсан барилгын хөөсөн дээр хэвтүүлсэн. Г ахыг унасан газраас нь өргөөд явж байхад “ёоё” гээд ёолоод байсан. Удалгүй Г ах ухаан ороод нуруу өвдөөд байна, толгой өвдөөд байна гэхээр нь түргэн тусламж дуудахад ирэхгүй болохоор нь Ч  ах эхнэрээ дуудаад машинаар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр авч очсон. Хүлээн авах дээр хүргэж өгөх үед Г ах ёолоод байсан, үе, үе хүчтэй амьсгаа авч байгаа чимээ сонсогдож байсан. Г ахыг яг яагаад газар ухаангүй хэвтэж байсныг сайн мэдэхгүй байна. Г ахын зүүн талын хөмсөгний дээд хэсэгт хавдсан, амнаас нь бага хэмжээний цус гарсан, нуруу нь улайсан байсан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Г, Ч  нар дэлгүүрээс 1 шил 0.75л “Хараа” архи, 2л савалгаатай “Сэнгүр” пиво авч ирсэн бөгөөд ажил хийж байх үедээ бид гурав хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. **** ” ХХК-ийн барьж буй 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын урлагийн заалны таазны ажлыг Ч  ах олсон. Талийгаач бид хоёрыг Ч  ах ахалж байсан. Бид нар таазны ажлаа эхлэх үед шатны хүрэлцээ муу байсан, “*****  ” ХХК-иас төмөр шатанд нааш, цаашаа зөөхөд амар гээд дугуй хийлгэсэн, хөдөлгөөнтэй шатан дээр ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Энэ асуудлаас болж осол үүсэх болсон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 711 дугаартай “Х.Г-н биед гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал, зүүн талын эгэмний ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүдийн гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал гэмтлүүд нь шинэ ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн талын эгэмний ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтлүүд байна. Уг шинэ гэмтлүүд нь өндрөөс унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гавлын хүнхрээ /баруун дух, зулай, чамархай дагз/ ба суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархины комын байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.3.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 52-55 дахь тал/

8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, гавлын дагз, чамархай ясны бяцарсан, цөмөрсөн, суурь руу шилжсэн хугарал, тархины хатуу хальсан доорхи цус хуралт, тархины хатуу бүрхүүл хальсан дээр баруун чамархайд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өндрөөс унах үед үүсэх боломжтой. Талийгаачид үүссэн гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаачид үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн өвчний оношийг зөв тогтоосон байна. Талийгаачид эмнэлгээс хийвэл зохих эмчилгээг бүрэн хийсэн байна. Талийгаачид хийсэн эмчилгээний улмаас биеийн эрүүл мэнд муудсан буюу нас барах шалтгаан болсон асуудал байхгүй. Талийгаачийн үхлийн шатгаан нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал цус хуралт болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 57-61, 62-63 дахь тал/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай “Х.Г-н биеэс авсан гэх цусанд 1.75 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/

10. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн Х.Г-н өвчний түүх, эмчилгээний зардалд даатгалаас 1.932.000 төгрөг зарцуулагдсан баримт /1 дэх хавтаст хэргийн 99-128 дахь тал/

11. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №2022/04 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай шинжээчийн “*****  ХХК-ийн захирал Л.Б   нь Хөдөлмөрийн аюүлгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27,28 дугаар зүйлүүдэд заагдсан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. “*****  ХХК-ийн ХАБЭА-н инженерээр Л.Эрдэнэцогт тухайн бригадыг ажил үүрэг гүйцэтгэх үед ажил үүргээ гүйцэтгээгүй байсан байна. “*****  ХХК-ийн ерөнхий менежерээр Д.О  , “*****  ХХК-ийн талбайн даамлаар Х.Б  нар нь ХАБЭА-н хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, аюул эрсдлийг илрүүлэх, тогтоох, үнэлэх, буруулах, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу ХАБЭА тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т заасан үүргээ гүйцэтгээгүй байна. Ч.Ч , Х.Г, А.Г нар 1-р сургуулийн урлагийн заалны таазны ажлыг бригад болж хөдөлмөрөө нэгтгэн ажиллахдаа гэрээ байгуулаагүй, ажлынхаа хөлсийг амаар тохирч ажил үүрэг гүйцэтгэсэн байна. Ч.Ч нь уг бригадыг ахлаж байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй, тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэх заалтын дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах үүрэгтэй байсан. Мөн өөрийн бригадын ажилчдад ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгыг өгөх үүрэгтэй байсан. Хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №344 дугаар дүгнэлтэд Х.Г-н шинжилгээнд этилийн спирт илэрсэн байх бөгөөд иргэн Ч.Ч нь өөрийн хариуцсан бригадын ажилчдын архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил, үүрэг гүйцэтгүүлж, ажлаа зогсоох арга хэмжээ, аваагүй байна.” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 152-157 дахь тал/

12. Яллагдагч Л.Б  гийн “Манай компанийн сургуулийн төсөл хариуцсан менежер О  тухайн хүмүүстэй аман гэрээ хийж ажиллуулсан байсан. Тухайн хохирогч ажлын бус цагаар хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр ажлын байранд нэвтэрч, ажиллах, ажиллуулах шийдвэр гараагүй байхад өөрсдөө дур мэдэн манай ажлын байр луу нэвтэрч, архидан согтуурсан. Хохирогчийг ахалж байсан хүн нь хамт орж, архи ууж, ажлын байран дээр хамт байхдаа ажиллуулсан учраас манай байгууллага болон миний зүгээс бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэхгүй байна. Манай байгууллагын зүгээс талийгаачийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж, 20.000.000 төгрөгт хашаа байшин, бэлэн 10.000.000 төгрөг, шинжээчийн зардалд 420.000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, буяны ажилд 1.050.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 49, 199-200 дахь тал/

   13. Яллагдагч Д.О  ийн “Өмнө нь “Элит цамхаг” хотхоны барилгын ажил дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч  гэх залуутай амаараа хоорондоо тохиролцож 1 дүгээр сургуулийн урлагийн заалны дүүжин таазны ажлыг м.кв-ыг нь 20.000 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн. Ч тай би амаар тохиролцож ажил хийлгэсэн, тухайн үед Ч  хоёр залуугийн хамтаар таазны ажлыг хийж байсан. Осол болсноос хойш Г гэх хүн нас барсан талаар мэдсэн. Би бригадын дарга болон туслан гүйцэтгэгч компанийн дарга нартай харилцдаг. Ч тай таазны ажлаас гадна өөр ажил хийлгэх гэж байсан. Тэрнийхээ үнэ, хөлсийг тохироогүй байсан учраас гэрээгээ байгуулж амжаагүй байж байтал ийм асуудал гарсан. Ажлын цагаар бол талбайн даамал Б  ажилчдад хяналт тавьж байсан. Б  ажлын бус цагаар хяналт тавих ямар нэгэн боломж байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хүний амь нас хохирсон асуудалд маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 216 дахь тал/

   14. Яллагдагч Х.Б гийн “1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр 7 хоногт 1-2 удаа очиж барилгын технологийн дагуу ажилчдад зөвлөмж өгч ажилладаг. Хэрэг болсон цаг үе нь ажлын бус амралтын цаг, үүрийн 04 цагийн үед болсон байсан ба энэ үед би Ч-н  бригадад хяналт тавих ямар ч боломжгүй, гэртээ амарч байсан. Гэхдээ манай байгууллагын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаачийн ар гэрт хохирлыг барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал/

   15. Яллагдагч Ч.Ч-н  “Миний бие “**** ” ХХК-ийн ерөнхий менежер О тэй 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын урлагийн заалны дүүжин таазны ажлыг м.кв-ыг нь 20.000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцож ажлаа эхэлсэн. Талийгаач нас барахаасаа өмнөх 2 хоног сунгаж ажилласан учир нь хүнд мөнгөний өртэй, мөнгө хэрэгтэй байна, ажлаа шахаад урьдчилгаа мөнгөө авчихмаар байна гэж хэлсний дагуу А.Г, талийгаач бид гурав 2 хоног сунгаж шөнийн цагаар ажилласан. Хоёр дахь сунаж ажилласан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө үүрээр 03.00 цагийн үед ерөнхийдөө ажлаа дуусгаад амрах гэж байсан талийгаач угсарсан шатан дээр гарчихсан байсан. Би хэсэг хугацаанд унтсан гэтэл гэнэт “тар, няр” гээд чимээ гарсан, юу болов гээд хартал Х.Г газар унасан байдалтай байсан. Би Г уначихсан байна шүү дээ” гээд А.Гантулгыг дуудсан, талийгаач ухаангүй, хөдлөхгүй байсан. “Тулгаа, Тулгаа” гээд дуудахад “...“ёоё, ёоё, толгой, нуруу өвдөөд байна.” гээд байсан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад талийгаач эхнэрээсээ салчихсан, хэрүүл маргаантай, хүүхдүүдийг маань авна гээд байна, та ганц шил архи авчих, заал хүйтэн байна, дулаацаад ганц, нэг татаад ажлаа хийе гээд байхаар нь би 0.75л “Хараа” архи, 2.5л савтай пиво авсан. Архинаас би бараг уугаагүй, дөнгөж амсаад өгөөд байсан. Талийгаач бараг ганцаараа уусан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ “Л.Б  , Д.О  , Х.Б , Ч.Ч нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэмт гарсан болох нь хавтатс хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай анийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б  нарыг тус бүр 2 жилийн хугацагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Ч ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э   дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй байна. Хохирогчийн ар гэрийн зүгээс одоо нэхэмжлэх зүйлгүй байгаа. Гэм хорын хохирол, өмгөөллийн хөлсийг бүрэн төлсөн. Эрүүгийн хариуцлагын хувьд хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э    дүгнэлтдээ “Анхны шүүх хуралдаанаар шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэргийг дахин шийдвэрлэхдээ зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд хоёр дахь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, гэм хор, нэхэмжлэл ийн талаар:

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгийн 70357328 дугаараас “...өндрөөс унасан гэх эрэгтэй хүн ухаангүй байдалтай ирлээ.” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05.32 цагт хүлээн авсан тэмдэглэл,  Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн биеэс биологийн дээж /5мл цус/ авсан тэмдэглэл, “LG” гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т ын “манай дүү Г сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан. Үүнээс хойш ухаан орохгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Г-н “тааз хийхээр байрлуулсан шатнуудын дунд Г ах газар, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь Ч  ахын хамт Г ахыг өргөөд шатуудын урд байрлуулсан байсан барилгын хөөсөн дээр хэвтүүлсэн, Г ахыг унасан газраас нь өргөөд явж байхад “ёоё” гээд ёолоод байсан, удалгүй Г ах ухаан ороод нуруу өвдөөд байна, толгой өвдөөд байна” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 711 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай дүгнэлт, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №2022/04 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай шинжээчийн дүгнэлт, Л.Б  гийн “Манай компанийн сургуулийн төсөл хариуцсан менежер О  тухайн хүмүүстэй аман гэрээ хийж ажиллуулсан байсан. Тухайн хохирогч ажлын бус цагаар хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр ажлын байранд нэвтэрч, ажиллах, ажиллуулах шийдвэр гараагүй байхад өөрсдөө дур мэдэн манай ажлын байр луу нэвтэрч, бүлэглэн архидан согтуурсан” гэсэн мэдүүлэг, Д.О  ийн “Осол болсноос хойш Г гэх хүн нас барсан талаар мэдсэн, би бригадын дарга болон туслан гүйцэтгэгч компанийн дарга нартай харилцдаг” гэсэн мэдүүлэг, Х.Б гийн “1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр 7 хоногт 1-2 удаа очиж барилгын технологийн дагуу ажилчдад зөвлөмж өгч ажилладаг. Хэрэг болсон цаг үе нь ажлын бус амралтын цаг, үүрийн 04 цагийн үед болсон байсан ба энэ үед би Ч-н  бригадад хяналт тавих ямар ч боломжгүй, гэртээ амарч байсан” гэсэн мэдүүлэг, Ч.Ч-н  “А.Гантулгыг дуудсан, талийгаач ухаангүй, хөдлөхгүй байсан, “Тулгаа, Тулгаа” гээд дуудахад “...“ёоё, ёоё, толгой, нуруу өвдөөд байна.” гээд байсан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад талийгаач эхнэрээсээ салчихсан, хэрүүл маргаантай, хүүхдүүдийг маань авна гээд байна, та ганц шил архи авчих, заал ч хүйтэн байна, дулаацаад ганц, нэг татаад ажлаа хийе гээд байхаар нь би 0.75л “Хараа” архи, 2.5л савтай пиво авсан” гэсэн мэдүүлэг,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

          -Шүүгдэгч Л.Б   нь “**** ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүд, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүгдэгч Д.О   нь “**** ” ХХК-ийн ерөнхий менежер, Орхон аймаг дахь төслийн менежерээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүгдэгч Х.Б  нь “**** ” ХХК-ийн талбайн даамлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүгдэгч Ч.Ч нь “**** ” ХХК-тай амаар тохирсон хэлцлийн дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, өөрийн хариуцсан бригадын ажилчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил, үүрэг гүйцэтгүүлж, ажлаа зогсоох арга хэмжээ аваагүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Эрдэнэт цогцолбор” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шөнийн цагаар ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэж, өндрөөс унаж, эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б , Ч.Ч нар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э    тайлбартаа “зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасан боловч хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б  нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн буруутай болох нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар амь хохирогчийн ар гэрт мөнгөн болон бусад хэлбэрээр тусламж, дэмжлэг үзүүлсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Амь хохирогчийг нас барах хүртлэх хугацааны эмчилгээ сувилгаанд эрүүл мэндын даатгалын сангаас нийт 1 932 000 төгрөг зарцуулсан бөгөөд уг зардлыг шүүгдэгч нар төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч нараас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй.

 

Орхон аймгийн прокурорын газраас Л.Б  , Д.О  , Х.Б , Ч.Ч нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Л Б, Д овгийн Д О , Ц овгийн Х Б , М овгийн Ч Ч  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөниий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б , нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ч.Ч ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/   сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б  , Д.О  , Х.Б , Ч.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  гаас 488 000 /дөрвөн зуун наян найман мянга/ төгрөг, шүүгдэгч Д.О  ээс 488 000 /дөрвөн зуун наян найман мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Б гаас 488 000 /дөрвөн зуун наян найман мянга/ төгрөг, шүүгдэгч Ч.Ч аас 488 000 /дөрвөн зуун наян найман мянга/ төгрөг тус тус гаргуулан нийт 1 932 000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС