Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0052

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Н.Д

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Л-н Б,

 

Д овогт Д-н О,

 

Ц овогт Х-н Б

 

М овогт Ч-н Ч,

 

Л.Б нь “Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас     аймаг        сум       багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э”  сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

Д.О нь “Н” ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас        аймаг       сум        багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э”  сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан, 

Х.Б нь “Н” ХХК-ийн талбайн даамлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас       аймаг        сум       багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э”  сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан.

   Ч.Ч нь “Н” ХХК-тай амаар тохиролцсон хэлцлийн дагуу       аймаг     сум     багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э”  сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа  Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15.1, 27.1, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 28.3, 17.1, 17.2.1, 17.4 мөн хуулийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Х овогт Л-н Б, Д овогт Д-н О, Ц овогт Х-н Б, М овогт Ч-н Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-н Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д-н О, Х-н Б, Ч-н Ч нарт тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч Д.О, Х.Б, Ч.Ч нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус бүр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нар нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй тэдний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчтай тохирсон ялыг оногдуулахаар шийдвэрлэв гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 1 жилийн хорих ял, шүүгдэгч Д.О, Х.Б, Ч.Ч нарт тус бүр 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж тогтоолын 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж тус бүр 1 жил үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүх хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ойлголтыг хуульчилж тогтоосон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг “оногдуулсан хорих ялыг тэнсэх” агуулгаар хэрэглэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, улмаар тэнссэн тохиолдолд хэрэглэх зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “ хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэж үзэхээр байна байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ... 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана ...” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчтэй ял тохирсноос өөрөөр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчиж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана.

3.1 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл ...” зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил болно.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШТЦ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            шүүгдэгч Л.Бг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.О, Х.Б, Ч.Ч нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгч Д.О, Х.Б, Ч.Ч нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Н.Д эсэргүүцэл гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын гол нотлох баримт болох        аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-н гаргасан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй дүгнэлтэд тэмдэг дарж баталгаажуулаагүй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэжээ.

Хэрэгт        аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “...Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартын 16.10-д “Улсын байцаагч энэхүү стандарт, холбогдох хуульд зааснаас өөр баримт бичиг үйлдэх, гарын үсэг зурах, тэмдэг дарахыг хориглоно” гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтэд улсын байцаагчийн тэмдэг дарахгүй ... гэсэн албан бичиг хавсаргагдсан байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон прокурорын “... албан бичигт хавсарган ирүүлсэн тул шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангасан” гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т зааснаар улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах ба ийнхүү гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан ”Шинжээчийн дүгнэлтэд тухайн шинжилгээг гаргасан шинжээч хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэсэн шаардлагыг хангасан байх учиртай.

Өөрөөр хэлбэл аливаа захиргааны хэм хэмжээний акт нь хүчин чадлын хувьд хуулиас давахгүй бөгөөд хэрэв холбогдох хуульд нийцэхгүй тохиолдолд түүнийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болно.

Түүнээс гадна шинжээчийн дээрх дүгнэлтэд мөрдөгчийн тогтоолд заасан асуултуудад бүрэн биш хэт ерөнхий байдлаар тусгагдсан, тухайлбал 2 дахь заалтад заасан “Амь хохирогч Х.Г-н ажил олгогч нь хэн болох”, 4 дэх заалтад заасан “Уг осол гарсан газарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээрийг зөрчсөн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ямар заалтыг хэн, хэрхэн, яаж зөрчсөн” талаар бүрэн дүүрэн дүгнэлт гаргаагүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх боловч ... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх ... зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт юм.

Иймд шинжээчийн дүгнэлтийг холбогдох хуульд нийцүүлэн дахин  тодорхой, бүрэн байдлаар гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.6-д заасан “гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлуудыг нарийвчлан тогтоолгосны дараа шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурорын эсэргүүцлийн тухайд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутад явуулахаар товлон зарласан боловч шүүх хуралдааныг товлосон цагаас өмнө буюу 14 цаг 00 минутад хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагт шүүх хуралдааныг нээж ... зарлана” гэснийг зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасан атал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “ ... улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар ... давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ... ” гэж бичсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, эргэлзээгүй байх шаардлагыг зөрчсөн байгаа зэргийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ