Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 

      Л.Б нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      М.Э

Нарийн бичгийн дарга                              Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Л-н Б,

Д овогт Д-н О,

Ц овогт Х-н Б,

М овогт Ч-н Ч,

Л.Б нь “Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүд, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас     аймаг       сум        багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

Д.О нь “Н” ХХК-ийн ерөнхий менежер,      аймаг дахь төслийн менежерээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас      аймаг        сум       багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

шүүгдэгч Х.Б нь “Н” ХХК-ийн талбайн даамлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас        аймаг       сум        багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан,

шүүгдэгч Ч.Ч нь “Н” ХХК-тай амаар тохирсон хэлцлийн дагуу       аймаг        сум        багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, өөрийн хариуцсан бригадын ажилчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил, үүрэг гүйцэтгүүлж, ажлаа зогсоох арга хэмжээ аваагүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж, улмаар эмчлэгдэж байгаад 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, Х овогт Л-н Б, Д овогт Д-н О, Ц овогт Х-н Б нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Шүүгдэгч М овогт Ч-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ч.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Ч.Чад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Чад анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 1.932.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх ажилтан согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй” гэх заалт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд уг дүрэмд шүүхийн шийдвэрт тусгагдсан “ ... согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй ... ” байх талаар тусгасан заалт огт байхгүй, харин 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэмд энэ талаарх зохицуулалт тусгагдсан байх бөгөөд хүчингүй болсон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрмийн заалтыг хэрэглэсэн.

Харин 2015 оны 269 дугаартай “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж заажээ. Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

“Н” ХХК нь тендерт оролцон         аймгийн         сумын        багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулалгүй Ч.Чтай амаар тохирсны дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн ба

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэх үндэслэлээр “Н” ХХК-нийн захирал Л.Бг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба анхан шатны шүүх Л.Бг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг 27, 28-р зүйлд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзсэн мөртлөө түүнийг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн Д.О нь “Н” ХХК-ийн ерөнхий менежер,        аймаг дахь төслийн менежерээр ажиллаж байсан ба тухайн осол гарах үед “Н” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллаагүй байхад Д.О болон Х.Б нар нь уг барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажлыг хариуцан ажиллаж байсан, мөн Д.О нь туслан гүйцэтгэгчээр Ч.Чыг ажил үүрэг гүйцэтгүүлэхээр тохирсон боловч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагын талаар гэрээ байгуулалгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн.

Д.О нь ажил үүргийн хувьд ажилтнуудын ажил үүргийг зөв хуваарилж, түүнд хяналт тавьж ажиллахаас гадна шинээр ажилд орж байгаа хүнтэй ярилцаж ажилд авахаа шийдвэрлэн, тухайн ажилтныг сургаж дадлагажуулах үүрэгтэй байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрсдийн компанийн ажилтан нарт болон туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, ажлын бус цагаар ажиллахыг хориглох, согтуурсан буюу мансуурсан этгээд ажиллаж байхад огт хяналт тавиагүй, мөн өндөрт ажиллах ажилтны хэрэглэж буй шатыг стандарт шаардлагыг зөрчин түүнд дугуй хийлгэснээр уг шатны тэнцвэртэй, дээр нь хүн гарч ажиллахад аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

Х.Б нь “Н” ХХК-ийн талбайн даамлаар ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Барилгын ажилд оролцож байгаа ажилчдад гар багаж тоног төхөөрөмж ашиглан тусламж үзүүлнэ. Барилгын ажлын арга барил, тоног төхөөрөмжийг ажиллуулах аюулгүйн дүрэм журам, компанийн бодлогын талаар ажилтнуудад сургалт явуулах, дадлагажуулах, туслан гүйцэтгэгч компанийн ажилд хяналт тавих, ХАБЭА шаардлагыг дээд зэргээр ханган ажиллах” зэргээр ажил үүргийн тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Өөрөөр хэлбэл Х.Б нь тус компанийн барьж буй бүх барилгын ажилд хяналт тавьж барилгын ажлыг стандартын дагуу баригдаж байгаа эсэх болон ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны хэрэглэх багаж хэрэгсэл тоног төхөөрөмж нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавих үүргийг гүйцэтгэж байхдаа амь хохирогчийн ажиллахдаа ашиглаж байсан тавцантай угсармал шат буюу тааз хийхэд ашиглаж байсан шатын зориулалтыг өөрчилж доор нь дугуй хийж өндөрт ажиллаж байгаа ажилтны тэнцвэр алдах унах үндэслэл болсон байхад түүний аюулгүй байдалд хяналт тавиагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн нь энэ осол гарах шалтгаан болсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасныг зөрчиж шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ тусгаж чадаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

“Н” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд шөнө цаг сунган ажиллаж байгаа ажилчдын үйл ажиллагааг таслан зогсоож, хяналт тавьж ажиллаагүй хууль бус үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ шинжээчийн дүгнэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шударга ёсны заримд нийцээгүй байна.

Иймд дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зөрчил болно.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШТЦ/374 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э тайлбартаа: “ ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...Шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Б, Д.О, Х.Б, Ч.Ч нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас      аймгийн       сумын багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн урд байх 928 суудалтай “Э” 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндрөөс унаж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх Л.Б, Д.О, Х.Б нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч Ч.Чыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Н.Д эсэргүүцэл гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын “ ... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж, мөн хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг “Хөдөлмөрийн нөхцөл” гэж тус тус ойлгоно.

 

 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцах бөгөөд холбогдох хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үр дагавар бий болсон тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.

 

       аймгийн        сумын        багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Э” сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Н” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Л.Бг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй,

 

мөн уг компанийн ерөнхий менежер Д.О, талбайн даамал Х.Б нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, аюул эрсдэлийг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй талаарх дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хууль бус үйлдэл хийх, эсхүл хууль тогтоомж, журмыг зориуд хэрэгжүүлэхгүй байх эс үйлдэхүйн аль ч хэлбэрээр илэрдэг онцлогтой.

 

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж тухайлан заасан байна.

 

Дээрх шүүгдэгч нар ажлын байранд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй хандсан эс үйлдэхүй нь хохирогчийн амь хохирсон хор уршиг хамааралтай, шалтгаан холбоотой байхад     анхан шатны шүүх “... ажилтан согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй ...” гэж дүрэмд заасан дээрх заалтыг агуулгаас нь өөрөөр буюу хуулийг буруу тайлбарлан дээрх үйл баримтыг “үйлдвэрлэлийн осолд тооцохгүй” гэж дүгнэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Амь хохирогч Х.Г нь тухайн үйл баримт болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний биенээс авсан гэх цусанд 1.75  промилл процесс этилийн спирт илэрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд тэрээр ажлын байранд архи уусан үедээ ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэх, эсхүл ажлын байранд архи уусан үедээ утсаар ярьж байгаад шатан дээрээс унасан эсэх талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

 

Мөн “... шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх хэдий ч ... дээрх нөхцөл байдлын хувьд тэднийг ... хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй атал энэхүү шаардлагыг хангалгүйгээр ... яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарыг гэм буруутай болохыг нотлохгүй байна ... шүүгдэгч нар гэм буруутай эсэх нь эргэлзээтэй ... гэж үзэж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд дээрх үйл баримт нь “үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй” гэх, мөн шүүгдэгч Л.Б, Д.О, Х.Б нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэл буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан зөрчил гаргасан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эрхтэй болно.

 

Иймд прокурорын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Магадлал хүчинтэй болмогц хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЦЭЦЭГМАА

               ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР