Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

                                                                                   

М.А, Б.Унарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Т.А-ны өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

                      

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.А, Б.Унарт холбогдох 1911002010188 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Уянга, М.А нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч, 92,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч М.А, Б.Унарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: …. холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, шүүгдэгч M.Aыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад   зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уянгад оногдуулсан 6 сарын хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч М.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уянгад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгч Б.Уянгад тус тус сануулж, шүүгдэгч М.А, Б.Унар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.А, Б.Унарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан:

хохирогч Д.Лувсандэлэгийн "...гэртээ эргээд ирэхэд гэрийн хаалганы цоож газар уначихсан, гэрийн хаалга онгорхой байсан юм. Тэгээд байж байхад манай гэрийн ойролцоо байнга явж байдаг 61 дүгээр сургуулийн сурагч манай гэрээс хулгай хийсэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг харсан байсан. Тэгээд надад хэлэхдээ, тэр хүүхэд “танай гэрээс миний урд харж байсан архи уудаг гэр нь хойно байдаг эрэгтэй, эмэгтэй хоёр танай гэрийн хаалганы цоожийг нь эвдээд дотроос нь танай цахилгаан халаагуурыг аваад гараад явж байхыг харсан байсан. ...”,

Насанд хүрээгүй гэрч Б.Отгонжаргалын "...Одгэрэл бид хоёр манай гэр лүү орох гээд явж байхад нөгөө эрэгтэй, эмэгтэй өвөөгийн гэрт нь байсан цахилгаан тенийг нь барьсан явж байсан. ...",

Б.Уянгын яллагдагчаар өгсөн "...ганц бие амьдардаг өвгөний гэрийн хажуугаар явж байхад гэрийнх нь хаалга цоожтой байхаар нь архиныхаа халуунд архи авч уух мөнгө олох гэж Алтанбагана бид 2 ярилцаж байгаад гэрийнх нь хаалганы зүүдэг цоожийг газраас чулуу аваад Алтанбагана эвдээд гэр дотор нь ороход нэг их тавилгагүй, орны урд талд байх тосон тень болон уртасгагч залгуурыг аваад гарч яваад Нарантуул 2 худалдааны төв дээр очиж зүс таних хүнд 25,000 төгрөгөөр зарж борлуулаад дэлгүүрээс 0,75 литрийн савалгаатай 2 шил “Хамаг монгол” нэртэй архи аваад үлдсэн мөнгөөр нь гэртээ хоол хүнсний бүтээгдэхүүн аваад гэртээ очиж архиа уугаад Алтанбагана гэртээ харьсан. ...",

М.Алтанбаганы яллагдагчаар өгсөн "...Уянга би арыг нь даана, энэ айл руу оръё гэж хэлэхээр нь тухайн үед би архи уусан, халамцуу байсан болохоор гэрийн хаалганы цоожийг нь газраас чулуу аваад цохиж гэр дотор нь ороод гэрийн хойд хэсэгт орны урд талд гэрийн баганы хажууд байх цагаан саарал өнгийн тосон тень, уртасгагч залгуурын хамт авч гараад Нарантуул 2 худалдааны төв орж, тенийг 25,000 төгрөгөөр зарж борлуулсан. Б.Ухэлэхдээ энэ айлд ганцаараа амьдардаг өвөө байдаг гэсэн. ..." гэх нотлох баримтууд цугларсан байдаг.

Дээрх нотлох баримтуудаар, М.А, Б.Унар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг хоёул гүйцэтгэн үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөө М.А, Б.Унар нь захиран зарцуулах зорилгоор Нарантуул 2 худалдааны төв дээр зарж борлуулсан болох нь эргэлзээгүйгээр хөтөлбөргүй тогтоогдсон юм.

Гэтэл Б.Уянгыг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг өөрчлөн мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэснийг зөрчсөн, хуулийн ямар нэг үндэслэлгүй шийдвэр болсон.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэж байна.

          Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн зүйлчлэлийг өөрчилсөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Алтанбаганы өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. М.Ад холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                        

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Уянгын “...М.Атай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч, 92,700 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан...” гэмт хэргийн шинжтэй гэж өөрчлөн зүйлчилснийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж, мөн хуулийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан;...” гэж тодорхой хуульчилж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Уянгын гэм буруутай үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.   

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл, үндэслэл болсон нотлох баримтуудын агуулгыг тодорхойлох ёстой.

 

Гэтэл прокуророос шүүгдэгч М.Уянгын үйлдлийг “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх “...Шүүгдэгч Б.Унь М.Алтанбаганыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болохыг буюу хулгайлах гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдан борлуулж, ашиг олсон байна...” гэж гэмт хэргийн үйл баримтыг өөрчлөхдөө өөрчлөх үндэслэл болсон нотлох баримтын агуулга, улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргээ бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтыг зөрчсөн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.  

 

Иймд дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.А, Б.Унарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Унь бага насны буюу 2-10 насны 2 хүүхэдтэй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 113-114/-аар тогтоогдож байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “...хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй...”гэж заасан, хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой.

 

Гэтэл энэ талаар зохих ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд хийгээгүй байх ба харин анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх хүртэлх хугацаанд прокурор (хяналтын прокурор А.Нямсүрэн) шүүгдэгч Б.Уянгын бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харъяа дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлэх, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд хамгааллын зохих үйлчилгээ үзүүлэхийг харъяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэх ажиллагагааг хийх нь зүйтэй гэж үзэв. 

 

Түүнчлэн, шүүгдэгчийн бага насны хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал шийдвэрлэсэн байх нь Монгол Улсын Үндсэн  хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;...”, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна...” гэж заасанд нийцнэ.

 

Иймээс тус хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд (давж заалдах шатны шүүхээс хэрэг анхан шатны шүүх рүү хүргэгдэх, хэргийг хүлээн авсан шүүгч шүүх хуралдааныг товлох, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой хугацаа ордог) шүүгдэгч Б.Уянгын бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхийг Чингэлтэй дүүргийн прокурорын газар /прокурор А.Нямсүрэн/-д хариуцуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.А, Б.Унарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Шүүгдэгч Б.Уянгын бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл тэднийг харгалзан дэмжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнд даалгасугай.

 

3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Уянгад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ