Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/02892

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/02892

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Жуулчны гудамж, Урт цагааны ... дугаар корпус, ... тоот хаягт байрлах Д.О ББСБ ХХК /РД:  0000009/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, 9 тоот хаягт оршин суух, Ш овогт А М /РД: 00000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 463,887,705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Т, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Т нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн А.М нь манай байгууллагатай 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2177 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, А.М, Ш.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, ... дугаартай барилгын ... тоотод байрлах 218 м/к талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь үүргээ ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний 7.1, 7.1.1-д зааснаар гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлд 0 төгрөг, хүүнд 35,009,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42,548 төгрөг, нийт 35,052,295 төгрөг төлөөд байна. Зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардаж ирсэн боловч үүргээ биелүүлээгүй байна. Иймд үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 110,127,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,260,000 төгрөг, нийт 432,387,705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг бид анх шүүхэд гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хүүг 14,700,000 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 2,940,000 төгрөгөөр, мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хүүг 11,550,000 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 2,310,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Иймд үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 136,377,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,510,000 төгрөг, нийт 463,887,705 төгрөгийг хариуцагч А.Маас гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.М-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрвээ зээлийн төлөлтөөс ямар нэгэн төлбөр хийгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг авах боломжтой. Харин миний хувьд тодорхой хэмжээний төлөлтийг хийж байсан. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн хүүг миний хувьд төлөх чадваргүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлийг анх надтай хамт өөр хоёр хүн авсан. 300,000,000 төгрөгийг бүхэлд нь би өөрөө зарцуулсан зүйл байхгүй. Банк санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгийг тооцож, судалж байгаад авсан байх гэж бодож байна. Миний хувьд барьцаанд байгаа объектыг худалдан борлуулж байгаад л зээлийг төлөх боломжтой. Өөр надад зээлийг төлөх ямар ч боломж байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХКнь хариуцагч А.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 463,887,705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрвээ зээлийн төлөлтөөс ямар нэгэн төлбөр хийгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг авах боломжтой. Харин миний хувьд тодорхой хэмжээний төлөлтийг хийж байсан. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн хүүг миний хувьд төлөх чадваргүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлийг анх надтай хамт өөр хоёр хүн авсан. 300,000,000 төгрөгийг бүхэлд нь би өөрөө зарцуулсан зүйл байхгүй. Банк санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгийг тооцож, судалж байгаад авсан байх гэж бодож байна. Миний хувьд барьцаанд байгаа объектыг худалдан борлуулж байгаад л зээлийг төлөх боломжтой. Өөрөөр надад зээлийг төлөх ямар ч боломж байхгүй гэж маргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХКнь хариуцагч А.М-тай 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 00002177 тоот зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 00002177 тоот барьцааны гэрээ байгуулж, А.М, Ш.Төгсбат нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 9/1 дугаартай барилгын 1 тоотод байрлах 218 м/к талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-д 1 сард үндсэн зээлийн 3.5 хувийн хүүтэй гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болохоор байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу зээлийн гэрээний 7.1-д Энэхүү зээлийн гэрээг зөвхөн зээлдүүлэгчийн саналаар дараахь үндэслэлээр хугацаанаас өмнө цуцлана., 7.1.1-д Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 7 хоногоос дээш хугацаатайгаар хэтрүүлсэн. гэж зааснаар гэрээг цуцалж, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс үүргээ гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, тухайн өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 300,000,000 төгрөг, хүүнд 136,377,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,510,000 төгрөг, нийт 463,887,705 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 00002177 тоот барьцааны гэрээний 3.1-д заасан барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч А.М нь үндсэн зээлээс огт төлөөгүй, хүү тооцсон тооцоололд маргаагүй, харин нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, учир нь тодорхой хэмжээнд зээлээс төлж байсан тул төлөхгүй гэх тайлбарыг гаргасан ба хууль болон гэрээнд зааснаар хариуцагч нь үүргээ зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, мөн ба зээлийг төлөх чадваргүй болсон нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч А.М-аас үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүүнд 136,377,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,510,000 төгрөг, нийт 463,887,705 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 9/1 дугаартай барилгын 1 тоотод байрлах 218 м/к талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч А.М-аас үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүүнд 136,377,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,510,000 төгрөг, нийт 463,887,705 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 00002177 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн ... дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, ... дугаартай барилгын ... тоотод байрлах 218 м/к талбай бүхий Ү-2205063917 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,863,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,863,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МӨНХТӨР