Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 02131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: П.Ү-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ж-д холбогдох,

11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ү, өмгөөлөгч С.Энхцэцэг, хариуцагч Б.Ж, өмгөөлөгч В.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга              Б.Үүрийнтуяа нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ү би 2018 оны 03 сарын 22-ны өдөр Б.Ж-оос 44-85 УБА улсын дугаартай, Hyundai маркын, 2400 тонны даацтай ачааны машин 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Б.Ж нь уг машинаа ажилд гаргахад бэлэн, ямарч эвдрэлгүй сайн машин байгаа юмаа, хэрэв эвдрэх юм бол эвдэрсэн засварыг хийж өгнө гэж хэлээд надад машинаа шилжүүлж өгсөн. Гэвч машин авсан өдрөөс эхэлж эвдэрч, ямарч ажил хийх нөхцөлгүй байдалд орсон.

Б.Ж руу тухайн үед нь залгаж “энэ машинд эвдрэл их байна засуулмаар байна” гэж хэлэхэд засварын мөнгө хэд болж байна би шилжүүлье гээд рулийн түнтгэр хар аппарат солих мөнгө гээд 300.000 төгрөгийг манай нөхөр болох Б.Д-ын дансруу 2018 оны 03 сарын 22-ны өдрийн үдээс хойш шилжүүлсэн. Гэтэл тэр рулийн түнтгэр хар нь 800.000 төгрөгийн үнэтэй байсан.Тэр өдрөөс хойш нөхөр бид хоёр Б.Ж-той холбоо барих гээд их оролдсон боловч утсаа салгаад зугтаад алга болсон. Түүний 99889603 дугаар бүхий мобикомын дугаар луу нь залгахад 2018 оны 03 сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл холбогдохгүй байсан. Нөхөр бид хоёр цагдаад хүртэл хандсан, иргэний маргаан байна гээд авч хэлэлцэхгүй, иргэний шүүх рүү яв гэсэн.Гэтэл санамсаргүй явж байгаад 2018 оны 05 сарын 05-ны өдөр Б.Ж-той Гандан хийд дээр тааралдаж уулзсан бөгөөд энэ үедээ “машин чинь эвдэрсэн мотор авах хэрэгтэй байна” гэхэд “за, би янзалж өгье” гэж хэлсэн. Та хоёрт мотор солих мөнгө болох 8.000.000 төгрөгийг би өгье гээд нотариатч дээр очиж 8.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ хийсэн.

П.Ү би уг машиныг авснаас хойш олон зүйлд нь засвар хийлгүүлж, эвдэрсэн рулийн аппарат, түнтгэр хар, подёмны цлиндр, спидометр, гидрийн насос, дугуй зэрэг юмнуудыг нь сольж тавьсан бөгөөд засварын ажилд орсон мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Би хуулийн мэдлэг муутай учраас эдгээр эд зүйлийг худалдаж авсан баримтуудыг аваагүй, хадгалаагүй тул шүүхэд өгч чадаагүй, мөн уг машины моторыг солиулахад засварчинд ажлын хөлсөнд нь мөнгө өгсөн. Энэ бүхнийг нийлүүлээд ойролцоогоор 3.000.000 төгрөг гэж багцаалсан. Үнэн хэрэг дээрээ үүнээс их зардал гарсан. Уг автомашиныг Ж-оос худалдаж аваад ажилд бараг яваагүй, их зарлага гарсан болохоор нь засчихаад 2018 оны 10 сарын 09-ний өдөр бусдад 25.000.000 төгрөгөөр зарсан.

Иймд худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон, мотор сольж тавиулсан ажлын хөлсөнд нийт 3.000.000 төгрөг, худалдан авч тавьсан моторны үнэ 8.500.000 төгрөгийн хамт нийт 11.500.000 төгрөгийг хариуцагч Б.Ж-оос гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  2018 оны 03 сарын 22-ны өдөр Б.Ж-тоос  ачааны машин 25.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийж худалдаж авсан. Уг тээврийн хэрэгслийг худалдан авсан өдрөө л зарим эвдрэл, доголдол гарч эхэлсэн.

 Б.Ж-оос тэр өдрөө 300 000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Энэ нь уг машинаа доголдолтой байсныг харуулж байгаа. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдолыг арилгах үүрэгтэй. Тэгээд ч дараахан нь утсаа салгаад холбогдох боломжгүй байгаад байсан нь эс үйлдэхүй мөн.

2018 оны 05 сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг нь мөн л уг худалдсан машиныг доголдолтой байсныг хүлээн зөвшөөрсний шинж юм.

Шинжээчийн дүгнэлтээр уг машин тосолгооны системийн доголдолоос болж мотор эвдэрсэн гэж тогтоогдсон, даац хэтрүүлсэн гээд байгаа байдал хамаарахгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрэн байна гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 сарын 21-ний өдөр иргэн Ү-ийн нөхөр Д-т өөрийн эзэмшлийн 44-85 УБА дугаартай, Hyundai Gold маркийн, 23 тонн даацтай автомашиныг 25.000.000 төгрөгөөр худалдсан.

Маргааш нь Д ирж үзээд 2018 оны 03 сарын 23-ны өдөр өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар Авто тээврийн газар дээр очоод Д, Үхоёр уг автомашиныг хэний нэр дээр шилжүүлэхээс болж бага зэрэг маргалдаж байгаад харилцан ойлголцож эхнэр Ү-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед миний машиныг худалдаж авахаар 3 хүн над руу ярисан байсан. Д гуйсаар байж авсан.

Би автомашинаа 2017 оны 9 сард Сайн ломбарданд тавьсан байсан, машин ломбардны хашаанаас гарахад Д-ыг өөрөө бариад яв гэхэд хот дотор механик тэрэг барьж чадахгүй хүргээд өг гэхээр нь би ломбардны хашаанаас Амгаланд айлын хашаанд аваачиж өгсөн. Тухайн үед рулийн урд шарикаас тос дусаж байгааг бид бүгд харсан. Тэгээд би рулийн могой сальник сольж өгнө гээд чадаагүй учир 300.000 төгрөгийг Д-ын данс руу шилжүүлсэн. Харин бусад ямар нэгэн эвдрэл гэмтэл машинд байгаагүй болно.

Миний бие өвчтэй маш хүнд байсан тул надтай холбоо барьж чадаагүй байхаа, тухайн үед би хагалгаанд орох өдрөө товлохоор гандан дээр явж байгаад Ү, Д нартай тааралдахад ихээр доромжлоод байхаар нь тэр зээлийн гэрээг хийсэн Ү-аас мөнгө зээлж аваагүй юмаа.

Миний автомашин ломбардны хашаанаас өөрөө явж гарсан, ямар ч эвдрэлгүй байсан, нэхэмжлэгч өөрөө моторыг нь цохиулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд машины мотор цохих нь ашиглаж байгаа эзнээс хамаарахаар байгаа. Учир нь тос тосолгооны системийн доголдол уг машиныг ашиглаж байгаа эзнээс хамаарна. Машины даацаас ихэдсэн ачаа ачаад хол замд явсан, даац хэтэрснээс ус халж, тос тосолгооны системд доголдол үүссэн. Гэрээ хийсэн үед зарим зүйлийг сольж өгч байгаа нь моторын доголдол байсан гэдгийг нотлохгүй.

Машинд гарсан эвдрэл гэмтэл уг машины ашиглалтаас шууд шалгаалах тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэргэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ү нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан, худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон мотор сольж тавьсан ажлын хөлсөнд нийт 3,000,000 төгрөг, моторын үнэ 8,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Ү нь 2018 оны 03 сарын 22-ны өдөр хариуцагч Б.Ж-оос 44-85 УБА улсын дугаартай, Hyundai Маркийн 24 тонн даацтай ачааны автомашиныг 25.000.000 төгрөгөөр худалдан авч, уг автомашины үнийг хариуцагчид шилжүүлсэн, энэ талаар зохигч маргаагүй.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Хуульд зааснаар худалдан авагч П.Үнь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах, худалдагч Б.Ж нь биет байдлын доголдолгүй 44-85 УБА улсын дугаартай, Hyundai Маркийн ачааны автомашин, түүнийг дагалах бичиг баримтын хамт худалдан авагч П.Ү-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан 300,000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн баримт болон талуудын хооронд 2018 оны 05 сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Ү-ийн “...2018 оны 05 сарын 05-ны өдөр Б.Ж-той Гандан хийд дээр тааралдаж уулзсан бөгөөд энэ үедээ “машин чинь эвдэрсэн мотор авах хэрэгтэй байна” гэхэд “за, би янзалж өгье” гэж хэлсэн. Та хоёрт мотор солих мөнгө болох 8,000,000 төгрөгийг би өгье гээд нотариатч дээр очиж 8.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ хийсэн...” гэх тайлбар үндэслэлтэй байх ба уг баримтаар болон Авто тээврийн үндэсний ТӨҮГ-ын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт баримтаар Б.Ж нь уг автомашиныг худалдан авагч П.Ү-д шилжүүлэн өгөх үед буюу худалдах үед доголдол байсан, доголдол гарч болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7.-д “Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан.

            Худалдан авагч П.Үнь Б.Ж-д худалдан авсан автомашины тохирсон үнийг төлсөн байхад худалдагч Б.Ж нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-т зааснаар худалдан авсан автомашиныхаа доголдлыг арилгахад гарсан зардлаа нэхэмжлэгч П.Ү шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасны дагуу 2018 оны 03 сарын 22-ны өдөр 44-85 УБА улсын дугаартай, Hyundai Маркийн ачааны автомашин худалдаж авсан өдөртөө болон 2018 оны 05 сарын 05-ны өдөр буюу 2 сар гаруй хугацааны дараа буюу эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагч Б.Ж-д мэдэгдэж байсан болох нь зохигчийн тайлбар, Зээлийн гэрээ баримтаар тогтоогдож байна.

Худалдагч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-т зааснаар Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2.-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж, 254 дүгээр зүйлийн 254.1.-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч худалдан авсан автомашиныхаа доголдлыг арилгахад гарсан зардлаа шаардаж буй нь үндэслэлтэй.

Зохигчийн хооронд 2018 оны 05 сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ баримтаар автомашины үнийг талууд 8,000,000 төгрөгөөр тохиролцсон,  П.Ү нь уг автомашины моторыг бусдаас  8,500,000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан “Хас банк” ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 103, 104 хуудас/ баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Б.Ж-оос 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ү-д олгох үндэслэлтэй.

Харин рулийн аппарат, подёмны цлиндр, спидометр, гидрийн насос, дугуй зэрэг сэлбэгүүдийг худалдан авахад болон засварчны ажлын хөлсөнд нийт 3.000.000  төгрөг төлсөн баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон 198,950 төгрөг төлөхөөс 56.000 төгрөг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар хариуцагч Б.Ж-оос 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ү-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 56.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Ж-оос улсын тэмдэгтийн хураамжид 150.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БААТАР