Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 02359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.М/РД: /-ын нэхэмжлэлтэй,

                                                                                      

Хариуцагч: “МП” ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хонгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжпэгч М.Мын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1.4 дахь хэсгийг үндэслэж, нэхэмжпэлийн шаардлага, түүний үндэслэл, ингэхдээ ямар ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахаа дурдах ёстой гэсэн. Үүний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авна уу.

Нэхэмжлэгч М.М би “МП” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Дасгалжуулагч багш” албан тушаалд хугацаагүй “Хөдөлмөрийн гэрээ”-г сарын 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн цалинтай байгуулсан болно. Би ажиллах хугацаандаа буюу өнөөдрийг хүртэл ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд сахилгын хариуцлага тооцуулж байгаагүй, ажлын үр дүн, үнэлгээгээрээ маш сайн байсан.

Намайг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр компанийн Гүйцэтгэх Захирал намайг “цомхотгол” гэх шалтгаанаар ажлаас халагдсан тухай хэлсэн. Бусдаар албан ёсоор мэдэгдсэн болоод ажлаас халагдсан тухай тушаал гаргаагүй. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш намайг ажилдаа ирэх хэрэггүй, ажиллуулахгүй, цалин тавихгүй тухай хэлж, ерөөсөө ажил хийлгээгүй. Энэ талаар би шаардлага тавьж, ажлаас халагдсан тушаал гаргаж өгч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг минь өгөхийг хүссэн ч ажлаас халагдсан тушаал өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэснийг ноцтой зөрчиж байна.

Дээр дурдсанчлан, надаар ажил хийлгэхгүй бас өнөөдрийг хүртэл ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөхгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” тухай зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг” гэж заасны дагуу ажил олгогчийн дээрх үйлдэл нь намайг ажпаас халсантай адилтгаж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ: ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан...” гэж заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд, “МП” ХХК нь намайг ажлаас буруу халсан болохыг тогтоож, тус компанийн “Дасгалжуулагч багш” ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “МП” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хонгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Мэндсайхан овогтой Мын “МП” ХХК-д холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь “МП” ХХК-ийн Дасгалжуулагч багш ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, “Дасгалжуулагч багш” ажилд эргүүлэн томилох, Ажилгүй байсан хугацааны цалинголгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөжтөлүүлэх тухай шаардлага гаргажээ.

Дасгалжуулагч багш ажлын байрны тухайд:

Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралын улмаас компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулах, үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах цогц арга хэмжээний хүрээнд зарим албан тушаалыг цомхтгож байгаа билээ.

Иймд 2019 оны 07 сарын 31-ний өдөр Дасгалжуулагч багш албан тушаалтай Мэндсайхан овогтой Мад мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 08 сарын 31 өдрөөр цомхтгосон. Манай компани нийт 2 дасгалжуулагч багштай бөгөөд, дасгалжуулагч багшийн ажил үүрэг нь компанийн фитнесс зааланд ажилтнууд болоод түрээслэгчдэд хичээл заах, дасгалжуулах чиг үүрэг бүхий албан тушаал юм.

Энэхүү албан тушаал нь компанийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаанд онцгойлох үүрэг гүйцэтгэдэггүй бөгөөд Фитнессийн үйл ажиллагааны менежмент болон ажиллах цагийн хувиар багасч өөрчлөлт орсонтой холбоотойгоор компанийн удирдлагын зүгээс Дасгалжуулагч багшийн 1 орон тоог зайлшгүй хасч цомхтгохоор шийдвэрлэсэн.

М.Мын ажил байдлын талаар: М.Мын ажлын үр дүнгийн хувьд хангалттай хэмжээнд байгаагүй бөгөөд дор дурдсан зөрчлийг гаргаж удирдлагын зүгээс удаа дараалан аман сануулга өгч байсан. Үүнд:

М.Мөнбат нь өөрийн нэхэмжлэлдээ ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд сахилгын хариуцлага тооцуулж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй худал юм.

Тэрээр манай компанид ажиллаж байх хугацаандаа ажлын байрыг хувийн эзэмшлийн өмч мэтээр андуурч ажлын байран дээр хөзөр тоглож, компанийн бусад ажилчдад буруу үлгэр дууриалал үзүүлж, ажилчдыг мөрийтэй тоглоомд уриалж ажилтан албан хаагчид байж болзошгүй ёс зүйн доголдлыг удаа дараа гаргаж байсан.

Харин компанийн удирдлагын зүгээс М.Мын ажилласан жилийг харгалзан алдаа дутагдал, ёс зүйн доголдол гаргах бүрт нь сахилгын арга хэмжээг шууд авалгүй аман сануулгыг өгсөөр явсан.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Компани дасгалжуулагч багшийн ажлын байрны нэг орон тоог хасч, М.Мын хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.

М.М нь өөрийн нэхэмжлэлдээ Ажлаас халсан тушаал бичгээр гаргаж өгөөгүй, ажил хийлгээгүй гэсэн байна. Манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлан М.Мад орон тоог цомхтгосон тухай мэдэгдсэнээс хойш буюу 2019.08.31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, энэ хугацааны цалинг нь олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор Гүйцэтгэх захирал тушаал гаргаж, холбогдох цалин, тэтгэмжийг олгосон нь хариу тайлбарт хавсаргасан баримтуудаар нотлогдоно.

Харин М.М нь тус мэдэгдэлд гарын үсэг зуралгүй өдий хүрснээс болж ажлаас халсан тушаал гаргаж өгөх боломжгүй байсан.

Иймд компани нь дасгалжуулагч багшийн орон тоог цомхтгох, энэ албан тушаалд ажиллаж байсан М.Мыг хуульд заасан журмын дагуу цомхтголд оруулан, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч М.М хариуцагч “МП” ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоож, Дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “МП” ХХК нь дасгалжуулагч багшийн орон тоог цомхотголд оруулсан гэж маргасан.

 

          2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч М.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбект 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгч М.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбекийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид дасгалжуулагч багшаар ажиллаж байсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн № 19/01 албан бичиг болон 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №068 Орон тоог цомхотгож, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасныг үндэслэн дасгалжуулагч багшийн орон тоог цомхотгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №068 тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага ... орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” гэж заасан.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 019 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3-ын 3.1-т компанийн ерөнхий үйл ажиллагааг компанийн Гүйцэтгэх захирал удирдана гэж заажээ.

 

2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 3-ын 3.1-т зааснаар хариуцагчийн гүйцэтгэх захирал санхүүгийн хүндрэлийн улмаас дасгалжуулагч багшийн орон тоог хассан болох нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн № 19/01 албан бичиг болон 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №068 Орон тоог цомхотгож, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... хэлэлцээ хийнэ.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн болох нь нэхэмжлэлд дурдсан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажил хийлгээгүй гэсэн байх боловч хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын цалин хөлсийг олгосон байх тул 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ.

                                                       

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд ажилд эгүүлэн тогтоох гомдол гаргах эрхтэй байх боловч ажил хийлгээгүй гэх үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

   

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийг хариуцагчийн дасгалжуулагч багшийн албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мын хариуцагч “МП” ХХК нь ажлаас буруу халсан болохыг тогтоож, Дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мын хариуцагч “МП” ХХК нь ажлаас буруу халсан болохыг тогтоож, Дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ