Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/02912

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,800,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие тус шүүхэд өмнө нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговор гаргуулахаар Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэр гарч миний биеийг Э ХХК-ийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,200,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 334,867 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь ажилд эргүүлж аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир амьдралын чадвар муудсан. Иймд миний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх, нийт 11 сарын цалин 13,200,000 төгрөг гаргуулж, ээлжийн амралтын хөлс 800,000 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх, нийт 3 сарын цалин 3,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Ц.Б нь К ХХК-д ажиллаж байсан нь үнэн боловч нэгдүгээрт, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, хоёрдугаарт, ажлаас буруу халсан байгууллага шүүхийн шийдвэрийг эс биелүүлж ажилд аваагүй тохиолдолд хүн ажил хийж амьдралаа залгуулах эрхтэй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болсон баримтуудаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй боловч татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч тал гардан авсан боловч хугацаандаа тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх хууль зүйн дагавартай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Ц.Б нь ажлаас халагдах тушаалаа авахаар ирээгүй. Ирээгүй хүнийг би ажлаас чөлөөлж, мөн ажилд авах боломжгүй. Мөн өмнө ажлаа хаяад явахдаа манай үнэтэй багаж хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй. Ингэж хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулаагүй тул манайх ажлаас халаагүй байсан. Ц.Б-ыг ажлаас халаагүй байхад яаж ажилд нь эгүүлэн тогтоох вэ гэдгийг би ойлгохгүй байна. Ц.Б нь шүүхийн шийдвэр гарсны дараа надтай уулзаагүй. Одоо бодоод байхад манай байгууллагаас урт хугацааны цалин нэхэмжлэх зорилготой байсан байх гэж бодож байна. Ц.Б нь иргэний үнэмлэхийн хаяг дээрээ амьдардаггүй удаж байгаа гэдгийг би сонссон. Ийм байдалтай байхад би яаж бичиг баримтыг нь шилжүүлэх байснаа ойлгохгүй байна. Мөн Ц.Б нь ажилгүй байсан гэх хугацаандаа К ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллан цалин авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлж байсан, мөн Э ХХК-д 10-аад сая төгрөгийн ажил хийсэн гэж сонссон. Иймд эдгээр орлогыг нь хасуулан, үлдэх төлбөрийг төлж болж байна гэв.

Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б /цаашид нэхэмжлэгч, ажилтан гэх/ нь хариуцагч Э ХХК /цаашид хариуцагч, ажил олгогч гэх/-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,800,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шүүхийн шийдвэрээр ажил олгогч ажилтныг үндэслэлгүй халсныг тогтоосон байхад хариуцагч ажилд эргүүлж аваагүй учир 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсан бол хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэх хугацаанд өөр байгууллагад ажиллан цалин авч байсан учир хасаж тооцуулна хэмээн маргажээ.

Ц.Б-ын нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 836 магадлалаар нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэжээ. /хх-5-11/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заасныг зөрчин хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байх тул тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар алдагдсан хугацааны цалин хөлсний олговрыг шаардах эрхтэй.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтныг ажилд нь эргүүлэн аваагүй талаарх үйл баримтад маргаагүй.

Олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тодорхойлох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэрээр Ц.Б-ын дундаж цалин хөлсний хэмжээг 1,200,000 байхаар тогтоосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэрт тогтоосноор тооцно.

Нэхэмжлэгч Ц.Б 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн К ХХК-д кип автоматикийн инженерээр ажилласан үйл баримтад талууд маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг, түүнд хавсаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, К ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9/145 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-146-156/

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын агуулгад ажилгүй байсан цаг хугацаанд ажилтан өөр иргэн, хуулийн этгээдэд ажилласан байхыг үгүйсгээгүйгээс гадна авсан цалин хөлсийг суутгах агуулга тусгагдаагүй. Тодруулбал, ажилтан энэ хугацаанд өөр ажил, хөдөлмөр эрхэлснээр орлого олсон явдал нь өөр эх сурвалжаас төлөгдөх тул гэм буруутай ажил олгогчийг материаллаг хариуцлагаас чөлөөлж, түүнээс олгох олговроос хасаж тооцох үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт 800,000 төгрөг гаргуулах шаардлага хангагдахгүй. Учир нь хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ажилгүй байсан хугацаанд ээлжийн амралтын олговрыг нөхөж олгохоор зохицуулаагүй байна. Түүнчлэн ээлжийн амралтын олговор ээлжийн амралтыг биеэр эдэлж байх хугацаанд олгох мөнгөн дүн бөгөөд хуулийн дээр заалтын дагуу ажилтан эрх зөрчигдсөн бүх хугацаанд цалин хөлс авах байсан боломжоо нөхөн гаргуулах үндэстэй тул ээлжийн амралтын олговрыг нэмж тооцуулах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14 сарын турш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 16,800,000 төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, үлдэх 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажил олгогч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгогдож буй цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийх үүргийг хүлээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Э ХХК-д даалгаж, ээлжийн амралтын олговорт 800,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 290,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 241,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН