Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ШТ2022/00049

 


                                            “ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                       иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01765 дугааршийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1683 дугаар магадлалтай, 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01924 дүгээр тогтоолтой, 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-дхолбогдох 

89,500,651 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Гэрээ цуцлах, 39,000 ам.доллар буюу 77,893,140 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах тухай хариуцагч“ **** ****” ХХК-ийн ерөнхий захирал ****ын гаргасан хүсэлтийг шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Хариуцагч “ **** ****” ХХК-ийн ерөнхий захирал **** шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01765 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ **** ****” ХХК-аас 62,192,207 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,308,444 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “ ****” ХХК-д холбогдох 77,893,140 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Алтан жолоо ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 918,385 төгрөг, хариуцагчийн 1,827,871 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 468,911 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 1,593,387 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 312,931.75 төгрөг, хариуцагчид 1,280,455 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1683 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ. 

4. Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01924 дүгээр тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1683 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01765 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...62,192,207.01 төгрөг... гэснийг ..51,187,000 төгрөг... гэж., ...27,308,444.14 төгрөгт... гэснийг ...38,313,651 төгрөгт... гэж., 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан “ **** ****” ХХК-аас 413,885 төгрөг гаргуулан “ ****” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 918,385 төгрөгөөс 605,453 төгрөгийг улсын орлогод үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас 312,932 төгрөг гаргуулан “ ****” ХХК-д, хариуцагчаас төлсөн 1,827,871 төгрөгөөс 871,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 955,990 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж “ **** ****” ХХК-д тус тус олгосугай... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудын хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2018.08.14-ний өдөр төлсөн 468,911 төгрөгийг “ **** ****” ХХК-д, нэхэмжлэгчээс 2018.08.13-ны өдөр төлсөн 294,000 төгрөгийг “ ****” ХХК-д тус тус захирамжаар буцааж олгож шийдвэрлэжээ. 

5. Хариуцагч“ **** ****” ХХК-ийн ерөнхий захирал **** шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулахаар гаргасан хүсэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон ажил хүлээлцэх актад гарын үсэг зурсан Ч.Гүнсэн нь тухайн актыг үйлдэхдээ “Электрон техник” ХХК-ийн шахалтаар гарын үсэг зурсан тухайгаа тодорхойлж мэдэгдэл ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажил хүлээлцсэн актыг баталгаажуулахдаа “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхтуяа гарын үсэг зураагүй ба хууль ёсны төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуурамч байсныг нотолж байна. Иймд Ч.Гүнсэнгийн өгсөн дээрх мэдээлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.2-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрүүдийг дахин хянаж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагч “ **** ****” ХХК-ийн ерөнхий захирал ****ын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Хүсэлт гаргагч нь “...Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон ажил хүлээлцэх актад гарын үсэг зурсан Ч.Гүнсэн нь тухайн актыг үйлдэхдээ “Электрон техник” ХХК-ийн шахалтаар гарын үсэг зурсан тухайгаа тодорхойлж мэдэгдэл ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажил хүлээлцсэн актыг баталгаажуулахдаа “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхтуяа гарын үсэг зураагүй ба хууль ёсны төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуурамч байсныг нотолж байна...” гэжээ. 

Дээрх хүсэлтэд Ч.Гүнсэнгийн 2021.12.14-ний өдрийн “...Миний бие Ч.Гүнсэн нь тус компанийн санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд ажилладаг. “ ****” ХХК-ийн 01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн лед дэлгэцийг хүлээлцэх 2015.01.09-ний өдрийн “ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт”-ыг үйлдэхэд “ ****” ХХК-ийн захирал **** нь тендерт оролцох гэж байгаа, яаралтай хэрэгтэй байна, уг актыг зөвхөн тендерийн материал бүрдүүлэлтэд ашиглах юм гэж хэлээд ажил хүлээлцэх процесс дуусаагүй байхад гарын үсэг зуруулж явсан нь үнэн болно...” гэх агуулгатай тодорхойлолт, талууд хооронд байгуулсан 2015.01.09-ний өдрийн Ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний хавсралт “Ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт”-ыг зэргийг хавсарган ирүүлжээ. 

8Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: 

Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон үндэслэлүүдийг хамааруулжээ. 

10. Хариуцагчийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн Ч.Гүнсэнгийн 2021.12.14-ний өдрийн тодорхойлолт, 2015.01.09-ний өдрийн Ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний хавсралт “Ажлын гүйцэтгэл хүлээлцсэн акт” нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй гэх шинжийг агуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна. 

11. Хариуцагч “ **** ****” ХХК-аас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг өмнө нь 3 удаа гаргасныг Улсын Дээд шүүхийн иргэний танхимын шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2020.05.21-ний өдрийн 001/ШТ2020/00057, 2020.10.12-ны өдрийн  001/ШТ2020/00157, 2021.12.02-ны өдрийн 001/ШТ2021/00258 дугаартай тогтоолуудаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Дээрх тогтоолуудаар хянан хэлэлцсэн хүсэлтийн үндэслэлд Ч.Гүнсэнгийн 2021.12.14-ний өдрийн тодорхойлолттой адил агуулгатай Ц.Мөнхзул, Л.Энхтуяа нарын тодорхойлолт гэх баримтыг ирүүлж байжээ. 

Иймд хариуцагч “ **** ****” ХХК-ийн ерөнхий захирал ****ын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01765 дугааршийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1683 дугаармагадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01924 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахыг хүссэн хариуцагч “ **** ****” ХХК-ийн ерөнхий захирал ****ын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсугай.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН