Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багт оршин суух, Ур овог Б-н П /ЗЮ86041775/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах, ЖИ ПИ ЭФ ХХК-д холбогдох сул зогсолтын мөнгө 12495600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.П нь ЖИ ПИ ЭФ ХХК-д 2016 оны 05 сарын 27-ноос эхлэн Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн экскаваторын оператораар түр тушаалаар ажилд орж улмаар 2016 оны 08 сард жинхэлж уг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан. Сарын үндсэн цалин 801000 төгрөг ба Пг ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 07 сарын 01-нээс уг компани сул зогсолт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сар бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар захирлын тушаал гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд П сул зогсолтынхоо мөнгийг аваагүй, уг компаниас чөлөөлсөн тушаалгүй болохоор өөр ажилд орж чадахгүй , ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй хохирч байна. Иймд тус компаниас 2017 оны 07 сараас эхдэн 2018 оны 09 сар дуусталх хугацааны сул зогсолтын мөнгө 6728400 төгрөг, алданги 304920 төгрөг нийт 7033320 төгрөгийг гаргуулж, Б.Пд олгуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Б.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд анх 2017 оны 07 сараас эхдэн 2018 оны 09 сар дуусталх хугацааны сул зогсолтын мөнгө 6728400 төгрөг, алданги 304920 төгрөг нийт 7033320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч талаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.  Шүүхэд маргаантай байх хугацаанд миний бие  энэ компаниас хөдөлмөрийн харилцаа дуусаагүй, үргэлжилж байх тул  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 9 сараас 2019 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор болох 5767200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.  Б.П сард 801000 төгрөгийн үндсэн цалинтай, үүний 60 хувиар тооцож сард 480600 төгрөг авах ёстой. Үүнийг 12 сараар үржүүлж  5767200 төгрөгөөр тооцож байна. Би анхны нэхэмжлэлдээ алданги 304920 төгрөг нэхэмжилсэн ба үүнээсээ татгалзаж байна. Одоо миний нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 7 сараас 2019 оны 9 сар дуустал хугацааны сул зогсолтын мөнгө 26 сараар тооцож 12495600 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Пгийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлээ Дундговь аймгийн шүүхэд гаргажээ. Манай компаний төв Улаанбаатар хотод байрладаг. Дундговь аймагт байрлах манай уурхайн үйл ажиллагаа 2016 оны сүүлээс хойш хаагдсан ба үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа болно. Тиймээс тус хэргийг хэрэгсэхүй болгох нь зүйтэй хэмээн үзэж байна. Мөн тус ажилтан нь өөрийн сул зогсолтод хамрагдсан тушаал, хавсралтаа өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан хянан шийдвэрлэх журмаар компанийн гүйцэтгэх захирал болох С.Оюунбат болон компани, компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст огт хандаагүй тул нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй. Мөн сул зогсолт зарласан тушаалыг гаргасан гэх Ян Жин Гуан гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон улсын бүртгэлийн баримт байхгүй байх бөгөөд тушаал нь хуулийн хүчин төгөлдөр бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Жи Пи Эф ХХК-аас сул зогсолтын үеийн олговор 12495600 төгрөг гаргуулахыг хүсжээ.

2019 оны 11 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн саналыг харгалзан 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутад  хийхээр хойшлуулсан ба хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн байна. Гэвч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,  шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “шүүх хуралдаанд ирэх явцад машинд гэмтэл гарч шүүх хуралдаанд очиж амжихгүй боллоо. Шүүх хуралдаанд заавал оролцох хүсэлтэй байна” гэсэн байх боловч шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзалдаа “Дундговь аймаг нь манай байгууллагын ажил хэргээ байнга явуулдаг газар биш. Хэргийг урьдчилан шийдвэрлэх журмаар компанийн гүйцэтгэх захирал, компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй. Мөн сул зогсолт зарласан тушаалыг гаргасан Ян Жин Гуан гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бүртгэл байхгүй, тушаал нь хүчин төгөлдөр бус” гэх үндэслэлүүдийг тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүсжээ.

Жи Пи Эф ХХК-ний 000130272 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд  /хх-ийн 43-рт/ хуулийн этгээдийн албан ёсны хаягийг Дундговь, Гурвансайхан 3-р баг Чулуут, Зүүн нэртэй салхит талбай гэж бичсэн байна. Энэхүү баримтаас өөр хариуцагчийн ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь Дундговь аймгаас өөр газар байрладаг гэх баримт хэргийн материалд байхгүй, нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах уурхайд ажиллаж байгаад сул зогсолтод хамрагдсан гэх тайлбарыг гаргаж байх тул тус шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн болно.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 8-ны өдрийн 139/ШЗ2018/02581 дугаартай захирамжаар тус компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байсан эсэх талаарх албан ёсны тайлбар, албан бичгийг шүүхэд ирүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэжээ. Гэвч хариуцагчаас “Жи Пи Эф компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөхөөс өмнө маргаан таслах комисс байсан эсэхийг бид мэдэхгүй. Одоо маргаан таслах комисс ажиллаж байгааг мэдэгдье” гэх /хх-ийн 76-рт/ албан бичгийг шүүхэд ирүүлжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч компани сул зогсолт зарлах үед тус компанид маргаан таслах комисс ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь сул зогсолт зарласан компанийн удирдлагын шийдвэрт гомдол гаргаагүй, харин сул зогсолтын олговрыг олгохгүй байгаа явдалд гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ажилтан маргааныг  хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж шийдвэрлүүлээгүй нь түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй ба шүүхэд анх нэхэмжлэлийг 2018 оны 10 сарын 5-ны өдөр хүлээн авснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй тул хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч “Жи Пи Эф” ХХК-ийн захирлын 2017 оны 7 сарын 1-ний өдрийн 17/53 дугаартай “Сул зогсолт зарлах тухай” тушаалыг /хх-ийн 216-219-рт/ гаргасан Ян Жин Гуан гэгч нь тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эсэх, дээрх тушаалыг гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг нотолсон баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй, сул зогсолт зарласан дээрхи тушаалыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болгоогүй байх тул уг тушаал хуулийн хүчин төгөлдөр тушаал  гэж үзнэ. Уг тушаалын хавсралтын 106–рт нэхэмжлэгч Б-н П гэж бичигдсэн,  нэхэмжлэгчийн сул зогсолтын олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч талаас сул зогсолтын олговрын хэмжээнд маргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй шэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12495600 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба улсын тэмдэгтийн хураамжид 212500 төгрөг төлжээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж 214880 төгрөг төлбөл зохих байсан тул дутуу төлөгдсөн 2380 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулахаар тус тус шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11, 56.2-т зааснаар “Жи Пи Эф” ХХК-с сул зогсолтын олговор 12495600 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан  Ур овогт Б-н П /ЗЮ86041775/-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 212500 /хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Пгээс 2380 /хоёр мянга гурван зуун ная/ төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагч “Жи Пи Эф” ХХК-с 214880 /хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пд олгосугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У