| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0143/Э |
| Дугаар | 024 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 024
Х.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Х-д холбогдох эрүүгийн 1813003200135 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч Х.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Тилеуберди нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Х.Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Б суманд хуваарилсан 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй “А” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон, Захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлсний 400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 6 дугаар 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Б сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9.860.000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолоор Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-д мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй боловч Х.Х-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлээгүйгээс болж шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Энэ нь:
1. Өмгөөлөгч С.Тилеуберди миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгөх тухай хүсэлт гаргаж, шүүх хуралд гэрчээр А.Ж, Б.Ж, Ш.А, Х.З, А.Жа, Ө.Х, шинжээч Х.Хайратхан нарыг оролцуулж өгнө үү гэснээр хүсэлтийг ханган шийдвэрлэсэн. Гэвч хоёр удаа гэрч нар ирээгүйн улмаас шүүх хуралдаан хойшлогдсон, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болсон шүүх хуралд гол гэрч болох шинжээч Х.Хайратхан ирээгүй, энэ талаар өмгөөлөгч нар заавал шинжээчийг оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хүсэлт гаргаж, Эрүүгийн хавтаст хэргийн 37-120 хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлтэд шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан заалтыг зөрчиж мөрдөгчөөс тавигдаагүй асуултад хариулж 400,000 мянган төгрөгийг А.Ж-ын данснаас Х.Х-ын дансанд шилжүүлсэн гэж хэрэг дотор байхгүй баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан талаар хэлж, энэ талаар шинжээчээс тодруулахыг хүссэн боловч шүүгч хүлээж аваагүй. Эрүүгийн 1913000800169 тоот хэргийг /ХХ-ийн 189-191 хуудсанд/ харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал болон Прокурорын тогтоолд шинжээчийн 05 тоот дүгнэлтийг гол нотлох баримт болгон Авилгатай тэмцэх газарт шилжүүлснээр Х.Х-ыг яллагдагчаар татах үндэслэл болсон. Тухайн шинжээчийн 05 тоот дүгнэлт анх Ө.Х-д эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхийн тулд Ө.Х-тай холбоотой мөрдөгчөөс асуулт тавьсан дүгнэлт байсан бөгөөд шинжээч өөрөө дур мэдэн тавьсан асуултаас бус өөр этгээд болох Х.Х-ын нэрийг оруулж хууль зөрчин дүгнэлт гаргасан. Шүүх хуралдааны явцад шинжээчийн дээрх хууль зөрчсөн асуудлыг хэлж шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх талаар /шүүх хуралдааны тэмдэглэлийн 28 хуудсанд байгаа/ өмгөөлөгч нар мэтгэлцсэн бөгөөд шүүгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзсэн боловч зөвхөн 01 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, 05 тоот шинжээчийн : дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэсэн мэтээр шүүгч тогтоол гаргасан, шүүх хурал дууссаны дараа тогтоох хэсгийг уншиж сонсгосны дараа шүүгч тайлбар хийхэд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, бусад нотлох баримтыг үндэслэж ял оноосон талаар тайлбарласан. Бид сүүлд тогтоолыг гардан авсны дараа 05 тоот дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн мэтээр шүүгчийн тогтоол гарсанд гомдолтой байна.
2. Шүүгдэгч Х.Х нь өмгөөллийн хөлсийг орон нутгийн хөгжлийн сангаас болон төсвөөс гаргуулах талаар ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргаагүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 12-нд, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрүүдэд А/25, А/33 тоот захирамжуудыг гарган өөртөө давуу байдал бий болгон 2,000,000 төгрөгийг эхнэрийн “А” ХХК-ны дансанд шилжүүлсэн болон өмгөөллийн хөлс гэж 400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэж ял шийтгэсэн асуудлыг эс зөвшөөрч байгаа бөгөөд шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэж байна. ХХ-ийн 74 хуудаст Засаг даргын А/25 тоот захирамжид өмгөөллийн хөлс болгон 400,000 мянган төгрөг гаргуулах талаар тусгаагүй. Засаг даргын А/25 тоот захирамжид “2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг ИТХ-аас баталсан тогтоолын дагуу зарцуулахыг ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Х-д үүрэг болгосугай, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Санхүү албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж-д үүрэг болгосугай, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг ИТХ-ын тогтоол болон гэрээний дагуу шилжүүлж өгөхийг Ш.Е, Б.Ж нарт үүрэг болгосон захирамж гаргасан байхад Ө.Х, А.Ж, Б.Ж нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан үнэн зөв байх зарчимд нийцүүлэхгүй хууль зөрчиж компанийн дансанд Ө.Х хувийн ашиг сонирхлоор шилжүүлж, тус компанийн данснаас А.Ж өөрийн дүү А.Жа-ын дансанд шилжүүлж, үүний дараа А.Ж өөрийн хувийн дансанд шилжүүлж авснаар зориулалтын бусаар зарцуулж өөртөө өмгөөллийн хөлс болох 400,000 мянган төгрөгийг гаргуулан авсан байдаг. Энэ байдлыг Х.Х өг гэсэн гэж Ө.Х хэлдэг, тэгээд би авсан гэж А.Ж хариулж байгаагаас өөр нотлох баримт байхгүй, удирдах албан тушаалын хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй этгээдүүд хууль бус гэдгийг мэдсээр байж далимдуулж өөртөө давуу байдал бий болгож байгаа асуудал байна. Энэ нь хх-ийн 02, 03, 04, 07, 21, 23, 28, 29, 30, 80, 81, 82, 129,187 хуудаст, шүүх хуралдааны тэмдэглэлийн 13,14,15,16 хуудаст байгаа Ө.Х-н мэдүүлэг, 17,18 хуудас дахь Х.З-ын мэдүүлэг, 20,21,22 хуудас дахь А.Ж-ын мэдүүлэг, 23 хуудас дахь Ш.А-ийн мэдүүлэг, 24, 15. 26 хуудас дахь Б.Ж-ын мэдүүлэг, 27 хуудас дахь А.Жа-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон албан тушаалтан Х.Х биш харин Ө.Х, А Ж нар байхад зөвхөн Х.Х-ыг яллагдагчаар татсан асуудалд гомдолтой байна.3. Х.Х “2,000,0000 төгрөг буюу НИК ШТС-аас авсан бензиний мөнгө , иргэн Ү.О-ыг хайхад гарсан мөнгө гэх тооцоог надад холбож байгаа бөгөөд шүүх хуралдаанд Б.Ж /шүүх хуралдааны тэмдэглэлийн 26 хуудсанд/ тус 2,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй яагаад гэвэл шүүхээс Б сумын Тамгын газар төлөхөөр болсон гэсэн, Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 130/ШШ2019/00422 тоот захирамж 2,000,000 төгрөгт холбоотой гаргасан талаар хэлсэн бөгөөд тус хоёр сая төгрөг надад ямар ч холбоогүй байхад нэг талыг баримталж намайг холбож яллаж байгаа асуудалд гомдолтой байна. Мөн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн 24 хуудас нотлох баримт болох 2,000,000 болон 400,000 мянган төгрөгт холбоотой баримтад ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна.
4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.4, 13.5, 13.6, 13.7-т заасныг зөрчиж орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө болон төсвийн мөнгийг ямар нэгэн анхан шатны баримтгүй хууль зөрчиж зарцуулсан асуудлууд хэрэг дотор байхад энэ талаар нэг ч асуудал хөндөхгүй зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж заасан бөгөөд дээрх баримтуудаас аль нэг нь байхгүй байсан тохиолдолд анхан шатны баримт, бүрдүүлбэр бүрдэхгүй бөгөөд төсвөөс мөнгө гаргах үндэслэл болохгүйг заасан. Гэтэл зөвхөн өмгөөллийн гэрээг хийж энэ нь төсвөөс мөнгө гаргах үндэслэл болсон нь өөрөө учир дутагдалтай, хууль зөрчсөн асуудал юм. Эрүүгийн хуулийн зорилго нь дахин гэмт хэрэг гаргуулахгүй, хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг ухааруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашид гаргуулахгүй байхад оршдог. Өөрөөр хэлбэл дээрх албан хаагч нарын мэдүүлгээс үзэхэд өөрсдийн хариуцсан албан тушаал, чиг үүрэг ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргийг мэдэхгүй байгааг харуулж байна. Хууль зөрчсөн хэн ч бай хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой, Х.Х надад холбоотой Эрүүгийн 1913000800169 тоот хэрэг дутуу шалгагдсан гэж үзэж байгаа бөгөөд Ө.Х, А.Ж нарын хууль зөрчсөн асуудлыг нэмж гүйцэд шалгаж хүн бүрийн гаргасан алдаа зөрчсөн хуульд тааруулж арга хэмжээг нь авч хэргийг шийдэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд хэргийг дахин тал бүрээс нь бүрэн дүүрэн гүйцэд шалгаж тогтоох зорилгоор Прокурорын байгууллагад буцаах эсхүл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Х-ыг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр буюу шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Яллагдагч X.Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Б суманд хуваарилсан 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй “А” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,
Захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлсний 400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 6 дугаар 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Б сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9.860.000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-д мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж” албадлагын арга хэмжээ хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Х-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл нь “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг анхаараагүй байна.
Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Х болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг гэм буруугүйд тооцуулж тогтоолгох буюу цагаатгах байр сууринаас оролцжээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж Эрүүгийн хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцжээ. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, чин санаанаасаа гэмшиж байгаа хэлбэрээр илэрнэ.
Дээрх байдал нь шүүгдэгч Х.Х-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд анхан шатны шүүх гэм буруутайд тооцсоны дараа “шүүхээс гэм буруутайд тооцсон учраас хохирлыг төлж өгье гэж хохирол төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруутай гэдгээ мэдэхгүй явж байсан байна, шүүхээс надад гэм бурууд тооцсон учир надад гэм буруу байсан байна гэдгийг ойлгож байгаа” гэсэн мөн давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар нь дахин мэтгэлцэж байгаа зэрэг байдлууд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэхгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Х болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Х-д холбогдох эрүүгийн 1813003200135 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр, шүүх хуралдааны шатанд буцааж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ