Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 516

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03183 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь “П” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Буянт-Ухаа 1 цогцолбор хорооллын сувгийн сантехник, агааржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Уг гэрээгээр “П” ХХК нь өөрийн механизм тоног төхөөрөмжөөр сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба, хоолойн дулаалгын ажил болон дулааны шугамын 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх суваг сантехникийн холбогдолтой угсралтын ажлыг гүйцэтгэн захиалагчийн мэдэлд шилжүүлэх бөгөөд нийт ажлын хөлс 200 000 000 төгрөг байхаар тохиролцсон.

Гэрээ байгуулсаны дараа “П” ХХК нь салхивчийн ажлыг хийхээ больсон учир талууд амаар тохиролцож гэрээний үндсэн төлбөрийг 150 000 000 төгрөг болгон бууруулсан. Буянт-Ухаа 1 хорооллын ажил бүрэн дуусч барилгыг “П” ХХК, “А” ХХК болон Төрийн орон сууцны корпораци зэрэг байгууллагууд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 53/2015 тоот эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлцсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч “А” ХХК нь 96 000 000 төгрөгийг төлж, үлдэх 54 000 000 төгрөгийг төлөхгүй гэдэг. Ажил хүлээлцэхээс өмнө нэмэлт 48 000 000 төгрөг шилжүүлж түүгээр компенсатор авч тавьсан бөгөөд уг мөнгийг ажлын хөлсөнд орохгүй тусдаа шилжүүлсэн. Ажлын захиалагч нь ТОСК бөгөөд гүйцэтгэгч нь “А” ХХК болон “П” ХХК юм. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийн үлдэгдэл 54 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсөнд 96 000 000 төгрөгийг шилжүүлсэн. “П” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа манай компанид биш Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн. “П” ХХК нь үлдэгдэл ажлаа хийлгүй орхиод явсан тул “Оновчлол” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Гэрээгээр сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. “П” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж ТОСК ТӨҮГазар хүлээн авсан. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “А” ХХК нь “П” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, ТОСК ТӨҮГ-ын захиалгаар Буянт Ухаа-1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилийн системийн ажлыг гүйцэтгүүлж нийт 149 000 000 төгрөгийг “П” ХХК-д санхүүжилтээр олгосон. “П” ХХК-ийн угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйгээс ТОСК ТӨҮГ нь нийт 36 удаа албан тоот хүргүүлж ажлаа стандартын дагуу хийхийг шаардаж мөн 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 322 тоот, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 252 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн хийх буюу гэрээнд өөрчлөлт оруулах, албан ёсоор хариу өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах хүсэлт явуулсан ч хариу ирүүлээгүй тул гэрээг цуцалсан гэж үзэн ажлыг үргэлжлүүлсэн.

Гэрээний нийт дүн 200 000 000 төгрөгөөс “П” ХХК-д 149.000.000 төгрөгийн санхүүжилт олгож, үлдэгдэл 51 000 000 төгрөгийг гэрээ цуцалсан үндэслэлээр олгоогүй. Тус компани нь ТОСК ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2 888 001 354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192 745 905 төгрөг, төсөвт суугаагүй буюу 2-р хэлхээний шугамын 362 427 050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч “П” ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн 555 172 955 төгрөг авахаас “А” ХХК-ийн хийгдээгүй ажлын 152 958 940 төгрөгийг хасч, 402 214 015 төгрөг авах байснаас “П” ХХК-ийн ажил чанар хангаагүйн улмаас 109 905 935 төгрөгийн ажлын гүйцэтгэл нэмэлт гэрээгээр авч 292 308 080 төгрөгийн алдагдал хүлээсэн. Захиалагч ТОСК ТӨҮГ гүйцэтгэгч “П” ХХК-ийн хооронд хийсэн 29 389 270 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56 000 000 төгрөгийг “А” ХХК гаргасан боловч ТОСК ТӨҮГ нь уг материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон тул “П” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд чанарын баталгаа 7 450 000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 980 000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268 200 төгрөг, нийт 82 698 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн 82 698 200 төгрөгийг ямар үндэслэлээр бодсон нь тодорхойгүй байна. Нийт шилжүүлсэн мөнгө 200 000 000 төгрөгөөс хасч тооцохдоо гэрээний үндсэн төлбөр бус 48 000 000 төгрөгийг хасчээ. Энэ мөнгө нь гэрээнээс тусдаа нийлүүлсэн компенсаторыг худалдан авсан үнэ юм. “Оновчлол” ХХК-тай байгуулсан гэрээний ажил нь “А” ХХК-тай “П” ХХК-ийн байгуулсан ажлаас өөр тусдаа ажил байсан юмаа. Манайд 149 000 000 төгрөгийг шилжүүлээгүй 96 000 000 төгрөг шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 51 000 000 төгрөгийг гаргуулан “П” ХХК-д олгож, үлдэх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болох 82 698 200 төгрөгийг П ХХК-иас гаргуулах тухай А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2. дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571 441 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж А ХХК-иас 51.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2013 оны 9 сарын 10-ны өдөр “А” болон “П” ХХК-иудын хооронд ажил гүйцэтгэх 10 дугаартай гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэх ажлыг тохиролцсон. Гэрээний явцад “П” ХХК нь ажлаа гэрээнд заасан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн тодорхой хэмжээний ажил нь чанаргүй, шаардлага хангахгүй байсан тул гэрээг цуцалсан. Гэрээ цуцлах, ажлын чанарын талаар 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 323 дугаартай гэрээ цуцлах мэдэгдэл, 2014 оны 6 сарын 21-ний гэрээ цуцлах, өөрчлөлт оруулах мэдэгдэл, 2014 оны 7 сарын 24-ний өдөр 14/252 дугаартай гүйцэтгэсэн ажлын чанарын талаарх мэдэгдлүүдээ тус тус хүргүүлсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар "ажлын үр дүнг хүлээн авч" хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг нь зөвхөн гэрээний талуудад байна. Харин “П” ХХК нь “А” ХХК-нд ажлыг хүлээлгэн өгөөгүй, гэрээ цуцлагдсан, харин “П” ХХК-д хийсэн ажилд нь тохирсон хөлс 96.000.000 төгрөг төлсөн.

“П” ХХК нь үлдэгдэл ажлаа хийлгүйгээр орхиод явсан тул үлдсэн ажлыг манайх “Оновчлол” ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Ажлын гүйцэтгэлийн явцад "П" ХХК-ийн шугам сүлжээний угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас ТОСК ТӨҮГ нь удаа дараалан нийт 36 удаа албан тоот хүргүүлж угсралтын ажлыг стандартын дагуу хийхийг шаардаж байсан. Иймд гэрээний дагуу чанарын шаардлага хангасан угсралтын ажил хийхийг "П" ХХК-д шаардлага хүргүүлж байсан боловч тус компаниас албан ёсны хариу ирүүлээгүй тул гэрээг цуцалсан хэмээн үзэж ажлыг цааш үргэлжлүүлсэн. Гэрээний дүн 200.000.000 төгрөгөөс "П" ХХК-ийн авсан санхүүжилт 149.000.000 төгрөг үлдэгдэл 51.000.000 төгрөгний санхүүжилтийг гэрээг цуцалсан үндэслэлээр олгоогүй. ТОСК ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2 888 001 354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192 745 905 төгрөг, төсөвт суугаагуй ажил буюу 2-р хэлхээний шугамын ажил 362 427 050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч "П" ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил, стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн /362 427 050 +192 745 905/ 555 172 955 төгрөг авах байснаас "А" ХХК-ийн хийгдээгүй ажлын 152 958 940 төгрөг хасаж үлдэгдэл 402 214 015 төгрөг авах тооцооноос "П" ХХК-ийн ажлын чанар хангаагүйгээс 109 905 935 Төгрөгийн ажлын гүйцэтгэлээ нэмэлт гэрээгээр авч 292 308 080 төгрөгийн алдагдалыг тус компани хүлээсэн. Гэрээ ёсоор сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. “П” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж ТОСК ТӨҮГ хүлээн авсан. 2013 оны 9 сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээт ажлын гүйцэтгэл, дутуу ажлын хийж нүйцэтгэсэн З.Оргил нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрч байхад шүүх хүсэлтийг хангаагүй, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “П” ХХК нь шүүхэд хандан, хариуцагч “А” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 54 000 000 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 82 698 200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

            “А” ХХК, “П” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр “П” ХХК нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй “Буянт-Ухаа” хорооллын дотуур явж байгаа дулааны шугамын 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх сувгийн санхтехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба хоолойн дулаалгын ажил, салхивч агааржуулалтын угсралтын ажил хийж гүйцэтгэх, “А” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талууд сувгийн сантехник, агааржуулалтын угсралтын болон газрын ажлын гүйцэтгэлийн ажлын нийт хөлсийг 200 000 000 төгрөгөөр тохиролцсон байсан боловч салхивч, агааржуулалтын ажлыг гэрээний үүргээс хасч, ажлын хөлсний үнийг 150 000 000 төгрөг болгон өөрчилжээ. /хх 8-9 дэх тал/ Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзэх бөгөөд хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин ажлын үр дүн хүлээлгэж өгсөн эсэх болон гэрээ цуцлагдсан эсэх талаар марган, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “... ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ... үлдэгдэл ажлаа хийлгүй орхиод явсан, ... гэрээ цуцлагдсан учир үлдэгдэл төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзвэл, “Буянт-Ухаа 1” хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлын хүрээнд хийгдсэн дулааны шугам сүлжээ, дулаанжуулалтын тоноглол, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийн ажлын хөрөнгө оруулагч буюу захиалагч байгууллага нь Төрийн орон сууцны корпораци Төрийн өмчит үйлдвэрийн газар /цаашид ТОСК ТӨҮГ гэх/ байх бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр хариуцагч “А” ХХК, туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “П” ХХК ажилласан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч тал, нэхэмжлэгчид 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14/234 тоот албан бичгээр ажлын доголдлыг арилгах талаар мэдэгдэл, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 323, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14/252 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээг өөрчлөх, цуцлах талаар санал хүргүүлж /хх-103-105 дахь тал/ байсан байх боловч 2013 оны 9 дүгээр сарын 10-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын хөлс төлж байсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн төлбөрийн баримтуудаар нотлогдож байна. /хх 111-123 дахь тал/

Зохигчид гэрээний 3.1-д “... урьдчилгаа төлбөр 50 сая төгрөг, дараагийн ажлын явцад гүйцэтгэлээр 2 тал дүгнэж, ажлын хөлс олгохоор” тохиролцсоны дагуу талууд ажлаа дүгнэн ажлын хөлсийг өгч байсан гэж үзэх тул гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн хариуцагч “П” ХХК нь ерөнхий захиалагч ТОСК ТӨҮГазрын төлөөлөгчид гүйцэтгэсэн ажлын чанарыг 2013 оны 10 дугаар сарын 25-ны, 2014 оны 01 дүгээр сарын 23, 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд шалгуулан, чанарын “сайн” гэсэн үнэлгээ авч, акт үйлдсэн болох нь хэргийн 12-22, 71-77 дугаар талд авагдсан “Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, цэвэр усан хангамжийн системийг угсарсан сорилтоор шалгасан акт, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

“Буянт-Ухаа 1” хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системын ажлын хүрээнд хийгдсэн дулааны шугам сүлжээ, дулаанжуулалтын тоноглол, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 53/2015 тоот акт үйлдсэн байх бөгөөд улсын комиссын бүрэлдэхүүнд зохигч талууд оролцжээ. /хх 68-70 дахь тал/

Дээрхээс харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч тал хариуцагчид гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн баримт байхгүй хэдий ч талуудын маргаж буй үйл баримттай холбоотой барилга байгууламжийг улсын комисс 2015 онд хүлээн авч ашиглалтад орсон, тус улсын комиссын бүрэлдэхүүнд зохигчид өөрсдөө багтсан байгаа, мөн үүнээс хойш хариуцагч ажлын үр дүн, чанар доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргасан талаар баримтгүй байх тул нэхэмжлэгчийг ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Иймээс хариуцагчаас ажлын үлдэгдэл хөлсөө шаардах эрхтэй. Хариуцагч тал ажлын хөлсөнд 96 сая төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэлд 51 сая төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч “П” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 82 698 200  төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, үндэслэлээ “... нэхэмжлэгчийн ажил чанар хангаагүйгээс ... ажлын гүйцэтгэлээ нэмэлтгэрээгээр авч алдагдал хүлээсэн, материалын үнийг ТОСК ТӨҮГазар нь төсвийн гүйцэтгэлээс хассан ...” гэж  тайлбарлажээ.

ТОСК ТӨҮГазар, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ”-гээр гүйцэтгэгч “А” ХХК нь “Буянт-Ухаа 1” хорооллын гадна дулааны 13в магистралын шинэ шугамын 2 дугаар хэлхээний зурагт тусгагдаагүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-690 дэх тал/ Уг гэрээ нь нэхэмжлэгч “П” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой, чанаргүй байсны улмаас ажлын гүйцэтгэлгээ нэмэлт гэрээгээр авч, хариуцагч компани алдагдалд орсон гэх үйл баримтыг нотлохгүй байна.  Мөн хариуцагч компанийн, “Оновчлол” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийж гүйцэтгүүлсэн дулаан, цэвэр усны шугамын нэвтрэх шугамын тунелийн дам нуруунд краныг суурилуулах ажил нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй хамааралтай, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “П” ХХК-ийн дутуу орхисон ажлыг “Оновчлол” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. /хх 106-108 дахь тал/

Түүнчлэн талууд гэрээгээр чанарын баталгаа, НӨАТ, магадлашгүй ажлын зардал, нормчлолын сангийн шимтгэлийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч “А” ХХК-иас гарсан зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан буюу гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцох боломжгүй юм.

Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ гэрчээс мэдүүлэг авахуулах эрхийг зөрчсөн гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлтдээ ямар хүнийг гэрчээр асуулгах саналтай байгааг тодорхой заахаас гадна түүний оршин суугаа хаяг, эсхүл ажлын газрын хаяг, түүнтэй харьцах утасны дугаар зэргийг тусгах шаардлагатай.

Нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлэг авахуулах гэж буй этгээдийн нэр, хаягийг тодорхой тусгаагүйгээс шүүх түүнийг дуудах боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзан, шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т нийцэж байна. /хх 149 дэх тал/

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

           

                                         ШҮҮГЧИД                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                     Ч.ЦЭНД