Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/02535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Э.М-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  НТ ХХК-д холбогдох

 Сахилгын шийтгэл буруу ноогдуулсан 2019 оны 7-р сарын 23-ны өдрийн 64 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлс үндэслэлгүйгээр өөрчилсөн НТХХК-ийн 2019 оны 7-р сарын 01-ний өдрийн 65 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

-НТ ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

 

Сөрөг, ажилтан Э.Мгаас ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8.278.725 төгрөгийг буцаан гаргуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан НТ ХХК-ийн 40.717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонболор, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, гэрч Д.Удвал, Е.Нурболат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.М 2019 оны 4-р сарын 18-ны өдөр НТ ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд Хөдөлмөрийн контракт гэрээ байгуулан ажилласан. Анх ажилд ороход Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, цаг бүртгэлийн журам, ажлын байрны тодорхойлолт зэрэгтэй огт танилцуулаагүй. Хэдийгээр уг баримтуудтай танилцаагүй ч компаний ТУЗ-ийн дарга С.Болдхэт, гүйцэтгэх захирал Х.Удвал нартай ярилцаж ажил байдлаа түргэсгэх, шуурхай ажиллах зорилгоор ажлын нийт цагийн хуваарилалтыг гарган ажилласан.

...2019 оны 7 сарын 1-ний өдрийн 65 дугаар НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Цалин өөрчлөх тухай тушаал, 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 05 дугаар НТ ХХК-ийн ТУЗ-ийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тогтоол, 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 08 дугаар НТ ХХК-ийн ТУЗ-ийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тогтоол, 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 64 дугаар НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалуудыг тус тус гаргасан байсан.

Миний бие тус компанид ажилд орохоос өмнө United Alliance компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын зах зээлд хамгийн анхны нэгдсэн лояалти хөтөлбөр болох U POINT-ыг санаачлан боловсруулж, нэвтрүүлж байсан туршлагатай. Гэтэл тус компанийн удирдлагууд өөрт хэрэгтэй төслийн материалыг надаар болон миний хамт ажиллаж байсан мэргэжилтнээр хамт дуусгуулчихаад цалин өгөх нь битгий хэл ор үндэслэлгүйгээр сахилгын шийтгэлүүдийг давхардуулан ноогдуулж, надтай байгуулсан контрактын гэрээг цуцласан тухайгаа 2019 оны 8 сарын 1-нд амаар мэдэгдсэн. Ийнхүү уг контрактын гэрээг цуцалсан тушаалаа гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөхгүй байж байгаад 2019 оны 8 сарын 15-ны өдөр, 2019 оны 8 сарын 8-ны өдрөөр огноолсон 69 дугаар контрактын гэрээг цуцлах тухай тушаалыг гаргаж өгсөн.

2019 оны 7 сарын 1-ний өдрийн 65 дугаар Цалин өөрчлөх тухай тушаалын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл ажилтны эрх, үүрэг 6.1, 25 дугаар зүйл Контракт байгуулах ба түүний агуулга 25.3-т заасны дагуу миний бие 2019 оны 4 сарын 18-ны өдрийн Контрактын гэрээний 4 дүгээр зүйлд заасан цалин хөлс, урамшууллыг эдлэх эрхтэй. Гэтэл хариуцагч компани нь 2019 оны 7 сарын 1-ний өдрийн 65 дугаар Цалин өөрчлөх тухай тушаал гаргаж, контрактаар тохиролцсон цалин хөлсийг үндэслэлгүйгээр, урьдчилан мэдэгдэхгүйгээр бууруулсан бөгөөд энэ талаараа 2019 оны 8 сарын 1-ний өдөр мэдэгдсэн. Компанитай байгуулсан контракт гэрээний 4 дүгээр зүйлд Цалин хөлс, бонус, түүнийг олгох гээд 4.1-ийн заалт хүчин төгөлдөр бөгөөд цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байдаг. 2019 оны 7 сарын 1-ний өдрийн 65 дугаар НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Цалин өөрчлөх тухай тушаал нь үндэслэлгүй, хууль бус тушаал болно.

2019 оны 7 сарын 23-ны өдрийн 64 дугаар НТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын Сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалын тухайд Сахилгын шийтгэл оногдуулах болсон үйлдлийг 7 сарын 23-ны өдөр удирдах албан тушаалтнаас 4 цагийн чөлөө авах зөвшөөрөлтэй явсан боловч чөлөө авсан цаг хэтрүүлж Чөлөө авах журам зөрчсөн гэжээ. Тухайн өдөр удирдах албан тушаалтанд мэдэгдээд явсан, уулзалт удаан үргэжилсэн тул чөлөөний хугацаанд очиж амжихгүй талаараа мэдэгдсэн байтал сахилгын шийтгэл ноогдуулсан.

2019 оны 8 сарын 8-ны өдрийн 69 дугаар НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын контрактын гэрээг цуцлах тухай тушаалын тухайд:

-уг тушаалд НТ ХХК-ийн Стратеги хөгжлийн захирал албан тушаалтай Э.М нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан, ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажлын цаг тасалсан, Контрактын гэрээнд заасан ажлын байрны чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэжээ. Миний бие сахилгын зөрчил удаа дараа гаргасан зүйл байхгүй. 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 64 дугаар тушаал нь үндэслэлгүй бөгөөд сахилгын шийтгэл буруу ноогдуулсан.

-миний бие Контрактын гэрээнд заасан ажлын байрны чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тохиолдол байхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж, өөрийн төсөл, хөтөлбөрийн судалгааны бэлтгэлээ хийж төслийн үр дүн, үр ашиг зэргийн тооцооллыг гаргаж ажилласан. Ажил олгогчийн зүгээс ямар ч үндэслэлгүй зүйлсийг дурьдаж намайг ажлааас буруу халсан байна.

Иймд цалин хөлсийг үндэслэлгүйгээр өөрчилсөн тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл буруу ноогдуулсан болохыг тогтоолгож, уг хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв. /хх1-3/

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Мгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ажилд орох өргөдлийг үндэслэн НТ ХХК-д Стратеги төлөвлөлтийн захирлаар томилсон тушаал гаргаж анх ажилд авсан.

Э.М нь ажилд орохдоо өөрийгөө UAIIiancе ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Тесо, Номин, Юнител гэсэн 3 том групп компаний нэгдсэн U-point гэдэг брэндийг зах зээлд гаргаж амжилттай хэрэгжүүлсэн тухай төслийг удирдан нэвтрүүлсэн, хэрэгжүүлэх шатанд явж байна. Хэрэв танайд орвол SBN TV контент үйлдвэрлэл, Наран нэгдсэн рояалти карт онлайн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэх, төсөл бичих, хөрөнгө босгох, танай дээр хийгдэж эхлэж байгаа Чанарын удирдлагын тогтолцоог цааш үргэлжлүүлэх тал дээр туслана, өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагатай гэж өөрийгөө танилцуулж ажилтны итгэлийг олж ажилд орсон.

Хамтран ажиллах хугацаанд Стратеги төлөвлөлтийн газрын захирлын ажлын байрны үндсэн үүрэг, зорилтыг тодорхойлсон ажлуудыг удирдан зохион байгуулж хийх ажлын хүрэээд компаний гүйцэтгэх захирал, ТУЗ-ын даргаас тухай бүр үүрэг даалгавар өгч байсан боловч өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй.

Ажлын цаг ашиглалт муу ажилд орсноос хойш компанийн цагийн бүртгэл хурууны хээгээ уншуулдаггүй удаа дараа шаардуулж хийдэг, ажлын цагийн хоцролт их, ирц хангалтгүй ажлын цагаар хувийн ажлаа амжуулдаг, гадуур ажилтай гэх шалтгаанаар ажлын байранд дээр байдаггүй гадуур ажиллах бүртгэлийн дэвтэр бичүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг гаргасан.

Тухайн ажилтан нь манай компаниас өндөр цалин авч байсан боловч дээр дурдсан байдлаар ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, ажлын цаг болон ажлын байран дээр компанид хамааралгүй хувийн ажил болон бусад зүйлийг хийж, ажил олгогчоос хүлээлгэсэн итгэлийг алдаж, ажилчдын дунд ёс зүйгүй, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн нь олон үйл баримтуудаар тодорхой болсон.

Иймд Э.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх-26-27/

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ажиллах хугацаандаа манай компанид Стратеги хөгжил бизнесийн төсөл Наран Лояалти хөтөлбөр гэх хорин нүүр таницуулга хийж танилцуулсан бөгөөд энэ нь урд ажиллаж байсан компаниудынхаа судалгааны материалаас хуулбарлаж хийсэн ямар ч төсөлд зарцуулагдах төсөв буюу хүний болон хөрөнгийн тооцоо судалгаагүй танилцуулга хийж өгсөнөөс өөр бодит ажил огт хийгээгүй.

Түүнийг компанид ... ажлын цагийг үр ашиггүй байдлаар өнгөрөөж байсан нь тодорхой болсон. Анх жилд ороход нь цалингийн 50 хувь буюу 2,500,000 төгрөгийг тогтмолоор, үлдэх 50 хувь буюу 2,500,000 төгрөгийг ажлын төлөвлөгөө гүйцэтгэлтэй нь уялдуулан дүгнэж олгох гэрээ төлөвлөж танилцуулсан боловч өөрийнх нь саналыг компанийн зүгээс хүндэтгэн үзэж түүний саналаар 100 хувь тогтмол цалин олгохоор гэрээ хийсэн.

Э.Мгийн ажил үүргээ гүйцэтгэж байсан ажлын компьютерт хадгалагдсан 30 өдрийн бичлэгээс үзэхэд 116 цаг буюу бүтэн 14 ажлын өдрийг https://cekc.mnhttps://caak.mnwww.facebook.comwww.youtube.comwww.google.com гэх мэт гадаад дотоодын порно сайтууд үзэж ажлын цагийг үрж байсан нь тодорхой болсон. Мөн түүний компьютер дээрх ажлын файлыг үзэхэд нийт 112 файл байснаас 56 файл нь манай ажилтай ямар ч холбогдолгүй хувийн файлууд байсан. Мөн түүний компьютерт хийсэн үзлэгээр контракт гэрээнд заасан чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэх ажил юу ч байхгүй байсан болно. Энэ бүхэн нь ажилтан Э.М нь ажил олгогчийг хуурч өндөр цалин авч байсан болохыг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм.

Нэхэмжлэгч нь шаардлагатай байна гээд НТ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Оюунжаргалын [email protected] мэйл хаягаас өөрийн [email protected] мэйл хаяг руу 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээ-г авсан.

Мөн манай компанийн маркетингийн газрын захирал Э.Болор-Эрдэнийн [email protected] мэйл хаягаас өөрийн туслах болох төслийн менежер н.Эрдэнэжаргалын [email protected] мэйл хаяг руу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 40.717 хэрэглэгчийн дата мэдээ-г авсан ба компанид өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. Манай компанийн дээрх хоёр дата, мэдээллийг өөр зорилгоор ашиглах нөхцөл бий болоод байгаа тул бид өөрийн дата, мэдээллийг албан ёсоор буцаан хүлээж авахтай холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлж байна.

Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан контракт гэрээний 6.2.12, 7.1, 9.6-д тус тус заасны дагуу Э.Мгаас цалинд олгогдсон мөнгөнөөс ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8.278.725 төгрөгийг буцаан гаргуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан НТ ХХК-ийн 40.717 хэрэглэгчийн дата, Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгаж өгнө үү гэв. /хх-186-188/

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

Миний бие Н пойнт /N Point/ төслийг эдийн засгийн бодит судалгаа, төслийн үндсэн бодлого, стратеги, бизнесийн үндсэн нөхцөл, систем хөгжүүлэлтийн үндсэн бүрдэл, төсөвт өртөг, ашиг орлогын урьдчилсан тооцоо зэрэг бүх нөхцлийг хангасан төслийг боловсруулсан.

Цаашид Нарангийн хэрэглэгчийн бааз, системийн халдлагаас хамгаалах аюулгүй байдлыг хүртэл тооцоолон боловсруулж 100 хувь дуусган өгсөн. Миний оюуны хөдөлмөрийг хуулбар, цаас мэтээр шүүхэд хандсан сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан нь төслийг үнэгүйдүүлэх, нэхэмжлэлийн үндсэн гол асуудлыг өөр асуудлууд руу хамаатуулж булзааруулах гэсэн оролдлого гэж үзэх үндэслэлтэй байна. Миний бие шүүхэд нотлох баримтаар уг төслийг хүлээлгэж өгсөн.

Ажлын гүйцэтгэлгүй, ажлын цагаар өөр ажил хийдэг, ёс зүйгүй зүйлүүд олон цагаар үзсэн, цагийн бүртгэл хийлгээгүй гэжээ. ...Ажил эхлүүлэхэд компаний зүгээс ямар ч журам, дүрмүүдтэй танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулаагүй. Тэгсэн хэдий ч миний бие хөдөлмөрийн бүтээмжтэй хийсэн ажил нь тодорхой үр дүнтэй ажилласан. Бүр сүүлд асуудал үүсэхээс хэдхэн хоногийн өмнөөс энэ тухай буюу цагийн бүртгэл хийлгэх ёстой тухай ярьж эхэлсэн нь төслийг боловсруулан дуусгуулчихаад намайг эртнээс ажлаас халах, ямар нэг сэжүүр үүсгэхээр бэлтгэж байсны илэрхийлэл юм.

Сарын үндсэн цалин 5,000,000 төгрөг байсныг 50 хувь үндсэн, 50 хувь гүйцэтгэлийн үнэлгээгээр олгох болсноо мэдэгдэж протокол үйлдэж танилцуулсан гэжээ. НТ ХХК-ийн зүгээс цалин өөрчлөхтэй холбоотой ямар нэг нэмэлт гэрээ, тохиролцол огт хийгээгүй. Хэрэгт хавсаргагдсан нотлох баримтанд энэ тухай нотлох баримт огт байхгүй. Энэ нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчин ажилтантай байгуулсан гэрээг удирдлагаас дур мэдэн өөрчилсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-214-215/

 

Гэрч Нурболат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний ажлын үүрэг тул Э.Мгийн цаг ашиглалтыг удирдлагад гаргаж өгсөн, ажилтан бүхэн цаг ашиглалтын системд ирсэн, явсан цагаа өдөрт 2 удаа бүртгүүлэх ёстой, энэ тухай Э.М мэдэж байх ёстой. Цагийн бүртгэлд засвар хийх боломжгүй. Мөнгөнзалаагийн ажилласан цаг хангалтгүй байсан. Мөн ажлын компьютерт нь үзлэг хийтэл ажлын цагийн ихэнхийг өөр ажил хийж, нэвтрэх хориотой сайт зэрэгт нэвтэрсэн зэрэг үйл явдал болсон гэв.

Гэрч Д.Удвал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Анх Мөнгөнзалаа нь ажилд орохдоо 6 зорилго бүхий ажил хийнэ, өөрийгөө ур чадвартай, туршлагатай гэж ярьж контрактын гэрээ байгуулж ажилд авсан. Гэвч нэг ч зорилтот ажлыг хийж гүйцэтгээгүй тул бид зөвхөн чаддаг Рояалти хэрэглэгчийн картаа үндсэн ажил болго, бусад ажилд гишүүнээр ажил гэсэн боловч аль ч ажилд оролцоогүйгээр барахгүй ажлаа хийгээгүй, ажлын цагаар байдаггүй, ажилчдын дунд ёс зүйгүй, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан тул контрактад зааснаар гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч НТ ХХК-д холбогдуулан 2019 оны 7-р сарын 23-ны өдрийн 64 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, 2019 оны 7-р сарын 01-ний өдрийн 65 дугаар Цалин өөрчлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, НТ ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-1-3/

Ажилтан ...2019 оны 7 сарын 1-ний өдрийн 65 дугаар Цалин өөрчлөх тухай тушаал, 2019 оны7 сарын 23-ны өдрийн 64 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалууд үндэслэлгүй, ...намайг ажлаас буруу халсан гэж,

-ажил олгогч ...Контрактын гэрээний 1.1-д заасан ...харилцааг үр дүнтэй гүйцэтгэх-ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлаа зохих ёсоор хийгээгүй, ажил олгогчоос хүлээлгэсэн итгэлийг алдсан тул контрактын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.7-г үндэслэн цуцласан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Э.Мгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-5/, 2019.04.18-ны өдрийн Контракт /хх6-10/, НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.01-ний өдрийн 65 дугаартай тушаал /хх-11/, НТ ХХК-ийн ТУЗ-ын 2019.07.17-ны өдрийн 5 дугаартай тогтоол /хх-12/, НТ ХХК-ийн ТУЗ-ын 2019.07.17-ны өдрийн 08 дугаартай тогтоол /хх-13/, НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.23-ны өдрийн 64 дугаартай тушаал /хх-14/, НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.18-ны өдрийн 69 дугаартай тушаал /хх-15/, 2019.06.17-ны өдрийн бизнес төсөл /хх-29-53/ баримтыг,

хариуцагч ...Э.Мгийн 2019.04.18-ны өдрийн хүсэлт /хх-56/, хурлын тэмдэглэл /хх 57-66, 90-113, 128-129, 192-193/, сургалтын хуваарь /хх-67-73/, ажил горилогчтой хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх74-82/, ажлын байрны тодорхойлолт /хх-83-89/, Э.Мгийн цагийн бүртгэл /хх-114-115/, НТ ХХК-ийн ажилчдын цалингийн бланс /хх116-119/, НТ ХХК-ийн ажилчдын цагийн бүртгэл /хх120-127/, НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.18-ны өдрийн 69 дугаартай тушаал /хх-160/, 2019.04.18-ны өдрийн 09/01 дугаартай Контракт /хх161-165/, НТ ХХК-ийн ТУЗ-ын 2019.07.17-ны өдрийн 5 дугаартай тогтоол /хх-166/, НТ ХХК-ийн ТУЗ-ын 2019.07.17-ны өдрийн 08 дугаартай тогтоол /хх-167/, НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.01-ний өдрийн 65 дугаартай тушаал /хх-168/, НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.23-ны өдрийн 64 дугаартай тушаал /хх-169/, Э.Мгийн ажилласан цагийн цалингийн тооцоо /хх191/, Төслийн үндсэн шаардлагыг хангахгүй байгаа тухай дүгнэлт /хх220-226/, НТ ХХК-ийн ерөнхий захирлын 2000.01.03-ны өдрийн 01 дугаартай тушаал, хавсралт /2хх-5-11/, НТ ХХК-ийн дүрэм /2хх-15-24/ баримт зэргийг тус тус бүрдүүлэн өгснийг 40-р зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

Жич: /хх-83-89/ тэмдэглэгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасны дагуу үнэлээгүй.

 

Нэхэмжлэгч Э.М ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдлоо гаргажээ.

 

Зохигч Контрактын гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр НТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Удвал, ажилтан Э.М нар Хөдөлмөрийн тухай хуулийн 22.1, 25.1, Иргэний хуулийн 31, 32 дугаар бүлэг, Компаний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тус тус үндэслэн харилцан тохиролцож мөн өдрөөс Э.Мг тус компаний Стратеги төлөвлөлтийн захирлаар томилж, 5 жилийн хугацаатай, сарын 5 сая төгрөгийн цалинтай байгуулсан, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ.

Мөн гэрээний 2.1-д зааснаар гэрээнд заасан болзол, нөхцлийн дагуу хугацаанаас өмнө цуцлаж болохоор тохиролцжээ.

 

Контрактын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч энэхүү талуудын хооронд байгуулсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн зорилго, агуулга, шаардлагад бүрэн нийцээгүй байна.

Тодруулбал, энэхүү гэрээнд ажилтан Э.Мгийн ямар гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор байгуулсан талаар буюу гэрээний зорилго, агуулга, ажилтны гүйцэтгэх ажлын хүрэх үр дүн, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам зэргийг зохицуулаагүй байна.

Зохигч Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан /25.1/ Контрактыг бичгээр байгуулсан, /25.2/ таван жил хүртэл хугацаатай, /25.3/ ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, хориглох зүйлс зэргийг заасан нь хуульд нийцэж байх тул гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр, хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна гэж үзэв. /хх-161-165/

Ажилтан Э.М нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс НТ ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлаар ажиллаж эхлэсэн ба түүний ажлын байрны тодорхойлолтыг Э.М боловсруулж танилцуулсан гэж тайлбарлах ба уг тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч энэ талаар маргаагүй.

Уг ажлын байрны тодорхойлолтод зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, гол чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл, хийх ажлуудыг заан тусгасан байх ба гарын үсэг, тэмдгээр баталгаажуулаагүй ч талууд танилцсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-83-89/

Хэрэгт авагдсан баримтаар Э.Мгийн хийсэн ажил, үр дүн, контракт, ажлын байрны тодорхойлолт зэргийг дүгнэхээр өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн ...өдрүүдийн хуралдаанууд, ....хуралдаанд оролцож Э.Мгийн ажил, үр дүн, гэрээг үргэлжлүүлэх, цуцлах эсэх талаар удаа дараа хэлэлцэж, дүгнэжээ. /хх 57-66, 90-113, 128-129, 192-193/

Тухайн хурлуудын тэмдэглэлүүдээс үзэхэд Э.М нь хуралд биечлэн оролцсон, түүний ажлын талаар хэлэлцсэн, цаг ашиглалтын талаар сануулсан, үр дүн гарахгүй байгаа тухай, контрактын гэрээг цуцлах талаар тохиролцсон хугацааны өмнө ярилцахад тэрээр хөлсөөр ажиллахгүй, сонголт нь контрактад зааснаар ажлаа хийж чадахгүй бол цуцлагдана гэдгийг мэдсэн, түүний ажил байдлыг хэлэлцэж, дүгнэсэн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Гэтэл Э.М нь контракт болон хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, контрактын явцын болон эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь дээрх хурлын тэмдэглэлүүд, сургалтын ирц, төслийн үндсэн шаардлагыг хангахгүй байгаа тухай дүгнэлт, ажлын цаг ашиглалт, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлээгүй, энэ талаар ажилтан Э.Мд танилцуулсан, гарын үсэг зурсан болох нь бичгийн нотлох баримт болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-67-73,114-127, 220-226/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд цалин буруулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.

Хариуцагч буюу ажил олгогч НТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай Цалин өөрчлөх тухай тушаал /хх-168 тал/-аар Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн үндсэн цалинг 2.500.000 төгрөгөөр тогтоож, нэмэгдэл цалин 2.500.000 төгрөгийг KPI үзүүлэлтээр дүгнэхээр шийдвэрлэсэн /хх-168/,

-гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн үндсэн цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар тус тус бууруулсан бөгөөд ...цалинг өөрчлөсөн гэж үзэх үндэслэлгүй, ажлын цаг ашиглалтын талаар удаа дараа хурлаар хэлэлцэгдэж байсан байх тул 65, 64 дүгээр тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тус компаний 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай ТУЗ-ын тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, компаний ТУЗ-ын даргын шийдвэрийг тус тус үндэслэн үндсэн цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар /хх-166/,

-мөн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, компаний ТУЗ-ын даргын шийдвэрийг тус тус үндэслэн үндсэн цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар Төлөөлөн удирдах зөвлөл, дарга сахилгын шийтгэл ногдуулсан нь бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэж Компаний тухай хуульд нийцээгүй тогтоолыг гаргасан, нэхэмжлэгч энэ талаар шаардлага гараагүй тул шийдвэрлэхгүй орхив.

 

Ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.7, Контрактын гэрээний 9.2.6, 7.7.6, 7.7.7 дахь заалт, компаний ТУЗ-ийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Э.Мтай байгуулсан контрактын гэрээг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон, ...08-ны өдрийн Контрактын гэрээг цуцлах тухай 69 дүгээр тушаалаар хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлж цуцлажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан Контрактын гэрээний 9 дүгээрт Гэрээ дуусгавар болгох буюу түүнийг цуцлах үндэслэлүүдийг заасан ба 9.2.6-д Энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн гэжээ.

-Гэрээний 7 дугаарт хориглох зүйлсийг тусгасан байх ба 7.7.6-д Компаний хөрөнгө, мөнгийг хувийн зорилгоор ашиглах эсвэл бусдад ашиглах боломж нөхцөлийг гаргаж өгөх, бүрдүүлэх, 7.7.7-д Компаний ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах, дээдлэх, үүрэгт харшилсан аливаа бусад үйлдэл болон эс үйлдэл гэж заасан нь ажилтан Э.Мгийн зөрчилтэй холбоогүй, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогдохгүй байна.

Хэдийгээр ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан үндэслэл, зохицуулалтыг тушаалд заагаагүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.7-д заасан үндэслэл, зохицуулалт энэхүү маргаанд хамаарч байх тул тушаалыг бүхэлд нь буруутгах боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуульд хэрэв ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийг баримтлахаас гадна 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон нөхцөлд цуцлана.

Контрактад заасан үндэслэл гэдэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, түүнийг цуцлах талаар ажил олгогч ажилтантай байгуулсан контрактад тохирсон үндэслэлүүдийн аль нэг бий болсон байхыг ойлгоно. Энэ талаар Контрактын гэрээний 9.2-т тохиролцсон байна.

Ноцтой зөрчсөн гэж үзэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн итгэлийг алдсан тохиолдолд нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө гэрээг цуцлаж болно.

Дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гаргасан байна.

Гэрээний 9.5-д зааснаар гэрээ цуцлах талаар 1 сарын өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар ажилтан Э.Мд мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Контрактын гэрээний 1.4-д зааснаар ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор бодитоор биелүүлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох,

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.

Энэ үүргээ биелүүлээгүйгээс ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Контрактыг дүгнэх, ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан, цаашид гэрээг сунгах, эсхүл хөлсөөр ажиллах зэрэг нөхцөл байдал үүсч, улмаар гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж, нэг талын санаачлагаар цуцлажээ.

Тушаалд гэрээний 7 дугаар зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн үндэслэлийг заасан байх боловч энэхүү үндэслэлээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгчөөс гаргасан ..төслийг хэрэгжүүлж дууссан, дуусангуут ажил олгогч ажлаас халах элдэв арга хайж шахаж эхлэсэн гэх агуулга бүхий тайлбар, хавтас хэргийн 29-53 дугаар талд буй баримтыг өөрөө нотлоогүй бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн хавтас хэргийн 220-226 дугаар талд авагдсан маркетингийн газрын ...иж бүрэн төслийн материал 6 бүлэг, 41 үзүүлэлтийг багтаасан байх ёстой гэх дүгнэлт, хавсралт зэргээр няцаагдаж байна. Үүнийг шүүх төслийн танилцуулга, судалгаа, ерөнхий байдал гэж үзээд хэрэгжээгүй байна гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр НТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Удвал нь ажилтан Э.Мтай байгуулсан контрактыг цуцласан нь хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч НТ ХХК нь ажилтан Э.Мд холбогдуулан ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8.278.725 төгрөгийг буцаан гаргуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан НТ ХХК-ийн 40.717 хэрэглэгчийн дата, Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх186-188/

 

Нэхэмжлэгч Э.М ...зохих ёсоор ажлаа хийсэн, цаг ашиглалтын системд бүртгүүлэхээр тохиролцоогүй, дата бусад мэдээллийг ажлын компьютерийг хураан авсан тул өгөх боломжгүй болсон, хүлээлгэн өгсөн ч өөр эх сурвалжаар гаргаж ирэх боломжтой тул шаардлага үндэслэлгүй гэж маргана.

 

Ажилтан Э.М өөрийн ажилласан цаг, хөдөлмөрийн үр дүн зэргийг нотлох үүрэгтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн гаргаж өгсөн хавтаст хэргийн 67-73, 114-127, 130, 191-196 дугаар тал, шүүх үзлэг хийж бэхжүүлсэн хавтаст хэргийн 201-208, 209-210 талд авагдсан баримтуудаар няцаагдаж байна.

Гэрээний 8.4-д зааснаар Ажилтан нь ...хууль тогтоомж, гэрээ, дотоод журам, ...зөрчсөнөөс компанид аливаа хохирол ...учирсан тохиолдолд хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байна. /хх-164/

Дотоод журмын 4.2-т зааснаар ...ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ...гологдол гаргахгүй ажиллана гэж, 5.1-т ...8 цагаас хэтрэхгүй, ...9 цагт эхлэж, 13-14 цагт завсарлаж, 18 цагт дуусах гэж, 5.4-т ...ажилдаа ирэх, завсарлах, ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдөр дуусахап тогтоосон журмын дагуу заавал бүртгүүлж байна гэснийг зөрчсөн байна.

Мөн журмын 7.4-т ажил тасалсан ажилтны ажиллаагүй хугацаанд ногдох хөлсийг түүний хөдөлмөрийн хөлснөөс нь хасч байхаар журамласныг ажилтанг хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан гэж үзэж, Э.Мгаас гүйцэтгэсэн ажилд нь тохирсноос илүү олгосон цалин хөлс болох 8,278,725 төгрөг буцаан гаргуулж НТ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогч нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1., 49.8-д зааснаар Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно. Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно.

Ажилтан Э.Мд НТ ХХК-ийн 40.717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг ажил олгогчоос хүлээлгэн өгсөн болох нь хавтас хэргийн 194-196 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Контрактын гэрээний 9.6-д зааснаар энэхүү гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтан ажиллаж байх хугацаандаа хийж ...бичиг баримт, боловсруулсан тоон мэдээ болон ...и-мэйл зэрэг ...бүх төрлийн файл зэргийг нэг бүрчлэн бүртгэж компанид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх тул тэдгээрийг буцаан хүлээлгэн өгөх, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1., 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар НТ ХХК-д холбогдох, Сахилгын шийтгэл буруу ногдуулсан 2019 оны 7-р сарын 23-ны өдрийн 64 дугаар тушаал, цалин өөрчлөсөн 2019 оны 7-р сарын 01-ний өдрийн 65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, НТ ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Э.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, мөн хуулийн 49 дугаар зүйлийн 49.1., 49.8-д зааснаар НТ ХХК-ийн 40.717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг хүлээлгэн өгөх, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг Э.Мд даалгаж, Э.Мгаас гүйцэтгэсэн ажилд нь тохирсноос илүү олгосон цалин хөлс болох 8,278,725 төгрөгийг гаргуулж НТ ХХК-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Э.Мгийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мгаас 217,610 төгрөг гаргуулж, хариуцагч НТ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар Дүрс, дуу бичлэг /СD/-ийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэсний дараа уг зүйлийг хуульд өөрөөр заагаагүй бол гаргаж өгсөн этгээдэд буцаан олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН