Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00162

 

                                       “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/00868 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1114 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,т  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,402,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, Д.Отгончимэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхболд, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч”,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,402,393 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/00868 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас 7,178,800 төгрөг гаргуулан “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, үлдэх 8,223,593 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан ,,,,,,,,,,,,,,,,,ийн өөрийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 35-,,,,, тоот хаягт байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0006207,,,, дугаарт бүртгэгдсэн 499 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч”,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК хүлээн зөвшөөрсөн тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1114 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/00868 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас 9,812,960 төгрөг гаргуулан, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,589,433 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “... 119,811 ...” гэснийг “171,957” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч А.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.5.22-ны өдрийн 1114 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

    4.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Нэхэмжлэгч шүүхэд 0000470, 0000654 дугаартай 2 ширхэг зээлийн гэрээ гаргаж өгсөн байдаг. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь 0000470 дугаартай зээлийн гэрээгээр 2018.11.23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018.12.30-ны өдөр 0000654 дугаартай зээлийн гэрээг охин ,,,,,,,,,,,,,,,,,ийн нэрээр түүний өмнөөс гарын үсэг зурж 2,100,000 төгрөгийг тус тус зээлэхээр “,,,,,,,,,,,,,,,,,”барьцаалан зээлдүүлэх газартай зээлийн гэрээ байгуулсан байна. Бодит байдал дээр ,,,,,,,,,,,,,,,,,, нь 0000470 дугаартай зээлийн гэрээгээр 2018.11.23-ны өдөр 2,500,000 төгрөг биш, 1,880,000 төгрөгийг зээлж авсан нь ХААН банкны 5057324864 дугаартай дансны хуулгаар нотлогддог. Харин 0000654 дугаартай зээлийн гэрээгээр 2,100,000 төгрөг зээлж авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдэд тус бүр 2,0 сая төгрөг болон 516,000 төгрөгийг, нийт 4,516,000 төгрөгийг зээлийн баримт дээр нэмж бичилт хийн илүү мөнгө нэхэмжилсэн. Энэхүү 4 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, эсхүл бэлнээр өгсөн болох баримт байдаггүй, ,,,,,,,,,,,,,,,,,, нь ч хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч нь дээрх 4 сая төгрөгийг хүлээлгэн өгснөө нотлох үүрэгтэй ч тийм баримт байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д  “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, хүлээж аваагүй 4 сая төгрөг болон түүний хүүг төлөх үүрэг хүлээхгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

4.2. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн хүү, алдангийг зээлийн гэрээнд зээл хэлбэрээр бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг хэрэглэхгүйгээр зээл гэж үзсэн алдаатай шийдвэр болсон. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн “,,,,,,,,,,,,,,,,,”барьцаат зээлийн үйлчилгээний 0000470, 000654 дугаартай зээлийн гэрээнүүдийн ар талын нүүрэн дэх зээлийн журамдаа зээлийн мөнгөн дүнд өөрчлөлт орсноос шалтгаалан хүүний хувь өөрчлөгдсөн тохиолдолд зээлийн гэрээг шинэчлэн хийхээр зааж өгсөн. Харин нэхэмжлэгч өөрийнхөө зээлийн журмаа зөрчин хуучин гэрээнд тус бүр 2,0 сая төгрөг болж 516,000 төгрөгийг нэмж бичиж нэхэмжилсэн, мөн дээрх мөнгийг зээлдэгчид дансаар болон бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт байхгүй байгаа нь ч уг 4,516,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,, нь хүлээн аваагүй болохыг нотолдог. Гэтэл давж заалдах шатны шүүх зээлийн дүнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй буруу дүгнэлт хийсэн.

4.3. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн “,,,,,,,,,,,,,,,,,” барьцаат зээлийн газар нь 2018.12.30-ны өдөр 0000654 дугаартай зээлийн гэрээг ,,,,,,,,,,,,,,,,,ийн нэрээр, ,,,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшлийн газрын гэрчилгээ барьцаалан 2,100,000 төгрөгийг зээл олгохдоо итгэмжлэлгүйгээр, төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулан Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасныг зөрчсөн байдаг. Мөн 0000470 болон 0000654 дугаартай зээлийн гэрээнүүд нь хуулиар зөвшөөрөөгүй, хориглосон барьцаа (Барьцаат зээлийн үйлчилгээ эрхлэгч нь зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах ба газар болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй)-ны зүйлийг барьцаалж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг болон барьцаат зээлийн үйлчилгээ, нийтлэг шаардлага Монгол Улсын стандарт MNS 5274: 2017-ын 7 дугаар зүйлийн 7.8-д заасныг тус тус зөрчсөн. Дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээс тогтоогдож байдаг ч шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй. Тухайлбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй, мөн эдгээр хэлцлүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсэхийг огт дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна.

4.4. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 184/ШШ2020/00868 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.22-ны өдрийн 1114 дүгээр магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,402,393 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,гээс өөрийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 7,178,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 8,223,593 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчаас 9,812,960 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,589,433 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тухайлбал, шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг буруу дүгнэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг хэрэглэсэн, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү авах эрхтэй гэж үзсэн нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. дахь хэсэгт нийцээгүй, түүнчлэн хариуцагчийн “2019.01.02-ны өдөр бэлнээр олгосон гэх 4,000,000 болон 516,000 төгрөгийг авсан гэх баримт тогтоогдохгүй” гэж хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй дүгнэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2018.12.30-ны өдөр болон 2019.01.02-ны өдөр нийтдээ 9,116,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлсэн, уг хугацааг 2019.01.02-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан, хариуцагч зээлийн төлбөр хийгээгүй болох нь талуудын тайлбар, барьцаат зээлийн үйлчилгээний баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5708 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний (үндсэн) харилцаа үүссэн тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, гэхдээ нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг сунгасан хугацааны буюу 2 сарын хүү шаардах эрхтэй, үүнээс илүү хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагч нь үндсэн зээл 9,116,000 төгрөг, зээлийн хүүд 696,960 төгрөг, нийт 9,812,960 төгрөгийг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий юм.

10. Нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг этгээдийн хувьд зээлийн үйл ажиллагаандаа Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалт болох 286 дугаар зүйлийг баримтлах учиртай. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч зээл олгохдоо хариуцагчийн болон түүний охиных нь газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан нь дээрх хуулийн 286.1. дэх хэсгийг зөрчсөн байна. Гэвч нэхэмжлэгчээс зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй, түүнчлэн гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,ийн “газрын гэрчилгээг гаргуулах” тухай бие даасан шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул энэхүү хэргийн тухайд “нэхэмжлэгч барьцаалах ёсгүй хөрөнгийг барьцаалснаас үүсэх үр дагавар” байхгүй юм. Харин давж заалдах шатны шүүх “...барьцааны зүйл нь газар эзэмших эрх байх тул үл хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу байна.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөдлөх хөрөнгийг бус барьцаалах ёсгүй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь хуулийн шаардлага зөрчсөн боловч, энэ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцааг үгүйсгэхгүй, иймд “... шүүх нэхэмжлэгч зээл олгохдоо итгэмжлэлгүйгээр, төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан (гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр), барьцаат зээлийн үйлчилгээ эрхлэгч нь зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах ёстой байтал үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан талаар дүгнээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг хэрэглээгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.3-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Түүнчлэн, хариуцагч 9,812,960 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан, уг гарын үсэг хариуцагчийнх мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэнд хамаарна, иймээс “... 2019.01.02-нд 4 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, эсхүл бэлнээр өгсөн баримт байдаггүй, шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. дэх хэсгийг хэрэглээгүй...” гэх гомдол (Тодорхойлох хэсгийн 4.1-4.2) мөн үндэслэлгүй.

13. Харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгтээ тухайн хэрэгт хамааралтай нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1. дэх хэсгийг баримтлаагүй байх тул нэмж оруулах нь зүйтэй байна.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1114 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...282.1” гэсний дараа “, 286 дугаар зүйлийн 286.1 ...” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 98,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ 

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.ЦОЛМОН