Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

нэхэмжлэгч: ХХБ-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: С.Ц нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банкнаас иргэн Б.Н, П.Б нар 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр банктай ЗГ/166-н тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, ЗБ/166, ЗБ/166/03-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулан 600,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороололд цэцэрлэгийн барилга барих зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Б.Н нь ЗГ/166-н тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд:

- Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11-н тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

- Улсын бүртгэлийн Ү-2201019142 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 448.4 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц,

- Улсын бүртгэлийн Г-2201006872 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 45/2 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан.

Гэвч дээрх зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс манай банкны зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж зээлдэгч Б.Н нь 276,960,979 төгрөг, зээлдэгч П.Б нь 268,628,088 төгрөгийг тус тус төлөхөөр болсон ч төлбөрийг төлж барагдуулаагүй.

Зээлдэгч Б.Н нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулан манай банкны өмчлөлд Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан 70,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн ч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна.

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн зүгээс удаа дараа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг мэдэгдэж албан бичгийг хүргүүлсэн боловч шаардлагыг эс зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйл, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.7, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

Хариуцагч С.Ця, Б.О нар нь дээрх орон сууцанд оршин суудаггүй байх тул хамтран хариуцагч С.Ця, Б.О нараас татгалзаж байна. Иймд хариуцагч С.Цд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

ХХБ ХХК нь хариуцагч С.Цгийн нэр дээрх маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хууль зөрчин өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь С.Ц, С.Ця, Б.О нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ця, Б.О нараас татгалзаж байх тул хариуцагч С.Цд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэв.

Хариуцагч С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2019/14216 дугаартай захирамжаар хуралдааныг хойшлуулсан.

Энэхүү шүүх хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ....Улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоотын 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан 70,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн ч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн гэж, /хх-1-2/

хариуцагч ...ХХБ ХХК нь хариуцагч С.Цгийн нэр дээрх маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хууль зөрчин өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан гэж маргасан. / хх-56/

Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ...эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-9/, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-10/, 2013.8.12-ны өдрийн ЗГ/166 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, хавсралт /хх-11-15/, 2013.8.12-ны өдрийн ЗГ/166, ЗГ/166/03 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд /хх-16-21/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.15-ны өдрийн 04319 дугаартай захирамж /хх-22-24/, 2015.09.07-ны өдрийн TDBM147 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх эрх шилжүүлэх гэрээ /хх-25-27/, Б.Нгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-28/, 2015.06.02-ны өдрийн TDBM148 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх эрх шилжүүлэх гэрээ /хх-29-32/, ХХБны мэдэгдлүүд /хх-33-42/, 2019.04.17-ны өдөр Б.Нгийн ХХБинд хүргүүлсэн бичиг /хх-43/ баримтууд,

-хариуцагчаас ...2019.11.05-ны өдрийн итгэмжлэл /хх-52/, хариу тайлбар /хх-56/ баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж, дүгнэв.

ХХБ ХХК нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоот хаягт байршилтай 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014603 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-9/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 04319 дугаар захирамжаар ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Б, Б.Н нарт холбогдох иргэний хэрэгт зохигч 2013.8.12-ны өдрийн ЗГ/166 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, хариуцагч нар нь зээл хүү алдангийн төлбөр 548,634,135 төгрөгийг 2015.12.31-ний өдөр төлөх, төлбөр төлөх хуваарьт хугацааг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 22-24/

Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3.-д зааснаар Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийг маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтоор Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоот хаягт С.Ц, С.Ця, Б.О нар бүртгэлтэй гэжээ. /хх-10/

Түүнчлэн дээрх хаягаар хариуцагч С.Ц, С.Ця, Б.О нарт шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлхэд 2019 оны 10 дугаар сарын 11, 15-ны өдөр тус тус гардан авсан байна. Мөн хариуцагч С.Цгийн иргэний үнэмлэний хуулбарт түүний хаяг Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоот гэж бичигджээ. /хх-52/

Иймд ХХБ ХХК нь хариуцагч С.Цгийн нэр дээрх маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хууль зөрчин өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байхаас гадна хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 Иймд хариуцагч С.Цг хууль бус эзэмшигч гэж үзэх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч 70,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх буюу үнэлж болох шаардлага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цгаас 508,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42В дугаар байрны 11 тоот хаягт байршилтай 54.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч С.Цд даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цгаас 508,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Оролцоогүй талд мөн хугацааны дотор гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН