| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0967/Э |
| Дугаар | 2020/ДШМ/40 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ДШМ/40
Ч.А, С.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
цагаатгагдсан этгээд Ч.А,
шүүгдэгч С.О,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.А, С.О нарт холбогдох 1905040131144 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ша овгийн Чын А, 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Hera” ХХК-д техникч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23-74 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
2. Г овгийн Сийн О, 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Hera” ХХК-д техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-63 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Ч.А, С.О нар нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд маргалдсаны улмаас харилцан зодолдож, С.О нь Ч.Агийн эрүүл мэндэд зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.А нь С.Оийн чихний хэсгийг хазаж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав (3/4) хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарнууд овгийн Чинбатын Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Г овгийн Сийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Ч.А, С.О нар цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 934 дугаартай шийтгэх тогтоолоор “Ч.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Шүүхийн шийдвэрт, ... хэрэгт цугларч, бэхжүүлсэн баримтуудад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэж үзвэл, С.О нь эхэлж, илэрхий хүч хэрэглэсэн довтолгоо хийж, Ч.Агийн биөд халдсан бөгөөд түүний үйлдэл нь Ч.Агийн эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг, сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... “эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ. Прокуророос цагаатгагдсан этгээд Ч.А, С.О нарын үйлдлийг харилцан “зодолдож” гэж дүгнэсэн боловч энэ талаар ямар ч үйл явдал нотлох баримт хэрэгт тогтоогдоогүй бөгөөд харин хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар С.О нь довтолж, Ч.А нь хамгаалсан үйлдэл хийсэн байна гэж дүгнэв ... гэж тэмдэглэжээ. Гэтэл хэрэгт хохирогч С.Оийн “...2019 оны 10 дугаар сарын 4-ний орой ажил тараад хамт ажилладаг Агийн хамт Нараа гэх танил эмэгтэйг аваад модны хоёрын голын зам дагуу байрлах “Парис” нэртэй караокед ороод архи уусан. Тэгээд караокеноос гараад зочид буудалд орсон.Тэгээд зочид буудалд орохдоо архи авч орсон. Буудалд ороод авсан архиа Нараа бид хоёр хувааж уусан. ...Нэг мэдсэн чинь би Атай барилцаад авчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь миний чихнээс цус гарч байсан. Тэгээд А бид хоёр Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 13-15/ гэсэн мэдүүлэг,
цагаатгагдсан этгээд Ч.Агийн “...2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хамт ажилладаг О надад өнөөдөр орой хамт гадуур гаръя гээд байсан. Тэгэхээр нь орой ажлаа тараад хамт гарсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэйг аравдугаар хорооллоос аваад модны хоёрын голын зам дагуу байрлах “Парис” нэртэй караокед ороод нэг шил архи аваад О, Нараа нар хувааж уусан. Тэгээд караокеноос гараад ... “Ашид” нэртэй зочид буудалд нэг шил архи авч орсон. Тэгээд авсан архиа Нараа, О нар хувааж ууссан. Уг архинаас би нэг удаа уусан, өөр уугаагүй. ...Нэг сэрсэн чинь Нараа гэх эмэгтэй аймаар орилоод байхаар нь би “өөрийнхөө оронд унт” гэж хэлээд би өөрөө Оийн хажуугаар ороод хэвтэх гэтэл намайг хэвтүүлээгүй. Тэгэхээр нь босоод Нараа гэх хүүхний хажуугаар нь ороод хэвтэж байсан. О босч ирээд “чи бос пизда минь” гээд нуруу руу хатгасан. ...Намайг нэг удаа нүүр лүү цохиж аваад, дараа нь дээрээс дараад орон дээр дараад хэвтчихсэн. ...Дээрээс тохойгоороо хүзүүн дээр дараад амьсгал боогдуулсан. Тэгэхээр нь би босгох гээд зүүн чихнээс нь хазсан чинь О шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан. ...” /хх 19-21/ гэсэн мэдүүлэг,
гэрч Л.Нарангэрэлийн “...Нэг шил архийг Отэй хувааж уусан. А нь машин барина гээд уугаагүй. Тэгээд би согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би гэрийн гадаа таксигаар ирчихсэн байсан. ...” /хх 25-27/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12349 дугаартай шинжээчийн “...Ч.Агийн биед зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 30/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12345 дугаартай шинжээчийн “...С.Оийн биед зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав хэсгийн тасралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.8, 38.2-т заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 34/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагджээ. Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12345 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Тодруулбал, С.Оийн биед зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав хэсгийн тасралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар дүгнэлтэд “...Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтын ... аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэх тухай үндэслэлийг заагаагүй бол ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдА нийцээгүй гэж үзнэ. ... Тухайлбал, ... С.Оийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав хэсгийн тасралт, бугалганд цус хуралт гэмтлийг Ч.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ... өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн байна. Дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна. Цагаатгагдсан этгээд Ч.А хохирогчоор өгсөн “...Тэгэхээр нь би босгох гээд зүүн чихнээс нь хазсан чинь О шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлгээр Ч.А, С.О нарын хооронд таарамжгүй харьцааны улмаас харилцан хэрүүл маргаан үүсч, зодоон гарсан баримт авагдсан. Цагаатгагдсан этгээд Ч.А нь С.Отэй хэрүүл маргаан үүсгэсний дараа, зууралдах явцдаа Ч.А нь С.Оийн чихний хэсгийг хазаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Хэргийн үйл баримтуудаар, С.Оийн эрүүл мэндэд бугалганд цус хуралт бүхий гэмтэл учирсан нь Ч.Агийн үйлдлийн улмаас хамаарА. Ч.А, С.О нарыг маргалдан харилцан зодолдсон, өөрийн эрүүл мэндэд аюул учрах гэж байна гэж ойлгож, өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус гагцхүү бусдын чихийг хазаж, түүний эсрэг идэвхтэй үйлдэл хийх санаа зорилгоор С.Оийн эсрэг биед нь халдаж, чихийг хазсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн, цагаатгагдсан этгээд Ч.А, С.О нар нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд амрах явцдаа хоорондоо маргалдан, харилцан зодолдож, С.О нь Ч.Агийн биед халдан зодож, түүний биед “зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.А нь С.Оийн биед халдан чихний хэсгийг хазаж, түүний биед “зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав хэсгийн тасрал, бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Цагаатгагдсан этгээд Ч.А нь намайг цохиж зодсон гэх шалтгаанаар түүний биед “зүүн чихний дэлбэнгийн дөрөвний гурав хэсгийн тасрал, бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг тогтоосон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 12345 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад цагаатгагдсан этгээд Ч.Агийн хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэсэн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзэж байна. Түүнээс гадна, цагаатгагдсан этгээд Ч.Агийн бусдын биед гэмтэл учруулсан үйл баримт нь түүний гэм бурууг үгүйсгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийг хоёр этгээд бие биенийхээ эрүүл мэндэд халдсан үйлдлүүдийг авч үзвэл, хэн нэг этгээд нь эхэлж нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд халдаж, энэ үйлдлийн эсрэг нөгөө этгээд нь идэвхтэй үйлдэл хийж, нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд халдаж хохирол учруулж байна. Гагцхүү дээрх үйлдлүүдээс хэнийх нь үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байгааг эрүүл мэндэд халдах үйлдлийг эхлүүлсэн үйлдлээр дүгнэх бус гэмт хэрэг үйлдэгдэж буй нөхцөл байдалд, хэрэгт авагдсан үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хэн алиныхаа эрүүл мэндэд идэвхтэй, санаатай үйлдлээр халдаж тус тус биед хохирол учруулсан байхад С.О эхэлж, Ч.А дараа нь халдсан гэдэг агуулгаар түүнд холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй үйлдэл гэж үзэж хэрэгсэхгүй болгон цагаатгаж байгаа нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, буруу практик тогтоосон шийдвэр болсон. Бусдад ял завшуулах боломжийг олгосон гэж үзэхээр байна. Иймд цагаатгагдсан этгээд Ч.А, шүүгдэгч С.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/934 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.А “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч С.О “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
С.О нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд Ч.Атай маргалдсаны улмаас хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
цагаатгагдсан этгээд Ч.Агийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хамт ажилладаг О намайг ... хамт гадуур гаръя гээд ... хамт гарсан. ...”Ашид” нэртэй зочид буудалд нэг шил архи ... Нараа, О нар хувааж ууссан. ...О босч ирээд чи бос пизда минь гээд нуруу руу хатгасан, ... намайг нэг удаа нүүр лүү цохиж аваад дараа нь ... орон дээр дээрээс дараад хэвтчихсэн. ...Дээрээс тохойгоороо хүзүүн дээр дараад амьсгал боогдуулсан. Тэгэхээр нь би босгох гээд зүүн чихнээс нь хазсан чинь О шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан. ...” /хх 19-21/,
гэрч Л.Нарангэрэлийн “...Нэг шил архийг Отэй хувааж уусан. А нь машин барина гээд уугаагүй. ...” /хх 25-27/
шүүгдэгч С.Оийн яллагдагчаар өгсөн: “...Би Ч.Аптайгийн биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа зөвшөөрч байна. ...” /хх 60-64/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12349 дугаартай “...Ч.Агийн биед зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 30/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч С.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч С.Оийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Ч.Агийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч С.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Оийн хохирогч Ч.Агийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцжээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Агийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овгийн Чинбатын Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ...амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. ...” гэж тус тус заажээ.
Аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдлийг ойлгоно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” нэртэй зочид буудалд С.О, Ч.А, Л.Нарангэрэл нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд С.О нь Л.Нарангэрэлийн дэргэд унтлаа гэх шалтгаанаар Ч.Агийн нүүрэн тус газар нь цохиж, улмаар орон дээр унагааж, дээрээс нь гарын тохой хэсгээр хоолой дээр нь дарж амьсгалыг нь боогдуулсан үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.О нь маргааныг түрүүлж үүсгэн Ч.А руу дайрч, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хоолойн дээр нь тохойгоороо дарж амьсгал боогдуулсан үйлдлийн улмаас Ч.А нь С.Оийн чихнээс нь хазаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ. Хэдийгээр С.О нь энэ нөхцөл байдлыг санахгүй байгаа гэж мэдүүлж байгаа боловч энэ нь түүний үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Ч.А нь С.Оээс биеийн хэмжээгээр илтэд намхан, хэвтээ байдлаас С.Оийн чихний дэлбэнг хазах боломжтой нөхцөл байдал тогтоогдсон зэргээс үзэхэд, Ч.А нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж, довтлогч этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул зөвшөөрөгдсөн буюу тулгарсан довтолгооны эсрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын хэмжээнд хийгдсэн үйлдэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзээд прокурор Н.Анхбаярын бичсэн “...Өөрийн эрүүл мэндэд аюул учрах гэж байна гэж ойлгож, өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус гагцхүү бусдын чихийг хазаж, түүний эсрэг идэвхтэй үйлдэл хийх санаа зорилгоор С.Оийн эсрэг биед нь халдаж, чихийг хазсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ