Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 564

 

МАГАДЛАЛ

 

2018.02.26                                                     Дугаар 564                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Я.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02472 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.Ннэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Г холбогдох,

 

Ч дүүрэг ? дугаар хороо, Ч ? дугаар гудамж ? тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.Н болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх өөрийн эзэмшлийн портер машинаар Ц.Г бариулж байсан цэцэрлэгийн зориулалттай барилгын материалыг зөөж ажилладаг байсан юм. Тухайн үед Ц.Г нь надаас 6 000 000 төгрөг түр зээлээч 7 000 000 болгож өгье. гэсэнд би ажил хийж байгаа хүнд итгэн хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч өгч байсан юм. Гэтэл Ц.Г надад хандан Барилгаа гүйцээн бариулахад мөнгө дутаад байна, та надад хашаа байшингаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэж манайд ирж гуйж байсан юм. Тэр үед би хашаа байшин барьцаанд байгаа зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг байгааг хэлсэнд Үлдэгдэл мөнгийг чинь дарчихъя. Та нэг мөсөн ахиухан мөнгө гаргаад өг гэсэн. Ингээд 3 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг маань хааж, дахин зээл судлуулсан. Гэтэл би өөрөө тогтсон ажилгүй группт, эхнэр ажилгүй гэрт гээд тогтмол орлогогүй тул зээл гарах боломжгүй болсон. Гэтэл Ц.Г надад өөр дээрээ зээл хөөцөлдье. Та надад хашаа байшингаа итгэмжлээд өгчих, дүү нь удаахгүй, болохгүй бол мөнгийг нь өгчихнө гэсэн. Би ч тус хашаа байшингаа зарах бодолтой байгаагаа дуулгасан бөгөөд зах зээлийн үнээс хямдхан 50 000 000 төгрөгөөр зараад хүүгийнхээ гэртэй ойртох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Мөнгийг нь дараа нь хуваагаад өгье гэж хэлсэнд би итгэж, түүний нэр дээр хашаа байшингаа шилжүүлэхэд хүрсэн. Чингэлтэй дүүргийн урд талын нотариат дээр очоод итгэмжлэх хийлгүйгээр шууд худалдах, худалдан авах гэрээг хийж, бичиг баримтыг Ц.Г өөр дээрээ авсан. Хашаа байшинг худалдах худалдан авах гэрээний үнийн дүнг 5.000.000 гэж бичүүлсэн бөгөөд учрыг лавлатал татвар төлөх   хэмжээ нь бага байдаг юм гэж ойлгуулсан билээ. Хоног хугацаа өнгөрч бүтэн жил өнгөрсний дараагаас Хас банкины ажилтан ирж энэ хашаа байшин 31 000 000 төгрөгийн барьцаанд байгаа, Ц.Г төлбөрөө төлөхгүй байгаа, шүүхээр оруулж байрыг хурааж авна. Та нар нүүх болох нь... гэсэн. Иймд Чингэлтэй дүүрэг 10 хороо чингэлтэйн 6 гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.Н миний биеийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож амгалан амьдруулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 7 жилийн өмнө анх танилцсан, түүний тээврийн хэрэгслээр ачаа бараагаа зөөлгөдөг, эхнэр н.Д нь манай цайны газарт ажилладаг гэх мэтээр бид нэг нэгнийхээ амьдралыг сайн мэддэг хүмүүс юм. Би өөрийн өмчлөлийн хашаа байшиндаа 2014 оны 8 сараас цэцэрлэгийн зориулалтаар барилга барьж эхэлсэн ба барилгын материалыг Я.Н ахын машинаар зөөж, харилцан бие биедээ тус дэмтэй байсан. Энэ үед миний барилгад мөнгө дутагдаад ажил зогсонги байдалд орж эхэлсэн ба Я.Н ах өөрөө манай хашаа байшин одоо 3 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Тэр зээлийг хаагаад их хэмжээний зээл аваад хэрэглэж болно шүү гэж яригдсан, би ч ажлаа амжуулж бай гээд л Я.Н ахад 3 000 000 төгрөгийг өгөөд, өөрөө явж зээлээ хаалгуулаад ирсэн. Тэгээд л Я.Н ах чи өөрөө зээл авах гэж байгаа юм чинь өөрийнхөө нэр дээр хашаа байшинг шилжүүлж аваад хөөцөлдвөл хурдан бүтэх юм байна гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид манай барилгын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор банкнаас зээл авах гэж худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан юм. Бидний хооронд ямар нэгэн мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, хашаа байшингаа суллаж, шилжүүлж өгөх талаар юу ч яригдаж байгаагүй. Зөвхөн тэдний хашаа байшин миний нэр дээр шилжиж, би Х б 30 000 000 төгрөгийн зээл авсан. Үлдэгдэл нь 31 000 000 төгрөг байгаа. Энэ бүх асуудлыг Я.Н ах болон түүний гэр бүлийнхэн уг нь мэдэж байгаа мөртлөө намайг хуурч мэхэлж, өмч хөрөнгийг нь авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан. Тухайн үед банкнаас зээл авахын тулд Я.Н ахын үл хөдлөх хөрөнгийг түр зуур шилжүүлэн авсан болохоос түүнийг би хуурч мэхлээгүй, өөрийнх нь санаачилгаар гэрээ байгуулж, зээл авсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.А нартай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1740005134 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 29.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 174000513402 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Ү-? улсын бүртгэлийн дугаартай, Ч дүүргийн ? дугаар хороо, Ч ? дугаар гудамж, ? тоотод байрлах ? м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-? дугаартай ? м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00815 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Г, Ц.А нар нь 31 059 939 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан. Ц.Г, Ц.А нар нь сайн дураар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 182/Ш32017/08358 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 182/ГХ2017/00866 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 30 659 939 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 156 625 төгрөг, нийт 30 816 564 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурьдсан яллагдагч болон хохирогч нарын мэдүүлгээс Я.Н нь хашаа байшингаа 50 000 000 төгрөгөөр худалдахаар Ц.Гт санал тавьж, Ц.Г нь саналыг хүлээн авч хашаа байшинг 50 000,000 төгрөгөөр дунд эгч А худалдан авахыг зөвшөөрч, мөнгийг нь дараа хуваагаад төлөхөөр тохирсон болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар талууд энэхүү хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул шинээр хэлцэл хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна. Агуулгаа өөрсдөө тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Гт холбогдох Чдүүрэг ? дугаар хороо, Ч ? дугаар гудамж ? тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.Н болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Я.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлж чадахгүй байсанд өмгөөлөгчийн зүтээс шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргасан. Гэвч зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу "байшин худалдах, худалдан авах гэрээ"-гүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа алдагдсан гэж үзэж байгаа болно. Хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож байгаа явдал нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, амьдарлын эх үүсвэр амьжиргаанаас нь салгасан явдал боллоо. Шүүх хурлын үеэр гуравдагч этгээд болох “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрыг 3 000 000 төгрөгөөр, байшинг нь 29 000 000 төгрөгөөр үнэлж зээлдэгч Ц.Гт нийт 30 000 000 төгрөг гаргаж өгсөн гэдгийг баталдаг. Харин хариуцагч Ц.Г нь "Я.Нас газар болон байшинг авах ямар нэгэн шаардлагагүй, хүсэл сонирхолгүй байсан" гэдгээ шүүх хурал дээр хэлдэг бөгөөд Я.Н газар болон байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглаж зээл авсанаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй мэт боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үүсгэсэн ? дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэгч хууртагдсанаа мэдээгүй байх бөгөөд өнөөдрийг хүртэл өөрөө худалдсан мэтээр ойлгож хүлээж авч байгаа явдал нь шүүх хурлын үед хэлж ярьж буй үгнээс нь ажиглагддаг. Ц.Гийн үйлдэл нь гуравдагч этгээдийн ашиг сонирхолд

нөлөөлөх асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн шинжтэй байх бөгөөд 50 000 000 төгрөгний үнэтэй эд хөрөнгийг 5 000 000 төгрөгөөр хийж нотариатаар баталгаажуулсан байдаг. Тус гэрээндээ тооцоо дууссан гэж бичсэн байдаг боловч үнэн хэрэг дээрээ 5 төгрөг ч өгөөгүйгээ хариуцагч Ц.Г өөрөө хүлээдэг. Өмчлөх эрх олж авч байгаа этгээд маань эд хөрөнгийи үнийг төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд нь гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч Ч.Г холбогдуулан Ч дүүрэг ? дугаар хороо, Ч ? дугаар гудамж ? тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.Н болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Г нь банкнаас зээл авахад барьцаа хөрөнгөгүй гэхээр нь хашаа, байшингаа түүний нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээтэй танилцаагүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Х б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар Х б 30 000 000 төгрөгийн зээлд барьцаалсан, тус бакны нэхэмжлэлтэй, Ц.Гээс зээлийн гэрээний үүрэгт 31 059 939 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаанд зээлийг хэсэгчлэн төлөхөөр эвлэрснийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00815 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч Ц.Г нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2017/08358 тоот захирамжаар шийдвэрлэснээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж чадаагүйгээс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт буруу болсныг дараах байдлаар залруулах боломжтой.

Учир нь зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээг байгуулах болсон шалтгаан нөхцөл нь хариуцагч Ц.Г аль нэг банкнаас зээл авах зорилгыг хангахад талуудын хүсэл зориг нэгдсэн нь хэргийн 22 дахь талд авагдсан болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар, эрүүгийн хэрэгт Ц.Г сэжигтнээр мэдүүлэг өгсөн зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зориг хэн алинд нь байгаагүй талаар зохигчид тайлбарласнаас үзэхэд энэ хэлцлийн дагуу ямар нэгэн үр дагавар үүсэхгүй юм.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хийхдээ тухайн хэлцлээр бий болох үр дагаврыг хэн аль нь бий болгох зорилгогүйгээр хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус болох хэлцэл гэж үзнэ. Уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардсаныг хангаж шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Намхайдагвын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ч дүүргийн ? дугаар хороо, Ч ? дугаар гудамж, ? тоотод хаягтай ? м.кв талбай бүхий хувийн сууц, ? м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч Ц.Гт даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                   

                                        ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД                                       

 

                                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ