Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00078

 

Ч Ц, МЭнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02293 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1473 дугаар магадлалтай,

 Ч Ц, МЭнарын нэхэмжлэлтэй

МДт холбогдох

 Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч Ц, нэхэмжлэгч М.Энхболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ч Ц, МЭнар нь хариуцагч МДт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “Ч Ц би 2010.03.10-ны өдөр Л.Эрдэнэбатаас тухайн орон сууцыг худалдан авч өмчлөгч болсон, МД орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэсэн боловч энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Улмаар уг орон сууцаа 2019.10.04-ний өдөр М.Энхболорт худалдсанаар тэрээр өмчлөгч болсон” гэжээ.

Хариуцагч МД нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “орон сууц эрхийн зөрчилтэй гэдэг маргаан үүсээд явж байсныг Ч Ц мэдэж байсан. Ч Ц, Л.Эрдэнэбат нар худалдах, худалдан авах гэрээ хийчхээд байраа очиж үздэггүй. Хүн амьдарч байгааг нь 2015 онд олж мэдсэн байх боломжгүй. 2002 оноос хойш МД би энэ байрны эзэн гэж ойлгоод амьдраад байдаг. Авсан хүмүүс нь байраа огт үзэж хардаггүй. Ч Ц, Л.Эрдэнэбат, МЭнар нь хариуцагч МДын хөрөнгийг хууль бусаар аваад байна. Иймд МД, Л.Эрдэнэбат нарын асуудлыг шийдвэрлэх хүртэл энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэж маргасан байна.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02293 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М.Энхболорын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн №......дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот орон сууцыг хариуцагч МДын эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч МДаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Энхболорт олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1473 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэн гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг мэдсээр байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн. Гэтэл энэ талаар давж заалдах гомдолдоо дурдсаар байхад давж заалдах шатны шүүх дүгнэхдээ: Нэхэмжлэгч М.Энхболороос Ч.Ганболдод олгосон 2020.11.06-ны өдрийн итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021.06.08-ны өдрийн итгэмжлэлээр М.Энхболороос Ч.Ганболдод шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхийг олгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг арилгасан гэж үзнэ гэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад энэ зөрчил байгааг мэдсээр байж иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулаад хэргийн оролцогч нэг талд тусгайлан үйлчилж, нэхэмжлэгч талд тусгайлан зөвлөгөө өгч, итгэмжлэлийг нөхөж гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шууд эцэслэн шийдвэрлэсэн нь” хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих нь хамгийн чухал үүрэг юм. Тэр ч утгаараа энэ үүргээ зөрчсөн явдлыг ноцтой зөрчил гэж үзэж давж заалдах гомдолдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр шууд буцаах үндэслэл болгож оруулсан байна.

Нэхэмжлэл гаргаснаас хойш 3 сарын дараа хавтаст хэрэгт гаргаж өгсөн итгэмжлэлийн хууль зүйн хүчин чадлыг үнэлэхдээ цаг хугацааг ухрааж нэхэмжлэл гаргах эрхийг нотлохгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчид сануулсаар байхад шүүх ийм эрхтэй хэмээн үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн явдал бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал юм.

Зүй нь “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан юм.

Анхан шатны шүүх ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж, шүүх хуралдаан дээр сануулсаар байхад хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлийг давж заалдах гомдол гаргахдаа би дурдсан юм.

Анхан шатны шүүхэд зөрчлийг арилгах гэсэн тайлбараар ямар ч хуульд байхгүй эрхийг өөртөө эдлүүлэх эрх шүүхэд байхгүй, шүүх хэргийн оролцогч аль нэг талд үйлчлэхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 5 дугаар зүйлийн 5.2. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, 6 дугаар зүйл мэтгэлцэх зарчим, 10 дугаар зүйл Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ, “шүүгч хараат бус байх” гэсэн хуулийн зарчим болон тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 ба 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байдлыг шүүгч нар онцгой анхаарна уу.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Магадлалд: “...Хэдийгээр Л.Эрдэнэбат, Ч Ц нарыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн боловч өөр хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, МД нь Л.Эрдэнэбат, Ч Ц нартай орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэж байсан нь нэхэмжлэгч М.Энхболорын өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.” гэж дүгнэжээ.

2016.04.19-ний өдөр дахин Л.Эрдэнэбаттай байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч Цг үндэслэлгүй хөрөнгөжсөн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 2016.06.23-ны өдрийн 102/Ш32016/20364 дугаартай захирамжаар “...Улмаар 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар “Монгол шуудан” ХХК-ийн шууданчаар хүргүүлэхэд, Ч Ц нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 018-10 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Л.Эрдэнэбат нь мөн хаягт бүртгэлгүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид явуулах боломжгүй болсон байх тул хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нөхцөл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч Ц, Л.Эрдэнэбат нарын хаягийг тодорхой болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.” гэж шийдвэрлэсэн байна.

Улмаар хариуцагч Л.Эрдэнэбат, Ч Ц нарыг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2018.10.01-ний өдрийн 101/ШШ2018/03086 дугаар шийдвэр гарч хариуцагч нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан юм.

Одоог хүртэл дээрх шүүхийн шийдвэр биелэгдэж дуусаагүй буюу хаягийг олж тогтоосон талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдээгүй байгаа тул Л.Эрдэнэбатыг хариуцагчаар татаж, Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргах боломжгүй байдалтай байна.

Дээрх үндэслэл, шалтгааны улмаас холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “...иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг /Л.Эрдэнэбатын хаягийг олж тогтоосны дараа МДын нэхэмжлэлтэй Л.Эрдэнэбатад холбогдох Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий/ маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр Ч Ц болон МЭнарын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй үндэслэлээ хэдийгээр Л.Эрдэнэбат, Ч.Цэрэнхоролоо нарыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн боловч өөр хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.” гэж дүгнэлт хийсэн.

Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй, “...хэрэг маргаан хэлэлцэгдэж байгаа гэж одоо цагт заагаад байгаа энэ заалт бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байтал энэ заалтын агуулгаар тайлбарлаж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч МД нь 2015 оноос уг орон сууцны бэлэглэлийн гэрээний талаар маргаан үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад хариуцагч нарын оршин суух хаягийг тогтоох буюу эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, олж тогтоох ажиллагаа явагдаж байгаа, энэ ажиллагаа явагдаж дуусахаас наана Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ямар ч боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;” гэсэн үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт гаргасан болохыг эрхэм шүүгч та бүхэн маш сайн анхаараарай.

Нэхэмжлэгч МД нь найз хэмээн итгэж байсан “Л.Эрдэнэбат хэлснээрээ мөнгө зээлж авахын тулд бэлэглэлийн гэрээгээр байрыг нь түр шилжүүлж аваад буцаагаад МДын нэр дээр шилжүүлээд өгнө гэсэнд нь итгэж байраа 2007 онд шилжүүлээд буцааж өөрийнх нь нэр дээр шилжүүлнэ гэсэнд нь итгэсээр 2015 онд шүүхэд хандсан, Л.Эрдэнэбат нь 2009 оноос сураггүй болсон ба 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэж байх явцад Л.Эрдэнэбат нь уг байрыг хожим 3 онд гэрлэсэн эхнэр Цэрэнхорлоод 2010 онд 8 саяар худалдсан /8 сая төгрөг төлсөн баримт байхгүй татвар төлсөн баримт л хавтаст хэрэгт авагдсан/ болохыг, 2019 онд Цэрэнхорлоо нь Энхболор гэх хүнд 30 сая төгрөгөөр зарчихсан /татвар төлсөн баримт л хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба 30 сая төгрөгөөр худалдсан төлбөрийн баримт хэрэгт байхгүй/ гэдгийг 2021 оны 3 сард шүүхэд албадан чөлөөлүүлэх маргаан үүсэхээр л мэдсэн, мөн МД нь эдгээр хүмүүстэй өмнө нь огт уулзаж байгаагүй, энэ хүмүүс нь би энэ байрыг худалдаж авсан энэ миний байр гэж огт ирж уулзаж байгаагүй атлаа 2021 оны 3 сард МДыг байрнаас нь албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Шүүх нь хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүнийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлээс илүү, наана нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд мөрдөж зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэж байна.

Гомдлын шаардлага:

Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болох ба энэ нь анхан шатны шүүхэд хэргийг буцаах үндэслэл болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан, мөн анхан болон давж заалдах шатны шүүх нь  мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргасан түдгэлзүүлэх хүсэлтийг тус хуулийн 65.1.7 дахь хэсэгт заасан агуулгаар үндэслэлгүй тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх ба эдгээр зөрчил нь зайлшгүй анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах, шийдвэрлэх асуудал байх тул, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэсэн байх ба гомдлын энэ үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт хамаарч байна гэж үзэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2021/00851 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 7. Гомдолд, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байхад энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй гэж үзэхдээ дараах хоёр үндэслэлийг заасан байна. Нэгдүгээрт, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаагүй, хожим нь энэ зөрчил засагдсан гэсэн нь буруу, хоёрдугаарт, өөр хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хангахгүй орхиж эрхийг зөрчсөн гэжээ.

8. Эхний үндэслэл буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаагүй гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай. Энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заажээ.

 Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч М.Энхболорыг төлөөлж Ч.Ганболд шүүхэд хандаж МДт холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахдаа түүнд М.Энхболороос олгосон 2020.11.06-ны өдрийн итгэмжлэлийг хавсаргасан байх ба шүүх уг итгэмжлэлийг үндэслэн иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч уг итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байжээ. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.06.08-ны өдөр МЭЧ.Ганболдод шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг өгсөн нь хэргийн 51-р талд авагдсан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж болдог анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчил арилсан бол уг зөрчлийг ноцтойд тооцох, улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн хэрэг хэлэлцэх үед нэхэмжлэгч МЭнь өөрийгөө төлөөлж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг Ч.Ганболдод итгэмжлэлээр олгосон байх тул шүүхийн гаргасан зөрчил арилсан гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй.

 9. Хоёр дахь үндэслэл буюу өөр хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлийн тухайд дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзэв.

 9.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан буюу “...иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2021/11992 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “...хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа буюу хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргаан байхгүй...” гэсэн үндэслэлийг заасан байна.

 9.2 Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч МД нь Л.Эрдэнэбат, Ч Ц нарт холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2015.07.17-ны өдөр шүүхэд хандаж гаргасан, хариуцагч нарын хаяг тодорхойгүй байснаас /Монгол улсад ирэхээр хэргээ шийдвэрлүүлэх саналтай гэж/ нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргасны дагуу шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, дараа нь Л.Эрдэнэбатад холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан ба хариуцагчийн хаяг тодорхой бусаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Л.Эрдэнэбат, Ч Ц нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт байна.

 9.3 Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр баримтын хүрээнд дүгнэлт хийж “энэ маргааны зүйл, үндэслэлийн талаар өөр хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзжээ. Энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлага, зүйл, үндэслэлийн талаар иргэний өөр хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байсан боловч хариуцагч МД нь Л.Эрдэнэбат, Ч Ц нарт холбогдуулан өмнө нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийг МДаас Л.Эрдэнэбатад шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Л.Эрдэнэбатаас Ч Цд шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргасан, гагцхүү хариуцагч Л.Эрдэнэбат болон Ч Ц нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас нэхэмжлэлээ буцаан авсан, сүүлд нь шүүхийн шийдвэрээр оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэн уг шийдвэрийн дагуу ажиллагаа хийж байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд хариуцагч МДын нэхэмжлэл нь Л.Эрдэнэбат олдохгүй байгаагаас шийдвэрлэгдэх боломжгүй байгаа нь тогтоогдсон гэж үзнэ. Өөр хэргийг иргэний журмаар хэлэлцсэний дараа энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэх шаардлага бий болсон бөгөөд өөр хэргийг хэрхэн шийдвэрлэх нь уг иргэний хэрэгт нөлөөлөхөөр байвал хэргийг түдгэлзүүлэх шалтгаан болно. Энэ үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэл байхгүй тохиолдолд нэгэнт тодорхой болсон, зохигчийн хооронд үүссэн маргааныг нэгтгэн нэг мөр хянан шийдвэрлэх нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой бол хариуцагчаар оролцож байгаа МД сөрөг шаардлага шүүхэд гаргах боломжтой ба шүүхийн шийдвэрийн дагуу Л.Эрдэнэбатыг эрэн сурвалжилж байгаа нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д зааснаар түдгэлзүүлж болох ба энэ байдлыг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжтай холбоотойгоор шүүх зохигчдод энэ талаар анхааруулах нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдах, чиглүүлэх чиг үүрэгт харшлахгүй байна.

 10. Үүнээс гадна нэхэмжлэгч Ч Ц нь Л.Эрдэнэбаттай гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн баримт хэрэгт авагдсан байх ба тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар орон сууцны өмчлөх эрх Л.Эрдэнэбатаас Ч Цд шилжсэн, орон сууцны маргаан үүссэн үед Ч Ц орон сууцыг М.Энхболорт дамжуулан худалдсан үйл баримт тогтоогджээ.

 Л.Эрдэнэбат, Ч Ц нар, Ч Ц, МЭнарын хувийн байдал, эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхэд хамаарал нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй юм.

 11. Нөгөө талаар, дээр дурдсан бэлэглэлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд Л.Эрдэнэбат нь бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцны эзэмшлийг МДаас, Ч Ц нь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны эзэмшлийг Л.Эрдэнэбатаас, МЭнь мөн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг худалдагч Ч Цгоос тус тус шаардах учиртай бөгөөд нэхэмжлэгч нар ямар үндэслэлээр хариуцагчид хандаж хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж буй нь ойлгомжгүй байгааг шүүх тодруулаагүй байна.

 12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.

 Орон сууцны өмчлөх эрх хэдийгээр Ч Цд, хожим нь М.Энхболорт тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч МД болон Л.Эрдэнэбат, М.Цэрэнхорлоо нарын хооронд тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 12. Дээр дурдсанаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1473 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч МД /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.10.26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                         Х.ЭРДЭНЭСУВД