Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 78

 

105/2019/1756/Э

 

 

 

 

  2020            01            16                                        2020/ДШМ/78    

 

Н.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Жаргалсайхан,

хохирогч Г.О-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1788 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.О-н гаргасан давж заалдах гомдлоор Н.Э-т холбогдох 1906054702256 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

........... Э-, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх ....... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:......./,

 

Н.Э- нь согтуугаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.О-н нүүр, толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал, 6 дугаар хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн зовхинд шарх, баруун дал, мөр, шуу, бугуйд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...... Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-ыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э-аас 3.529.400 /гурван сая таван зуун хорин есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч ..... О- /РД:....../-д олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг 2019 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө болсон. Н.Э- бид хоёр вакум цонхны үйлдвэрт хамт ажилладаг байсан. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Н.Э- намайг зодож гэмтээн, миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд энэ асуудалд ямар ч гэмшсэн зүйл огт байгаагүй. Гэмшсэн хүн зодсон хүнээ нэг ч эргэж очоогүйгээр барахгүй мөрдөгч, дэслэгч Ц.Энхэлмаад худлаа хэлж намайг гурван янзаар байцаалгасан. 2019 оны 8 дугаар сарын 25-наас 26-ны өглөөний 06 цагаас 07 цагийн үед такси бариад гэр лүүгээ явах үеийг мөрдөгч Ц.Энхэлмаа, Н.Э- хоёулаа сайн мэдэж байгаа. Машин дотор архи, пиво ууж дуусаад, шөнийн 03 цагийн орчимд согтуу байсан  эхнэр нь нөхөртэйгөө маргахаар нь би “та хоёр маргалдахаа болиоч” гэж хэлснийхээ төлөө толгой, нүд рүүгээ цохиулан ухаан алдан унасан. Түүнээс хойш нэг ухаан ороход эхнэр/ А.Байгалмаа/ нь “Чи хүн аллаа ш дээ. Цус алдаад байна” гээд орилж байхыг сонссон. Нэг мэдэхэд Н.Э-ын гэрт матрасан дээр хэвтэж байсан. Би цустайгаа холилдоод, хөдөлж чадахгүй, зүүн нүд юм харж болохгүй цус гарч байсан. Нэг ухаан ороход миний шанаа, гүрээний судсан дээр байн, байн дарж үзээд байсан бөгөөд Н.Э- огт танихгүй гурван эрэгтэй хүнтэй зогсож байсан. “Одоо яаж байна, яах вэ” гэж асуухаар нь би “эмнэлэг явмаар байна” гэж хэлсэн. Тэд хоорондоо ярилцаж байгаад намайг тэвэрч гараад машинд суугаад хөдөлсөн. Их л удаан явж гэмтлийн эмнэлэгт ирээд тэргэн дээр хэвтүүлээд түрж орсон. Хамт ороод тэд нар хэсэг алга болсон. Тэгээд энгийн хувцастай нэг хүн ирээд надаас “хүнд зодуулсан уу” гэж асуухаар нь би “тийм ээ” гэж хариулсан. Удалгүй нүдний эмч үзэн, зургаан оёдол тавьж дуусаад “энэ хүнийг тархи, нугасны эмчид үзүүл, зургийг нь авахуул” гэж хэлээд гаргахад Н.Э- “пизда, мөнгө яаж олноо” гээд хамт ирсэн гурван эрэгтэй хүнтэйгээ яриад байсан. Н.Э- намайг орон дээр хэвтэж байхад ирээд “би чамайг харж үзнэ, хоёулаа тохиръё. Эм тариа бусад зүйлд санаа зоволтгүй” гэхээр нь би “чиний хоёр хүүхдийг л бодлоо шүү. Машинд шүргүүлсэн гэж хэлье” гээд ярилцаж тохирсон. Гэтэл утсан дээрээ нөгөө энгийн хувцастай хүн надтай тохирсон яриагаа бичлэг хийгээд хадгалж байсныг нь мэдээгүй. Миний ухаан санаа сарнисныг далимдуулж бичлэг хийж авсан юм билээ. Би зодуулж бэртээд хөдөлж чадахгүй байж бүх болсон асуудлыг аав, ээж, ах, дүү, найз нараасаа нуусан. Гэмтлийн эмнэлгээс Э-аар тэргэн дээр түрүүлж гарч ирээд такси дуудаад, даргаасаа данс руугаа мөнгө шилжүүлээд гэр лүүгээ явахдаа Э-т би “олон дүүтэй, хоёр хүүхдийг чинь бодлоо, чи яриарай, ирээрэй” гэж хэлсэн. Би 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал 15 хоног хүлээсэн. Тэр хооронд маш их зовж, ааваараа өргүүлж тосуулж бие засаж, унтаж, хэвтэж чадахгүй Н.Э-ыг хүлээсэн ч утсаа салгасан байсан. Н.Э- нь “миний утсыг хүүдээ өгье, сольё” гээд сольсон. Н.Э-ын өгсөн утас нь зодуулж байх үед эвдэрсэн байсныг миний ээж засуулаад фэйсбүүкээр нь орж ээж болон эхнэр /А.Байгалмаа/-тай яриад л худлаа хэлж зугтаасныг мэдээд, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрхийн дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. Тухайн үед би хэвтэрт байсан. Миний төрсөн эх Х.Цогзол хөөцөлдөж мөрдөгч Ц.Энхэлмаа гэдэг хүн дээр очсон. Шүүх эмнэлгээр орж дүгнэлтээ гаргуулан мөрдөгч дээр очиход Н.Э-ыг олохгүй байна гэхээр нь би ээжтэйгээ хамт яваад Н.Э-ын гэрийг олж зааж өгсөн. Зааж өгснөөс хойш 10 гаруй хоногийн дараа Ц.Энхэлмаа мөрдөгч утсаар “ээжтэйгээ хамт ирээрэй” гэж хэлсэн учир ээжтэйгээ очсон. Тэр үед мөрдөгч Н.Э-тай хамт цагдаагийн хэлтсийн гадаа байсан. Ингээд мөрдөгчийн өрөөнд ороод ээж, Э- хоёрыг гаргаад надаас байцаалт авсан. Эхлээд “чи Э-ын эхнэртэй юу ярьсан юм” гэж асуухаар нь “би авгайг нь танихгүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Мөрдөгч намайг “чи хүн гүтгэсэн. Худал мэдүүлэг өгсөн. Э- чамайг зодоогүй. Чи машинд мөргүүлсэн, шүргүүлсэн. Чиний яриа замын цагдаа чамаас асуусан бичлэг энэ байна” гээд үзүүлсэн. Харахад бид хоёрын нөгөө тохирсон ярианы бичлэг мөн байсан. Мөрдөгч “ээжид чинь үзүүлнэ” гээд ээжийг дуудуулсан. Ээж ирээд “наад бичлэгийг чинь үзье” гэхэд холоос харуулаад “танай хүү чинь хохирогч биш, өөрөө айлаас гарч яваад машинд мөргүүлчихээд энэ айлд ирсэн байна. Худал мэдүүлэг өгсөн. Энэ хариуцлагаа хүлээнэ шүү” гэж ээжид хэлсэн. Ээж уурлаад “гэрч нь хаа байна. 3амын цагдаа хаана байна” гэхэд мөрдөгч “бүх гэрч, цагдаа нар гэмтлээс мэдүүлэг аваад баримтжуулчихсан. Та уйлаад дарга нараар явдаг юм байна лээ. Одоо яваач” гэж ээжийг хөөсөн. Энэ үед би мөрдөгчид “Н.Э-аа дуудаач, нүүр, нүүрээ хараад яръя. Намайг тусад нь байцаагаад Э-ыг  тусад нь байцаагаад хэрэггүй ээ. Мөрдөгч таны дэргэд хоёулаа байцаагдъя” гэж хэлэхэд Э-ыг оруулж ирсэн. Би Э-т “чи намайг зодсон, яаж зодсоныг эхнэр чинь мэднэ. Би танай хашаанаас яаж гарах юм бэ. Чи машин дотроо миний нүд, толгой руу цохиод ухаан алдуулчихаад, машинаас чирч буулгаад өшиглөөд, дэвсээд зодсоноо энэ мөрдөгчид одоо хэл. Дээр нь огт танихгүй гурван эрэгтэй хүн дуудаад гэртээ авчирсан байсан. Мөн намайг эмнэлэг явъя гэхэд л гэмтэл очсон. Энэ бичлэг чинь чи бид хоёрын тохирч ярьж байсан ярианы бичлэг байна. Чи хэлж тохирсноороо байсан бол чи бид хоёр өнөөдөр энэ цагдаа дээр байхгүй л байсан. Би чиний хоёр хүүхдийг л бодож тохироо хийсэн биз дээ. Одоо энэ мөрдөгчид хэл” гэж хэлсэн. Мөрдөгч Э-аас “энэ Г.О- танай хашаанаас гараагүй нь үнэн үү” гэж асуухад Н.Э- “Үнэн, би худал хэлсэн юм. Энэ бичлэг ч худал” гэж хэлсэн. Энэ яриаг эхэлж байхад мөрдөгч Ц.Энхэлмаа “бичлэг хийгдэж байгаа шүү” гэж хэлж анхааруулж байсан. Гэтэл тэр утсан дээрх бичлэгийг мөрдөгч Ц.Энхэлмаа “устгалаа шүү” гээд устгачихсан. Би эхлээд гайхаж байснаа бичлэг хийж байгаа гэсэн учир юм хэлээгүй. Тэгээд мөрдөгч Ц.Энхэлмаа бид хоёртой хамт гадаа гарч тамхи татаад, буцаад өрөөндөө ороод намайг яв гэсэн. Энэ байдлаас харахад Н.Э- нь “манайд очоод маргааш манайхаас хоёулаа ажилдаа явъя” гээд гуйсан архи, тамхийг нь авч өгөн гэрт нь итгээд очсон нь миний алдаа болсон. Өвчнөө тэсвэрлэн 14 хоног итгээд хүлээсэн. Би өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч, ажил хөдөлмөр хийхгүй 120 хонож байгааг мэдсээр байж ямар ч туслалцаа үзүүлээгүй. Мөрдөгчидтэй нийлж ээж бид хоёрыг дарамталж, гүтгэсэн бичлэг болон миний зодуулсны дараах байдлыг гэрчлэх бичлэг, хохирогчоо гүтгэн, үйлдсэн гэмт хэргээсээ зайлсхийн худал мэдүүлэг бэлтгэж байсан баримт яасан байх вэ. Шүүх эмнэлэгт 16 хоногийн дараа үзүүлэхэд ”хүндэвтэр” гэмтэл гэж гарсан нь эргэлзээтэй. Хэргээс мултран гарах гэж бэлдсэн бичлэгт буюу худал мэдүүлэгт хариуцлага тооцдог хуулийн хаагуур нь явна вэ. Хүндрүүлэн үзэхгүй гэх шалтгаанд хүнлэг ёс, жудаг хаагуур нь явж байна. Гэмтэл нь “хүндэвтэр”, хэрэг нь “санаатайгаар, согтуугаар, учруулсан хохирлоо барагдуулаагүй, хүнийг хайрлах, уучлал гуйж, эргэж очоогүй” хүн гэмшиж үнэхээр чадах уу. Мөнгө байхгүй “п****” гэж хэлээд зодуурынхаа шарханд шаналж байгаа хүнийг хохироож байгаад “тохиръё” гэж зөвшөөрүүлээд эргэж очоогүй хүнд тохиолдлын шинжтэй гэсэн ял оноож болох уу. Би Н.Э-т гар ч хүрээгүй. Намайг эхнэрийгээ оролдсон болгох тохиролцоогоо бичлэг болгож өөрийнхөө гэмт хэргээс мултрахад ашиглан, өөрийнхөө зодсон хохирогчийг машинд өөрөө мөргүүлсэн болгож, цаашлаад өөрийнхөө эхнэрийг байцаалтад худал мэдүүлэг өгүүлж чадсан нь гэмт хэрэг биш гэж үү. Хамтарч уусан эхнэр А.Байгалмаа /утсаа алдсан/ машин дотор нөхөр Н.Э-тайгаа хэрүүл хийж байх үед нөхөр /Э-/ нь Г.О-н нүд, толгой руу цохиж унагаахад хажууд байсан нь үнэн. Гэтэл хэдийд нь хашааны хаалганы дотор талд яваад намайг хэвтэж байж байхыг харах билээ. Ухаан алдсан хүн яахаараа хашааны дотор талд цус болсон, зүүн нүднээс нь цус гоожсон байдалтай хэвтэж байхыг хардаг билээ. Энэ байдлаас харахад намайг гаргаж хаях гэж байсан байх. Намайг Н.Э- дагуулаад явсныг ажлынхан бүгд мэдэж байсан болохоор чадаагүй. А.Байгалмаатай манай ээж ярихдаа Н.Э-ыг асуухад “манайхаас гараад явсан чинь хүнд зодуулчихлаа” гээд ороод ирсэн гэж хэлэхийг нь сонсоод л худлаа ярьж байгааг нь би ойлгосон. Намайг гэмтлээс гэртээ очсоны маргааш нь буюу 8 дугаар сарын 27-ны өдөр Н.Э- ажлын ахлах Батжаргал дээр очоод ажилласан хоногийнхоо мөнгийг аваад явсан байсан. Нүд нь сохроогүй, зовхинд нь 6 оёдол тавиулаад гарч ирэхэд “тохироо хийе” гэж гуйж ярилцахдаа бичлэг хийгээд хохирогч миний эсрэг ашиглаж, залилангийн нэг хэлбэр үүсгэн, утсаа салган алга болсноос миний гэмтлийн эдгэрэлт хүндэрсэн. Өнөөдрийг хүртэл 2 килограммаас илүү хүнд зүйл өргөхгүй, эм ууж, тархины МRI хийлгэж чадахгүй, ажил хийх боломжгүй амьдарч байна. Н.Э-т итгэн, хоёр хүүхдийг нь өрөвдсөнөөс, эхнэрийнх нь гаргасан зан авираас болсон үйлдлийг ингэж шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Миний нэхэмжилсэн мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. Миний бие маш хүнд байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Н.Э- нь надаар худал хэлүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд “хоёулаа тохиръё, автомашинаар мөргүүлсэн гээд хэлчих” гэж бичлэг хийсэн, уг бичлэгийг мөрдөгч, дэслэгч Ц.Энхэлмаа алга болгосон гэж хохирогч мэдүүлдэг ч энэ талаарх баримт хавтас хэрэгт байдаггүй. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хэргийг буруу зүйлчлэн, шалгасан гэх асуудал байхгүй. Шүүгдэгч Н.Э- нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирлын тухайд, шүүгдэгч, хохирогч нар нь хамт нэг байгууллагад өдрийн 40.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс хохирогчийн эмчилгээний зардал болон түүний ажилгүй байсан хугацааны цалинд 3.529.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулж шүүгдэгчээр төлүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэртэйгээ маргалдан тэднийг маргалдахаа болиоч гэж хэлсэн Г.О-г “бид хоёрын хэрэлдэх чамд хамаагүй” гэх шалтгаанаар нүүр, толгойн тус газар нь цохиж, газарт унасны дараа 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал, 6 дугаар хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн зовхинд шарх, баруун дал, мөр, шуу, бугуйд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.О-н “...Бид гурав Э-ын гэрт очиж нөгөө авсан архи, пивоо хуваагаад ууж байтал Э- эхнэртэйгээ маргалдаж эхлэхээр нь би “та хоёр маргалдахаа болиоч” гэхэд Э-  “бид хоёрын хэрэлдэх чамд ямар хамаатай юм бэ” гээд миний нүүр, нүдэн тус газар гараараа нэг удаа, толгойн зүүн талд нэг удаа цохисон. Тэгээд миний ухаан манараад, юу болсныг санахаа больсон. Би нэг ухаан ороход миний хамаг бие, нүүр цус болчихсон байсан. ...” /хх 11-16/,

гэрч А.Байгалмаагийн “...Би машинаас буугаад гэр лүүгээ орох гээд явж байтал нөхрийн дүү Анужин “аниа, тэнд хүн дуугараад байна” гээд хашааны хаалга руу заахаар нь очтол хашааны хаалганы дотор талд  О- гэх залуу нүүр ам нь цус болчихсон, нүднээс нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан. ...” /хх 22-25/,

гэрч А.Эрдэнэ-Очирын “...гэрт нь очиход Байгалмаа эгч, Э- хоёр гэртээ цус нөж болсон хүн оруулаад газар хэвтүүлээд, хөнжлөөр хучсан байсан. Тэр хүний зүүн талын нүдний хөмсөг орчмоос нилээн цус гарчихсан, бөөн цус нөж болчихсон байсан. ...” /хх 26-28/,

Н.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О-тай маргалдан, улмаар зодолдож, О-н мөрөн тус газар нь гараараа нэг удаа түлхэж шанаа, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход О- газар унахаар нь 2-3 удаа өшиглөж тухайн гэмтлийг учруулсан. ...” /хх 75-77/ гэх мэдүүлгүүд,

 

 “...Г.О-н биед зүүн 5 дугаар хавирганы хугарал, 6 дугаар хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн зовхинд шарх, баруун дал, мөр, шуу, бугуйд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11146 дүгнэлт /хх 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Хохирогч Г.О- “...Н.Э- нь “тохиролцоё, эм тариа бусад зүйлд санаа зоволтгүй” гэхээр нь би “хоёр хүүхдийг чинь л бодлоо шүү, машинд шүргүүлсэн гэж хэлье” гэж ярилцаж, тохирчихоод миний ухаан санаа сарнисныг далимдуулж бичлэг хийж авсан, мөн надаар худал хэлүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. ...Шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлсэн тул  3.529.400 төгрөг дээр нэмж 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Н.Э-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгч байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Байгалмаа, А.Эрдэнэ-Очир нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.Э-ын хохирогч Г.Отгондалайн нүүр, толгойн тус газар нь цохиж, газарт унасны дараа 2-3 удаа өшиглөж зүүн 5 дугаар хавирганы хугарал, 6 дугаар хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн зовхинд шарх, баруун дал, мөр, шуу, бугуйд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлогдсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Н.Э-аас өөр хүн үйлдсэн гэж үзэх, мөн хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан “хэргийн талаар тохиролцсон, бичлэг хийсэн” гэх нөхцөл байдал  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ “...нотлох баримтаар 3.529.400 төгрөгийн хохирол шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож нотлогдож байна. ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. 

 

Хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтуудыг судалж үзвэл, “Тэс Петролиум” ХХК-иас авсан шатахууны үнэ 5400 төгрөг /хх 102/, “Сод Монгол” ХХК-иас авсан шатахууны үнэ 10.000 төгрөгийн баримтууд /хх 102/, “Манлай мед” ХХК-ийн эхо үзлэгийн төлбөр 25.000 төгрөг /хх 107/, “Талим Оптикал” нүдний шил, хараа зүйн төвийн үзлэгийн үнэ 15.000 төгрөг /хх 107/, “Бэрим фарм” ХХК-ийн эмийн бүтээгдэхүүний үнэ 364.050 төгрөг /хх 109/, “Бэрим фарм” ХХК-ийн эмийн бүтээгдэхүүний 236.500 төгрөг /хх 110/, “Натур” эмнэлгийн цээжний зураг авахуулсан үнэ 150.000 төгрөг /хх 37/, нийт 807.150 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар нотлогдсон болно.

 

Харин ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан /асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг/ зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар тодорхойлон заажээ.

 

Хохирогч Г.О- нь вакум цонхны үйлдвэрт ажиллаж өдөрт 40.000 төгрөгийн орлого олдог байсан гэх боловч энэ талаар бригадын ахлах ажилтан Т.Батжаргал гэх хүний тодорхойлолтоос /хх 101/ өөр баримт хэрэгт авагдаагүй, тодруулбал хохирогчийн гэмтэл авах үеийн хөдөлмөрийн орлого хэд байсан, олсон орлогоосоо татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор хэдэн төгрөг болох талаар баримтгүй байхад шүүх хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг ажилгүй байсан хугацаанд олох байсан нийт орлогоор тооцсон /40.000*60=2.400.000/ нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ. Иймээс энэ талаарх нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин хохирогчийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож 807.150 төгрөгийг шүүгдэгч Н.Э-аас гаргуулж хохирогч Г.О-д олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 5 дахь заалтад оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1788 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э-аас 3.529.400 /гурван сая таван зуун хорин есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Хонгор овогт Гандэлгэрийн О- /РД:ВС87072911/-д олгосугай. ...” гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э-аас 807.150 /найман зуун долоон мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч Хонгор овгийн Гандэлгэрийн О- /РД:ВС87072911/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН