Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02726

 

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02726

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Х ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний төлбөрт 20 822 581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Хандмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн захирлын 2018 оны 3 сарын 06-ны өдрийн 01/14 дүгээр тушаалаар тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Эд DOOSAN 3000 маркийн Х УБ улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэх гэрээ байгуулах эрх олгосны дагуу Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бтэй харилцан тохиролцож, 2018 оны 5 сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугаацаагаар DOOSAN 3000 маркийн Х УБ дугаартай экскаваторыг Х ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших алтны уурхайд 1 сарын 24 000 000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээ байгуулж, техникийг алтны уурхайд хүргэж өгсөн. Гэтэл Х ХХК-ийн алтны уурхайн үйл ажиллагаа доголдож, экскаваторыг 2018 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 34 хоног ажиллуулсан байдаг. Х ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа доголдож, ажил нь тасалдаж хийгдээгүй тул экскаваторыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Автомашин түрээслэх гэрээний 5.2-т Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заасны дагуу хариуцагч компани нь гэрээг цуцлах санал гаргаж, 2018 оны 6 сарын 16-ны өдөр тус автомашиныг өөр алтны уурхай руу шилжүүлэн ажиллуулсан. Хариуцагч компанийн захирал Б.Бгийн Хаан банкин дахь Х тоот данснаас төлбөл зохих нийт дүн 26 322 581 төгрөгөөрс түрээсийн төлбөрт 2018 оны 5 сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч удахгүй өгнө, хүлээж бай гэж хэлдэг байсан боловч сүүлийн үед утас нь холбогдохгүй, хариуцах эзэнгүй болсон. Түүнчлэн автомашин түрээслэх гэрээний 4.1.1-т Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Зөвшилцлөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд санал зөрөлдөөн маргаанийг түрээслүүлэгчийн харъяа шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд Х ХХК-аас автомашин түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 20 822 581 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь М ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжэлд дурдсан техникийг ашиглаагүй болно. Х ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Б гэгч биш ба тус компанийн гүйцэтгэх захирлаар ******* 2018 оны 4 сарын 02-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Б.Б гэгч нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төдийгүй, манай компанийн ажилтан ч биш байхад түүний байгуулсан Автомашин түрээсийн гэрээг Х ХХК-ийн байгуулсан гэж үзэх нь хууль бус юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компананий нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үлй ажиллагаа явуулна гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 62-р зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болдог ч Б.Б гэгчид хэлцэл хийх гэрээ байгуулах компани төлөөлөх зэрэг эрх олгосон итгэмжлэл нь Х ХХК-ийн зүгээс олгоогүй болно. Иймд Х ХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрх гагцхүү гүйцэтгэх захирал *******т хадгалагдаж байна. Нэхэмжлэгч М ХХкК нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй, компанид ямар ч хамааралгүй Б.Б гэгчтэй түрээсийн гэрэ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дах заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, төлөөлүүлэгч этгээд зөвшөөрөл хүчин төгөлдөрт тооцож болохоор зохицуулсан ба хариуцагч зөвшөөрөхгүй байх тул төлөөлөх бүрэн рэхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд Б.Б нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд тус компанийн зүгээс түүнд эрх олгоогүй, Б.Б нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш, талуудын байгуулсан гэх гэрээнд Б.Б гарын үсэг зурсан, гэрээний төлбөрийг Б.Б хувь хүний дансаар төлсөн, М ХХК-ийн түрээсэлсэн гэх экскаваторын ******* ХХК хүлээн авч ашиглаагүй, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт байдаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Х ХХК-д холбогдуулан автомашин түрээсийн гэрээний төлбөрт 20 822 581 гаргуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2018 оны 5 сарбн 31-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу шаардсныг хариуцагч тал уг гэрээ нь хууль зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчинтөгөлдөр бус хэлцэл тул зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 85-26 УБ улсын дугаартай DOOSAN 3000 загварын автомашиныг 2018.05.13-наас 2018.11.13-ны хүртэл Х ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт алтны уурхайд ашиглахаар сард 24 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээ хийх өдрөөр сарын түрээсийн төлбөрийн 50 хувийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөрийг эхний төлбөр хийснээс хойш 15 хоногийн дараа буюу сар бүрийн 15-ны өдөр, 30-ны өдрүүдэд урьдчилан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 7-8/

Дээрх гэрээний дагуу 85-26 УБ улсын дугаартай DOOSAN 3000 загварын эксковатрыг 2018 оны 5 сарын 13-ны өдрөөс 6 сарын 15-ны өдрийг хүртэл Х ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт алтны уурхайд түрээслэн авч ашигласан, түүнчлэн уг түрээсийн гэрээний төлбөрт 2018 оны 5 сарын 12-ны өдөр 5 500 000 төгрөгийг болох нь гэрч Б.Бгийн ...Х ХХК-д 2018 оны 4 сард үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон. *******,******* нар томилсон бөгөөд Шарын голын хуурай алтны ажиллагаа, баяжуулах үйл ажиллагаа, бичиг баримтын ажлыг хариуцан ажиллаж байсан. Х ХХК-иас цалин гэж сар бүр ... төгрөг орж ирдэг байсан. 2018 оны 5 сард Х ХХК-д алт угаах зорилгоор экскаватор нэн шаардлагатай хэрэг болсон тул М ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, экскаваторыг түрээслэн Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Х ХХК-ийн эзэмшлийн Х лицензийн дугаартай алтны уурхай руу тээвэрлэсэн... гэсэн мэдүүлэг, гэрч *******ийн ...Х ХХК нь Дархан-уул аймгийн Шарын гол сумаас 10 км-н зайд ажил хийсэн бөгөөд Б.Б экскаватор хэрэгтэй байна гэхэд би М ХХК-ийн захиралтай холбож өгсөн. ******* ХХК-ийн оффис дээр очиж гэрээ хийсэн. ...М ХХК-иас гурван жолооч гаргаж өгсөн бөгөөд нэг нь би байсан. Газраас доош 20-30 метрийн доош газар шорооны ажил хийсэн. ******* ХХК-ийн нягтлан ******* гэдэг хүн гэрээ байгуулахад хамт байсан бөгөөд уг эксковатрыг гэрээ байгуулахаас өмнө зөөж хүргээд, ашиглаж эхэлсэн, ...цалингаа М ХХК-иас авч байсан. гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн дансны хуулга, Х ХХК-ийн захирал *******ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба ...уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэснээр түрээслэгч Х ХХК нь М ХХК-нд DOOSAN 3000 маркийн автомашины түрээсийн төлбөрийн дутуу 20 822 581 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компананий нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг бөгөөд Б.Б нь төлөөлөх эрхтэй этгээд биш, тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ******* 2018 оны 4 сарын 02-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа тул уг гэрээ хууль зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ тул хүчинтөгөлдөр бус гэрээ, ... М ХХК-ийн түрээсэлсэн гэх эксковаторыг ******* ХХК хүлээн авч ашиглаагүй, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт байдаггүй гэж маргаж байгааг дараах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Тодруулбал, хариуцагч Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь ******* байх ба тус компанийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 4 сарын 2-ны өдрийг хүртэл ажиллаж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд уг этгээдээс болон Х ХХК-иас гэрч Б.Бгийн дансанд экска, цалин гэх мэт удаа дараагийн гүйлгээнүүдээр орлого хийгдэж байсан үйл баримт тогтоогдож байгаа зэргээс, түүнчлэн уг компанийн алтны уурхайд очиж уг түрээсэлсэн автомашиныг жолоодож байсан гэрч *******ийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагчийн төлөөлөгчийн гэрээний хүчинтөгөлдөр байдлын талаар маргаж байгааг талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болж, талууд түрээсийн гэрээгээр шилжлүүлж өгсөн эд хөрөнгөө буцаан авсан үйл баримтад хамааралгүй, ач холбогдолгүй гэж шүүх үзлээ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 20 822 581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 063 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 262 063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ