Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 115

 

А.Га-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 480 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр магадлалтай 1711001900073 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн А.Га- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос А.Га-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Га-ыг цагаатгаж, түүнийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолд А.Га-ыг цагаатгах болсон нотлох баримт, түүний агуулгыг дурдаагүй гэсэн нь үндэслэлгүй. А.Га-ыг хаана, ямар зэвсгээр хохирогчид гэмтэл учруулсан болохыг нотолж чадаагүй. Хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл гэдэг нь дуудлагаар очсон гэрч Ж.Ба-ын гар утсаар бичсэн бичлэгийг тэмдэглэл болгожээ. Энэ нь хэргийг мөрдөх эрхгүй гэрч өөрийн гар утсаар хөтөлж асуусан баримт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж авсан энэ бичлэг болон эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэргийг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, эдгээрийг нотлох баримтад тооцоогүй болно. Мөн туршилт хийсэн баримтад шүүгдэгчийг буруутгах баримт байхгүй байна. Шүүгдэгч А.Га- нь хохирогч А.Га-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зөрчөөгүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг дүгнээд уг хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 10 дахь хэсгийг удирдлага болгосон нь хууль зөрчөөгүй бөгөөд гэрч Ж.Ба-ын гар утсаар авсан бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн ах дүүс бөгөөд тэд нэг гэрт амьдардаг. Хэргийн газрын үзлэг хэрэг гарсан даруйд буюу 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 1100 цагт хийгдсэн. Шүүгдэгч мэдүүлэхдээ ах хөлдүү мах хэрчих гэж байгаад хутган дээр өөрөө унасан гэж тайлбарладаг. Гэтэл дуудлагаар цагдаа очиход хөлдүү мах огт байдаггүй бөгөөд хохирогчийг хутгалсан гэх хутгыг арчаад далд хийсэн байдаг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн А.Га-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.Га-ыг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжны 146 тоотод иргэн А.Га-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хохирогчид учирсан гэмтлийг А.Га- учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч, хохирогч, яллагдагч нарын удаа дараагийн мэдүүлгээр уг гэмтлийг хохирогч А.Га- өөрөө өөртөө учруулсан гэж дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, төрсөн ах дүү шүүгдэгч, хохирогч нарын хэн нэгнээ гэмт хэрэгт буруутгахгүй гэсэн мэдүүлгүүд нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэх, хэргийн үйл баримтыг тогтоон дүгнэхэд ноцтойгоор нөлөөлж болохыг анхаарч үзэлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.       

Шүүгдэгч А.Га-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр уг шийдвэрийг гаргахад тулгуурласан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Тодруулбал, А.Га-ын хэвлийн хөндий нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралт, дух, хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь 3 удаагийн ир үзүүртэй зүйлийн хатгах, зүсэх үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, мөн яллах талын нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр А.Га-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөрийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН