Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2021/0512/З |
Дугаар | 128/ШШ2022/0037 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0037
2022 01 13 128/ШШ2022/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ф ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,
Нэхэмжлэлийн шаардлага: 1. гэрээний хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах, 2. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а тоот тушаалын Ф******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Ф******* ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт орших талбайд Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ-г Ашигт малтмал, газрын тосны газартай 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газар, Ф******* ХХК-ийн хооронд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасанчлан захиргааны гэрээ байгуулагдсан.
Манай компани Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу 2018-2019 оныг хамрах хөтөлбөр, төсөв-ийг Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулж, тус хөтөлбөр, төсөвт тусгагдсан йодийн судалгааны хээрийн ажлыг тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1-д заасан 180 хоногийн дотор буюу 2018 оны 9 дүгээр сард Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүдийн хяналтан дор гүйцэтгэн, нийт 584 дээжийг АНУ-ын Грейстаун лабораторид шинжлүүлэн, тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/2019 тоотоор хүргүүлж, тус газрын мэргэжилтнүүд хянан үзэж, зарим засвар оруулах шаардлага тавьсны дагуу тайланд засвар оруулж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 04/2019 тоот албан бичгээр хүргүүлсэн. Ийнхүү эхний жилийн ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллээр хангаж, шаардлагатай бол холбогдох журмын дагуу бэлтгэж өгнө гэсэн үүргийнх нь дагуу гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан талбайд хамаарал бүхий мэдээллийг гаргуулах тухай хүсэлтийг манай компани 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05/2018 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.
Ашигт малтмал, газрын тосны газар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8626 тоот албан бичгээр манай компанийн гэрээ байгуулсан талбайд өмнө нь хийсэн зарим тайланг бичгийн хэлбэрээр 2 хэмжээст чичирхийллийн шугамын скайндсан хувилбарыг ирүүлсэн.
Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед манай компанид тухайн талбайд хийгдсэн геологи, геофизикийн ажлын мэдээлэл байхгүй байсан учир эрлийн талбайд газрын тос агуулах тунамал хурдас бүхий сав газар байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүндийн хүч, соронзон хайгуулын судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн. Ашигт малтмал, газрын тосны газраас бичгэн хэлбэрээр ирүүлсэн тайланг судалж үзэхэд тухайн талбайд 2 ба 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдэж, 6 цооног өрөмдсөн байсан. Чичирхийллийн судалгаа нь хүндийн хүч, соронзон хайгуулын судалгаагаар тогтоогдсон тунамал хурдас бүхий сав газарт газрын тос үүсгэгч хурдас, хуримтлал байгаа эсэх (өөрөөр хэлбэл газрын тосны хэтийн төлөвтэй эсэх)-ийг тогтоох зорилгоор хийгддэг ажил юм. Энэхүү чичирхийллийн судалгааны үр дүнд өрмийн цэгийг тогтоож, цооног өрөмдөж, тостой эсэхийг тогтоодог.
Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт В-д заасан эрлийн ажлын 2 болон 3 дахь жилийн төлөвлөгөөнд заасан хүндийн хүч, соронзон хайгуулын судалгааны ажлаар олж авах боломжтой геологийн мэдээлэл нь цугларсан, өмнө нь хийгдсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд хадгалагдаж байгаа нь тодорхой байсан.
Иймд манай компани 2018 онд хийсэн Йодийн судалгааны ажил-ын үр дүнг дээрх мэдээлэлтэй нэгтгэн мэргэжлийн тусгай программ хангамж ашиглан боловсруулалт, тайлал хийж, дараагийн шатны ажлын хөтөлбөрийг боловсруулах зорилгоор мэдээллийг дижитал хэлбэрээр Ашигт малтмал, газрын тосны газраас удаа дараа шаардсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.3-т Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан, мэдээллийг үзэж судлах, шаардлагатай бол худалдан авч болно гэж заасан байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн хэлтсээс дижитал хувилбараар байгаа мэдээлэл нь Бүтээгдэхүүн хуваах гэрээт Тамсаг XXI талбайн мэдээлэлтэй хамт байдаг тул тасалж өгөх техникийн бололцоо байхгүй гэсэн хариу өгсөн.
Энэ хугацаанд манай компани тус мэдээллийг Бүтээгдэхүүн хуваах гэрээт Тамсаг XXI талбайн мэдээллээс салгах техникийн боломжийг эрэлхийлж, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг Петроматад компанийн kingdom software-г ашиглан мэдээллийг таслах боломж байгааг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс цар тахлын хорио цээрийн дэглэм хязгаарлалттай золгосон.
Манай компани Эрлийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь хэрэгжүүлж ирсэн ба эхний жилд 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан. Гэрээг хэрэгжүүлэх явцад цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм хязгаарлалт тогтоогдож, эрлийн ажил гүйцэтгэх талбайд очих, геологи геохими, геофизикийн судалгаа явуулах, хээрийн ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулсан Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгаж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газраас удаа дараа хүссэн ба 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 11/2021 тоот албан бичгээр гэрээний хугацаа сунгах хүсэлтээ дахин гаргасан боловч хариу ирүүлээгүй.
Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1-д Давагдашгүй хүчин зүйл, орон нутгийн эсэргүүцлийн улмаас Компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардагдах хугацааг нэмж тооцож болно гэж заасан. Цар тахлын хорио цээрийн улмаас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус компанид олгосон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно.
Иймд гэрээний хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллээр хангаж, шаардлагатай бол холбогдох журмын дагуу бэлтгэж өгнө гэсэн үүргийнх нь дагуу гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан талбайд хамаарал бүхий мэдээллийг гаргуулах тухай хүсэлтийг манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар маш их хугацаа алдуулсан. Тухайлбал 2020 онд гаргасан хүсэлтийн хариуг 9 сарын дараа өгөх гэх мэтээр эрлийн ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд саад учруулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон.
Нөгөө талаар 2019 оноос эхлэлтэй Ковид-19 цар тахал нь Монгол Улсад орж ирж, өвчлөл нэмэгдсэний улмаас 2020, 2021 онд Монгол Улсын Засгийн газраас удаа дараа хорио цээрийн дэглэм тогтоосон, одоогийн байдлаар аюулын зэргийн шар түвшинд байгаа нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөрөнгө оруулалтын асуудал хойшлогдож байгаа, эрлийн ажилд оролцох гадаадын мэргэжилтнүүд ирж ажиллах боломжгүйд хүрсэн, мөн эрлийн ажил гүйцэтгэх талбайд очих, геологи геохими, геофизикийн судалгаа явуулах, хээрийн ажил явуулах боломжгүй нөхцөл байдал байгааг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэж, эрлийн гэрээний хугацааг зогсоох, эсхүл гэрээний дагуу сунгах хүсэлтүүдийг гаргаж байсан. Тухайлбал, 2020 онд гэхэд л мөн оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2020 тоот, 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2020 тоот, 2021 онд мөн оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 06/2021 тоот, 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/2021 тоот албан бичгээр эрлийн гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүсэж байсан бөгөөд холбогдох албан тушаалтнуудтай биечлэн уулзаж учир шалтгааныг тайлбарласан боловч эрлийн ажлаа гүйцэтгэ, ер нь танайхтай эрлийн гэрээ байгуулах ёсгүй байсан гэх мэт муйхар шаардлагыг тавьж, гэрээний хугацааг сунгахаас аль болох зайлсхийж байв.
Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1-д Давагдашгүй хүчин зүйлийн улмаас компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардагдах хугацааг нэмж тооцож болно гэж заасан гэж тайлбарлаж гэрээний хугацаа сунгаж өгөхийг шаардахад давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах шаардлага тавьсных нь дагуу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг гаргуулан өгсөөр байхад ч гэрээний хугацааг сунгах талаар ямар ч арга хэмжээ аваагүйг эмэгтэй удирдлагатайгаас шатгаалсан ялгаварлан гадуурхалт бөгөөд сайдын тушаалаар батлагдсан уул уурхай газрын тосны салбарт баримтлах жэндерийн бодлогын баримт бичгээ зөрчсөн хэрэг гэж үзэж байна.
Манай компани хамгийн сүүлд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 11/2021 тоот албан бичгээр гэрээ сунгуулах хүсэлтийг дахин хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Арга буюу Ашигт малтмал, газрын тосны газраас 5/2764 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан 2021 оны 7 сард тодруулга хүссэн байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь 3 сар гаруйн дараа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон 4/4686 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/92а дугаар тушаалын хамт шуудангаар илгээснийг хожим авч танилцахад эрлийн ажлын гэрээг дуусгавар болгосон байв.
Ашигт малтмал, газрын тосны газар нь 2021 оны А/92а дугаар тушаалыг гаргахдаа нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй, манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад тайлбар санал гаргах боломж олгохгүйгээр эрлийн гэрээг дуусгавар болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 болон 26 дугаар зүйлийг зөрчсөн.
Нөгөө талаар А/92, А/92а дугаар тушаалуудын дугаарлалт төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварт нийцээгүй, А/92 дугаар тушаал нь 6 дугаар сарын 24-ний өдрөөр огноологдсон атлаа 6 дугаар сарын 23-ны өдрийн гэх тушаал нь А/92а дугаартай байгаа нь илт эргэлзээтэй, тус компанийн тодруулгад 3 сар гаруйн дараа хариу ирүүлж А/92а дугаар тушаалыг хавсаргасан зэргээс харахад эрлийн гэрээ дуусгавар болгосон гэх тушаалыг хожим нөхөж гаргасан гэж үзэхээр байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гомдол гаргасан ч хариу өгсөнгүй. Мөн нэхэмжлэгч компанийн захирал миний хувьд 2021 оны 11 дүгээр сард ковидоор өвчилж, удаан хугацаагаар гэрийн хорионд байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас гадна ар гэрийн гачигдалтай байсныг харгалзан үзэхийг хүсье.
Дээрх байдлаар Ф******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироож байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын 1 дэх хэсгийн 1.1-ийн Ф******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт хугацааг тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод гэрээнд заасны дагуу нэмэлт хугацааг 2 жилээр тогтоохыг даалгах гэж нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын 1.1-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулгатай нэмэгдүүлсэн шаардлага байгаа энэ шаардлагаа дэмжиж байна.
Манай компани 2018 онд Газрын тосны газартай эрлийн гэрээ байгуулж Халх голын нутаг дэвсгэрт эрлийн ажлыг хийхээр ажилласан. Бид гэрээнд заасны дагуу эхний жилийн ажлыг эхлэн дээж аван АНУ-руу авуулсан. Манай ажилд АНУ-ийн 2 иргэн ажилладаг нэг нь геологич, нөгөөх нь геофизикч хүн байдаг. Манай өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн материалд энэ 2 хүнтэй дараа төлбөрийг нь төлөхөөр гэрээ хийж эдгээр хүмүүсийг ажиллуулсан. Тухайн үед хөрөнгө оруулалтаа авахаараа төлөхөөр тохирсон. Олон жил хамтарч ажилласан учир хүлээн зөвшөөрсөн. Мөн эдгээр хүмүүс Монголд олон удаа ирж ажиллаж байсан. Монголын газрын тосны хайгуулыг сонирхолтой гэж үздэг болохоор тэр үндсэн дээр дараа төлбөртэй нөхцөлийг хүлээн зөвшөөрөн манайхтай хамтарч ажилласан. Одоогоор би хөрөнгө оруулалт босгосны дараа төлбөрийг төлнө гэсэн болохоор надад өр үүссэн байгаа. Цаашид энэ гэрээ сунгагдаж чадаагүй ажил зогсонги байдалтай болохоор өөр цаашид хамтарч ажиллаж чадахгүй эвгүй нөхцөл үүссэн байгаа. Нэхэмжлэлийг гаргах болсон нь миний хувьд газрын тосны салбарт 12 жил ажилласан, энэ ажил миний хувьд чухал. Манай газрын тосны салбар асар их хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оролцуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Эрлийн гэрээний нэг онцлог нь хөрөнгө оруулагч өөрөө 100 хувь зардлаа гаргаж өөрөө тэрийгээ даадаг, улсаас нөхөн төлбөр авдаггүй. Манай компанийн хувьд өөрөөсөө гарах төлбөрийг зөв зохистой зарцуулах нь бидэнд чухал байдаг. Манай эрлийн гэрээний хавсралт В-д гурван жилийн хугацаанд ямар ажил хийх нь тодорхой байгаа. 2018 онд гэрээнд заасан ажил хийгдсэн. Энэ хугацаанд манайх гэрээ байгуулснаас хойш эхний жилийн ажлыг хийгээд өмнө нь Монголд хийгдэж байгаагүй иодын судалгаа хийсэн. Монгол улсад шинжилгээ хийх боломжгүй тул АНУ руу лабораторт явуулсан. Бид илүү шинэ техник, технологийг ашиглан богино хугацаанд ямар үр дүн гарч болох, энэ талбайд газрын тос байна уу, байхгүй юу гэдгийг мэдэх зорилготой.
Эрлийн гэрээний эцсийн үр дүн тухайн эрлийн талбайд газрын тос байгаа, байхгүй гэдгийг л тодорхойлно. АНУ-ын геологичид газрын зургаар танай газар дээр өмнө ажиллагаа хийгдсэн ор мөр сансраас харагдаж байна, мэдээлэл байгаа энэ мэдээллээ гаргаад өгөөч гэсэн. Бид Ашигт малтмал, газрын тосны газарт санал тавьж өмнө хийсэн ажлын мэдээллийг гаргаад өгөөч гэсэн санал тавьсан. Өмнө энэ талбайд ажиллаж байсан компани миний хийх ажлыг хийсэн байсан.
Тухайн үед яагаад тухайн компани энэ талбайг буцааж өгсөн миний хайгуул хийж байгаа энэ талбайд тос байгаа эсэхийг мэдэхийн тулд өмнө хийсэн байгаа мэдээллийг аван өнөөдрийн хийсэн иодын судалгаанд зориулсан дээжийг аван харьцуулж дараагийн ажлын хөтөлбөрийг хийж болно гэж АНУ-ын геологичид зөвлөсөн. Иодын судалгаагаар 5 газар газрын тос байна гэж гарсан. Өмнө хийгдсэн байгаа гурван хэмжээст чичирхийллийн судалгаа нь мэдээлэл өгдөг, тэр судалгаа мэдээлэл дижиталаар байгаа учир иодын судалгаатай уялдуулан дараагийн ажлын хөтөлбөрийг боловсруулж болно гэж зөвлөсөн. Үүнээс үүдээд дижитал мэдээллээ өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл манайд байгаа мэдээлэл хайгуул хийж байгаа өөр талбай дээгүүр явсан үүнийг тасалж гаргаж өгөх бололцоо байхгүй техник байхгүй гэсэн.
Та бид эрлийн гэрээ байгуулаад нэг зорилготой явж байгаа тэгэхээр би бас судалж үзье гэж хэлсэн. Техникийн боломж байгаа талаар судалсан. Өмнө нь дижитал мэдээллээс өөр талбайн мэдээллийг тасалж авч байсан болно гэдгийг мэдээд Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт гарсан. Нөгөө талбайн тэр мэдээллийг харлаа гээд надад ач холбогдол байхгүй. Би нэгэнт ажиллаж чадахгүйгээс хойш тэрийг үзэх шаардлага байхгүй. Харин би тэндээс өөрийн байгуулсан гэрээний талбайн хэсгийн мэдээллийг гаргаад авах юм бол АНУ-руу явуулаад дараагийн ажлаа яаж хийх вэ? гэдэг асуудлаа шийдэх гэсэн юм гэж бичгээр маш олон удаа хүссэн байгаа. Танайх техникийн бололцоогүй учир би арга замыг нь олсон тэгэхээр энэ талбай дээр газрын тос байгаа эсэх талаар мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн.
Бид нэг цооног өрөмдөхөд асар их хэмжээний зардал гардаг. Газрын тосны салбар асар их хөрөнгө шаарддаг салбар, газрын тосны салбарт хувь нэмэр оруулах зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн. Гэрээний гол зорилго газрын тос байгаа эсэхийг тогтоох. Энэ гэрээний эцсийн үр дүн тэр ажил байх ёстой байсан. Би зүгээр суугаад хийхгүй байгаагүй гэдгээ тайлбарласан. Танайд байгаа дижитал мэдээллийг аваад дараагийн ажлаа илүү боловсронгуй хийх ажлыг танайд санал болгож байна гэсэн. Тэгэхээр бидэнд талбайн мэдээллийг салгаж өгөх техникийн бололцоо байхгүй гэдэг. Үүнийг би арга зам хайгаад техникийн боломжийг олоод ирлээ энэ арга замаараа салгаад авчихъя гэхлээр үгүй гэдэг. 2018 оноос хойш энэ мэдээллийг авъя гэж олон удаа хүсэлтийг тавьсан.
Байгаа мэдээллийг нь цаасаар авсан. Энэ мэдээллийг ашиглах боломжгүй. Цаасан мэдээллийг совтверт оруулах боломжгүй. Цаасан материалыг дижитал болгож хөрвүүлэх, судалгаатайгаа уялдуулж ашиглах боломжгүй гэсэн үг. 2018 оны 06 дугаар сард сканердсан хувилбар авсан. дижитал хэлбэрээр авьяа гэж 2019, 2020 онд хүсэлт гаргасан. Хүндийн хүчний загварчлал соронзон хайгуул гээд манайх анх гэрээ батлуулахдаа энэ талбайд ийм ажил хийгдсэнийг мэдээгүй. Дараа нь хийх гэхээр бидний хийх гэсэн ажил өмнө хийгдсэн байна. Танайд байгаа мэдээлэлд өмнө хийгдсэн байгаа болохоор дижитал мэдээллийг аваад иодын судалгааны эхний жилийн ажилтай уялдуулаад 2 дахь жилийн ажлаар илүү боловсронгуй ажил хийе гэдэг асуудлыг тавьсан.
Тоон үзүүлэлт дижитал мэдээлэл програм унших ёстой сканердсан мэдээлэл зураг болдог учир өөрчлөх боломжгүй, программ танихгүй. 3D гэдэг нь хавтгай хэлбэрээр гурван хэмжээст хэлбэрээр ордог. Дижитал мэдээллээ аваад ажлаа хийх байсан, эднийх тэр мэдээллийг өгнө, өгөхгүй гэж хэлээгүй. Манай агентлаг хоёр тусдаа болсон, газрын тосны асуудлыг хэн нь авах талаар шийдээд үүний дараа энэ асуудлыг шийднэ гэж хэлдэг. гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Бид 2019 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд эхний жилийн ажлыг хийгээд 2019 оны дундуур тайлангаа өгсөн байдаг. Үүнээс хойших 2 жилийн ажлыг хийхийн тулд мэдээллийг авах асуудлыг удаа дараа тавьж байсан. Холбогдолтой мэдээллийг өгөхгүй байгаагаас шалтгаалсан. Үндэслэлгүй шалтгаан гаргадаг, дижитал мэдээлэл өгөх боломжгүй юм байна гэдэг ч мэдээллийг дижитал хэлбэрээр өөр газарт өгсөн байдаг. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зээлээр хэрэгжиж байгаа үйлдвэрийн талбайн мэдээллийг өгсөн байдаг. Тэгэхээр огт өгөхгүй биш захиргааны байгууллага ялгамжтай хандаж байна.
Мэдээллийг дижитал хэлбэрээр өгөх эрх зүйн боломж байхгүй гэж байна. Гэхдээ үүнийг хуулиар хамгаалсан ямар ч хууль байхгүй. Өмнө хайгуул хийсэн компани үүнийг ашиглаад улсад хүлээлгээд өгсөн тэгэхээр үүнийг өгөхгүй байх ямар ч үндэслэл шаардлага байхгүй. Ямар нэгэн хориг тавьсан зүйл байхгүй, удаа дараа дижитал хэлбэрээр өгөх хүсэлт тавьсан байхад эднийх үндэслэлгүй татгалзсан байдаг.
2019 оны сүүлээс эхлэн Ковид-19 /цар тахал/-ын сүүлээс эхлэн 2022 он хүртэл Монгол улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласан. Гадаадын иргэд Монгол улсад ирж ажиллах боломжгүй болсон. Тэгэхээр бичиг баримтын ажлыг хийж байя гэдэг үүднээс хүсэлт тавьсан. Давагдашгүй нөхцөл байдлаас үүдэн нэмэлт хугацаа тогтоох хүсэлт тавихаар Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ гаргуулж ир гэдэг. Үүний дагуу гэрчилгээг гаргахаар асуудлыг шийдэж өгдөггүй. Гэрээний дагуу нэмэлт хугацааг тооцуулъя гэдэг үүднээс энэ нэхэмжлэлийг гаргасан.
Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Газрын тос уламжлалт газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд гэрээ байгуулах замаар ашиглаж болох хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байгаа. Ашигт малтмалын газар Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан нөхцөл шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр мөн хуулийнхаа 16 дугаар зүйлийн 16.3, 16.6-д заасны дагуу эрлийн гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулсан.
Энэ хугацаанд гэрээний үүргээ хэрэгжүүлэхийн төлөө нэхэмжлэгч компани маш их хүчин чармайлт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Захиргааны байгууллага захиргааны гэрээнийхээ биелэлтийг хангах үүрэгтэй гэж заасан. Тухайн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг хангахаар нэхэмжлэгч талд ямар ч туслалцаа үзүүлээгүй. Энэ байдал нь гэрээний 3.2.3, 3.3.3 гэсэн заалтуудад хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Эрлийн судалгаа цар тахлын улмаас хөрөнгө оруулагч нартай уулзах уулзалт, гадаадын мэргэжилтнүүд газар дээр ирж судлах боломжгүй болсон тул эрлийн ажиллагааны хугацааг нөхөн тооцуулах хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Тухайн Захиргааны байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь гэрээ дуусгавар болоход шууд нөлөөлсөн. Мөн Захиргааны байгууллага нь мэдээллээр хангах техникийн боломж байхгүй гэх мэтээр удаа дараа эс үйлдэхүй гаргаж байсан. Гэрээ хугацаа дуусахад нөлөөлсөн нэг гол зүйл нь Ковид-19 /цар тахал/-тай холбоотой асуудал байгаа. Цар тахлын хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэр тогтоол нь олон аж ахуй нэгжийг үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Гэрээний 5.3-т заасан гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр дуусгавар болгосон. Нэхэмжлэгч талаас хугацаа сунгуулах хүсэлт гаргахад хариу өгөхгүй, 9 сарын дараа хариу өгөх гэх мэт үйлдэл гаргасантай холбогдох баримтуудыг өгсөн байгаа.
Гэрээний 6 дугаар зүйлд зааснаар Давагдашгүй хүчин зүйл гарч тухайн нөхцөл байдал арилаагүй байвал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т Үндэсний геологийн албанд эрдэс баялгийн мэдээллийн санг баяжуулах нууцын зэрэглэлд хамаарснаас бусад мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байдаг. Тайланг төрийн нууцад хамаарахгүй гэж үзэж байна. П******* ХХК үйл ажиллагаа явуулж дуусаад мэдээллээ тухайн Захиргааны байгууллагад шилжүүлэн өгсөн. Мэдээллийг өгөх эсэх нь Захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2019 оны А/19 гэсэн тушаалаар батлагдсан эрдэс баялгийн мэдээллийн сангаас мэдээлэл авахтай холбоотой харилцааг зохицуулсан. Хайгуул хийсэн материалыг архиваас үзэхэд хайгуулын мэдээлэл нууцад хамаарахгүй.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хийсэн компани шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл авдаг давуу эрхтэй байдаг бол Газрын тосны тухай хууль болон журамд зааснаар эрлийн гэрээ нь эрэл хийж байгаа компанийн хувьд заавал хайгуулын гэрээ байгуулах давуу эрх эдэлдэггүй. гэв.
5. Хариуцагч хариу тайлбартаа: Ф******* ХХК нь Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/2018 тоот албан бичгээр эрлийн гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 04/2018 тоот албан бичгээр эрлийн гэрээ байгуулах талбайд өөрчлөлт оруулах тухай мэдэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газар болон Ф******* ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт 416 км.кв талбайд газрын тосны эрлийн гэрээ байгуулсан. Гурван жилийн хугацаанд геологийн мэдээлэл цуглуулах, геологи геохимийн дээжлэлт, хүндийн хүч, соронзон судалгаа, талбайн нэгдсэн геологийн үнэлгээ, тайлан боловсруулах зэрэг нийт 427 сая төгрөгийн эрлийн ажпыг гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Эхний жилийн төлөвлөгөө төсвийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр:
- Геологийн ажлын мэдээ цуглуулж дүн шинжилгээ хийх
- Геологи, геохимийн дээжпэлт 600 ш дээж
- Үйл ажиллагааны зардал гэж нийт 27 сая төгрөгийн зарцуулна гэж батлуулсан.
Ф******* ХХК нь хээрийн ажлаа 2018 оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэн талбайгаас авсан дээжийг АНУ-д лабораторид шинжлүүлсэн. Эхний жилийн гүйцэтгэсэн ажлын тайланг манай газарт 2018 оны 12 дугаар сард ирүүлсэн болно.
Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу Ф******* ХХК нь эхний жилийн төлөвлөгөө төсвөө батлуулсан боловч 2 болон 3 дахь жилүүдэд эрлийн ажлын төлөвлөгөө, төсөв ирүүлж батлуулаагүй. Эрлийн гэрээний хүрээнд геохимийн дээжлэлт авч, шинжилгээнд хамруулан тайланг манай газарт ирүүлснээс бусад төлөвлөсөн эрлийн ажлаа хийж гүйцэтгээгүй байна.
Ф******* ХХК нь гэрээний 3.2.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/2018 тоот албан бичгээр тайлан материал авах тухай хүсэлт ирүүлсний дагуу манай газраас тухайн эрлийн гэрээт талбайд хамаарах тайлан материалыг цаасан хэлбэрээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8626 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тус компани дээрх тайлан мэдээллийг авсны дараагаар дижитал хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт ирүүлсэн боловч тухайн мэдээлэл нь газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй Тамсаг XXI талбайн мэдээлэлтэй хамт байгаа бөгөөд П******* дачин тамсаг ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 12.8 дахь хэсэгт Талууд нь энэхүү гэрээний 12.8-д заасныг оролцуулахгүйгээр 12 дугаар зүйлд дурдсан бүх тайлан мэдээг нууцалж, нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд өгөхгүй гэж заасан тул тухайн мэдээллийг өгөх эрх зүйн боломжгүй, эрлийн гэрээт талбайд хамаарах мэдээллийг салган өгөх техникийн боломжгүй байгаа талаар албан бичгээр болон уулзалт хийн удаа дараа мэдэгдсэн болно.
Эрлийн гэрээ байгуулж байгаа зорилго нь тухайн талбайд газрын тосны хэтийн төлөв тогтоох геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажил хийх юм. Гэрээнд тусгагдсан аждаа хийхгүйгээр бусдын хийсэн бэлэн материалыг ашиглаж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах компанийн хүсэл эрмэлзэл нь эрлийн гэрээний үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа бөгөөд гэрээт 3 жилийн хугацаанд эхний жилийн төлөвлөгөө төсөв батлуулж, геохимийн дээжлэлт хийж, тайланг манай газарт ирүүлсэн. Харин сүүлийн 2 жил эрлийн гэрээний хавсралтад заагдсан эрлийн ажлыг хийгээгүй, гэрээний хэрэгжилт хангалтгүй байсан. Ф******* ХХК нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эрлийн гэрээний хугацааг нэмж тооцуулах хүсэлт ирүүлсэн боловч түүнээс өмнө эрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн эрлийн ажил гүйцэтгэх бүрэн боломжтой байсан гэж үзэн гэрээний хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэсэн болно.
Иймд нэхэмжлэгч Ф******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын гэрээний хугацаа сунгахаас татгалзаж байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг 2 жилээр сунгахыг газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
6. Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Ф******* ХХК нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эрлийн гэрээний хугацааг нэмж тооцуулах хүсэлт ирүүлсэн боловч түүнээс өмнө эрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн эрлийн ажил гүйцэтгэх бүрэн боломжтой байсан гэж үзэн гэрээний хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэсэн болно. Иймд нэхэмжлэгч Ф******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбообаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тосны салбар нь хөрөнгө мөнгө шаардсан салбар. Газрын тосны эрэл, хайгуул, ашиглалт гэсэн гурван төрөл байдаг. Эднийхтэй хийсэн гэрээ нь эрлийн гэрээ түрүүний яриад байгаа өрөмдөж байгаа нь хайгуулын гэрээ эрлийн ажлыг хийсний дараа хайгуулын шатанд шилжинэ. Эрлийн гэрээ байгуулах хүсэлт гаргахдаа Газрын тосны тухай хуулийн 14 дугаар зүйлд зааснаар эрэл хийх талбайн хэмжээ, техникийн хүчин чадал, хүний нөөцийн хүчин чадал, санхүүгийн боломж тухайн жилийн эрлийн ажлын төлөвлөгөө гэх материалуудыг бүрдүүлж өгдөг. Энэ материалыг шаардлага хангасны үндсэн дээр эрлийн гэрээ хийдэг. Эрлийн гэрээг хийхдээ тухайн компани өөрсийн хөрөнгө оруулагч байгаагүй гадаадын ажиллах хүчний мэдээлэл байгаагүй. Тухайн үед банкинд зээл тавьж хийнэ гэсэн байдаг. Эрлийн гэрээ байгуулахад гаргасан зардлыг нөхөж олгохгүй. Энэ нь гэрээний заалтад байгаа. Манайхаас ямар шаардлага тавьсан гэхээр 2018 онд мэдээлэл авах хүсэлт гаргасан үүний дагуу цаасан мэдээлэл гаргаж өгсөн. Манайхаас мэдээлэл авдаг бүх компаниуд цаасан мэдээллийг авдаг.
Өөр компанид мэдээллийг тасдаж өгдөг гэж байна. Энэ мэдээлэл өөр мэдээлэл байгаа. Засгийн газрын тогтоолоор мэдээллийг таслаагүй хуваагаагүй бүтнээр нь хуулбарлаж өгсөн. Энэ зөвхөн Засгийн газрын тогтоолоор өгсөн. 2019 онд ажил хийх бүрэн боломжтой байсан. Ковид-19 /цар тахал/-ын нөхцөл байдал байгаагүй. 2020 оны 02 сараас хойш гэрээг бүхэлд нь хэрэгжүүлэх боломжтой байсан. Мэдээллийг таслах боломж байхгүй. Бид бүтнээр нь өгөхгүй.
Тэр нь эрлийн гэрээтэй талбай биш. Эрэл, хайгуул гэдэг нь тусдаа зүйл. Өмнө хийгдсэн мэдээлэл хайгуулын мэдээлэл тухайн компанийн хайгуулын гэрээ одоо хүчин төгөлдөр байгаа. Талбайн хэмжээнд хийсэн мэдээллийн хэсэг нь эдний талбайтай давхцаж байгаа. Давхцаж байгаа жижиг мэдээллийг салгаж өгөх боломжгүй, томоор нь өгөх боломжтой. Томоор нь өгөх гэхээр тухайн компанийн гэрээнд нууц гэсэн байдаг. Цаасан мэдээллийг дижитал хэлбэрт шууд хөрвүүлж болохгүй.
Эхний жилийн ажлыг тайлангаа өгсөн. 2, 3 дахь жилийн ажлаа хийгээгүй. Манайхаас мэдээллийг дижиталаар өгөх боломжгүй гэдгийг мэдсээр байж нэхэж байна. Дижитал мэдээллийг боловсруулаад цаасан хэлбэрт оруулсан. Цаасан хэлбэрт оруулсан мэдээллийг бид сканердаж өгсөн. Сканердаж өгсөн мэдээллийг совт болгож болохгүй. Үлдсэн мэдээлэл нь гэрээ нь хүчин төгөлдөр байгаа өөр гэрээлэгчийнх, бид салгах боломжгүй тул бөөнд нь цаасаар сканердаж өгсөн.
Газрын тос нь эрэл хайгуул гэсэн ойлголтоороо өөр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрлийн тухай биш хайгуулын ажлын тухай яриад байна. Нэхэмжлэгч тал гардныхан байгаа болохоор мөн эмэгтэй захиралтай болохоор гэж яриад байна. Газрын тосны салбарт ихэнх нь гадаадын компани байдаг. Яг эрлийн гэрээ хийсэн хүчин төгөлдөр байгаа 16 гэрээний 14 нь монгол компани байгаа шүү. Эрлийн гэрээ нь хийх ажлын төлөвлөгөөг танилцуулаад гэрээ байгуулсан. Төр мөн адил гэрээ байгуулаад төлбөр мөнгө авдаггүй. Гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийгээгүй бол энэ гэрээг цуцална.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч манай салбарыг мэднэ. Эрлийн гэрээг цааш ашиглалтад шилжүүлэх зорилготой гэрээ. Энэ гэрээг хүсэлтээ гаргаж шаардлагаа тайлбарлаж Газрын тосны тухай хуульд заасны дагуу гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь хуульд заасны дагуу 3-н жил байдаг. Гэрээг 2018 онд байгуулсан тэгэхээр 2021 онд дуусаж байгаа. Бидний хоорондын тохиролцоо нь гэрээ болгож баталгаажуулдаг. Нэхэмжлэгч бид өмнө хийсэн ажил байгааг мэдсэн ажлаа хийхгүй мэдээлэл ээ өг мэдээлэл дээр ажиллая гэж байна. Бидний маргаж байгаа зүйл гэрээнд байхгүй. Эднийх хүсэлт гаргаад тэр хүсэлтийг манайх авахдаа эдгээр хүмүүс гурван жилийн хугацаанд хийх ажлыг хараад тодорхой хэмжээний мөнгө зарцуулах юм гээд эрлийн гэрээг байгуулсан. Гэрээний агуулгад дижитал мэдээллийг гаргах зүйл дурдаагүй тул гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн хэлсэн газрын тосны салбарыг хөгжүүлэх гэсэн санаа нь зөв ч гэрээний хугацааг биелүүлээгүй тул 3-н жилээр дуусгавар болж байгаа.
Газрын тосны хуулиар сунгах зохицуулалт байхгүй. 2020 он, 2021 он Ковид-19 /цар тахал/-тай жил байсан тэгэхээр эрлийн гэрээний хугацаа таарсан зарим компаниуд ажиллах боломжгүй болсон тул манай техникийн зөвлөл гэж байгаа мэргэжлийн хэлтсийн удирдлага орсон байгаа. Мэргэжлийн хэлтсээр энэ асуудал орсон байгаа. Маргаан бүхий байгууллагын хувьд Ковид-19 /цар тахал/-оос өөрөө ажлыг хийх боломжтой байсан гэдэг асуудал яригдаж цааш сунгах дараагийн шатны холбоос шалтгаант холбоо харагдаагүй.
Гэрээгээр мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхөд бичгээр мэдэгдээд өгнө. Тэр байгууллагаар албан бичгээр хүсэлт явуулаагүй утсаар асуусан байсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ф******* ХХК-ийн гаргасан гэрээний нэмэлт хугацаа тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний нэмэлт хугацааг 2 жилээр тооцуулах хүсэлтийг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын Ф******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Үйл баримтын хувьд:
1. Ф******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газартай 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт 416 км.кв талбайд газрын тосны эрлийн гэрээг гурван жилээр байгуулсан, гэрээний В хавсралтад зааснаар 1 дэх жилд геологийн мэдээлэл цуглуулах, геологи геохимийн дээжлэлт шинжилгээ, хүндийн хүчний судалгаа хийх, соронзон хайгуулын тайлал, 2 дахь жилд хүндийн хүчний загварчлал, соронзон хайгуул, өгөгдөл боловсруулалт хийх, 3 дахь жилд талбайн нэгдсэн геологийн үнэлгээ, тайлан боловсруулах эрлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байх бөгөөд эхний жилийн эрлийн ажлын төлөвлөгөө, төсвийг Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулж, төлөвлөгөө, төсөвт тусгагдсан йодийн судалгааны хээрийн ажлыг 2018 оны 9 дүгээр сард хийж, дээжийг АНУ-д лабораторид шинжлүүлэн, тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/2019 тоотоор хүргүүлж, холбогдох засвар оруулж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 04/2019 тоот албан бичгээр хүргүүлсэн, харин 2, 3 дахь жилийн ажлыг хийж гүйцэтгээгүй, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалаар Ф******* ХХК-ийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгосон байдаг.
2. Гэрээ хэрэгжүүлэгч Ф******* ХХК нь гэрээт талбайд хамаарал бүхий өмнө хийгдсэн эрлийн ажлын 2, 3 хэмжээст чичирхийллийн судалгааны SEGY дата мэдээллийг дижитал хэлбэрээр гаргуулах хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05/2018, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2020, 6 дугаар сарын 26-ны өдрийн 02/2020, 11 дүгээр сарын 6-ны өдрийн 03/2020, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 01/2021, 3 дугаар сарын 26-ны өдрийн 07/2021, 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/2021, 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10/2021, 5 дугаар сарын 31-ний өдрийн 11/2021 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус гаргаж байсан.
3. Ашигт малтмал, газрын тосны газар 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1/1299, 4 дүгээр сарын 19-ний өдөр 1/1744 тоот албан бичгээр хүсэлтэд дурдсан мэдээлэл нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн мэдээлэлтэй хамт, мэдээллийг салгах техникийн боломж тус газарт байхгүй, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тайлан мэдээллийг нууцлах учир гэрээлэгчийн зөвшөөрөлгүйгээр 2, 3 хэмжээст чичирхийллийн судалгааны дата мэдээллийг хуулбарлан өгөх эрх зүйн үндэслэлгүй гэх хариуг өгч байсан.
4. Нэхэмжлэгч Ф******* ХХК нь гэрээт талбайд өмнө хийгдсэн ажлын судалгаа мэдээллийг дижитал хэлбэрээр гаргаж өгөхгүй байгаагаас дараагийн ажил хийгдэх боломжгүй болсон, мөн дэлхий нийтэд тархсан цар тахлын халдвар, түүнээс сэргийлэх зорилгоор олон улс оронд тогтоосон хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалж давагдашгүй хүчин зүйл тохиолдсон нь эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 6.3-т зааснаар хугацааг нэмж тооцуулах үндэслэл үүссэн гээд хугацаа нэмж тооцуулах хүсэлтээ 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2020, 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/2020, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 07/2021, 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/2021, 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10/2021, 5 дугаар сарын 31-ний өдрийн 11/2021 тоот албан бичгээр тус тус гаргаж, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр олгосон 02/28 тоот Ф******* ХХК нь дэлхий нийтэд дэгдээд буй Ковид-19 цар тахал, түүний халдвараас сэргийлэх зорилгоор олон улс оронд тогтоосон хөл хорио цээрийн улмаас хөрөнгө оруулалт хийгдээгүй нь Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан эрлийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан болох-ыг нотолж, энэ гэрчилгээ нь хорио цээрийн хугацаанд хүчинтэй үйлчлэхийг заасан гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргасан байна.
Тус компанийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 03/2020 тоот дэлхий нийтэд үүссэн цар тахлын улмаас гэрээний хугацаа нэмж тооцуулах хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1/5641 тоот албан бичгээр энэ талаарх нотлох баримтаа ирүүлэхийг шаардсан, улмаар компани 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 06/2021 тоот албан бичгээр шаардсан баримтыг хүргүүлж, хугацаа нэмж тооцуулах хүсэлтээ дахин илэрхийлсэн байх боловч хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/1462 тоот албан бичгээр гэрээний үлдсэн хугацаанд хүндийн хүч, соронзон хайгуул зэрэг ажлуудыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийх боломжтой, гэрээний хугацаа 6 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болж байхад ажлаа хийгээгүй байгаа нь гэрээ дуусгавар болгох нөхцөл бүрдсэн хэмээн хүсэлтийг хүлээн аваагүй байна.
5. Улмаар хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1/1172, 4 дүгээр сарын 19-ний өдөр 1/1744 тоот албан бичгээр эрлийн ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйг мэдэгдсэн байдаг.
Хоёр. Маргаж буй үндэслэлийн тухайд.
Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа тухайн талбайд хамаарах тайлан мэдээллийг дижитал хэлбэрээр гэрээнд зааснаар гаргуулахаар 2018 оны 6 дугаар сараас хойш ийнхүү удаа дараа хандахад гаргаж өгөөгүй, энэ болон цар тахлын хязгаарлалтын хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрлийн гэрээний нэмэлт хугацааг тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй хэмээн маргаж, хариуцагч нь тайлан материалыг цаасан хэлбэрээр хүргүүлсэн, тухайн мэдээлэл нь газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй өөр талбайн мэдээлэлтэй хамт байгаа тул тухайн мэдээллийг бүхэлд нь өгөх эрх зүйн болон эрлийн гэрээт талбайд хамаарах мэдээллийг салган өгөх техникийн боломжгүй, 2, 3 дахь жилийн ажлыг хийж гүйцэтгээгүйгээс гэрээг дуусгавар болгосон, цар тахлын нөхцөл байдлаас өмнө эрлийн ажлыг хийх боломжтой байсан хэмээн тайлбарлажээ.
Талуудын хооронд байгуулагдсан Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрлийн ажил гүйцэтгэх гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар захиргааны гэрээ бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д захиргааны байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ хангах үүрэг хүлээнэ.
Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 3.2-т Ашигт малтмал, газрын тосны газрын эрх, үүргийг, 3.3, 3.4-т компанийн эрх үүргийг зааж өгсөн, үүнд 3.2.3-т Ашигт малтмал газрын тосны газар нь өөрийн өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллээр хангаж, шаардлагатай бол холбогдох журмын дагуу бэлтгэж өгөх үүрэг хүлээж, 3.3.3-т компани Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллийг үзэж судлах, шаардлагатай бол худалдан авч болох эрхтэй байна.
Эрлийн ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас үзэхэд тухайн талбайд хамаарах тайлан мэдээллээр хангах үүрэгтэй, хангуулах эрхтэй болохоос тухайн мэдээлэл нь өмнө тухайн талбайд хийгдсэн зөвхөн эрлийн ажлын мэдээлэл байхаар тусгайлан тодорхойлоогүй, хайгуулын ажлын мэдээлэл байж болохыг хязгаарлаагүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан эрлийн ажлын биш хайгуулын ажлын мэдээлэл байсан тул өгөх боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй биш байна.
Газрын тос тухайн талбайд байгаа эсэхийг, хэдий хир нөөц байгааг, олборлоход эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тогтоох, олборлох үе шат нь эрлийн, хайгуулын, ашиглалтын үе шатанд хуваагдах ч энэ бүх үе шатны зорилго нь газрын тос байгаа эсэхийг тогтоож, олборлож эдийн засгийн үр өгөөж бий болгоход чиглэх бөгөөд төр газрын тосыг хайх, ашиглах зөвшөөрөл олгох замаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хэлбэрээр өмчлөх эрхээ хэрэгжүүлдэг.
Гэрээ байгуулах үед мэдээлэлгүй байснаас гэрээгээр эрлийн ажилд хийгдэхээр төлөвлөсөн хүндийн хүч, соронзон хайгуулын судалгааны ажил тухайн талбайд өмнө хийгдсэн, тухайлбал хүндийн хүч, соронзон хайгуулын судалгаагаар тогтоогдсон тунамал хурдас бүхий сав газарт газрын тос үүсгэгч хурдас, хуримтлал байгаа эсэх буюу газрын тосны хэтийн төлөвтэй эсэхийг тогтоох зорилгоор 2 ба 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдэж, өрмийн цэгийг тогтоон 6 цооног өрөмдсөн байсан, энэхүү Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд хадгалагдаж байгаа геологийн мэдээлэл нь эрлийн ажил гүйцэтгэх гэрээний В хавсралтад заасан эрлийн ажлын 2, 3 дахь жилийн төлөвлөгөөнд заасан хүндийн хүч, соронзон хайгуулын судалгааны ажлаар хийгдэх мэдээлэл бөгөөд нэгэнт хийгдсэн энэ ажлын тайлан, мэдээллийг дижитал хэлбэрээр авч байж эхний жилд хийгдсэн иодын судалгааны ажлын үр дүнтэй нэгтгэн боловсруулалт, тайлал хийх эрлийн дараагийн шатны ажлын хөтөлбөрийг боловсруулах боломжтой гэж нэхэмжлэгч тайлбарлаж буйг буруутгахааргүй байна.
Учир нь газрын тосны эрлийн ажил гэж тухайн талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг ойлгох бөгөөд эрлийн ажлын тайлан материал буюу тухайн талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлвийг тогтоох зорилгоор өмнө хийгдсэн эрэл судалгааны ажлын бүхий л мэдээлэл, тайлан, материалыг эрэл, хайгуул хийсэн этгээд нь төрийн захиргааны байгууллагад өгч байх үүрэгтэй, Ашигт малтмал газрын тосны газар нь эрэл, хайгуулын ажлын явцад олдсон судалгааны бүхий л мэдээлэл, тайлан, материал, баримт бичгийн нэг хувийг өмчилдөг, энэ судалгаа, тайлан, мэдээллийг дараагийн гэрээ хэрэгжүүлэгч этгээд худалдан авч хэрэглэх эрхийг гэрээгээр олгосон байна. Эрлийн ажилд тодорхой зардал гардаг, эрлийн ажлын бүхий л төсөв, зардлыг гэрээ хэрэгжүүлэгч компани хариуцдаг буюу эрсдлийг хүлээдэг ч зардлыг хэн гаргахаас үл хамаараад нэг талбайд ийнхүү зардал гаргаж хийгдсэн эрэл, хайгуулын тодорхой үе шатны ажлын судалгаа, тайлан, мэдээллээр хангах нь, уг мэдээллийг ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашигтай юм.
Нөгөө талаас эрлийн ажлын судалгаа, тайлан, мэдээллийг дижитал хэлбэрээр авч байж, хийгдсэн бусад үе шатны ажлын судалгаа, мэдээлэлтэй нэгтгэн боловсруулалт хийх боломжтойгоос биш цаасан хэлбэрээр буюу скайндсан мэдээллийг дижитал хэлбэрт боловсруулалт хийх, хөрвүүлэх боломжгүйг нэхэмжлэгч тайлбарладаг, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Иймд тухайн эрлийн ажлын гэрээт талбайд хамаарах судалгаа, тайлан материалыг цаасан хэлбэрээр буюу скайндаж хүргүүлснийг хариуцагч гэрээний 3.2.3-т заасан Ашигт малтмал газрын тосны газар нь өөрийн өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллээр хангаж, шаардлагатай бол холбогдох журмын дагуу бэлтгэж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн хариуцагчийн тухайн мэдээлэл нь газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй өөр талбайн мэдээлэлтэй хамт байгаа тул гэрээлэгчтэй байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар бүх тайлан мэдээг нууцалж, нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд өгөх эрх зүйн боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч газрын тосны ашиглалт явуулж буй бүтээгдэхүүн хуваах гэрээнд хамаарах талбайн мэдээллийг хүсээгүй, өөрийн байгуулсан эрлийн ажлын гэрээнд хамаарах эрлийн ажил гүйцэтгэх талбайн мэдээллийг л авах хүсэлт гаргасан байна.
Мөн тухайн мэдээлэл нь газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй өөр талбайн мэдээлэлтэй хамт байгаа тул эрлийн гэрээт талбайд хамаарах мэдээллийг салган өгөх техникийн боломж тус газарт байхгүй гэх мэдээллийг дижитал байдлаар өгөөгүйгээ тайлбарлаж буй нь бас л үндэслэлгүй, учир нь Петроматад ХХК өөрийн ашигладаг программ хангамжийг ашиглан 3 хэмжээст чичирхийллийн мэдээллийг таслан авах техникийн туслалцаа үзүүлэх боломжтойг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл мэдээллийг талбайгаар нь салгах техникийн боломж байгааг ашиглаагүй атлаа техникийн боломжгүй хэмээн татгалзсан нь үндэслэлгүй байжээ.
Гэрээний 2, 3 дахь жилийн эрлийн ажлын төлөвлөгөө батлуулаагүй, тайлан өгөөгүй нь гэрээт талбайд хамаарал бүхий өмнө хийгдсэн эрлийн ажлын судалгаа, мэдээллийг дижитал байдлаар өгөхөөс захиргааны байгууллага үндэслэлгүйгээр татгалзсантай шууд хамааралтай буюу шалтгаант холбоотой байна.
Газрын тосны хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар эрлийн ажлын гэрээг 3 жилээр 2021 оны 6 дугаар сарын 06-ныг хүртэл байгуулсан байх хэдий ч тус гэрээний 6.1-д гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн улмаас компани гэрээний үүргээ биелүүлээгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардагдах хугацааг нэмж тооцож болохоор заасан бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон, гэрээний 6.3-т зааснаар давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацааг нэмж тооцуулах хүсэлтээ гаргасаар байхад хариуцагч нь хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ буюу давагдашгүй хүчин зүйлийг харгалзаж үзээгүй үндэслэлээ тайлбарлаагүй нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн талбайд хийгдсэн ажлын судалгаа, мэдээллийг дижитал байдлаар гаргуулах, тухайн мэдээлэлд үндэслэн дараагийн жилд хийх ажлаа төлөвлөх, цар тахлын хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлүүдийг уялдуулан гэрээний хугацаа нэмж тооцуулах хүсэлт гаргасан байхад хариуцагч нь эдгээр үндэслэлийг харгалзан үзээгүй байх тул гэрээний үлдсэн хугацаанд төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэ гэх хариуг гэрээний хугацаа нэмж тооцуулах хүсэлтийг шийдвэрлэсэн хариу гэж үзэхээргүй байна.
Иймд гэрээний хугацааг нэмж тооцуулах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхийг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон эсэхийг харгалзан шийдвэрлээгүй эс үйлдэхүй байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.7-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, боит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамаалах зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул гэрээний нэмэлт хугацаа тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний нэмэлт хугацааг 2 жилээр тооцуулах хүсэлтийг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэлээ.
Ийнхүү гэрээний нэмэлт хугацаа тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байх тул гэрээний хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/92а дугаар шийдвэрийг шүүх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.7, 57 дугаар зүйлийн 57.1, Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрээний нэмэлт хугацаа тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний нэмэлт хугацааг 2 жилээр тооцуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж, тус газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын Ф******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА