Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03417

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03417

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Б.О

Гэрээний үүрэгт 67.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А, өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн төлөөлөгч С.Ариунаа, өмгөөлөгч Ц.А, шинжээч А, О, С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.А нь талийгаач Д.Бын хууль ёсны өв залгамжлагч. Хариуцагч Б.О нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Д.Баас 117.000.000 төгрөг зээлдэж авсан. Үүнийгээ баталгаажуулж тохиролцоо гэх бичгийг үйлдсэн. Б.О Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний дагуу 117.000.000 төгрөгийг зээлдсэн. Зээлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч 50.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 67.000.000 төгрөгийг өгнө гэдэг боловч өгөөгүй. Тохиролцоо гэх бичгийг Д.Б, Б.О нар үйлдэж гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагч тал зээлээ төлөхгүй эрүүгийн хэрэг яриад 2 жил болж байна. Иймд хариуцагч Б.Оээс 67.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 117.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт байхгүй. Тохиролцоо гэсэн бичгийг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ болгодог боловч ямар ч зээлийн гэрээ хийгдээгүй. 50.000.000 төгрөгийг төл гээд төлүүлж авсан. Д.Быг нас барсны дараа эхнэр М.А цагдаагийн байгууллагад 117.000.000 төгрөгийг залилсан гэж хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж иргэний маргаан гэж үзсэн. Эрүүгийн хэрэг шалгаж байх явцад тохиролцоо гэх бичгийг гаргаж өгөөгүй, ямар ч шинжилгээ хийгдээгүй. Шинжээч н.Эрдэнэжаргалын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр тохиролцоо гэж гарчигласан бичгийн доод хэсэгт байрлах Б.О гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь бичигч хэрэгслээс шалтгаалж ерөнхий хэв болон үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүд хангалттай дүрслэгдээгүй, чиглэл дараалал тодорхой бус, давхардсан байх тул адилтгалын шинжилгээгээр тэнцэхгүй гэж бичсэн шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн байна. Уг шинжээчийн дүгнэлтийг мөрдөгчийг хувийн журмаар гуйж гаргасан байдаг. Гэтэл шүүхийн шатанд шинжээч томилж н.Э нь Б.Оийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлийг гаргасан. Нэг объект дээр нэг шинжээч хоёр өөр дүгнэлт гаргасан учир дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.От холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 67.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.А нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр иргэн Б.Оээс 67.000.000 төгрөгийг шаардах эрхийг өвлөсөн тул нас барагч Д.Бын зээлийн гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байна.

Зээлдүүлэгч Д.Б нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Б.Отэй зээлийн гэрээ байгуулж 117.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Б нас барсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Хариуцагч Б.О 117.000.000 төгрөг зээлдэж аваагүй гэж тайлбарладаг боловч Д.Б, Б.О нар 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тохиролцоо гэсэн бичиг үйлдэж уг тохиролцоогоор хариуцагч Б.О найз Д.Баас 117.000.000 төгрөгийг өөрийн хэрэгжүүлж буй төсөлд хөрөнгө оруулах зориулалтаар түр зээлж, төлөөгүй шалтгаанаа тайлбарлаж, шуурхай барагдуулах тухай тохиролцоо бичиг үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Үүгээр Д.Б, Б.О нарын хооронд зээлийн 117.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан байна.

Зээлдэгч нь гэрээний зүйл болох 117.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч мөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б.О зээлээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ат төлсөн болох нь зохигчийн тайлбар, мөнгө буцаан төлөх тухай хэлцэл, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ.

Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2792 дугаартай дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бөгөөд дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн материал шинжилгээнд тэнцэхгүй, гарын үсгийг хооронд нь харьцуулан шинжлэх боломжгүй талаар дүгнэсэн тул нотлох баримтаар үнэлж дүгнэлт өгөх шаардлагагүй, харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4393, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5280 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Тохиролцоо гэх баримтад зурагдсан Б.О, Д.Б гэж уншигдах гарын үсгийн тайлал бичвэр нь харьцуулах загварт ирүүлсэн Б.О, Д.Бын гэх гар бичвэрийн болон гарын үсгийн загваруудтай тохирно, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4564 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 12 дугаар сарын 03 гэсэн огноотой Тохиролцоо гэсэн баримтын Б.О гэсний зүүн дээд талд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Оийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно гэсэн дүгнэлтийг тус тус ирүүлсэн тул хариуцагч Б.О зээлийн 117.000.000 төгрөгийг шилжүүлэн авч мөнгийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн шалтгаанаа тайлбарлаж дээрх дүн буюу 117.000.000 төгрөгийг тэргүүн ээлжинд шуурхай барагдуулахаа зээлдэгч Д.Бтай тохиролцож тохиролцоо нэртэй бичгийг үйлдсэн байна.

Иймд хариуцагч Б.Оээс 67.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 492.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан шинжээчид оролцож ямар техник хэрэгсэл, багаж төхөөрөмж ашиглан харьцуулах шинжилгээ хийж дүгнэлт гаргасан талаар тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Оээс 67.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс 492.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА