| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2015/01928/И |
| Дугаар | 102/ШШ2019/03274 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2019/03274
| 2019 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2019/03274 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 0 дугаар баг, 0 айл, 0 тоотод байрлах, Л ХХК/РД: 2030187/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, М ХХК-ийн байр, 1 давхарт байрлах, Х ХХК /РД: 2844427/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, М ХХК-ийн байр, 1 давхарт байрлах, М ХХК /РД: 5114047/-д холбогдох,
Нэхэмжлэгч Л ХХК нь Х ХХК, М ХХК-иудад хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоох, 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л ХХК-ыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлагыг, хариуцагч нарын 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , А.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , А.Э нарын шүүх хуралдаанд тайлбарт: Л ХХК нь кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Л ХХКнь Бүгд Найрамдах Солонгос улсыын Гүгжэ Гигун тунсан ХХК-тай 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, мөн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуйн эрхлэх гэрээ-г тус тус байгуулж, кабелийн телевиз болон интернетийн сүлжээг өргөтгөх, сүлжээний чанарыг сайжруулах,үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй үзүүлж, ашиг орлоготойгоор хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай Х ХХК-г байгуулсан бөгөөд дээрх гэрээнүүдэд заагдсан эрх, үүрэг, хариуцлага нь шинээр байгуулагдаж буй Х ХХК-д шилжихээр тохирсон. Мөн 2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Х ХХК-ийн охин компаниар М ХХК-ийг байгуулсан. Хамтран ажиллаж байсантай холбоотойгоор гэрээний дагуу ногдол ашгаа 60%, 40%-иар авахаар тооцож 60%-ийн ашгийг Л ХХКавахаар болсон. Гэтэл Х ХХК, М ХХК-иуд нь гэрээний дагуу ногдол ашгаа өгөөгүй тул 100,000,000 төгрөгийн ашиг гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Баянгол дүүргийн шүүх 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 180 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Л ХХК-г шаардах эрхтэй гэж үзээд 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 268 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн. Шийдвэр гарснаас хойш Л ХХКнь тухайн гэрээний дагуу, ашгаа авах, үйл ажиллагаанд оролцох боломжийг Х ХХК, М ХХК нь олгоогүй тул 2015 оны 2 дугаар сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ЦЭСБ Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Х ХХК нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 563,636,364 төгрөгийн борлуулалтын орлого, 89,573,720 төгрөгийн зардлыг ил болгож тайлагнаснаар нийт цэвэр ашиг нь 474,063,644 төгрөг гэж гарсан. М ХХК-ийн хувьд ч гэсэн ашиг олсон. Х ХХК, М ХХК нь Л ХХК-ийн анхны хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээгээр бий болсон интернэт, кабел дамжуулалт, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлсний дүнд төлбөр авч ашиг олдог байгууллага. Энэ ашиг олох үндэслэлийг нь Л ХХКтавьж өгсөн бөгөөд 3 шатны шүүх ч дүгнэсэн байгаа. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон орлого ашгаас Л ХХКгэрээний дагуу шаардах эрхтэй. Эдгээр компаниуд нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай, энэ улсын хуулийг дээдэлдэг байгууллага гэж хариу тайлбар өгдөг боловч олсон ашгаасаа Монгол улсад татвар төлдөггүй, дандаа алдагдалтай ажилладаг гэж байгаа боловч эдийн засгийн өршөөлд хамрагдаж, гаргаж өгсөн тайлан дээр их хэмжээний ашиг олж, түүнийгээ нуун дарагдуулдаг үйл баримт харагдаж байгаа. Хамтран ажиллах гэрээний хугацаа хүчинтэй байгаа бөгөөд хариуцагч талаас ямар нэгэн байдлаар хамтран ажиллах гэрээг цуцлах хүсэлт гаргаж байгаагүй учир 50,000,000 төгрөгийн ашгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. Иймд 2013, 2014 оны ашгаас хариуцагч Х ХХК, М ХХК-иас тус бүрээс 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг бид шүүхэд гаргасан юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр бид нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилсөн. Үүнд: Л ХХКнь Бүгд Найрамдах Солонгос улсын Гүгжэ Гигун тунсан ХХК-тай 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, мөн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуйн эрхлэх гэрээ-г тус тус байгуулж, кабелийн телевиз болон интернетийн сүлжээг өргөтгөх, сүлжээний чанарыг сайжруулах,үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй үзүүлж, ашиг орлоготойгоор хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд гэрээний дагуу Х ХХК, М ХХК-иудыг байгуулж Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар хувьцааг эзэмшихгүйгээр Л ХХКнь ашгийн 60 хувийг эзэмших эрхтэйгээр харилцан тохиролцсон. Х ХХК, М ХХК-иуд нь хөрөнгө оруулагч Л ХХК-д гэрээний дагуу 60 хувийн ногдол ашгийг өгөхгүй байсан тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж 60 хувьд ногдох ашгаа нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Гурван шатны шүүх гэрээний дагуу 60 хувийн ногдол ашгийг олгох шийдвэр гаргасан. Мөн хөрөнгө оруулсан болохыг шүүх тогтоосон. Монгол хэл мэдэхгүй Солонгосын 2 иргэн манай улсад ирээд интернет, кабелийн телевизийн үйл ажиллагаа эрхлэхээр төрийн холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэдэг бол бүтэшгүй мөрөөдөл, орчуулагчтай гэх боловч орчуулагч бол мэргэжлийн хүн биш, тусгай зөвшөөрөл хөөцөлдөнө гэдэг бол өргөдөл бичихээсээ эхлүүлээд л тусгай мэдлэг шаардана, энэ бүл үйл ажиллагааг буюу тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авах бүх ажил, үүнд шаардагдах бүхий л зардлыг Л ХХКхариуцаж гаргасан, яг үнэндээ холбогдох албан тушаалтнуудад зохих хэмжээний авлига өгснөө ч нэхэмжлэгч хэлдэг. Хариуцагч зөвхөн дамранд ороосон кабелийн утас л Монголд оруулж ирсэн. Үүнийг нь амь оруулах хамгийн чухал ажлыг буюу газар доогуур татаж, кабелийн сүлжээг Л ХХК-ийн ажилчин залуучууд хэдэн өдөр зүтгэж байж байгуулсан, үүний зардлыг мөн Л ХХКгаргасан. Мөн Аж ахуй эрхлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн зардал хуваарилах гэсэн хэсэгт Х ХХК-ийг үүсгэн байгуулахад 10,000 долларыг нэхэмжлэгч тал төлсөн байна гэж шүүх дүгнэсэн, үүнийг бид дахин нотлох шаардлагагүй.
Хариуцагчаас мөнгө нэхэмжлэхээр нэг ч санхүүгийн баримт гаргаж өгдөггүй. Тиймээс манай нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байх нөхцөл байдал үүсэж байгаа. Анхнаасаа нэгэнт ашгаа өгнө гээд тохирсон бөгөөд гэрээнд заагдсан учраас Л ХХКнь сүлжээгээ хариу төлбөргүйгээр шилжүүлсэн. Л ХХК-ийн ажилчид газар доогуур болон дээгүүр сүлжээг байгуулахын тулд олон километр асар хүнд хөдөлмөрөөр уг сүлжээг байгуулсан. Л ХХК-д ажилладаг ажилчид гэрчийн мэдүүлэг өгсөн. Тиймээс Л ХХКнь уг сүлжээг байгуулсан нь үнэн. Тэгээд сүлжээнээс ашгаа авах талаар ярихаар юу ч байдаггүй. Монголын хуулиар Х ХХК, М ХХК-иудын нь мөнгө угаах үйл ажиллагаа явуулдаг гэж үзэхээр байна. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас үүнийг дахин нотлох шаардлагагүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн агуулга нь хөрөнгө оруулсан нь үнэн байгаа тул үүнээс ашиг авах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Ашиг олох эрхтэй бол ямар журмаар ашгаа олж авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс бидэнд хөрөнгө оруулагч мөн гэдгээ тогтоолгохоос өөр арга байхгүй. Хэрвээ хөрөнгө оруулагч гэдгийг тогтоочихвол Компанийн тухай хууль, бусад тодорхой зүйлүүдийг үндэслэж бид эрхээ эдлэх боломжтой. Нотлох баримтыг албадан гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад ямар ч үр дүнд хүрээгүй. Бид өөрсдөө иргэний хувьд эдгээр баримтуудыг шаардаад явбал хаанаас ч ямар ч баримтыг бидэнд өгөхгүй. Санхүүгийн баримтуудыг гаргуулж чадаагүй тул манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дахиад нотлох баримт шаардсан боловч баримт байхгүй гээд мөн гаргаж өгөөгүй, бүх баримтаа гаргаж өгсөн гэж байгаа боловч нэг ч хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг өгөөгүй.
Иймд Х ХХК, М ХХК-иудад нэхэмжлэгч Л ХХК хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоож, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д зааснаар Х ХХК, М ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л ХХК-ыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно. Нэхэмжлэлийн өөрчилсөн энэ шаардлагаа дэмжиж байна, хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг илэрхийлж байгаа гэх боловч 2010 онд Л ХХК шүүхэд хандаад явж байхад энэ үйл баримт бүгд яригдаж Х, М ХХК-ийн тохиролцооны бичгээр аж ахуйн гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн зүйл байхгүй. Гурван шатны шүүхийн шийдвэрт Аж ахуй эрхлэх гэрээ-г дуусгавар болгож тохиролцооны бичиг үйлдсэн талаар нэг зүйл ч дурьдаагүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байгаа, эдгээрээс чухам аль үндэслэлээр үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна гэв.
Хариуцагч Х ХХК, М ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ли Сон Үк /Lee Soung Wook/, Ли Сок Ён /Lee Seok Yoon/ нарын хөрөнгө оруулалттайгаар 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн компани байгуулах тухай гэрээ, дүрэм, үүсгэн байгуулагчдын 1 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдан, 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл Х ХХК нь 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ-ээс өмнө байгуулагдсан. Харин М ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ли Сон Үк /Lee Soung Wook/-ийн 40 хувийн, Х ХХК-ийн 60 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.
Бүгд Найрамдах Солонгос улсын Гүгжэ гигун тунсан компани Монгол улсын Л ХХК-тай 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хамтарч ажиллах зөвшилцлийн бичиг байгуулсан, мөн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй эрхлэх гэрээ-г хамтарч байгуулсан. Гүгжэ Гигун Тунсан ХК-ын тавьж буй кабелийн сүлжээг түрээсээр ашиглаж хэрэглэгчидтэй гэрээ байгуулсны нийт орлогын 60 хувийг Л ХХК суутган авч, сүлжээ ашигласны төлбөрт 40 хувийг Гүгжэ Гигун Тунсан ХК-д төлөхөөр, Гүгжэ Гигун Тунсан ХК-ийн үүсгэн байгуулсан Монгол дахь хуулийн этгээд байгуулагдвал энэхүү гэрээнд заасан талуудын эрх, үүрэг, хариуцлага Монгол дахь хуулийн этгээдэд шилжихээр заасан. Үүнээс үзвэл Х ХХК, М ХХК нь 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах зөвшилцлийн санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ-тэй хамааралгүй, Х ХХК-ийг Солонгосын 2 иргэн байгуулсан тул Л ХХК-ийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй. Л ХХКнь Гүгжэ Гигун Тунсан ХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд цаашид биелүүлэх боломжгүй болсон тул Солонгосын иргэн Ли Сон Үк /Lee Soung Wook/-тэй хамтран ажиллах санал тавьж 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Зөвшилцлийн бичиг-ийг байгуулсан. Уг бичгээр өмнөх Аж ахуйн эрхлэх гэрээ-нд заасан ашиг хуваарилалт болон үүргийг дахин шинэчилсэн байдаг. Зөвшилцлийн бичгийг үндэслэн Ли Сон Үк /Lee Soung Wook/-ийн 80 хувь, Л ХХК-ийн 20 хувийн хөрөнгө оруулалттай Л стар ХХК-ийг 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах зөвшилцлийн бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ-ний эрх, үүрэг, хариуцлага Л стар ХХК-д шилжсэн.
Х ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ба дүгнэлтээр Х ХХК нь 2013 онд нийт 188,877,971 төгрөгийн орлого олж 234,253,842 төгрөгийн зардал гаргаж, 45,374,871 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 212,164,246 төгрөгийн орлого олж, 217,588,245 төгрөгийн зардал гаргаж, 5,423,999 төгрөгийн алдагдалтай ажилласан. М ХХК нь 2013 онд 215,310,562 төгрөгийн орлого олж 218,315,654 төгрөгийн зардал гаргаж, 3,005,091 төгрөгийн алдагдалтай, 2014 онд 115,679,900 төгрөгийн орлого олж, 113,313,763 төгрөгийн зардал гаргаж, 2,366,137 төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаарх тайланг ярьж байгаа боловч энэ нь 2013, 2014 онд нуусан, тайлагнаагүй байсан орлогоо тайлагнасан гэсэн үг биш. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь 2015 оны 8 дугар сарын 17-ноос өмнө улсад тайлагнаагүй, тайлан, мэдээ, мэдээллийг 2016 оны 2 дугаар сарын 20-ны дотор тайлагнах эрхийг олгосон нэг удаагийн хүчин чадалтай хууль гарсан. Тэгэхээр энэ хуульд өмнөх үргэлжлэх хугацааг заагаагүй учраас зөвхөн 2013, 2014 оны орлогыг нуусан, хөрөнгөө тайлагнаагүй зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2004 оноос хойш хууль батлагдах хүртэлх хугацаанд тайлагнаж чадаагүй байсан тайлангаа гаргаж ирсэн. Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2013, 2014 оны тайланг бүрэн нуусан гэдэг нь үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу Л ХХК нь Х ХХК-ийн кабелийн шугамыг айл өрх рүү оруулах ёстой, зардлыг өөрөө гаргаж тухайн айл нь кабел үзсэний төлбөрийг төлсөн тохиолдолд тус төлбөрийн 60 хувийг авах ёстой байсан. 2013, 2014 онд гэрээний дагуу хоёр тал хамтарч ажиллаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хамтран ажиллаж байсан хугацаа буюу 2005-2010 оны ашгийг Л ХХК авч үүнээс хойш хамтын гэрээ үргэлжлээгүй. Х, М ХХК нь кабелийн сүлжээ, интернет сүлжээ, мэдээллийн сүлжээ, засвар үйлчилгээ хийх гэсэн маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Л ХХК нь зөвхөн кабелийн үйл ажиллагаа явуулсан орлогоос 60 хувийн ашгаа авах байсан гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дан ганц кабелийн үйл ажиллагаанаас орлого орсон гэсэн баримт байхгүй.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Х ХХК, М ХХК-иудад нэхэмжлэгч Л ХХКхөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоож, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д зааснаар Х ХХК, М ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л ХХК-ыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах болгосон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар Л ХХКнь Х ХХК, М ХХК-иудыг үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан болохыг шүүх тогтоосон гэх тайлбарыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байна. Гэтэл шүүх ийм асуудал огт шийдээгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Аж ахуй эрхлэх гэрээний 3 дугаар зүйлийн зардал хуваарилах гэсэн хэсэгт заасны дагуу Х ХХК-г үүсгэн байгуулах зардалд 10,000 ам.доллларыг нэхэмжлэгч тал төлсөн байна. Хэргийн 60, 61 дүгээр талд авагдсан мөнгө хүлээн авсан тухай 2-р зүйлийн хавсралт №1, №2 гэсэн баримтуудаар Х ХХК-ийн захирал И Сон Үгээс 2004 оны 9 дүгээр сарын 17-нд 5,000 ам.долларыг, 2004 оны 10 дугаар сарын 6-нд 1,550 ам.долларыг тус тус төлсөн, мөн түүн дээр хэргийн 62 дугаар талд авагдсан 2008 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1894 тоот элдэв хураамжийн тасалбар-аар хариуцагч Х ХХК-иас тээврийн хөлсөнд тушаасан 3,380 ам.долларыг талууд тохиролцон нэхэмжлэгчид төлөх ёстой 10,000 ам.доллароос хасч суутган тооцож, хариуцагч Х ХХК нь 70 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхөөр үлдсэн байна. Хариуцагч нь нийт 9,930 ам.долларыг нэхэмжилэгчид төлсөн ба нэхэмжлэгч үлдэгдэл 70 ам.долларыг нэхэмжлээгүй болно гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэр Л ХХКнь хөрөнгө оруулалт хийсэн гэх 10,000 ам.доллароо бүгдийг нь буцаагаад авсан юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг Л ХХКнь Х, М ХХК-иудад хувьцаа эзэмшихгүйгээр үүсгэн байгуулсан зүйл байхгүй, хэрвээ үүсгэн байгуулсан бол үүсгэн байгуулагчийн шийдвэр дээр тус комданийн талаар дурдаж, эрх бүхий этгээд нь гарын үсэг зурсан байх ёстой, ийм зүйл байхгүй.
Хариуцагч нар нь шүүхэд дараах сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан. Үүнд Бүгд Найрамдах Солонгос улсын Гүгжэ гигун тунсан ХХК, Л ХХКнарын хооронд 2004 онд Аж ахуй эрхлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу талууд хамтран ажиллаж байсан боловч Л ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулах боломжгүй болсон учир үйл ажиллагааг дуусгавар болгосон. Ийнхүү дуусгавар болгохдоо 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиролцооны бичиг гэдгийг байгуулсан. Солонгос тал нь А компани, Монгол тал нь Б компани юм. А тал 80 хувь, Б тал 20%-иар хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үндсэн тохиролцоотой гэрээ байсан. Хуучин гэрээ хэрэгжих боломжгүй болсон учир тус тохиролцооны бичиг байгуулахын өмнө Б талын бүх өр зээлийг эс тооцох буюу нэхэмжлэгчийн дурдаж байгаа өмнөх шийдвэрлэгдсэн хэрэгт маш олон санхүүгийн баримт авагдсан байсан. Энэ баримтаар Л ХХКнь өөр компаниас маш их хэмжээний зээл авч тэр зээлийг нь тухайн үед Х ХХК төлөөд өмнөх гэрээ нь хэрэгжих боломжгүй болж тохиролцооны бичиг байгуулсан юм. Энэ нь талууд тохиролцож үүргийн гүйцэтгэлийг солихоор тохирсон. Иймд анхны 2004 оны хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Энэ хамтран ажиллах гэрээний бүх эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагаа нь Л стар ХХК руу шилжсэн ба тус Л стар ХХК-ийг Солонгос улсын иргэн Ли Сон Үг 80 хувь, Л ХХК20 хувийн хувьцааг эзэмшихээр болсон. Иймд 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л ХХКнь хариуцагч Х ХХК, М ХХК-иудад холбогдуулан Х ХХК, М ХХК-иудад нэхэмжлэгч Л ХХКхөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоож, Х ХХК, М ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л ХХК-ыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар Х ХХК-ийг Бүгд Найрамдах Солонгос улсын 2 иргэн өөрсдийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан, М ХХК-ийг Солонгосын иргэн болон Х ХХК-иуд хамтран байгуулсан, хөрөнгө оруулсан гэх 10,000 ам.долларыг Л ХХК-д буцаан төлсөн, Х, М ХХК-иуд нь хариуцагч биш, өөрөөр хэлбэл гэрээний тал биш тул Л ХХК-ийн өмнө аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй, нэхэмжлэгч нь зөвхөн кабелийн телевизийн үйлчилгээнээс олсон орлогын 60 хувийг нэхэмжлэгч эрхтэй, бүх орлогоос 60 хувийг авах үндэслэлгүй гэж маргасан,
Хариуцагч Х ХХК, М ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг нэхэмжлэгч ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг илэрхийлж байгаа гэх боловч 2010 онд Л ХХКшүүхэд хандаад явж байхад энэ үйл баримт бүгд яригдаж Х, М ХХК-ийн тохиролцооны бичгээр аж ахуйн гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн зүйл байхгүй. Гурван шатны шүүхийн шийдвэрт Аж ахуй эрхлэх гэрээ-г дуусгавар болгож тохиролцооны бичиг үйлдсэн талаар нэг зүйл ч дурьдаагүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Л ХХКнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцсэн байна.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагч Х ХХК, М ХХК-иудад нэхэмжлэгч Л ХХКхөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоолгох, Х ХХК, М ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л ХХК-ыг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагын талаар:
Компанийн тухай хуулийн /1999 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно., мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно., мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Компани үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана. гэжээ.
Бүгд Найрамдах Солонгос улсын Гүгжэ гигун тунсан ХХК-ийн захирал Ким гуан чол нь 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн эрхлэх гэрээ-ний дагуу Л ХХК-тай хамтран кабелийн телевизийн сүлжээ байгуулах зорилгоор Солонгос улсын иргэн, хөрөнгө оруулагч ба ерөнхий захирлаар Ли Сон Үк /Lee Soung Wook/-г, гүйцэтгэх захирлаар Ли Сок Ён /Lee Seok Yoon/-г тус тус томилж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалт Х ХХК-г 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрээг байгуулж, мөн өдөр компани үүсгэн байгуулах тухай 1 тоот шийдвэрээр Х ХХК-г үүсгэн байгуулж, мөн өдөр тус компанийн дүрмийг үйлдэж, 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал/
Харин М ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ли Сон Үк /Lee Soung Wook/, Х ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн баримт хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч Л ХХКнь дээрх 2 компанийг үүсгэн байгуулсан, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно. гэж зааснаар тус компаниудад хувьцаа эзэмшээгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х ХХК, М ХХК-иудыг үүсгэн байгуулагчийн шийдвэр, компани үүсгэн байгуулах гэрээ, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэгч Л ХХКнь хариуцагч Х ХХК, М ХХК-иудыг үүсгэн байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-ийг үүсгэн байгуулахад Л ХХКнь 10,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, Х ХХК, М ХХК-иудын эзэмшиж буй кабелийн сүлжээг Л ХХКбайгуулсан, тус комданиудын эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг авахад гарсан зардлыг Л ХХКгаргасан тул хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно., мөн хуулийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэжээ.
Гэвч Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Аж ахуй эрхлэх гэрээний 3 дугаар зүйлийн зардал хуваарилах гэсэн хэсэгт заасны дагуу Х ХХК-г үүсгэн байгуулах зардалд 10,000 ам.доллларыг нэхэмжлэгч тал төлсөн байна. Хэргийн 60, 61 дүгээр талд авагдсан мөнгө хүлээн авсан тухай 2-р зүйлийн хавсралт №1, №2 гэсэн баримтуудаар Х ХХК-ийн захирал И Сон Үгээс 2004 оны 9 дүгээр сарын 17-нд 5,000 ам.долларыг, 2004 оны 10 дугаар сарын 6-нд 1,550 ам.долларыг тус тус төлсөн, мөн түүн дээр хэргийн 62 дугаар талд авагдсан 2008 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1894 тоот элдэв хураамжийн тасалбар-аар хариуцагч Х ХХК-иас тээврийн хөлсөнд тушаасан 3,380 ам.долларыг талууд тохиролцон нэхэмжлэгчид төлөх ёстой 10,000 ам.доллароос хасч суутган тооцож, хариуцагч Х ХХК нь 70 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхөөр үлдсэн байна. Хариуцагч нь нийт 9,930 ам.долларыг нэхэмжилэгчид төлсөн ба нэхэмжлэгч үлдэгдэл 70 ам.долларыг нэхэмжлээгүй болно гэж дүгнэснээс үзэхэд Л ХХКнь Х ХХК-г үүсгэх байгуулахад оруулсан 10,000 ам.доллароос 9,930 ам.долларыг буцаан авсан, үлдэх 70 ам.долларыг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлээгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагч Х ХХК-ийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хариуцагч Х ХХК нь 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Харилцаа, холбооны зохицуулах хороотой 265/А/IN22 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мэдээллийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах А ангилалын, 265/А/IN22 дугаартай Тусгай зөвшөөрөл авсан, хариуцагч М ХХК нь 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Харилцаа, холбооны зохицуулах хороотой 437/Б/IS11 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээ үзүүлэх Б ангилалын, 437/Б/IS11 дугаартай Тусгай зөвшөөрөл авсан ба уг тусгай зөвшөөрлүүдийг авахад гарсан зардлыг нэхэмжлэгч Л ХХКтөлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч Х ХХК, М ХХК-иудын эзэмшиж буй интернетийн болон кабелийн телевизийн сүлжээг нэхэмжлэгч Л ХХКбарьж байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч Л ХХКнь Бүгд Найрамдах Солонгос улсын Гүгжэ Гигун Тунсан ХХК-тай 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хамтран ажиллах, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй эрхлэх гэрээг тус тус байгуулсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ-ний байгуулагдсан, уг гэрээнүүдийн эрх, үүрэг Х ХХ, М ХХК-иудад шилжсэн талаар дүгнэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Дээрх Аж ахуй эрхлэх гэрээний 3 дугаар зүйлд А талын тавьж буй кабелийн сүлжээг хэрэглэж буй хэрэглэгчдээс Б талын шууд авч буй телевиз үзсэний нийт орлогын 60 хувийг авна гэж тохиролцсон нь гэрээний талуудын үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг нэхэмжлэгч Л ХХК-д олгох талаар тохиролцсон тохиролцоо ба хариуцагч Х ХХК, М ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоох үндэслэл болохгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л ХХК-ийн хариуцагч Х ХХК, М ХХК-иудад нэхэмжлэгч Л ХХКхөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоож, Х ХХК, М ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л ХХК-ыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б/ Хариуцагч Х ХХК, М ХХК-ийн нэхэмжлэгч Л ХХК-д холбогдуулан гаргасан 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох сөрөг шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Л ХХКнь Бүгд Найрамдах Солонгос улсын Гүгжэ Гигун Тунсан ХХК-тай 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хамтран ажиллах, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй эрхлэх гэрээг тус тус байгуулсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ-ний байгуулагдсан, уг гэрээнүүдийн эрх, үүрэг Х ХХ, М ХХК-иудад шилжсэн талаар дүгнэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэжээ.
Хариуцагч Х ХХК нь сөрөг шаардлагынхаа үндэслэлийг Гэрээний дагуу талууд хамтран ажиллаж байсан боловч Л ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулах боломжгүй болсон учир үйл ажиллагааг дуусгавар болгосон. Ийнхүү дуусгавар болгохдоо 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиролцооны бичиг гэдгийг байгуулсан. Солонгос тал нь А компани, Монгол тал нь Б компани юм. А тал 80 хувь, Б тал 20 хувиар хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үндсэн тохиролцоотой гэрээ байсан. Үүгээр талууд үүргийн гүйцэтгэлийг солихоор тохирсон. Иймд анхны 2004 оны хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Энэ хамтран ажиллах гэрээний бүх эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагаа нь Л стар ХХК руу шилжсэн ба тус Л стар ХХК-ийг Солонгос улсын иргэн Ли Сон Үг 80 хувь, Л ХХК20 хувийн хувьцааг эзэмшихээр болсон гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Л ХХК/20 хувийн хөрөнгө оруулагч/, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ли Сон Үк /80 хувийн хөрөнгө оруулагч/ нар нь 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Л стар ХХК-тай байгуулах гэрээ, мөн өдрийн компаний дүрмийг бүртгүүлэн 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Л стар ХХК-г үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг гэрээ, дүрэмд зааснаар Талууд энэхүү гэрээ, түүний хавсралт болох дүрэм болон өмнө нь тохиролцож хийсэн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Гүгжэ Гигун Тунсан ХК, Л ХХКхоёрын хооронд байгуулсан Аж ахуйн эрхлэх гэрээ, 2005 оны 5 дугаар сарын 25-нд байгуулсан Монгол Л радио, телевизийн хувь шилжүүлэх, шилжүүлэн авах тохиролцооны бичгүүд нь хүчин төгөлдөр үйлчлэх ба компанийн цаашдын үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө гэж зааснаас үзэхэд 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 236, 237, 238, 239, 240 дүгээр зүйлүүдэд үүрэг дуусгавар болох талаар хуульчилсан ба эдгээр үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л ХХК-ийн Х ХХК, М ХХК-иудад нэхэмжлэгч Л ХХКхөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоож, Х ХХК, М ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л ХХК-ыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 237 дугаар зүйлийн 237.1, 238 дугаар зүйлийн 238.1, 239 дүгээр зүйлийн 239.1, 240 дүгээр зүйлийн 240.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Х ХХК, М ХХК-ийн 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР