Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/03302

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/03302

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 0 дугаар байранд байрлах А.Ө ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 хороо, Хасбаатар гудамж, 0 тоотод байрлах Н.Э ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

416,028,873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ө ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Ө ХХК нь А.И.С ХХК-тай Хан-Уул дүүрэгт байрлах Шинэ-Өргөө хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу дээрх төслийн 6 блокийн барилгыг бариулахаар туслан гүйцэтгэгчээр Н.Э ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн байх үед буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр А.И.С ХХК нь А.Ө ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулаад туслан гүйцэтгэгчН.Э ХХК нь ерөнхий гүйцэтгэгч А.Ө ХХК-иас туслан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шийдвэрлэж, А.Ө ХХК-иас 793,000,000 төгрөг гаргуулахаар Улсын дээд шүүхийн тогтоол гаргасан. Уг тогтоолд Н.Э ХХК нь хоёр мөнгөн дүнг хасаж тооцоогүй байдаг. Үүнд:

 

Нэгдүгээрт, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 68,717,745 төгрөгийн гүйлгээ, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 68,717,745 төгрөгийн гүйлгээ, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 67,725,135 төгрөгийн гүйлгээ, нийт 205,160,625 төгрөгийг А.И.С ХХК нь А.Ө ХХК-д өгөх ёстой байхад Н.Э ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ 205,160,625 төгрөг нь тухайн төслийн 101/А дугаар блокын 3 дугаар давхар, 101/Б дүгээр блокын 5 дугаар давхар, 103 блокын 4 дүгээр давхар, 105/А дугаар блокын 5 давхар, 105/Б дүгээр блокын 5 дугаар давхар, 106 блокын 3 дугаар давхрыг барьж гүйцэтгэсэн ажлын хөлс юм.

 

Хоёрдугаарт, 210,868,248 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг олгосон байна. Энэ үнийн дүн гэрээний үнийн дүнгээс хасагдах ёстой. Н.Э ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгч нь өөрсдөө барилгын ажилд шаардагдах материалыг гаргах ёстой байсан. Барилгын талбай дээр ажил эхлэх болоход хариуцагч компани барилгын материалгүй болсон гэх зүйлийг ярьсан тул манай талаас өөрийн хөрөнгөөс 3-аас 4-н төрлийн зардал гаргаж, зарим материалыг Хятадаас авч ирж барилгын талбай дээр буулгасан байдаг. Энэ асуудлаар талуудын хооронд тооцоо нийлсэн баримт байдаг. Тухайн баримтаас харахад 6 блок барилгын тоо хэмжээ өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлийн тооцоо нийлсэн буюу гэрээ цуцлагдахаас өмнөх өдрийн хийсэн ажлын гүйцэтгэлээр энэ нь харагдана. 210,868,248 төгрөгийн бараа материалын төлбөрийг А.И.С ХХК-иас өгсөн. Тухайн мөнгийг А.Ө ХХК-иас Н.Э ХХК-д өгсөн асуудал л байгаа. Ингээд нийт 416,028,873 төгрөгийг хасаж тооцох ёстой байсан. Тухайн мөнгийг хасаж тооцоогүй учир хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Энэ маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэж дахин анхан шатны шүүх рүү буцаасан байгаа. Мөн энэ хэрэг маргааныг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах хүсэлт өгсөн асуудлыг хариуцагч талаас өмнөх шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн гэж маргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал нь тухайн өмнөх шийдвэрлэсэн хэрэг маргаантай холбогдуулан хүсэлтээр үүсдэг ажиллагаа юм. Өнөөдөр нэхэмжилж буй 416,028,873 төгрөгтэй холбоотой асуудлаар А.Ө ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Яг ямар шүүхийн шийдвэр байдаг вэ гэвэл хариуцагч Н.Э ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу А.Ө ХХК-с нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай шүүхийн шийдвэрүүд байдаг. Анх 1,400,000,000 төгрөг нэхэмжилж байсан ба үүнийг 3 шатны шүүхээс шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт Улсын дээд шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн маргааны төрөл зүйлтэй холбоотой асуудал тул үүнийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Өмнөх шүүхийн шүүхийн шийдвэрт дурдагдсан ямар нэхэмжлэлийн үнийн дүнг Н.Э ХХК, А.Ө ХХК-иас нэхэмжилсэн бэ? гэх үйл баримтыг харахаар 205,160,625 төгрөгийн буюу ажил гүйцэтгэлтэй холбоотой үнийн дүнг нэхэмжилсэн нь харагдаж байна. Тухайн баримтад тулгуурлаж А.Ө ХХК-иас тодорхой мөнгөн дүн гаргуулж 230,000,000 орчим төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар авсан байгаа юм.

 

Н.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг шийдэгдсэний дараа шүүхэд худал мэдүүлсэн гэх үндэслэлээр тус компанийн удирдлагыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулах явцад 205,160,625 төгрөгийн асуудал гарч ирсэн юм. 210,868,248 төгрөгийн бараа материал хүлээж авсан гэдгийг ч мөн тэр үед мэдэж авсан. Энэ хоёр үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж Улсын дээд шүүхэд хоёр удаа хүсэлт гаргасан. Гэвч тухайн шүүх хүсэлтийг хэлэлцээд шинээр илэрсэн нөхцөл байдал биш, энэ баримтыг тухайн үед мэдэх боломжтой байсан гэх үндэслэлээр уг хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнтэй холбоотойгоор Н.Э ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг яг давхарын тоо хэмжээгээр нь нэхэмжилж явж байсан байгаа юм. Энэ нэхэмжлэхүүд болон А.И.С ХХК-д Н.Э ХХК-иас бичгээр бичиж өгсөн тодорхойлолт, бусад баримтыг өмнөх шүүхээр хэлэлцсэн хэргийн материалаас гаргаж ирсэн юм гэв.

 

Хариуцагч Н.Э ХХК-ийн төлөөлөгч Б.У, Ш.М нарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг урьд нь иргэний журмаар бүх шатны шүүх хянан шийдвэрлэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоол гарч, хүчин төгөлдөр болсон. А.Ө ХХК нь ... Н.Э ХХК-д 210,868,248 төгрөгийн бараа материал хүлээн авсан иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн нь энэхүү нэхэмжлэлтэй давхцсан. Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж тогтоол гарсан. Мөн А.Ө ХХК нь ...Н.Э ХХК-д 3 удаагийн Голомт банкны гүйлгээгээр 205,160,625 төгрөгийн санхүүжилтийг А.Ө ХХК-ийн өмнөөс А.И.С ХХК нь шилжүүлсэн нотлох баримт байгааг олж мэдсэн гэх үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцээд тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр хэлцлийн заалтаас шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлээд байгаа 416,028,873 төгрөгөөс 210,868,248 төгрөгийн бараа материал авч хэрэглэсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт бараа материалыг хүлээлцсэн акт, баримт байхгүй. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өгсөн Б.Ууганбаярын уг бараа материалыг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэсэн мэдүүлгээр хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх боломжгүй. Мөн 205,160,625 төгрөгийн хувьд А.И.С ХХК нь А.Ө ХХК-ийн өмнөөс 205,160,625 төгрөгийг Голомт банкны дансаар Н.Э ХХК-д шилжүүлсэн нь үндэслэлгүй. А.И.С ХХК нь Шинэ Өргөө цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх ерөнхий захиалагч бөгөөд тус компани барилгын ажлыг тасралтгүй явуулах шаардлагаар А.Ө ХХК-ийн өмнөөс Н.Э ХХК-ийн дансанд 68 сая төгрөгийг 2 удаа шилжүүлсэн нь 2 компанийн хооронд үүссэн санхүүгийн маргааныг шийдвэрлэх хугацаанд хийгдсэн. Гэтэл дээрх 2 компани цаашид хамтран ажиллахгүй болсноор А.Ө ХХК-ийн өмнөөс төлсөн гэх мөнгийг дараагийн гүйцэтгэгч Аж богд моуэйнтэн ХХК-д шилжүүлэн тооцож гэрээ хийсэн. Н.Э ХХК нь энэ мөнгийг Аж богд моуэйнтэйн ХХК, Н.Э ХХК хоорондын гэрээнд тусгагдаж тооцогдсон зориулалтаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 205,160,625 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ө ХХК нь хариуцагч Н.Э ХХК-д холбогдуулан 416,028,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... А.И.С ХХК нь А.Ө ХХК-ийн өмнөөс Н.Э ХХК-д шилжүүлсэн 205,160,625 төгрөг, бараа материал нийлүүлсэн 210,868,248 төгрөг, нийт 416,028,873 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон бол хариуцагч татгалзлын үндэслэлээ ...шүүхээр шийдвэрлэж дууссан асуудал, ...нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй гэж тайлбарлан маргаж байна.

 

Хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоолоор Н.Э ХХК, Сод хөөвөр ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ө ХХК-д холбогдох, ажлын хөлс 1,659,554,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд А.Ө ХХК-иас 794,755,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э ХХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Улмаар А.Ө ХХК нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1341 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн Б.Тунгалаг, О.Эрхэмбаяр, Б.Ууганбаяр нараас авсан тайлбар болон Н.Э ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тодорхойлолтын хуулбар, Голомт банкны төлбөрийн баримт, нэхэмжлэл-ийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШТ2016/00240 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШТ2017/00084 дүгээр тогтоолоор тус тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр А.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.И.С ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,279,174,270 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү олгогдсон 168,437,301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд арбитрын шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Иймд шүүхийн болон арбитрын шийдвэр, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч А.Ө ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.И.С ХХК-тай Хан-Уул дүүрэгт байрлах Шинэ-Өргөө хорооллын 10 блок барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу дээрх төслийн 6 блокийн барилгыг бариулахаар туслан гүйцэтгэгчээр Н.Э ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн байх үед буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр А.И.С ХХК нь А.Ө ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Захиалагч буюу энэ хэргийн гуравдагч этгээд А.И.С ХХК нь Асар өргөө ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсны дараа буюу 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр уг төслийн 101/А блокийн 3 дугаар давхар, 101/Б блокийн 5 дугаар давхар, 103 дугаар блокийн 4 дүгээр давхар, 105/А-Б блокийн 5 дугаар давхар, 106 дугаар блокийн угсралтын ажлын төлбөрт туслан гүйцэтгэгч, энэ хэргийн хариуцагч Н.Э ХХК-ийн Голомт банкин дахь 1410011334 тоот дансанд 68,717,745 төгрөг, мөн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 68,717,745 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 67,725,135 төгрөг, нийт 205,160,625 төгрөгийг шилжүүлжээ. /2 дугаар хавтаст хэргийн 23-24, 58 дугаар тал/. Гэтэл Асар өргөө ХХК-иас 794,755,600 төгрөг гаргуулан Н.Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоос үзвэл дээрх 205,160,625 төгрөгийг хасалгүй давхардуулан нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шүүхийн шийдвэрээр хожим дуусгавар болсон байх бөгөөд Н.Э ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх төлбөрийг хасаж тооцоогүй нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийг 205,160,625 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 205,160,625 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж, хариуцагчаас 205,160,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаярын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн мэдүүлэг болон А.Ө ХХК болон Н.Э ХХК-ийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар 210,868,248 төгрөгийн бараа материалыг Н.Э ХХК нь А.Ө ХХК-иас шилжүүлэн авсан нь нотлогдсон боловч дээрх бараа материалыг А.И.С ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн 6 блок барилгын ажилд зарцуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцах этгээд нь Н.Э ХХК биш тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлийн энэ шаардлагаа хариуцвал зохих этгээдэд холбогдуулан шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа тохиолдолд шүүх мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгодог. Дээрх шүүхийн болон арбитрын шийдвэрээр Н.Э ХХК, Сод хөөвөр ХХК нарын нэхэмжлэлтэй, А.Ө ХХК-д холбогдох, ажлын хөлс гаргуулах тухай маргааныг, мөн А.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.И.С ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон илүү олгогдсон төлбөрийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй маргааныг тус тус шийдвэрлэсэн. Түүнчлэн, А.Ө ХХК нь энэ талаар дээрх маргааныг шийдвэрлэх явцад Н.Э ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Үүнээс үзвэл дээрх маргааны оролцогч болон маргааны зүйл, шаардлага, үндэслэл нь тус иргэний хэргийн оролцогч, маргааны зүйл, шаардлага, үндэслэлээс өөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт хамааруулах үндэслэлгүй байна.

 

Шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2017/10853 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хэрэг хянан шийдвэрлэж дуустал хугацаагаар хойшуулсан байх тул улсын тэмдэгтийн хураамж 2,238,094 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,183,753 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э ХХК-иас 205,160,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 210,868,248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2,238,094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,183,753 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР