Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00247

 

                                                 ****ын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 213/МА2020/00016 дугаар магадлалтай,

****ын нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 22,201,650 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжпэлтэй,

2019.01.21-ний өдөр байгуулсан 11,246,000 төгрөгийн, 2019.01.21-ний өдөр байгуулсан 1,350,000 төгрөгийн, 2019.05.07-ны өдөр байгуулсан 1,000,000 төгрөгийн, 2019.06.11-ний өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэйиргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тогоодуламын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Б.Тогоодулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Л.Цэцэгмаань П.Цэрэнсодномд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,268,000 төгрөггаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, зээлийн гэрээний үүрэгт 16,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч ****, ****нараас 1,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20,551,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ****, хариуцагч ****, ****нарын хоорондын 2019.01.21-ний өдрийн 11,246,000 төгрөгийн, 2019.01.21-ний өдрийн 1,350,000 төгрөгийн, 2019.05.07-ны өдрийн 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,958 төгрөг, хариуцагч ****, ****нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,958 төгрөгийг тус тус улсын төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч ****, ****нараас 41,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэгч ****аас 260,708 төгрөгийг гаргуулж, хариуцагч ****, ****нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 213/МА2020/00016 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,008 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээжшийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тогоодулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн маргаан бүхий үйл баримтыг буруу дүгнэсэн, дүгнэвэл зохих үйл баримтыг орхигдуулсан, хууль хэрэглээний болоод процессын хууль зөрчсөн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1, 282 дугаар зүйл 282.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д талуудын хооронд харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан байхыг шаардаж байгаа ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчим буюу ямар ч байдлаар харилцан тохиролцож гэрээ байгуулах боломжтой. Нэг үгээр хэлбэл гэрээг бичгээр амаар, үүргийг бэлнээр бэлэн бусаар хийх эсэх нь талуудын эрх. Түүний үндсэн дээр гэрээний талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж мөнгө буюу гэрээний үүргийн гүйцэтгэлийг бэлнээр шилжүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг бэлнээр шилжүүлсэн болохыг тогтоох хэд хэдэн баримт буюу зээлдэгчийн данс хаагдсан байсан учир мөнгийг бэлнээр авах хүсэлтэй байсан, түүнийгээ шүүх хурал дээр хариуцагч өөрөө тодорхой хэлсэн, тухайн өдөр нэхэмжлэгч энэ хэмжээний бэлэн мөнгийг хариуцагч нарт зээлнэ гэж гэрээсээ бэлэн авч гарсныг Ж.Ганзориг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг өгсөн, хариуцагч нар 2019.01.21-ний өдрийн зээлийн гэрээний дүн болох 11,246,000 төгрөгийн 12 хувийн хүү болох 1,349,520 төгрөгийг гэрээ байгуулсны дараа сараас эхлэн нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар өгснийг шүүх хурал дээр тооцож үзсэн. Хэрэв үнэхээр л мөнгө зээлээгүй бол түүний 12 хувийн хүүг хариуцагч 4 сар төлөхгүй байх байсан гэх мэт баримт байдаг. Мөн зээлийн гэрээний үнэ ...46 мянган гэж бутархай байгаа нь зээлдэгчийн хэлсэн хүсэлтээр зээлсэн байдаг ба өмнө нь ч ингэж бутархай байдлаар мөнгө зээлж байсныг харуулах 409,000 төгрөгийн зээл авч, төлсөн баримт дансны хуулгаас харагддаг. Хариуцагч тал 2019.09.13-ны өдрийн шүүх хуралдаанд 11,193,000 төгрөгөөр эвлэрэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Хэрэв үнэхээр мөнгө аваагүй бол ингэж эвлэрэх гэсэн санал гаргахгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчид өр төлбөртэйгөө өөрөө хүлээн зөвшөөрсөн. / Хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ Гэтэл энэ мэт өр төлбөртэй болохоо хариуцагч шүүх хурал дээр хэлсэн тайлбар болон бусад нотлох баримтаар нь тогтоогдож байхад шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т буюу ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалтын дагуу шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй. Гэсэн ч хуулийн энэ заалт нь гэрээ байгуулагдсан эсэх нь тогтоогдохгүй буюу талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй бол сая үүрэг зохих ёсоор явагдсан эсэхийг шалгах журмаар гэрээ байгуулагдсан эсэх, шаардах эрх үүсэн эсэхийг шалгах зохицуулалт болохоос биш гэрээ нь бичгээр байгуулагдсан байхад гэрээ байгуулагдаагүй гэж хуулийн суурь заалтыг үгүйсгэх нарийвчилсан зохицуулалт байх ёсгүй. Хэрэв үнэхээр /ингэсэн зүйл байхгүй/ өмнө нь байсан гэрээг хариуцагч нарынх шиг хүү, алданги тооцож шинээр зээлийн гэрээ байгуулсан болгосон байсан ч энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчим, энд талууд тохиролцсон бол хуулиар үүнийг хязгаарлахгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т гэрээ байгуулагдсан эсэх нь тогтоогдохгүй бол үүрэг зохих ёсоор явагдсан эсэхийг тогтоох байдлаар шаардах эрхийг шалгах л зохицуулалт болохоос биш бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээг мөнгө нь яг тэр үед шилжүүлж байж гэрээ байгуулагдсанд тооцох зохицуулалт биш. Тэр бүү хэл худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч талууд гэрээний чөлөөт байдлын зарчмаар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх боломжтой. Зээлийн гэрээний үүрэг болох нийт 22,201,650 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн бөгөөд үүнийгээ шүүх хууль буруу тайлбарлаж, хариуцагч мэдсээр байж буцааж өгөхгүй байх шударга бус арга хэрэглэж байна.

4.1. Маргаан бүхий үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн, дүгнэвэл зохих асуудлыг орхигдуулсан. Шүүх нэгэнт талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тогтоох, маргаан хянан шийдвэрлэх гэж байгаа бол талуудын өгсөн авсан үндсэн зээл хийгээд түүний хүүг тооцсон байдал, цаг хугацаа зэргийг анхаарч үзэх ёстой байсан. Ингэж тооцоолол хийж үзсэн бол хариуцагч нарын ийм хэмжээний зээл аваагүй, авсан зээл хүүтэйгээ ийм болсон гэх тайлбар худлаа болох нь тогтоогдох бүрэн боломжтой байлаа. Хариуцагч 11,246,000 төгрөг бэлэн аваагүй, урьд авсан зээл, түүний хүүтэй нийлээд ийм хэмжээний болсон гэж тайлбарлаж байгаа ч чухам хэзээ авсан, хэдэн төгрөгийн зээл хүүтэйгээ энэ хэмжээний мөнгө болсныг огт тайлбарлаж чаддаггүй, татгалзлын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байхад шүүх татгалзлыг нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нар бэлэн авсан мөнгөө баримтгүй юм чинь ингэж тайлбарлая гэж бодсон байж болох ч ...мөнгө аваагүй юм бол .. яагаад 4 сар хүүг нь төлж байсан аа .. яагаад аваагүй мөнгөндөө шүүх дээр 11,193,000 төгрөгөөр эвлэрэх гэж гуйж байгаа зэргийг шүүх огт анхаараагүй. Хариуцагч нар нь үг үйлдлээрээ мөнгө авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байхад мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

4.2. Шүүх хэргийн оролцогч нарт адил тэгш хандаагүй, процессын хууль ноцтой зөрчсөн. Шүүгч Д.Отгончулуун нь 2019.09.11-ний өдөр хариуцагчтай нэхэмжлэгчийг байлцуулалгүй, мэдэгдэлгүй дангаар уулзаж, хариуцагчаас хариу тайлбарыг асуулт асуух байдлаар бичүүлэн авч /тайлбар хэрхэн гаргахыг зааж өгсөн байж болзошгүй/ түүнийгээ хавтаст хэрэгт нотлох баримтаар хийсэн байна. Энэ бол талууд тэгш эрхтэй оролцох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байж болохгүй алдаа. / Хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас тайлбар авсан Шүүгч Д.Отгончулуун, тайлбар гаргасан хариуцагч Б.Дашбилэгт, тэмдэглэл хөтөлсөн Д.Сайннямбуу гэж тус тус гарын үсэг зурсан байна/ ****нэхэмжлэгчид би хууль шүүхийн байгууллагад танил ихтэй хүн шүү гэж сүрдүүлж байсан байдаг. Мөн өдөр 2019.09.11-ний өдөр хариуцагчид шүүх хурлын тов мэдэгдсэн баримт дээр гарын үсэг зуруулсан байх ба энд мөн л энэ өдөр нэхэмжлэгч байгаагүй нь тодорхой харагдаж байна. Шүүгч эртнээс хэргийн талаар нэг талтай нь уулзаж, хэрхэн яаж ярихыг нь зааварчилж, нэхэмжлэлийг хангахгүй байх итгэл үнэмшилтэй болсон байсан нь шүүх хурал дээр хариуцагчаас ...чи тэгсэн гээ биз дээ ... чи тэрийгээ ярь ... гэх мэт өмнөөс нь зааж, хэт их нэг талыг барьж байсан нь анхан шатны шүүх хурлын видео бичлэгт тодорхой үлдсэн болно. Үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэх эрхтэй байх ёстой ч анхан шатны шүүх адил тэгш хандсангүй, үүнийг нь ч давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

4.3. Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед талуудын гарын үсэг болоод бусад хууль ёсны шаардлага хангасан болохыг тогтоож байхад гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна. Гэрээнд хууль зөрчсөн нөхцөл байхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тогоодуламын шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан, түүнтэй холбоотой үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

7. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019.01.21, 2019.05.07, 2019.06.11-ний өдрүүдэд ****, ****нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэг 22,201,650 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна.

8. Хариуцагч ****, ****нар “...Зээлсэн мөнгөний хүү, алданги тооцогдож нийлээд 11,246,000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. ...Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019.06.11-ний өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Бусад 3 гэрээ нь хүү, алдангиа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд, ...зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл...” гаргаж мэтгэлцжээ.

Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болжээ.

9. Хоёр шатны шүүх **** нь 2019.01.21-ний өдрийн 11,246,000 төгрөгийн, 2019.01.21-ний өдрийн 1,350,000 төгрөгийн, 2019.05.07-ны өдрийн 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг хариуцагч нарт бодитойгоор шилжүүлэн өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт гарган өгөөгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх нь гэрээний хүчинтэй байдалд нөлөөлөхгүй, харин гэрээний үүрэгтэй хамааралтай, энэ талаарх дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т нийцсэнгүй.

10.  Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөддавж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг.

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.

Хэрэгт авагдсан гэрч Ж.Ганзоригийн мэдүүлэг, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрч байсан, тэдний нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг бэлнээр болон дансаар төлж байсан хэмжээг тогтоох замаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн эсэх хэргийн үйл баримтад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

11. Нэхэмжлэгч зээлийн гэрээнүүдэд заасны дагуу мөнгийг бэлнээр өгсөн, хариуцагч ****, ****нар 2019.06.11-ний өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Бусад 3 гэрээ нь хүү, алдангиа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Зохигчийн мэтгэлцээн, маргааны зүйл өмнөх зээлээс хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байсан, уг гэрээ дуусгавар болсон эсэх, өмнөх зээлийг нэмж нэгтгэж гэрээг байгуулсан тохиолдолд ямар шалтгаантай байсанд шүүх зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

12. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн санд хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг оновчгүй хэрэглэсэн байх тул цаашид анхаарах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 213/МА2020/00016 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийнхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,708 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                         

                                                                                      

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД