Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/00009

 

2019 оны 12 сарын 24 өдөр

       Дугаар 183/ШШ2020/00009   

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

                                                                                                                                                                                                                                                                                     

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Сургуулийн 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Д.Б /рд:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 хороолол, 0000 байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Э. Э /рд:000000000/-т холбогдох,

 

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б миний бие 2006 онд Э.Э-тай танилцаж, 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтийн Г-210 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.М төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж, Э.Э нь 2016 оны 4 дүгээр сараас хойш С.Н гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон тул 2016 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.М-ыг миний асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Тусдаа амьдрах хугацаанд хүү Э.М нь миний асрамжинд өсч байна” гэв.

 

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э миний бие нь Д.Б-тай 2006 онд танилцаж, 2009 онд гэр бүл болж 2014 онд хүү Э.М төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа 2014 оноос хойш амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд би өөрийн гэсэн гэр бүл, хүүхэдтэй болсон. Иймд Д.Б-гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй бөгөөд хүүг эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг харилцан тохиролцсон байгаа” гэв.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч “...гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрнө, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн асрамжийг бид тохиролцсон” гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Б, Э.Э нар 2006 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсноо 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний хамт амьдрах хугацаанд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.М төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. Иймд Д.Б, Э.Э нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүү Э.М 5 настай, эхийн асрамжид гэрлэгчид тусдаа амьдрах болсон үеэс хойш амьдарч байгаа бөгөөд зохигчдын харилцан тохиролцсоныг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.М-ыг эх Д.Б-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Э.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Эаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ...хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... гэж заасан болон Э.Э-ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд Д.Б-гаас ямар нэг байдлаар саад учруулахгүй байх үүрэгтэйг болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 56 786 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Д.Б, хариуцагч Боржигин овогт Э.Э нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Мыг эх Д.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Э.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоон, эцэг Э.Э-аар сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.Э, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Б-д тус тус даалгасугай. 

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 56 786 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ