Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2020/00001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01086/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* байранд оршин байгаа, ******* ХХК /рд:*******/, түүнийг төлөөлж ******* ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*******  тоот хаягт оршин суугаа, ******* ,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******  тоот хаягт оршин суугаа, *******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 65,542,830.87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******, ******* нар нь манай банктай 2017 оны 12 сарын 22-ны өдөр  ******* тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ******* эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын*******  тоот 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,******* эрхийн бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын*******  багт байрлах 156 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай*******  байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын *******  багт байрлах нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бөгөөд энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэл өгч, зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй болно.

Иймд зээлдэгч *******, ******* нартай байгуулсан зээл, барьцааны гэрээг цуцалж үндсэн зээл 47,479,000.00 төгрөг, зээлийн хүү 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нотариатын зардал 17,500.00 төгрөг, нийт 65,542,830.87 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* тоот 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,******* эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *******  багт байрлах 156 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай ******* брак байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын *******  багт байрлах нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч *******, ******* бид нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр *******тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар зээлж авсан болно.

Энэхүү зээлийн гэрээний үүрэгт *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум,*******  тоот 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* брак байранд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 156 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, *******  ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын *******  дугаартай, 1,400 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан билээ.

Зээлдэгч ******* миний бие 2015 онд өөрийн аав*******ын явуулж байсан өлөн гэдэсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлдэг ******* ХХК-ийг ажиллуулахаар шилжүүлэн авсан юм.

Зээлдэгч ******* миний бизнесийн үйл ажиллагаа 2018 оны 08 сард Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар, МХГ-ын шахалтаар Дархан-Уул аймаг, Дархан сум,*******брак байранд үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоож, улмаар зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болж байгаа талаар зээл хариуцсан ажилтан болон *******-ны захиралд удаа дараа мэдэгдэж байсан билээ.

Одоо цаашид зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болсон гэдгийг мэдэгдэж, бүр Зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу 2019 оны 04 сарын 29-ний өдөр банкны зээлийг цаашид төлж чадахгүй болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Тус хүсэлтэнд ... банкыг зээлийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй байтал өнөөдрийг хүртэл зээлийн хүү бодож байгаа нь зээлдэгч миний хүндрэлтэй нөхцөл байдлыг улам хэцүү байдалд оруулж байна... гэсэн хүсэлтийг гаргаж, зээлийн гэрээг цуцлаж өгөхийг хүсч өргөдөл хүсэлт өгч байсан.

Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Зээлийн гэрээний 2.5-д зааснаар барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум,*******брак байрыг, 1,400 м.кв талбайтай газрын хамтаар худалдан борлуулах хүсэлтийг гаргаж байсан. Одоо ч үнэ тохирч барьцааны энэ хөрөнгөө хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

Мөн зээлийн хүүний хувьд 2019 оны 04 сарын 29-ний өдөр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээ цуцлагдсан гэж ойлгож байгаа болно.

Энэ өдрөөс хойш Зээлийн гэрээг цуцалж, үүнээс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасалгүй, хүү нэмж нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасуулахыг хүсэж байна. Учир нь бид банкыг гэрээгээ цуцлахыг хүсч хүсэлт гаргаад байхад банк өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдэл өгөлгүй, бүр гэрээгээ цуцалсан эсэх талаар ч мэдэгдэлгүй хүү тооцож, шүүхэд нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин зээлдэгч бид нарын тооцооллоор 2019 оны 04 сарын 30-ны өдөр гэрээг цуцлахад үндсэн зээл 48,981,711.25 төгрөг, зээлийн хүү 249,043.48 төгрөг, нийт 49,266,332.33 төгрөг байсан байна. 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 49,266,332.33 төгрөгөөс 2018 оны 05 сарын 22-ны өдөр төлсөн 2,566,744.79 төгрөг, 2018 оны 06 сарын 22-ны өдөр төлсөн 255.21 төгрөг, нийт 2,567,000 төгрөгийг хасахад 46,699,332.23 төгрөгний үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх тооцоо гарч байна.

Иймд ******* ХХК-ийн илүү нэхэмжилсэн үндсэн зээл 779,667.77 төгрөг, зээлийн хүү 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нийт 18,825,998.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47,479,000.00 төгрөг, зээлийн хүү 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 65,542,830.87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч *******, ******* нар нь:

 

а/. Зээлийн гэрээний үүрэгт нийт 65,525,330.87 төгрөг гаргуулах тухай шаардлагаас үндсэн зээл 46,699,332.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлээс 779,667.77 төгрөг, зээлийн 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нийт 18,825,998.64 төгрөгийг эс зөвшөөрсөн;

 

б/. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай шаардлагаас Дархан-Уул аймаг, Дархан сум, *******  багт байрлах 156 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай ******* брак байр, 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хороолол, ******* 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гарган мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

******* ХХК болон *******, ******* нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр *******тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч *******, ******* нарт 50,000,000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээлж авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт зээлдүүлэгч ******* ХХК-д буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-7-8х/

 

Мөн ******* ХХК болон *******, ******* ХХК, ******* нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр *******тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, *******багт байрлах 156 м.кв талбайтай ******* брак байр, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 1,400 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум,******* тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах, барьцаалуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-9-11х/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

 

Хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга-аас үзэхэд зээлдүүлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлдэгч *******гийн эзэмшлийн *******тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч нар энэ талаар маргадаггүй. /хх-49х/

 

Мөн Зээлийн дансны хуулга-аас үзэхэд зээлдэгч *******, ******* нар нь 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.3, 5.2.8-д заасны дагуу Зээлийн гэрээ-г цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу олгосон зээл, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч *******, ******* нараас шаардах, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шаардах эрхтэй.

 

Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас бизнесийн үйл ажиллагаа нь зогссон гэх нөхцөл байдал нь хариуцагч нарыг Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-гээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, зээлдэгч нар нь цаашид зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болсон талаар Банкинд мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцахгүй хэмээн тайлбарлаж байх боловч зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Зээлийн гэрээ-г цуцлах эрхийг Банк эдлэхээр зохицуулсан байх тул уг тайлбар нь үндэслэлгүй байхаас гадна 2019 оны 04 сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ-г цуцлаагүй гэж Банкийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Учир нь, аливаа Банк нь хадгаламж эзэмшигчдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлж, хадгаламжийн хүү болон зээлийн хүүгийн зөрүүнээс ашиг олдог бизнесийн байгууллага бөгөөд аливаа зээлдэгч нар өөрийн хүссэн цагтаа зээлийн гэрээг цуцлах явдал нь Банкийг эрсдэлд оруулаад зогсохгүй цаашлаад хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг хөндөх эрсдэлтэй юм.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоолол нь 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс хойшхи хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү бодоогүй байх тул уг тооцоолол нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар үндсэн зээлийн үлдэгдэл 47,479,000 төгрөг /хх-49х/, балансын гадуурх дансны хуулгаар хүүгийн үлдэгдэл 19,745,808.29 төгрөг /хх-55-58х/, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 979,921 төгрөг /хх-51-54х/ болох нь тогтоогдож байх боловч ******* ХХК-ийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу үндсэн зээл 47,479,000.00 төгрөг, зээлийн хүү 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нийт 65,525,330.87 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нотариатын зардал 17,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, энэхүү зардал нь бичгийн нотлох баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөхтэй холбоотой зайлшгүй зардал байх тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна. /хх-6х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 65,542,830.87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд *******гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, *******багт байрлах 156 м.кв талбайтай ******* брак байр, ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй, 1,400 м.кв талбай бүхий газар, *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 555,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР